Нийслэл guide
Сэтгүүл

УЛААНБААТАР ХОТЫН ОЙ САНАМЖ: Б.ЦЭРЭНДОРЖИЙН ГУДАМЖ

1
2017 оны 9 сарын 202017-09-20

878f0901-8fe4-49ed-bd14-538b7d2f7041,Цэрэндоржийн гудамж.jpg.jpg

Энэ зун Улсын их дэлгүүрийн урд талын фонтан буюу Б.Цэрэндоржийн гудамжийг дахин төлөвлөх шийдвэр гарч, барилгын ажил эхлэхэд тэр хавийн оршин суугчид, иргэд дургүйцлээ илэрхийлэн хотын захиргаанд гомдол гаргасан. Гэвч маргаан дагуулсан уг асуудал одоо хэр нь шийдэгдээгүй л байна. Нийслэл guide энэ удаад Улаанбаатар хотын музейтэй хамтран Цэрэндоржийн гудамжны үүсэл, төлөвлөлт, хотын төвийн энэ хэсэг газрын түүхэн үнэ цэнийн талаар мэдээлэл хүргэж байна.

БАЙРШИЛ: 

Сүхбаатар дүүргийн IV хороо, Б.Цэрэндоржийн гудамж, Их дэлгүүрийн замын урд хэсгээс АСА цирк хүртэлх хэсэг буюу хотынхны мэддэгээр Фонтан.

Б.ЦЭРЭНДОРЖИЙН ГУДАМЖНЫ ҮҮСЭЛ: 

1778 онд Богдын хүрээ энэ дөрвөн уулынхаа дунд ирж суурьшихад Хүрээний баруун өмнө хэсэгт жирийн ард иргэдийн суудаг хороо бий болжээ. Тодруулбал, Чингис хааны угсааны Дархан чин вангийн хошууны харчуулын хашаа, байшин баригдсанаар одоогийн Б.Цэрэндоржийн гудамж үүссэн байна. Чингис хааны угсааны хошуу ноён Дархан чин ван Пунцагцэрэнгийн ордон, түүний тамгын газрын бүх аппарат, харьяат ардуудын хашаа, гэр, дан байшингууд байсан буурин дээр хожим нь маршал Х.Чойбалсангийн өвлийн ордон буюу Маршал харш, 40 мянгат, Б.Цэрэндоржийн гудамж бий болсон аж.

1920-иод оны үед тус гудамжны урд үзүүрт буюу одоогийн АСА циркийн зүүн урд хэсэгт ундны усны өндөр модон худаг бий болсноор ард иргэд тэр гудамжийг “Усны гудамж” хэмээн нэрлэх болжээ. Усны гудамж нь одоогийн АСА циркээс хойш Урт цагаан буюу Жуулчны гудамж хүртэл үргэлжилдэг босоо гудамж байжээ. Гудамжны хоёр талаар хашаандаа дан байшин, гэртэй айлууд байсан аж. Нийслэлчүүд хуучин Усны гудамжийг орчин цагийн усан оргилууртай нь холбон “фонтан” хэмээн нэрийдэж, устай холбоотой утгыг нь хэвээр үлдээжээ.

6c9ee38d-84bf-43d2-9c68-a255f4f895c9,хотын төлөвөлт.jpg.jpg

ГУДАМЖНЫ ТӨЛӨВЛӨЛТ: 

Б.Цэрэндоржийн гудамж нь 1954-1961 онд Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр хэрэгжсэн бүтээн байгуулалтаар өнөөгийн дүр төрхөө олсон юм. Дэлгэрүүлбэл, Улаанбаатар хотын анхны төлөвлөгөөний жилүүдэд төв талбайн баруун хэсгээс одоогийн Баруун дөрвөн зам хүртэлх хэсэгт байсан хуучин харчуулын хороодын айлуудыг нүүлгэн шилжүүлж, суурин дээр нь 1957-1961 онд орчин үеийн анхны орон сууцны хороолол 40 мянгат, 1959-1961 онд 50 мянгат, 1961 онд Улсын их дэлгүүр, одоогийн Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх Энхтайвны өргөн чөлөөг шинээр барьж байгуулжээ. Усны гудамжийг хөндлөн огтолсон энэхүү өргөн чөлөөний урд хэсгийг нь гудамж хэвээр үлдээн шинэчилж, хойд хэсэгт нь Улсын их дэлгүүрийг барьсан байна. Ийнхүү орчин үеийн дүр төрхөө олсон Усны гудамжийг Нийслэл хүрээнд Орос хэвлэлийн газар ажиллаж байсан оросын хувьсгалч М.И.Кучеренкогийн нэрээр “Кучеренкогийн гудамж” хэмээн нэрлэжээ. 1990 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын 268 дугаар тогтоолоор нэрийг нь өөрчилж “Б.Цэрэндоржийн гудамж” болгосон юм.

ГАЗРЫН ҮНЭ ЦЭН: 

Социализмын үеийн хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын үр дүнд Улаанбаатарт орчин цагийн хотын амьдралын хэв маяг бий болж, хөгжсөн юм. Энэхүү бүтээн байгуулалт хотын төв хэсэг буюу Сүхбаатарын талбайн орчим, 40, 50 мянгат, Бага тойруугаас эхлэлтэй. Тиймдээ ч эдгээр газар нь “анхны ерөнхий төлөвлөгөө - бүтээн байгуулалт - орчин үе - анхны орон сууцны хороолол - шинэ амьдралын хэв маяг” гэсэн хотын дурсамж, ой санамжийг хадгалж байдаг, монголын шинэ нийгмийн соёлын гол төвүүдийн нэг юм. Хотынхоо ой санамжийг хадгалж буй тархи, зүрх болсон энэ мэт түүхэн дурсгалт газруудаа 50 гаруйхан жил болоод л өөрчлөөд, устгаж сүйтгээд байх уу, эсвэл соёлын өв, түүхэн дурсгалуудаа хадгалж хамгаалах тогтолцоог бий болгох уу гэсэн шийдлийн өмнө бид ирээд байна.

cc16b353-f0c4-471b-b3c8-abb8d27df8b6,чимэг зураг.jpg.jpg

АШИГЛАСАН МАТЕРИАЛ:

1. Дүгэрсүрэн Л., Улаанбаатар хотын түүхээс, УБ., 1999 он
2. Дүрзээ Ч., Гунгаажав П., Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалаас, 1976 он
3. Идшинноров С., Улаанбаатар хотын түүхийн хураангуй, УБ., 1994 он
4. Пүрэв О., Монгол төрийн голомт, УБ., 2004 он
5. Улаанбаатар хотын барилгажилтын түүх, УБ., 2014 он
6. http://www.mpa.ub.gov.mn/index.php/neelttei-medeelel/2013-04-19-01-46-05/1677-2015-03-02.html

Эх сурвалж: "НийслэлGuide" №64/ 2017 есдүгээр сар

 

Санал болгох

Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

5 өдрийн өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө