Монголын орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг болох Дамдинсүрэнгийн Урианхай өнгөрсөн ХХ зууны 60-аад оноос уран бүтээлээ яруу найргаар эхэлжээ. Оюун санааны хувьд хүчтэй хувь-бодгаль шинжтэй энэхүү зохиолчийн уран бүтээлийг гурван үед хуваан авч үздэг. 1980-1990 он буюу үзэл санаа, туурвилзүйн эрэлхийллийн үе, 1990-2000 он буюу уран бүтээлийн шинэчлэлийн үе, 2000-2010 он буюу чөлөөт сэтгэлгээ, оршихуйн философи хандлагатай өөрийн үзэл санааг тунхаглалын үе гэж тодорхойлдог.
Яруу найраг, эсээ, хүүрнэл зохиол, жүжгийн зохиолын төрлөөр харьцангуй жигд түвшинд бичдэг, орчин үеийн монголын нийгэм, оюун санааны амьдралын хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагчдын нэг юм. Түүний үзэл санаа, ертөнцийн чиг хандлага төлөвшихөд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйлс буй. Тэрээр уран зохиолоос гадна нийгэм-улс төр, эдийн засгийн өндөр боловсрол эзэмшиж, Дорно, Өрнийн шашин, гүн ухааныг нилээд ул суурьтай судалжээ. Нөгөө талаар хэт техникжсэн хийгээд түүнийхээ өмнө хүчин мөхөстсөн хүмүүсийн сэтгэл зүйн хямрал, иргэншлийн бууран доройтол, хүний мөн чанарын “хүйтрэл”-ийг илчлэн харуулахад чиглэсэн байдаг. Монголын уран зохиолын хүчтэй уламжлалаас зайлсхийж, уран зохиолын тогтсон чиг хандлагаас ангид өөрийн оюун санааны үр-дархлааг бий болгосон юм.
Туурвил зүйн хувьд Д.Урианхай нь бүтээлүүд зөн совин, ёр билэгдэл, нууцлаг ахуй, цаг хугацааны ба цаг хугацааны бус мэдрэмжүүдэд төвлөрч байдаг. Хүн нийгмийн хэт хөгжил эцэстээ хүнд өөрт нь хортой зүйл болж хувирсан, өөрийн дотоод чинадын дуу хоолойг эс сонсох нь хүнийг зөвхөн гадна талаа хэт шүтэх хандлагыг бий болгож байна. Ёс суртахууны доройтол, аливаад үл ханах шунал сэтгэл, түүнээс үүдэн гарах үйлийн үрийн тухай түүний зохиолууд, тэртусмаа жүжгийн зохиолууд нь хүчтэй илэрхийлдэг. Гоо сайхны ямар ч цэнгэл таашаалгүй, зөвхөн махан биеийн жаргалд автсан хүмүүсийн жигшмээр дүр түүний зохиолуудын нийтлэг хэв шинжийг илтгэнэ. Гэвч хүнийг үзэх хэт гутранга үзэл санаанаас тэр татгалздаг. Эрх чөлөө хамгийн дээд үнэт зүйлс, харин хүн бол энэрэл нигүүлсэхүйг бүтээгч хэмээн үзснээрээ тэр экзистенциализмын үзэл санаанаас ялгарч байгаа юм. Ахуй бол зөвхөн гял цал өнгө гэрэл, тэр хэзээд тийм шинжтэй байсан, түүнээс сайн сайхныг хүлээх нь ХҮНИЙГ улам арга мухардуулна. Оршихуй бол дарамт. Энэ бүхнээс ангижрах хүч хүнд өөрт нь буй. Тиймээс өөрийгөө мэдрэх, өөрийгөө чагнах бол ирээдүйн ганц боломж гэж тэр тунхаглаж байна. Хүн-нийгмийн зөрчил туйлдаа хүрч, хүн өөрийнхөө бүтээсэн зүйлийнхээ араа шүдэнд өртөж, сэтгэл оюунаар улам жижгэрч, бутлагдаж байгааг зохиолч өнөөгийн хамгийн том эмгэнэл гэж үздэг.
Хүнийг гэгээрүүлэх цаг барсан үйл хэрэг, туйлын зорилго ч бус харин хүний гэгээрэл өөрт нь байдаг тухай түүний зохиолууд өгүүлдэг. Гол онцлог нь тэр дотоод гэгээрлийг зовлон зүдгүүр л өдөөнө. Жаргах тусмаа хүн мунхардаг гэж үзсэн нь Д.Урианхайн философи үзэл санааны шинэлэг тал зөвхөн түүнд илүү хамаатай “ нээлт” гэж үзэх үндэстэй.
Хэдийгээр түүний уран бүтээлийг ХХ зууны эхээр Өрнө дахинд дэлгэрсэн философийн зарим урсгал чиглэлд хамааруулж болох ч Д.Урианхайд нүүдэлчдийн оюун санааны давтагдашгүй шинж, байгалийн үзэгдэл , яруу сайхны гайхалтай дүрслэл, юунд ч үл хашигдахыг хүсэх нүүдэлчдийн эрх чөлөөний мэдрэмж цогцлон бүрэлдсэн. Түүний яруу найргийн бүтээлүүд бүхэлдээ чөлөөт задгай хэлбэрээр бичигдэж, туйлын үнэн- яруу найрагт оршдог хэмээх гүн ухааных нь үзлийг илэрхийлж байдаг. Гоо сайханг эгэл энгийнээс нээж олох, түүндээ догдлох, түүндээ эмзэглэх эсвэл түүндээ энэлэн шаналах хүчтэй “дуу хоолой”- г түүний шүлгүүд цуурайтуулан давтдаг. Энэ л өвөрмөц “буй” байдлаараа Д.Урианхай Монголчуудын төдийгүй, хүн төрөлхтөний илүү “сэхээлэг” цөөнхийн анхаарлыг татаж байна. Тиймээс сүүлийн 10- аад жилийн хугацаанд Д.Урианхай нь бүтээлүүд дэлхийн олон улсын хэлээр орчуулагдаж, Монголчуудын оюун санааны нүүр царай болж байна.