Будда мэт дүрсэл

2017 оны 8 сарын 302017-08-30

cc543ec1-6637-4d87-96a7-f6ae0edd2372,бурхан мэт дүрсэл.jpg.jpg

Саяхан Ван Гогийн 120 зургийг амилуулан “хөдөлгөж” баримт кино бүтээсэн билээ. Бидний хөдөлгөөнгүйгээр төсөөлж байсан улбар нар, улаан шар хөндий, мушгирсан үүлс, хотын гудамж, чулуун гүүр, цонхны наана зогсох охин, ноёд хөдлөөд ирэхээр хачин гайхалтай санагдаж байлаа. Тэртээх цаг хугацаа Ван Гогийн зургууд “хөдөлгөөнөө” үгүйлж байсан мэт. Тэгвэл яруу найрагт дүрслэл, түүний уран зургийн далд шинж, мөн хөдөлгөөн юм. Баатарын Галсансүхийн “дүрслэл мэт үүлс олзлогчид мэт цувах” гэдэг шиг яруу найрагт дүрслэл хамгаас чухал байсан, одоо ч ялгаагүй. Хэрэв дүрслэлийн бүрдэл хэсгүүдийг яруу найргчийн зан төлөвтэй шууд хамаатай гэж үзвэл тэнд хувь яруу найрагч өөрийгөө хангалттай цогц байдлаар бүтээсэн байна. Энэ нь ердөө дүрийг уран сайханжуулах арга төдий биш эртнээс яруу найргийн гол “амь” чанар байсныг эртний Дандины “Зохист аялгууны толь” зэргээс таниж болно. Харин “Дүрслэх чимэг” утга хязгааргүй байх тухай Дандины онолыг магадгүй монгол яруу найргийн ХХ, ХХI зууны заагт төрөн гарсан олон яруу найрагчдын бүтээл илүүтэй баталж байна. Ийм хэт баялаг дүрслэл яруу найргийн “ИЛЭРХИЙЛЭЛ”-ийн цоо шинэ боломжуудыг нээж өгчээ. Шууд хамаарлаараа бол манай “хэл шинжлэл” онолын сэтгэлгээний хувьд хөгжих үндэс бүрдэв. Учир нь монгол хэлний цоо шинэ үзэгдлүүд, цоо шинэ” эх хэрэглэгдэхүүн” хангалттай бүрджээ. Даанч хэл шинжлэлийн шинэ арга зүй шинжлэх ухаанд бага нэвтэрч байна. 90- ээд оноос хойш Б.Галсансүх, Г.Аюурзана, Б.Одгэрэл, Л.Өлзийтөгс Б.Эрдэнэсолонго нарын цөөхөн яруу найрагчдын бүтээл монгол хэлний “тогтсон” гэж үзэж байсан үзэгдлүүдийг үндсэндээ үгүйсгэсэн. Сэтгэлгээг ч ялгаагүй. Тэдний залгамжлагчид ч шинэ илэрхийлэл, шинэ дүрслэл, шинэ “хэл” бүтээж байна. Бүтээхийг эрмэлзэж байна.

          Аравдугаар сар зүрх рүү минь хийсэн орж 
         Араараа тавиулсан эмэгтэй шиг дотроос ширтэнэ. 
         /Т.Амар-Амгалан “Хаврын БУДДА” 2017 /

Энэ шүлэгт чухам өнөөх илэрхийлэл, өнөөх дүрслэлийн шинэ эрэл шууд мэдрэгдэж байна. Хэзээ манай яруу найрагт намрын хөнгөн гунигийг “дотроос ширтэхдээ” араараа тавиулсан эмэгтэй хүнтэй, тийм нэг сэтгэл зүйн хүнд дарамттай байдалтай /зүйрлэн/ дүрслэн илэрхийлж байсныг санах гээд оролдоё. “Аравдугаар сар зүрх рүү хийсэн орох ч” яахав. Хийсэн орж л байдаг зүйл. Гол нь тэр дотроос ширтээд байгаа “араараа тавиулсан эмэгтэй хүнд” л жишээ татсан энэ хоёр мөр шүлгийн хамаг учир байгаа юм. Өнөөх уран сайхны аргуудын бүрдэл хэсэг, дүрслэл бол дүрийн зан чанарын ялгарлыг илэрхийлдэг гэдэг онолын ойлголт тэр нэг эмэгтэй, намар хоёрын хооронд ямар нэг “АДИЛ” зүйл байгааг л нээн харуулж байгаа юм. Яруу найраг чухам ямар чанараараа гойд вэ? гэсэн асуулт хэрэв хэн нэгний өмнө тулгарвал хамгийн түрүүнд бодох зүйл “ДҮРСЛЭЛИЙН ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” гэдгийг санах шаардлагатай. Түүнээс бус “атрын анхны шан татлаа” гэдэг шиг хэзээд шинэ байх хязгааргүй боломжтой үйл хэргийг бусдын явсан замаар гэлдрэхийн дайнд ойлгох оюун санааны ухралт. МӨН ГЭМТ ХЭРЭГ. 

Тиймээс эрэлхийлэл яруу найргийн хамгийн чухал чанар болно. Ерөөс уран сайхны бүхий илэрхийллүүд “ТУРШИЦ, ЭРЭЛХИЙЛЭЛ, ОРОЛДЛОГО” гэсэн хэдэн угтвар гол шинж чанартай. Тэдгээрийн аль нэг нь үгүй бол хэзээ ч “ШИНЭ” гэсэн тодотголыг өмнөө зүүж чаддаггүй. Товчхондоо “бусдын гаргасан замаар гэлдэрсэн эсвэл худлаа амьсгаадан гүйсэн, үгүй бол санаа амар алхсан гэж ойлгож болно. Тэр тийм ч сайхан зүйл бус. Тэртусмаа яруу найрагт.  Чухам яагаад яруу найрагт” тэр тусмаа” гэж онцлох болов. Шалтгааныг нь одоо ч хайсаар байна. Хэзээ нэгэн цагт олдоно. 

          Шал шул хийн урсах шар усны амьсгал сөөнгө хоолойтой ч 
          Шанаагаа тулсан бөгтөр өвлийн сахлыг чи л хусч өгнөм.
          /Т.Амар-Амгалан “Хаврын БУДДА” 2017 /

Магадгүй энэ хоёр мөр шүлэгт тэрхүү хайсаар буй шалтгаан оршиж байхыг үгүйсгэхгүй. Дээрх жишээ татсан шүлэгт “нэг эмэгтэй” дотроос ширтээд байв. Харин энэ шүлэгт яалт ч үгүй “өвгөн хүний дүр” амьдарч байна. Өвгөн хүн бол “шанаагаа тулсан бөгтөр бас сахалтай”. Харин хавар шар усны сөөнгө хоолойтой ч түүний сахлыг хусч өгдөг. Шулуухандаа “өвгөн хүн-өвөл, сөөнгө хоолойтой-хавар” хоёрын “сахал үсээ хусалцах” дүрслэл ХХ зууны эхэн үед Д.Нацагдоржийн “ Хөхөрсөн модод цэцэглэж хүүхэд багачуул наадахад, хөгшин хүн өөрийгөө залуу болсон мэт санана” хэмээх “Хавар” шүлгийн уламжлалын шууд бус ч “үргэлжлэл” шинжтэй юм. 

“Шал шул хийн урсах шар ус”- хаврын төлөөлөл, / хөхөрсөн модод цэцэглэх- хаврын билэгдэл / “...усны амьсгал сөөнгө хоолойтой-хаврын хүншүүлэл, /хүүхэд багачуул наадахад- хаврын зүйрлэл / “ шанаагаа тулсан бөгтөр –өвлийн адилтгал, /хөгшин хүн өөрийгөө –өвлийн тойруулал/ “сахлыг чи хусч өгнөм-хаврын илэрхийлэл, /залуу болсон шиг санана- хаврын сөргүүлэл/ зэргийг харьцуулан харахад дөрвөн улирлыг хүний нас, байгалийн элдэв хувирал хөдөлгөөнийг хүний санаа сэтгэлтэй холбон илэрхийлдэг асан уламжлал энэ ХХI зууны эхэн үеийн монгол яруу найргийн сэтгэлгээний “эрэлхийлэл” дотор хадгалагдаж байна. 

“БУДДА БҮГДЭД ОРШДОГ” гэж нэгэн гүн ухаантан айлджээ. Түүний үзэл үнэн бол яруу найргийн хэл, сэтгэл, дүрслэл дотор БУДДА оршиж байна. БУДДА ертөнцийн юмс хийгээд үзэгдлийн мөн чанарт буй. Тэгэхээр яруу найрагт “БУДДА мэт ДҮРСЛЭЛ” байж болох нь. Эсвэл ДҮРСЛЭЛ, БУДДА мэт шинж чанартай учраас тэдгээрт адил төстэй шинж чанар бий. 

          Орой оддын зүг үс минь хийсмүй
          Орон гэр минь!
          Од оддын зайд буй
          Орой би "будда"-г хайн
          Ээжийнхээ дээлийг элбэж суулаа. /Т.Амар-Амгалан “Хаврын БУДДА” 2017 /

Дээрх шүлэгт нуугдаж буй БУДДА, ээжийн дээлэнд байж болох юм. Зах хязгааргүй сансар огторгуйгаас хүний ахуйн хамгийн эгэл түгээмэл хэсгүүдэд ч шилжиж , амь зуух, загас гогдох, ус гол сахих, үс салхинд хийсэх, өөртөө хаалга нээх, өчигдөр хэн байснаа санан санагалзах гээд чухамдаа “бүгдэд БУДДА” буйг нотлох гэсэн мэт санагдахаар “шугам” бүтээсэн байна. Шугам ч гэж дээ, тийм шулуун бус ч үл тасрах хэт богино долгионы үелзлэл бий болгожээ. 

Яруу найраг, уриа лоозонгийн ялгаа их ч чухамдаа маш жижиг зүйлээр маш тодорхой ялгардаг. Түүнийг эс таньж мэдэх нь мөн гэмт үйлдэлд хүргэнэ. Уриа лоозонг яруу найраг гэж илэрхий мушгин “сурталчлах” нь “Зохист аялгууны толь” доторх” ГҮТГЭН ДҮРСЛЭХ ЧИМЭГ” мэт юм. Харин... 

          Өргөн чөлөөгөөр морьд шиг давхилдах навчис 
          Өлсгөлөн шувуудын гэдэс дуугарах шиг шуугилдана /Т.Амар-Амгалан “Хаврын БУДДА” 2017 /
гэсэн шүлэг шувуу судлалын үүднээс батлагдахгүй байж болно. Шувууд өлсөхөөр гэдэс нь бидэн шиг хоржигнож, хуржигнаж дуугардаг эсэхийг мэдэхгүй юм. Амьд амьтан хойно тэгдэг л байж таарна хэмээн таахаас өөрцгүй. Харин навчисын шуугиан өлсгөлөн шувуудын гэдэс дуугарах шиг сонсогдохыг зөвхөн батлах л үлдлээ. Яруу найрагт “ТУРШИЦ” чухал гэж хэлсний учир энэ юм. 

          Тэмээлзгэнэ мэт үүлс сая урт хөлөө татахад 
          Тэнгэрийн гүнд цахлайд далавчаа хатаахаар нисэлдэх нь 
          Тэнгист эргүүлэг үүссэн мэт үзэгдэнэ. /Т.Амар-Амгалан “Хаврын БУДДА” 2017 / 

Эхэнд шахуу уран зураг, дүрслэл, яруу найраг гэж санамсаргүй хэлээгүй юм. “Үүлс, тэнгис, цахлай шувуу” өөртөө хөдөлгөөнөө хадгалж буй яруу найргийн уран зураг юм. Ингэж хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ л тэмээлзгэнэ мэт үүлсийг зурах, далавчаа хатаахаар уснаас дэгдэн нисэх цахлайг зурах, тэнгисийн мандалд үүссэн эргүүлэгийг зурах “ОРОЛДЛОГУУД” хийгдсэн байна. Энд л БУДДА мэт ДҮРСЛЭЛ буй. 
Гэвч “Ор хөнжил дэрнээс нь урвалт үнэртэх, огиудас хүрэм дэн буудлын өрөө шиг” /Т.Амар-Амгалан “Хаврын БУДДА” 2017 / АМЬДРАЛД “ загасны яс хоолойд торсон мэт хөндүүрийг өдрүүдийг” /Т.Амар-Амгалан “Хаврын БУДДА” 2017 / бид туулж яваа. Харамсах зүйл байхгүй: Учир нь БУДДА МЭТ ДҮРСЛЭЛ”-ээр дүүрэн яруу найргийг бүтээх хүсэлтэй.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 
 

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө