Т. Есөн-Эрдэнэ
Сэтгүүлч

ТОЙМ 2017: Эдийн засгийн онцлох үйл явдлууд

6
2017 оны 12 сарын 282017-12-28

1. ОУВС-ИЙН “ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР”-Т ХАМРАГДАВ

307f73a2-99f4-4f2f-88fa-44bea4693d65,эд1.jpg.jpg

Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Олон улсын валютын сан /ОУВС/-гийн төлөөлөгчид энэ оны эхээр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийв. Энэ бол ОУВС-ийн “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах болсоныг зарласан хурал байлаа. Гэхдээ хөтөлбөрт хамрагдах шийдвэр 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үеэс яригдаж эхэлсэн байдаг. Мөн хөтөлбөрт хамрагдахаас өмнө эдийн засагчид энэхүү хөтөлбөрт орох нь зөв эсэх дээр хоёр тал болон маргалдсаар байсан юм. Юутай ч энэ онд ОУВС-гаас 440 сая ам.доллар, Японы засгийн газраас 800 сая, БНСУ-аас 500 сая, АХБ-наас 1.2 тэрбум ам.доллар зэргээр нийт 3.5 тэрбум ам.долларын гадаад зээлийг таатай нөхцөлөөр авах ерөнхий хэлэлцээрт хүрэв. Улмаар ОУВС-аас эхний ээлжинд 118 орчим сая ам.доллар, Японы Засгийн газраас 32 тэрбум иен, Азийн Хөгжлийн банкнаас 300 сая ам.доллар шилжүүлээд байна. Хөтөлбөрт хамрагдсанаар Монголын эдийн засагт итгэх гадаад хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн нь илэрхий ч, хөтөлбөрт хамрагдахын тулд иргэдийн “бүсийг чангалах” татвар, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэх болсон нь хэсэгтээ олны шүүмжлэх сэдэв болоод байв. 


2. БОНДЫГ БОНДООР БУЮУ “ХУРАЛДАЙ”, “ГЭРЭГЭ” БОНД

46ed6a93-fd96-4039-9970-675ea3b70f2b,эд2.jpg.jpg

Монгол Улсын Засгийн газар гадаад зах зээл дээр шинээр “Хуралдай” бондыг гаргаж, 600 сая ам.доллар босгов. Ингэснээр төлбөрийн хугацаа нь тулаад байсан евро бондын төлбөрийг бондоор санхүүжүүлсэн юм. Хэдийгээр эрх баригч МАН-ынхан 2016 оны сонгуульд Мөрийн хөтөлбөртөө “Өр тавихгүй” хэмээн амлаж гарч ирсэн ч, Ж.Эрдэнэбатын Засгийн газар бонд гаргахаас аргагүй байдалд хүрээд байлаа. “Хуралдай” бондын хүү 8.75 хувь байх бөгөөд 2024 онд төлж барагдуулах ёстой. Зөвхөн “Хуралдай” бондоор зогсохгүй “Гэрэгэ” хэмээх шинэ бонд мөн энэ оны эдийн засгийн онцлох сэдвийн нэг юм. 5.5 жилийн хугацаатай, 800 сая ам.доллар хүрсэн “Гэрэгэ” бонд нь 2018 он гарангуут төлөгдөх Чингис  бонд болон зургадугаар сард  төлөх Димсам бондуудын эргэн төлөлтийг хийхэдзарцуулагдах ажээ. 


3. САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 966.6 МЯНГАН ТӨГРӨГ БОЛСОНЫГ ЗАРЛАВ

01524ed4-0811-4831-951d-7af2b5dce287,эд3.jpg.jpg

Үндэсний Статистикийн Хорооноос энэ оны эхний найман сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцуулж, Монгол хүний сарын дундаж цалин 966.6 мянган төгрөг болсныг зарлав. Энэ дунд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2 сая 221.2 мянган төгрөг байгаа бол урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 613.7 мянган төгрөгийн цалинтай байна. Сарын дундаж цалинг Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудын тоогоор авч үзвэл 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажилтнуудын сарын дундаж цалин 630.9 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 771.0 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 882.9 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 991.8 мянган төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1365.3 мянган төгрөг байгаа юм. 


4. ОФФШОРЫН АСУУДАЛ ДАХИН ОЛНЫ АНХААРАЛД ОРЛОО

eaf4cf5e-629a-4457-8252-e530ae8b0003,эд4.jpg.jpg

Сүүлийн хэдхэн жилд Монголд төдийгүй олон улсад томоохон сэдэв болж буй оффшорын асуудал энэ жил ч бас олны анхаарлын төвд байлаа. АТГ-аас мэдэгдсэнээр Монгол Улсаас оффшор бүсүүдэд 49 иргэн 61 компанид хувь эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум оффшор данстай Монголын хэд хэдэн албан иргэнийн илчилсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалав. Энэ уриалга төдийлөн үр дүнтэй байж чадаагүй ч оффшорын асуудалд хандах Төрийн тэргүүний байр суурь гэдэг утгаараа жинтэй сонсогдож байлаа. Түүнчлэн УИХ Сонирхлын зөрчлийн эсрэг хуульд өөрчлөлт оруулж, нийтийн албаны албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдийг оффшор бүс, улсад хөрөнөг чинээтэй байхыг хориглов. 


5. НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 1.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ӨСӨВ

bff77063-90bb-4347-be75-8f9ea97e084c,эд5.jpg.jpg

Сүүлийн таван жилийн дунжаас харахад энэ онд уул уурхайн эрдэс баялаг, тэр дундаа нүүрсний экспорт огцом өссөн жил байлаа. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2017 оны эхний арван сард Монгол Улсын экспорт 1.5 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарлаа. Үүнд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум ам.доллараар өссөн ялангуяа нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараас өссөн нь голлон нөлөөлжээ. Оны эхний арван сард 1.9 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон нь 2016 оны мөн үеэс 3.1 дахин өссөн байна. Хэмжээний хувьд өмнөх сарынхаасаа 17 хувиар өсөж, аравдугаар сард 2.7 сая тонн нүүрс экспортолжээ. Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нэвтрэх нүүрсний тээврийг БНХАУ-ын тал хязгаарлаж, 2-3 дахин багасгасан бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээ хийх шаардлагатай гэж Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд мэдэгдсэн юм. Нүүрсний экспорт ийнхүү өсөхөд Австралид болсон байгалийн гамшиг, Умард Солонгост тавьсан хориг арга хэмжээ зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн гэж эдийн засагчид үзэж байна.  


6. ЧАЛКОГИЙН ӨРИЙГ ТӨЛЖ, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н АШИГТ АЖИЛЛАГАА НЭМЭГДЭВ

04965e21-13aa-457e-b703-49e9137429e6,эд6.jpg.jpg

Манай улсын нүүрсний экспортын дийлэнх хэсгийг “Эрдэнэс Тавантолгой”-ийн экспорт бүрдүүлж байгаа. Төрийн өмчит энэхүү компани Зүүн болон баруун Цанхид олборлолт зэрэг хийж байгаагаас гадна экспортын үнээ өмнөх оны мөн үеэс харьцангуй нэмэгдүүлж чадсан юм. Хамгийн чухал нь Монгол Улсын Засгийн газар 2011 онд Хятадын төрийн өмчит “Чалко”компаниас 350 сая ам.долларын зээл авсан байсныг цор ганц “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрс нийлүүлэх замаар төлж байсан юм. Энэ өрийг зургаан жилийн дараа буюу 2017 оны гуравдугаар сард нүүрсээр төлж барагдуулсан нь эдийн засгийн салбарт онцлох үйл явдлын нэгээр нэрлэгдэх учиртай. Мөн “Чалко”-д нийлүүлэх нүүрсний үнэ 2016 оны гуравдугаар улиралд 27 ам.доллар байсныг үе шаттайгаар нэмэгдүүлсээр өдгөө 69 ам.доллар болгож нэмэгдүүлээд байна. 


7. АПУ КОМПАНИ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ МОНГОЛЫН АНХНЫ КОМПАНИ БОЛОВ

84d829a7-565c-4c8f-aae4-462693495633,эд7.jpg.jpg

Дэлхийд алдарт шингэн хүнсний бренд ХАЙНЕКЕН болон MSC группийн хамтарсан хөрөнгө оруулалттай “М Би Си” компанийг Монголын томоохон групп болох “Шунхлай групп”-тэй хамтран байгуулсан холдинг компани болох “Эвэргрийн Инвэстмэнт” ХХК-д нийлүүлж, “Эвэргрийн Инвэстмэнт” ХХК-ийг АПУ хувьцаат компанитай нэгтгэсэн нь энэ оны бизнесийн салбарын томоохон үйл явдал байв. Тодруулбал, “АПУ” ХК-ийн 742,877,000 ширхэг хувьцааг тус компанид нэгдэж буй “Эвэргрийн Инвестмент” ХХК-ийн хөрөнгөд ногдох 321,304,553 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн, нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэ бүхий нийт 1,064,181,553 ширхэг болгон нийтэд санал болгохыг Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) өнгөрсөн сарын 24-нд болсон хурлаараа шийдвэрлэсэн юм. Улмаар энэхүү нэгдлийн үр дүнд энэ сарын 5-ны өдрийн арилжаа нээгдмэгц АПУ ХК нь Монголын Хөрөнгийн биржийн дээд хязгаар болох 15 хувийн өсөлтийн таазад хүрч нэгж хувьцааны ханш 906.8 төгрөг болж, нийтдээ 902,251 ширхэг хувьцаа арилжагдав. Ингэснээр АПУ ХК-ийн хувьцааны арилжаа маш идэвхтэй, өдөрт 15 хувийн өсөлттэй явагдаж, компанийн үнэлгээ нэг их наяд төгрөг хүрэв. Өөрөөр хэлбэл АПУ компани Их наяд төгрөгийн үнэлгээтэй Монголын анхны компани болсон юм. 


8. МОНГОЛБАНКИНД АЛТ ТУШААЛТ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЧЭЭ

fbb6bf23-354b-4f17-bf98-7f2ced6d1a17,эд8.jpg.jpg

Монголбанк 2017 онд 19.8 тонн буюу ойролцоогоор 20 тонн алт худалдан авахаар урьдчилсан тооцоо гарч байна. Энэ нь 2016 оны түүхэн дээд үзүүлэлт болох 18.3 тонн алт худалдан авснаас 1.5 тонн илүү буюу 8 хувиар өссөн үр дүн юм. Монголбанк энэ оны эхнээс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 117 аж ахуйн нэгжээс 7.2 тонн буюу 37 хувь, 216 иргэнээс 12.4 тонн буюу 63 хувь, нийт 19.6 тонн алт худалдан авлаа. Үүнээс 2017 онд 19.4 тонн алтыг цэвэршүүлж, 692.1 сая ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлжээ. Монгол банкинд тушаах алтны хэмжээ нэмэгдсэн нь валютын ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлж байна. Алт тушаалт ийнхүү нэмэгдсэн нь УИХ гурван жилийн өмнө Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2019 он хүртэл алт олборлогч дотоодын иргэн, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт эдлүүлхээр хуульчилсантай холбоотой юм. Өнгөрсөн онд Засгийн газар “Алт-2” хөтөлбөрийг эхлүүлэхдээ 2030 он гэхэд Монгол Улс жилд 25 тонн алт олборлоно хэмээн тэмдэглэсэн байдаг. 


9. ТАТВАР НЭМСНЭЭР ПРИУС МАШИНЫ ҮНЭ ӨСӨВ  

043b37b1-a3ad-466c-8477-ae9778fd25ab,эд9.jpg.jpg

УИХ-ын Хаврын чуулган түр завсарлахаасаа өмнө цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр автомашинуудын онцгой албан татварыг тэглэсэн билээ. Гэхдээ онцгой албан татварыг энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэх байсан ч сонгуулийн өмнө улс төрчид шийдвэрээсээ ухарч, сонгуулийн дараа буюу долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Түүгээр зогсохгүй сонгууль угтсан амлалтын хүрээнд 5 дугаар сарын 1-нээс хойш гаалийн онцгой албан татварт төлөгдөөд байсан 691 сая төгрөгийг хайбрид автомашин импортлогчдод эргүүлэн төлсөн билээ. Харин улсын баярын өмнөхөн татварын тэглэлт нь хүчингүй болсноор ард түмний унаа болох приусны үнэ огцом нэмэгдлээ. Тодорхой хэлбэл приус машины үнэ дор хаяж нэг сая төгрөгөөр өсч, Онцгой албан татварын тэглэлтийг 50 хувь болгосноор хосолмол хөдөлгүүртэй машинуудын татвар хамгийн багадаа 375 мянган төгрөг болж нэмэгдэв. Татвар нэмэх энэхүү шийдвэр нь ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах урьдач нөхцлийг хангахан тулд нэмсэн долоон төрлийн татварын нэг нь байсан юм. 


10. МОНГОЛ ЗАЛУУСЫН БАЙГУУЛСАН КОМПАНИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 30 САЯ АМ.ДОЛЛАР ХҮРЭВ 

3f607d97-7873-4329-9d50-5932d2e20740,эд10.jpg.jpg

Банк санхүү, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын тухай мэдээ мэдээллээр дэлхий нийтийг хангадаг “Форбс” сэтгүүлд зээлийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “AND Global” хэмээх монгол компанийн тухай нэгэн нийтлэл энэ сарын эхээр нийтлэгджээ. “AND Global”-ынхан технологид суурилсан бичил зээлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд одоогоор 8000 орчим найдвартай бөгөөд идэвхтэй зээлдэгчтэй болоод байна. 2015 онд гурван найзын хамтран байгуулсан компани, Филиппин, Японы зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 1 сая ам.долларын санхүүжилт босгож чадсан тэд өнгөрсөн наймдугаар сард Монгол болон Японы хөрөнгө оруулагчдаас, тэдний дотор Японы парламентын гишүүн асан Таками Юичи, хөрөнгө оруулагч Сатоши Мацүмото болон түүний эхнэр Ясүио Мацүмотогоос 4 сая ам.доллар босгосноор компанийнх нь зах зээлийн үнэлгээ 30.8 сая ам.долларт хүрчээ. 

Санал болгох

Бизнес эрхлэгчид цар тахлын өмнөх үетэй харицуулахад бизнесийн орчин муудсан гэж үзжээ

МҮХАҮТ-аас “Монголын Бизнесийн Орчин-2023” судалгааны үр дүнг танилцууллаа

5 өдрийн өмнө
Монгол Улсын Хөгжлийн Банк “Тогтвортой Хөгжлийн Бодлого” баталлаа

Монгол Улсын Хөгжлийн Банк нь Монгол Улсын болон дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулан, үйл ажиллагаанаасаа үүдэх байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, эерэг нөлөөтэй болгоход зорьж ажиллах болон компанийн засаглалыг сайжруулан үйл ажиллагаагаа илүү тогтвортой, хариуцлагатайгаар явуулахаа илэрхийлэн “Тогтвортой хөгжлийн бодлого”-оо баталлаа.

17 өдрийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохирол ЛХАГВА гарагт явагдана

Тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог шинэчлэлийг сугааланд оруулсан

21 өдрийн өмнө
Монгол Улсын Хөгжлийн Банканд ажиллахыг урьж байна

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.

1 сарын өмнө