Тэмдэглэл - 1
Онгон дагшин, үзэсгэлэнт сайхан Хагийн хар нуурын зүүн урд талаас нь буюу нуурын эх авдаг голын эх рүү давах давааг Хүлүүрийн даваа гэх. Давааны хойт оройд байх сүрлэг өндөр цахир хадан цохиог Хүлүүрийн цохио гэнэ. Ар Туул талаасаа огцом өндөр биш ч алсаараа нэлээд зүтгэнэ дээ. Намаг шавар, хад бут, модон дундуур мурилзан явсаар бараг 8-10 орчим км туулчих шиг болсон. Морин жим нэг бүдгэрч, нэг тодорсоор, давааны эх ойртох тусам өгсүүр нь нэмэгдсээр хүч тамир сорьж шавхах нь нэмэгдэнэ.
2011 онд энэ даваагаар үүргэвч үүрээд давж явсансан. Харьцангуй хөнгөн давсан санагдана. Харин энэ удаад нэлээд зүтгэж, ядарч байж давав. 10 гаруй кг ачаа бүхий дугуйгаа ихэнхдээ хад чулуу, модны ил гарсан лужир том үндэс дээгүүр бүдчүүлэн түрж явна. Сүүлдээ хоёр мөр хөшиж, амьсгаа давчдах. Өмнө явж байхдаа энэ замаар дугуйгаар явж болох юм байна, өгсөхдөө түрээд зүтгэх ч уруудахдаа явганаас хэд дахин хурдан хөнгөн явах боломжтой, хэзээ нэгэн цагт энэ санаагаа хэрэгжүүлнэ дээ хэмээн санаандаа хадаж үлдээсэн юм. Тэр үед дугуйтай байтугай явган хүн цөөхөн явдаг байж. Тэгээд багийн хэдэн хүүхэддээ "Бид ч бараг анх удаа Хагийн хар нуур луу дугуйгаар хүрч буй байх шүү" хэмээн хөөргөж явсныг яана. Гэтэл Хүлүүрийн даваа өгссөн даруй биднээс нэгээс хоёр хоногийн өмнө дугуйтай хүн явсан мөр таарах нь тэр. Тэр бүү хэл мотоциклийн мөр хүртэл байна аа. Муухан морь ч бүдчээд явахааргүй энэ бартаа ихтэй, замаас гарах л юм бол хад чулуу тулж, мод бут орооцолдож, шавар намагт шигдэж болох энэ замаар дугуй бүү хэл моторт унаа явна гэж ёстой санаанд орсонгүй ээ.
Өмнөх шөнө нь Галттайн гол, Юүдэгийн давааны бэлчир орчимд хоносон бид Хүлүүрийн давааний цээжинд ой бяцхан чөлөөнд самарчдын үлдээсэн отог дээр хоносон юм. Өглөө аажуухан хөдөлж, зүтгэсээр давааны оройд гарахад харин гурван өөр аялагчид яг таарцгаав.
Бидний өмнө Галттайн эхнээс хөдөлсөн явган аялагчид Хийдийн даваагаар дамжин Хагийн нуур орчихоод буцаж яваа аж. Тэд 4 дэх хоногтоо явна гэв. Өнөөх баатарлаг мотоцикльчид ч тэдний араас уулын моддын чичигнэтэл хаазалсаар гарч ирцгээв. Бид харин дугуйтай. Ингээд явган, дугуйтай, мотоцикльтой аялагчидийн баг Хүлүүрийн даваан дээр хамтдаа зургаа татуулцгаалаа.
Хүлүүрийн даваан дээр таарсан явган, дугуйтай, мотоцикльтой аялагчид.
Явган аялагчидтай Хийдийн даваа орчимд чоно таарсан тухай ярив. Харин би тэдгээр зургаан мотоцикльтой гүжирмэг залуусаар бахархаж байлаа. Эрдэнэ сумын залуус гэнэ. Ёстой л шүдэрхэж, аагирхаж яваа бололтой. Түүнээс биш барагтай хүн тэр бартаатай замаар моторт унаатай явахаас халширмаар. Удалгүй уул хад доргилж нургитал хаазлаад замын хажуугаар торолзгоны бутан дундуур аль эрт явсан 31-ийн мөр даган үсчин цовхчуулсаар давхиж одоцгоосонд тэдний араас явган аяллынханы нэг нь "Бөөр сүвээгээ хайрладаггүй ээ" хэмээн халаглах нь сонсогдох...
Даваа дээрээс холгүйхэн 3-4 орчимд байх Хагийн хар нуурын хойт зах харлан харагдана.
Уруудах учир бид дугуйгаа мордсон авч төдий л хол явуулсангүй бас л өнөөх хад чулуу, шавар намаг. Зүтгэсээр нуурийн зүүн эхэнд байх цагаан яагаан цэцэгс найгасан цагаан дэнж дээр ирэхэд бидний араас морин ачаатай бас нэг баг орж ирэв. Төд удалгүй дахиад 6 дугуйтай залуус шуугин орж ирэх нь тэр. Ингээд бид дугуйгаар нууранд хүрсэн гэсэн амжилт маань зүгээр л хэнд ч сонин биш болж хувирах нь тэр. Тэдгээр араас ирсэн дугуйчид Тэрэлжээс Ар Туулыг өгсөж жийсээр байгаад ирсэн гэнэ. Тун амаргүй зам. Голыг хэдэнтээ нааш цааш нь гатална. Шавар шалбааг ч их. Нэлээд яаруу шургуу яваа бололтой. Тэдэн дотор 12 настай хүү хүртэл явах. Харин манай багт 14-16 насны 4 хүүхэд явсан юм.
Тэгэхнээ нь жил бүр тийшээ дугуйтай очдог баг хүртэл байдаг гэнэ. "Манай нэг нөхөр Төв Африкийн Танзанид онгоцноос бууж байхдаа - Би ч энэ улсад анх хөл тавьсан монгол хүн байхдаа хэмээн өөртөө их л сэтгэл хангалуун байжээ. Тэгтэл хоёр монгол онгоцны буудал дээр ачаа зөөгөөд гүйж явсан гэдэг. Аль хэдийнэ очоод бүр онгоцных нь буудалд хүртэл ажилд орчихсон хэрэг. Яг түүн шиг л юм болж байна. Би ч хэдэн хүүхэд дагуулаад дугуйтай оччихлоо гэж том бодсон чинь манайхан дугуй байтугайг нь энд элээчихсэн юм байна шүү дээ" хэмээн хамт яваа Д.Нямжавтаа хошигнож явав.
Нуурын мандал борооны өмнөх шуурханд том том давалгаа хаялсаар угтсан ч хэдэн дусал хаясны дараа тэнгэрийн чимээ чагнах мэт анир гүм оргиж, цаад эргийн уулс, моддын дүрсийг бидэнд тольдон гайхуулна.
Даваа давахад ялимгүй ядарсан хүүхдүүд маань амархан сэргээд, шуугилдан загас барихаар бэлтгэлээ базаана. Төдөлгүй нуурын урд хөвөөгөөр морин ачаатай бас нэг баг гарч ирэв. Тэд нуурын зах дээр гурав хоноод буцаж байгаа гэнэ. Дараа нь нисдэг тэрэг өнгөрөв. Дахиад нэг баг ирэв. Маргааш орой нь буцаж явахад Төв аймгийн Мөнгөнморьтоос гэр бүлийн найзууд бололтой морьтой баг зөрөв. Мөн хэдэн шаруудтай, нэлээд их морин ачаатай, завь, ширээгээ хүртэл ачсан бас нэг баг зөрөв.
Нуурын хөвөөнөөс зайдуухан аятайхан модон 00 барьсан байна. Бас байгаль хамгаалагчтай ч болж, Юүдэгийн давааны амыг хашаалж, орсон гарсан хүмүүсээс хураамж (300 төгрөг) авдаг болсон байна.
8 сар гартал хуурайшилттай байсан учир хөл хорьж байгаад тавьжээ. ШУТИС-ийн багш Д.Сэрдарамын Тэрэлжээс мориор гарсан багтай нуурын хөвөөнд уулзахаар аман болзоо тавьсан ч бид замдаа саатаж, нэг хоног хоцорчээ. Тэд ирээд буцчихсан байв.
Товчхондоо Хагийн нуур хөл ихтэй болжээ. 5 жилийн өмнө ийм байгаагүйсэн. Сайхан хэрэг. Нэгэн үе залуус амралт гэдгийг бааранд утга учиргүй наргихаар голцуу төсөөлж байсан бол одоо тэр сэтгэлгээ их өөрчлөгдөж, байгалд аялах, тэр дундаа хүрэхэд хол хэцүү (Улаанбаатараас Хагийн хар нуур хүрэхэд янз бүрийн замаар 180-250 орчим км зайтай) газарт хүртэл олноороо зүтгэн зорин очих болжээ. Ийнхүү эрүүл, идэвхтэй амралтыг эрхэмлэх болсон нь үнэхээр сайхан хэрэг шүү. Харин нэг зүйл жаахан тиймхэн нь зам зууртаа хогоо унагачихаад байдаг нь. Бид чадах чинээгээрээ авч, бас хоносон, зогссон газартаа тэр хогийг шатахыг нь шатааж явав. Аялагчид гэхээсээ жимсчид, самарчидийн тавьсан хог их байна. Байгал эхийнхээ хишгийг сааж, буяныг нь хүртэж буй бол хогоо бүү хаяачээ. Нэг ирэхэд самар жимс чинь дайжаад явчихна шүү дээ хэмээн тэднийг таарвал чихэн дээр нь чангаас чанга хашгирмаар болж байсаан....
Үргэлжлэл бий...
Хүлүүрийн цохио.
Хүлүүрийн даваан дээрээс Хагийн хар нуурын зах ийн харагдана.