Т. Есөн-Эрдэнэ
Сэтгүүлч

2018 онд миний унших 50 ном

5
2018 оны 1 сарын 42018-01-04

ffba23b7-4753-4c88-b07c-d2c9614ae3aa,унших ном.jpg.jpg

Хэд хэдэн сайт 2017 оны онцлох номуудыг нэрлэжээ. “Энэ жил миний уншсан номууд...” хэмээн давхарлан тавьсан номуудын зураг “нүүр ном”-доо оруулсан хүмүүс ч фэйсбүүкт тааралдав. Ингээд бодоход “Бид ер нь жилд хэдэн ном уншдаг билээ” гэж эргэцүүлнэ. Энэ бодлоо улам лавшруулж жилд хэдэн ном уншвал зохистой вэ гэдгийг интернетээс “асууж” үзэв. 

Герман сэхээтнүүд жилд дунджаар 50-60 ном уншдаг байна. Харин эгэл жирийн герман хүн жилдээ 10-15 ном уншдаг гэсэн. 50 ном гэдэг тийм ч их биш гэж танд санагдаж магадгүй. Гэтэл тооцоод үзвэл 7 хоногт нэг ном уншиж байж жилд 50 номны ард гарч таарах гээд байна. Тэгэхээр жилд 50 ном уншина гэдэг баргийн хүний чадах зүйл биш бололтой. 

Ажил амьдралын зав чөлөө, аахар шаахар цаг хоромд гинжлэгдсэн хэрэгтэй хэрэггүй алба амины асуудлууд дунд завгүй атлаа завтай инээсэн, стресстсэн цахим хэрэглэгч бид 7 хоног бүр нэг ном уншиж чаддаг билүү. 
Тэрбумтан Билл Гейтс өнгөрсөн жил 50 ном унших төлөвлөгөө гаргасан тухай сонсож байлаа. Мань эр тэр төлөвлөгөөгөө биелүүлсэн эсэхийг бүү мэд. Уоррен Баффет өдөрт 500 хуудас уншдаг байх юм. Өдөрт нэг ном хангалттай уншдаг хүн болж таарах нь. Минутанд 200 үг уншдаг жирийн мань мэт нь бүтэн өдөр ном тэвэрч хэвтээд 500 хуудас унших нь юу л бол. 

Энэ бичвэрээр 2018 онд багтаан унших монгол хэл дээр бичигдсэн, орчуулагдсан 50 номын жагсаалтыг хувьдаа чадан ядан гаргалаа. “Хувьдаа” хэмээн өөрийгөө огт голох бодолгүй бичсэн үгийн араас дайж хэлэх нь: фм радио, өдөр тутмын сониноос сэтгүүлчийн ажлаа эхэлж, өдгөө Тайм.мн сайтад редакторын албатай хүний хувьд басхүү Монголын Зохиолчдын эвлэлээс гаргадаг 70 гаруй жилийн түүхтэй, өнгөрсөн зуунаас өнөө цагийн хамаг л сор болсон зохиолчид "гал тогоо"-нд нь ажиллаж ирсэн ЦОГ сэтгүүлийн утга зохиолын ажилтны хувьд унших номуудаа эргэцүүлсэн минь энэ. 

Хэн бүхэнд уншия даа гээд төлөвлөж байгаа, зарим нь бүр номын санд нь байгаа ч уншиж завдахгүй яваа номууд бий. Тэгэхээр энэ 50 ном бол миний өөртөө тавьж буй шаардлага, (энэ жил заавал уншина) юм. Тиймээс доорх нэрлэсэн номуудыг болгоож та ч бас өөрийн унших 50 номоо товлоно биз ээ.  

Жич: Эдгээр 50 номоос 3-4 номыг нь өнгөрсөн онд хэдийн уншсан боловч нэгэнт хүмүүст ном санал болгож буй тул жагсаалтад оруулав. 

1. “Санхүүгийн Философи, Дэлхийн санхүүгийн түүх” - Ө.Ганзориг

19c0139e-a5de-450e-be35-24dfd05fbb48,ном01.jpg.jpg

Эдийн засагч Ө.Ганзоригийн эдийн засаг, бизнесийн болон философийн эргэцүүлэл, санал бодлоо бичдэг блогийн уншигч болоод даруй 7 жил өнгөрсөн байна. Түүний хоёр блогийг энд, мөн энд дарж уншина уу. Философийн нийтлэлийн блогоо тэрбээр “Фундаментал сэтгэлгээний сургууль” хэмээн нэрлэсэн байдаг. Оны өмнөхөн Ө.Ганзориг “Санхүүгийн Философи, Дэлхийн санхүүгийн түүх” нэртэй ном бичлээ. Номоо тэрбээр санхүүгийн философийг хүн төрөлхтний түүхтэй холбон тайлбарлаж бичсэн учир уншигчид санхүү, эдийн засгийг цоо шинэ өнцгөөр харах боломжтой гэсэн байна. 

2. “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” - Милан Кундера

9edfe37b-1dcb-4226-b330-0af526007dcf,ном02.jpg.jpg

Чехийн нэрт зохиолч Милан Кундерагийн “Хөгшин цогцос залуудаа зай тавиг” өгүүллэг одоогоос хоёр жилийн өмнө анх урлаг гоо зүйн “Гоодаль” сэтгүүл, утга зохиолын “ЦОГ” сэтгүүлд хэвлэгдсэнээр монгол хэл дээр уг зохиолч анх удаа буусан юм. Өнгөрсөн онд зохиолчийн шилдэг роман болох “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-г нь орчуулагч Ж.Тэгшзаяа хөрвүүлжээ. Милан Кундерагийн энэхүү романаас постмодерн уран зохиол гэж чухам юуг хэлээд буйг ойлгох боломжтой. 

3. “Эрх чөлөө эрхэм үг” -С.Молор-Эрдэнэ

9d1a58df-c580-4f46-855b-155f96444c97,ном03.jpg.jpg

Ном нэлээд “зажилж” уншдаг хэд хэдэн хүн энэ номын тухайд ам сайтай байхыг мэдэх юм. Манай сайтын нийтлэлчийн буланд Молор докторын нийтлэлүүд ороход олон хүн уншигддаг нь магадгүй манай сайтын гэхээсээ илүү Молор-Эрдэнэ гэх хувь хүн олны анхааралд байдгийнх юм. 2016 оны сүүлээр гаргасан түүний “Эрх чөлөө эрхэм үг” номын эхлэл хэсгийг та бүхэн энд-ээс уншина уу. Эрх чөлөөний мэдрэмж гэж юу вэ, хүсэх эрх чөлөө гэж юу вэ бүүр цааш нарийвчлан гэр бүлийн эрх чөлөө, хосуудын эрх чөлөө зэрэг сэдвээр уг ном бичигджээ. 

4. “Бодь мөрийн зэрэг” -Богд Зонхов

4ad9a513-081d-4aa6-9794-a52005462179,ном04.jpg.jpg

Хоёр ч янзын хэвлэлтийг номын сандаа хадгалж амжсан байна. Тэгэхээр уншихгүй бол алдас болох биз ээ. Номын тухайд хэвлэлийн газрын тайлбарт, “Хүн энэ хорвоод юуны төлөө төрдөг вэ? Амьдрал гэдэг ямар учиртай зүйл вэ? Аз жаргал гэж юуг хэлэх вэ? Бидэнд тохиолдож байсан болоод тохиолдож болох сайн, муу бүхий л зүйл юунаас улбаатай болохыг эргэцүүлж бодох үе хэнд ч төрдөг. Өнөөдөр, яг одоо хийж байгаа бүхнээс маргааш, дараа жил, бүр олон жилийн дараах үйл явдлууд хамааралтай байдгийг та мэдэх үү? Бодь мөрийн зэрэг сударт эдгээрийн талаар дэлгэрэнгүйгээр өгүүлсэн байгаа. Судар гэхээр л ойлгомжгүй үг хэллэгтэй гэж уншигчид боддог. Харин Бодь мөрийн зэрэг судрыг энгийн ойлгомжтой үг хэллэгээр орчуулан хүн бүхэнд анх удаа зориуллаа.” хэмээжээ.  

5. “Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган” –Д.Норов

2c7113a8-6812-40a7-aefa-a1cbfdaac873,ном05.jpg.jpg

Төрийн шагналт зохиолч Д.Норовын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн “Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган” номыг “Тагтаа паблишинг” хэвлэлийн газраас өнгөрсөн онд гаргасан. Ном хэвлэгдэхээс урьтаад Д.Норов гуайн зохиолуудтай танилцчихсан тул хараахан энэ номыг гартаа барьж үзээгүй явна. Өөрийн номын сандаа заавал байлгах ном гэдэг утгаар энд нэрлэж, танд санал болгож байна. 1980-аад онд бичигдсэн “Тэжээвэр” тууж зах зээлийн дүйвээн, ном унших завгүй шилжилтийн нийгмийн шийдвэргүй паниктсан амьдрал дунд төдийлөн олонд хүрээгүй болов уу гэж боддог юм. Ер нь 70, 80-аад он бол Монголын хүүрнэл зохиолын ид цэцэглэлтийн үе гэгддэг юм билээ. “Тагтаа паблишинг” оны өмнөхөн уг бүтээлийн хоёр дахь хэвлэлтийг уншигчдад хүргэхийн сацуу мөн 80-аад оны шилдэг зохиолчдын нэг П.Баярсайханы “Сармагчин бол сармагчин” нэртэй өгүүллэгээр нэрлэсэн түүвэр зохиолыг гаргасан юм. 

6. “Сүүдэрт гэтэх албин” –Эдогава Рампо

27953e5c-906c-4c46-bf46-276e9122f131,ном17.jpg.jpg

Японы зохиолч Таро Хирай /1894-1965 он/ уран бүтээлийн гараагаа эхлэхдээ өөртөө Эдогава Рампо хэмээх утга зохиолын нэр авсан нь америкийн утга зохиолын суутан Эдгар Аллан По-гийн нэрийг ханзаар бичсэн дуудлагын япон хувилбар байлаа. Японы триллер зохиолын хаан энэ эрхэмийн “Сүүдэрт гэтэх албин” ном өнгөрсөн онд орчуулагч Д.Дашмөнхийн орчуулгаар уншигчдад хүрэв. Зохиолч орчуулагч Д.Дашмөнх өмнө нь Эдогава Рампогийн “Хүн сандал” өгүүллэг тэргүүтэй зохиолуудыг орчуулсан байдаг. 

7.”Аугаа эрин: Хөх илдний очис” -Б.Наминчимэд

446855c6-a5b3-47f0-b247-a84fec821eed,ном07.jpg.jpg

Зохиолч Б.Наминчимэдийн “Аугаа эрин” цувралын тэргүүн боть “Хөх илдний очис” роман. Өнгөрсөн онд гарсан энэ зохиолыг энэ жил унших 50 номдоо оруулж байна. Зохиолч Б.Наминчимэдийн өмнөх бүтээл болох “Эгнэшгүй нөхрийг олов” түүхэн найрууллын ном хэвлэгдсэн ондоо “Интерном”-ын оны шилдгээр шалгарч байсныг энэ дашрамд дурдсу. 

8. “Хөх тариан талбайн ирмэгт” -Жером Дэвид Сэлинжер

0274e5f5-b92a-4a7b-b1ac-f1c629e7e15b,ном08.jpg.jpg

Хэдэн жилийн өмнө зохиолч Г.Аюурзаны санал болгосон номууд дундаас дээрх номын нэрийг анх харж байлаа. Америкийн нэрт зохиолч Жером Дэвид Сэлинжерын “Хөх тариан талбайн ирмэгт” хэмээх дэлхийн сонгодог роман монгол хэлнээ орчуулагч О.Чинзоригийн хөрвүүлгээр буужээ. Өөр орчуулагчдын орчуулснаар ч худалдаанд бий гэнэ. 

9. "Улааныхан ба харынхан"- Стендаль

85af172c-0822-41d8-8a4d-ebc8a3784334,ном09.JPG.jpg

Бүх цаг үеийн шилдэг 100 зохиолын дотор ямагт нэрлэгддэг Францын зохиолч Анри Бейль буюу Стендалийн "Улааныхан ба харынхан" зохиол монгол хэлнээ 2009 онд орчуулагдсан байдаг. “Мон судар” хэвлэлийн газраас гаргасан Дэлхийн сонгодог зохиол цувралд энэ ном багтаж орчуулагдсан ч, уран зохиолд шимтэгч монгол уншигчид төдийлэн энэ номын талаар ярьж хөөрөөгүй болох нь интернет хайлтаас харагдана. Номын сандаа жил гаруй хадгалсан уншиж амжаагүй номоо энэ жил унших 50 номондоо багтааж байна. Харин та?

10. “Шинжлэх ухааны товч түүх” I, II -Билл Брайсон

f82b962d-b37f-4162-9ee8-dd1711e96c91,ном10.jpg.jpg

“Непко” хэвлэлийн газрын тодорхойлсноор “Бараг бүх юмны тухай шастир” буюу “Шинжлэх ухааны товч түүх” бол шинжлэх ухааны нарийн төвөгтэй атлаа ер бусын ертөнцийг хэнд ч ойлгогдохоор туйлын сонирхолтой хэлбэрээр тайлбарлан таниулсан ном ажээ. 

11. “Өрнийн мэргэн ухаан” –Бэртран Рассел

0670833e-d0a8-4149-93ed-af8027fc6727,ном11.JPG.jpg

Найм билүү есөн жилийн өмнө энэ ном анх монгол хэл дээр гарсан тухай философийн багш маань хэлж, сургуулийн номын санд яаран авчруулж байлаа. Тухайн үед гүйлгэж уншсан энэ номыг энэ жил нэлээд нухацтай уншихаар шийдлээ. "Монсудар"-аас анх 2007 онд эрхлэн гаргасан орчуулга нь уг номын зурагтай, түүхэн, уран зохиолын хялбаршуулсан хувилбар аж.

12. “Сахиуст хангайн нууц” –Г.Аюурзана

50d74cf5-7bfe-482c-89be-5359ebe292fa,ном14.jpg.jpg

Зохиолч Г.Аюурзаны сүүлд гаргасан роман. Түүний өмнөх романуудыг, ер нь түүний орчуулж, эмхэтгэсэн номуудыг алгасалгүй уншдаг хүний хувьд энэ номыг шинэ онд унших 50 номондоо нэрлэв. Энэ цаг үеийн Монголын уран зохиолын гарамгай хүүрнэлч Г.Аюурзаны шинэхэн романд “Ятган хуурч Пүрэв гүн” хэмээн алдаршсан Жонон бэйл Пүрэвжавын тухай өгүүлэх ба түүний амьдралд тохиолдсон нэгэн золгүй хайр дурлалын түүх гардаг байна. 

13. “Газар дороос бичсэн тэмдэглэл” -Ф.М.Достоевский

502ae1be-fce8-48ea-8539-5e5e3fcd57b0,ном13.jpg.jpg

Достоевскийн энэхүү бүтээлийг Ницше “Сэтгэлзүйн сод бүтээл” гэж сайшаасан төдийгүй “Достоевский бол надад шинэ зүйл зааж чадах цорын ганц сэтгэл судлаач” хэмээжээ. Энэ жил унших 50 номд Ф.М.Достоевскийн дээрх номыг оруулъя. Түүний оргил бүтээлийг “Карамазовын хөвгүүд” гэдэг ч огт уншиж байгаагүй залуу хүн “Гэм зэм”-ээс эхлэх хэрэгтэй гэх нь бий. Дээрх зохиолууд бүгд монгол хэлээр орчуулагдсан болно. 

14. ”Толгодын цаана ингэ буйлна” –Ж.Лхагва

36410fb9-9883-4d20-8fcf-73a663ac3aab,ном12.JPG.jpg

“Толгодын цаана ингэ буйлна” гэдэг бяцхан шар ном тэртээ 1972 онд хэвлэгдэж Монголын уран зохиолд Жагдалын Лхагва гэдэг зохиолч байдгийг таниулжээ. 1997 онд тэнгэрт хальсан зохиолчийн 75 насны ойг тохиолдуулан өнгөрсөн хавар "Толгодын цаана ингэ буйлна" бүрэн түүвэр, "Толгодын цаана ингэ буйлна", " Яргуйн эрэлд " өгүүллэгийн сонсдог хоёр номыг гаргажээ. 

15. "Хугацаан доторх Хугацаа" – Андрей Тарковский

5f6d94dd-b68d-4015-b2ea-06e8afb9b33c,ном15.jpg.jpg

ХХ зууны Оросын нэрт найруулагч Андрей Арсеньевич Тарковскийн өдрийн тэмдэглэл, ярилцлагуудаас бүтсэн  "Хугацаан доторх Хугацаа" ном өнгөрсөн онд гарсан. Уг бүтээлийг сэтгүүлч, орчуулагч П.Номинбилэг орос, англи хэлнээс (ихэвчлэн гадаадын сэтгүүлчидтэй ярилцсан байж) түүвэрлэн орчуулжээ. “Тагтаа паблишинг” хэвлэлийн газраас өмнө нь Италийн алдарт кино найруулагч Фредрико Феллинийн “Зүүд бол цорын ганц” номыг гаргаж байв. 

16. “Дуртгал” -Николас Поппе

be2241d1-e35e-4116-9dfa-dba932a6ae4e,ном16.JPG.jpg

Монгол судлалын агуу эрдэмтэн Н.Поппе туулж өнгөрүүлсэн амьдралаа дурсан “Дуртгал” номоо 1980-аад оны үед англи хэлээр хэвлүүлсэн билээ. Тэрээр Монголыг шимтэн судалсан, Монголд хайртай нэгэн. Монголчуудад төдийгүй дэлхийд онц сонирхолтой Н.Поппегийн энэхүү “Дуртгал”  номыг Америк дахь Монголын соёлын төвийн тэргүүн, эрдэмтэн М.Саруул-Эрдэнэ орчуулжээ. 

17. “Цэвэрхэн саруулхан газар” -Д.Дашмөнх

3e4695eb-84e7-4e64-b8f5-1354485c98e7,ном06.jpg.jpg

Өнгөрсөн оны эхээр Монголын Зохиолчдын эвлэлээс оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан Өд” арга хэмжээг 15 дахь удаагаа зохион байгуулахад орчуулгын төрөлд “Цэвэрхэн саруулхан газар” зохиол шилдгээр шалгарсан юм. “Цэвэрхэн саруулхан газар”-т өрнө дорнын шилдэг өгүүллэгүүд багтсан юм. Орчуулагч Д.Дашмөнхийн тухайд өмнө нь “Японы зохиолчдын “Үхлийн тууриуд”, дээр өгүүлсэн японы алдарт зохиолч Эдогава Рампогийн "Сүүдэрт гэтэх албин", “Хүн сандал” зэрэг номыг уншигдадаа хүргэжээ. 

18. “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” – Марк Мэнсон

d0587aff-84a0-4966-ad77-1bf6eb7a6bca,ном18.jpeg.jpg

Зохиолч Марк Мэнсон бол өдөрт хоёр сая гаруй хандалттай markmanson.net цахим хуудсын эзэн, амжилттай бизнесмен, “Дижитал номад” нэрээрээ алдартай цахим нийтлэлч хүн юм. Түүний хоёр дахь ном болох “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам” хэмээх энэхүү номыг анх 2016 оны есдүгээр сарын 13-нд Харпер Коллинс хэвлэлийн газраас худалдаанд гаргажээ. Номын талаар блог нийтлэлч Ц.Ариунсанаагийн тэмдэглэлийг эндээс уншина уу.  

19. "Япон өгүүллэг, тууж" –О.Жаргалсайхан

fd6c1f50-9ac9-4083-9c2a-021fda33c528,ном19.jpg.jpg

Япон судлаач, орчуулагч О.Жаргалсайхан уран зохиолын орчуулгын төрлөөр дэлхийн анхны роман, манай эриний Х зуунд Мүрасаки Шикибү зохиосон “Гэнжийн туульс” нэгдүгээр боть, өнөө цагийн хамгийн алдартай зохиолч Мүраками Харүкигийн “1Q84” гурамсан роман, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” романыг орчуулсан. Орчуулагч О.Жаргалсайхан өнгөрсөн онд "Япон өгүүллэг, тууж" нэртэй дээрх түүврийг гаргажээ. 

20. “Даян дэлхийн жигшүүрт түүх”- Хорхе Луис Борхес 

f28519c5-9888-4a1f-87db-53b9bd8fcaae,ном20.jpg.jpg

Испани хэлт уран зохиолын суут төлөөлөгч Борхес “Даян дэлхийн жигшүүрт түүх”-ээ бичихдээ “Би даян дэлхийн бүх жигшүүрт түүхийг нэг номд багтаана” хэмээн ам гарсан гэдэг. Өнгөрсөн зууны хамгийн нөлөө бүхий зохиолч, бадрангуй суутны энэ үг зохиолд хэрхэн илрэх нь сонирхолтой юм. “Даян дэлхийн жигшүүрт түүх”-ийг испани хэлнээс орчуулагч Б.Нямдорж монгол хэлнээ буулгажээ. Үүнээс өмнө орчуулагч Б.Нямдорж Нобелийн шагналт Габриель Гарсия Маркесийн “Тахлын үеийн дурлал” номыг орчуулсан байдаг. 

21. “Чевенгүр” -Андрей Платонов

68445217-a90c-4896-a062-5172887517a6,ном21.jpg.jpg

“Чевенгүр” романыг тэртээ 1929 онд бичигдсэн ч ЗХУ-д хэвлэхийг хорьж, гагцхүү 1988 онд анх ном болон гарсанаар Оросын уншигчид нэрт зохиолчийнхоо бүтээлтэй танилцах боломж бүрджээ. Үүнээс өмнө 50-иад жилд орос оюутнуудын гар дамждаг, номын сангуудаас бол сураглаад ч нэмэргүй ийм ховор ном байсныг Монголын Орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, орчуулагч О.Чинбаяр монгол хэл дээр толилуулав. О.Чинбаяр өмнө нь Модернист уран зохиол “эцэг” нухацтай ирланд эр Ж.Жойстой монголчуудад танилцуулж, “Үлисс”, “Дүблинчүүд”-ыг орчуулсан. Дараа нь Америкийн нэрт зохиолч Хэрман Мэлвиллын “Моби Дик”-ыг ч бас монголд авчирсан юм. 

22. “Тайз дэлгэцийн контемпорари бүтээлүүд” –Д.Урианхай

194dfc89-5725-4589-8097-40c15255ba36,ном22.JPG.jpg

Оны сүүлээр БНСУ-ын Гвонжу хотноо болсон “Азийн өглөө” нэртэй фестивалиас Монгол Улсын яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай “Азийн тэргүүн найрагч” цол хүртсэн нь Монголын уран зохиолын амьдралд онцлох үйл явдал байлаа. Яруу найраг, эсээ, хүүрнэл зохиол, жүжгийн зохиолын төрлөөр түүний олон бүтээлийг уншиж завдаагүй яваа ч энэ удаад “Тайз дэлгэцийн контемпорари бүтээлүүд” номыг онцлон авлаа. Утга зохиол судлаач, зохиолч П.Батхуяг өнгөрсөн намар манай сайтын нийтлэлчийн буланд бичихдээ, “Д.Урианхай Монголчуудын төдийгүй, хүн төрөлхтний илүү “сэхээлэг” цөөнхийн анхаарлыг татаж байна” хэмээсэн юм. 

23. “Халхын заяат харгуй минь” –С.Эрдэнэ

b1a41ccf-64be-4753-a577-9157a752059b,ном23.jpeg.jpg

Хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, уянгын өгүүллэгийн гарамгай мастер С.Эрдэнийн зохиолуудтай танилцаж амжаагүй “номонд дурлагч” байхгүй биз ээ. Тиймээс өчигдөрхөн уншиж эхэлсэн энэ номыг 2018 онд унших 50 номын нэгээр нэрэлж байна. Энэ бяцхан дурсамж туужийг олж унших хүсэл эртнээс тээж явсан ч өчигдөр л Номын сангаас гэрээр авч уншив. Ер нь дурсамжийн номуудаас татгалздаггүй, Монголын уран зохиол, зохиолчдоо гадарладаг хүнд бол тун амттай ном байх нь эргэлзээгүй. 

24. “Аав бид хоёр” –Б.Ганчимэг

f43cfea2-a133-4deb-b7c1-c6a3149c1639,ном24.jpg.jpg

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэгийн энэ номыг уншсан хэд хэдэн найз надад заавал уншихыг зөвлөв. Нэг жилд унших 50 номонд ямар ном оруулах вэ гэж асуухад мөн л гайгүй уншчихдаг хоёр эмэгтэй үүнийг санал болголоо. 

25. “25” –Ж.Тэгшжаргал

4fd069e6-6bae-40df-bb9f-c507e508fb92,ном25.JPG.jpg

Сэтгүүлч Ж.Тэгшжаргал эсээ, тэмдэглэлүүдээс бүрдсэн “25” нэртэй номоо өнгөрсөн онд гаргасан. Номынхоо өмнөтгөлд тэрбээр, ““Хорин нас бол би үнэндээ юу ч мэддэггүй юм байна гэдэгтэйгээ эвлэрэхэд хэтэрхий омолон, чухам тэр л эрчилсэн их ааг омгоороо бүтэлгүйтлийн ханыг хэчнээн удаа мөргөж унасан ч ажрахгүй босч ирээд ахиад хэдэн удаа мөргөсөн ч надад нас бас тэнхээ байна гэдгээ мэдэрдэг давилуун үе юм. Харин хорин таван нас гэдэг адилхан алдаагаа ахиад нэг давтахад л хорвоо дэлхий бүгдээрээ чиний эсрэг босч, бодит амьдралын нударга нэг буултаараа л үзэж туулж, итгэж найдаж, хийж гийгүүлсэн бүхнийг чинь хумхын тоос болгон хөсөр унагахтай хэчнээн эвлэрхгүй байя гээд аяндаа тэнхэл хүрэхгүй тийм л нас ажээ.”хэмээн бичсэн байна. 

26. “Хүнд манан” –Б.Лхагвасүрэн

f1320fb5-8b94-47d9-b345-f22134715b02,ном26.JPG.jpg

Өнгөрсөн онд Хөдөлмөрийн баатар болж энэ эрхэм цолонд хүрсэн дөрөв дэх зохиолч болсон яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн сүүлд буюу 2016 онд гаргасан яруу найргийн түүврийг уншиж амжаагүй явна. Олон жилийн өмнө түүний “Гашуун өвс” номоос шүлгүүдийг нь анхлан уншиж улмаар бусад бүтээлүүдтэй нь ч танилцаж байсансан. Уран зохиолын боловсролтой, ялангуяа яруу найргийг “жинхнээсээ” уншдаг хэнбугай ч Монголын хамгийн гарамгай 10 найрагчийн нэгээр Б.Лхагвасүрэн гуайг нэрлэнэ гэдэгт эргэлзэмгүй. 

27. “Таслал” –Я.Баяраа

1a9c3a41-7b71-4805-b04d-b3b78b9f65d5,ном27.JPG.jpg

Энэ номыг миний хувьд уншчихсан хэдий ч нэгэнт яруу найргийн цөөн хэдэн ном жагсаалтад оруулах нь зүйтэй гэж бодон, басхүү уншигчдад санал болгох үүднээс нэрлэж байна. Яруу найрагч Я.Баяраа өдгөө СУИС-д уран зохиол заахын сацуу, сэтгүүлчээр ажилладаг. Түүний “Таслал” яруу найргийн түүвэр өнгөрсөн онд Монголын Зохиолчдын эвлэлийн “Алтан Өд” буюу оны шилдэг бүтээлийн шагналыг эзэндээ авчирсан юм. 

28. “Лонхонд байсан шүлгүүд” –Б.Батзаяа

b0e963ae-d2e5-4448-b699-7746083723b3,ном28.JPG.jpg

2000-аад оны сүүл үед Монголын яруу найрагт орж ирсэн авьаяслаг яруу найрагчдын нэг бол Б.Батзаяа. Түүнийг “Баяртай гуниг минь”, “Догдлолууд” шүлгийн түүврээр нь уншигчид мэднэ.

29. “Эрсийн зуун” –А.Урантогос

13c3f2a1-131e-47a6-af2c-efdefb3294b8,ном29.JPG.jpg

Яруу найргийн номууд дахиад хэдийг ч нэрлэж болох хэдий ч энэ номоор зогсооё. “Эрсийн зуун” түүвэр мөн өнгөрсөн онд хэвлэгджээ. Яруу найрагч А.Урантогос өмнө нь “Өдөр бүхний элегия”, “Гуравдугаар сарын байшин” гэсэн яруу найргийн түүврүүд гаргаж байв. 

30. “Алхах тоолонд элс нурнам” –Х.Нямхишиг

72f72251-5610-459a-bbf7-e8fdb30b538b,ном30.JPG.jpg

Яруу найрагч Х.Нямхишигийн яруу найргийн бус төрлөөр бичсэн анхны ном, бүр тодруулбал эсээний ном юм. Зохиогч уг номдоо Говь-Алтай, Эрдэнэт, Улаанбаатар, Оюутолгой, Истанбулд ажиллаж, амьдарч явсан үеэ буюу 2013 оноос хойшх үйл явдлыг хөврүүлэн, тунчиг амттай бичиж мөн л өнгөрсөн онд хэвлүүлсэн юм. Энэ номд буй яруу найргийн талаарх эргэцүүлэл эсээ, Истанбулын тэмдэглэлүүд тун уншууртай.

31. “Төрийн шагналт зохиолууд III”

7e6185de-710f-4342-9324-62e7ca8691e2,ном31.gif.jpg

2015 онд “Болор судар” хэвлэлийн газраас гаргасан “Төрийн шагналт зохиолууд” гурван боть дориухон ном уран зохиолд шимтэгч монгол хүний номын санд байхад зүгээр. Эхний хоёр ботийг мартаж санан байж нэлээд удаан уншчихсан тул сүүлийн ботийг унших хэрэгтэй гэж бодлоо. Монголын төр ямархуу зохиолуудад төрийн шагналаа хүртээснийг хараад, тэрхүү зохиолуудыг уншиж үзээд бахдах сэтгэл төрнө. Төр гэхдээ тэр болгон онож шагнадаггүй гэдгийг ч зарим нэг зохиолоос хараад ойлгохыг үгүйсэхгүй юм аа. 

32. “Би хэн бэ? Тийм гэвэл хэдэн би вэ?” -Ричард Девид Прехт

73007599-679c-4763-a5b2-4e087d9a8219,ном32.jpg.jpg

Германд сургууль төгссөн “Mind”  клубын залуус нэгэн радиогоор энэхүү номын талаар, номонд дурдагдах философичдын талаар ярьж байхыг сонсоод унших номын төлөвлөгөөндөө оруулсан юм. Хэдэн сар мартаж санаж явсаар 50 ном дотроо оруулахаар шийдлээ. Их л хүнд ном гэж ойлгосон. Юутай ч уншаад үзье. 

33. “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл” –Барак Обама

84730cff-5987-4811-b4ff-642f988469e8,ном33.jpg.jpg

БНСУ-ын ерөнхийлөгч И Мёнбагийн “Ажлаар амьсгалсан он жилүүд”, Пак Жөнхый-гийн “Солонгосын сэргэн мандалт” зэрэг номыг уншсаны дараа би хувьдаа улстөрчийн намтар, үйл амьдралын тухай номууд харагдвал уншчих гээд байдаг болсон. Жилийн өмнө нэг хүн Барак Обамагийн “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл”, “Мөхөшгүй найдварын гал” гэсэн хоёр номыг уншихыг зөвлөсөнийг саналаа. 

34. “Урлагийн түүх- Эрнст Гомбрих

059beef5-edf9-444d-a31c-8286e2f96b65,ном34.jpg.jpg

Хүн төрөлхтний түүх, хөгжил дэвшлийг энгийн үг хэллэгийг ашиглан үйл явдлыг нүдэнд харагдахуйцаар дүрслэн өгүүлэх Эрнст Гомбрихын хэд хэдэн ном монгол хэлнээ орчуулагджээ. Анхлан “Залуу уншигчдад зориулсан дэлхийн товч түүх” номыг уншаад тун өндөр сэтгэгдэлтэй номоо хааж байлаа. Хараахан уншиж амжаагүй ч орчуулагч Г.Лхагвадуламын орчуулснаар “Дэлхийн бяцхан түүх” гэж ном бас монгол хэлнээ буужээ. Тэгвэл зөвхөн англи хэл дээрээ 7 сая хувь борлогдож байсан “Урлагийн түүх” хэмээх Эрнст Гомбрихын ном 2010 онд орчуулагдсан байх юм. Хэвлэлийн газрын тайлбараас харахад “Урлагийн түүх” нэртэй атлаа “Урлаг гэж тусдаа юм байхгүй..." хэмээн эхэлдэг тун хачирхалтай ном гэнэ. 

35. “Оршихгүйгээр оршихуй” –Г.Лхагвадулам

46a5b4d7-2e14-4ac1-aaf9-39dd6b514e80,ном35.JPG.jpg

Өнгөрсөн зууны түүхэнд нэрээ үлдээсэн дэлхийн сод тод хүмүүсийн ховор ярилцлагуудыг эмхэтгэж орчуулагч Г.Лхагвадулам “Оршихгүйгээр оршихуй”, “Амьдрал нэрт кафед”  нэртэй хоёр боть ном гаргажээ. “Алдартнуудын ховор ярилцлага” цувралын дэвтэр тус бүрт 36 алдартны ярилцлага багтсан бөгөөд сүүлийн боть нь тун удахгүй гарах сурагтай. 

36. "Сайн уу, гуниг минь" -Франсуаза Саган

069663f0-5c01-4bb4-b759-c23b249036c5,ном36.jpg.jpg

Франсуаза Саган "Сайн уу, гуниг минь" номоо 18 насандаа бичиж нэр алдарт гарчээ. 1954 оноос хойш энэ ном Франц даяар 3 сая хувь хэвлэгдэж, залуу эмэгтэйчүүдийг байлдан дагуулав. “Сайн уу, Гуниг минь” бэсрэг романыг Б.Сувддулам орчуулжээ. Тэрбээр мөн "Пигийн амьдрал" номыг монгол хэлнээ хөрвүүлсэн байна. 

37. “Монголын сонгомол тууж” –Г.Аюурзана

f2af2e1b-9b00-4140-a8ca-efa2662a2911,ном37.jpg.jpg

“Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” антологиуд эрхлэн гаргаж, “Дэлхийн сонгомол яруу найраг”, “Дэлхийн сонгомол өгүүллэг” антологуудыг орчуулсан зохиолч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын ажлуудаас “Монголын сонгомол тууж” номыг унших боломж гарсангүй явсаар өдийг хүрчээ. Уран зохиолд шимтэгчдийн номын санд эдгээр улаан хавтастай таван номын 1-2 нь заавал байдаг юм билээ. 

38. “Дотроосоо” –Т.Бум-Эрдэнэ

64c8e4ee-6bb2-4c90-add2-27822565643e,ном38.jpg.jpg

Өнгөрсөн онд “Дотроосоо” өгүүллэгийн түүврээрээ зохиолч Т.Бум-Эрдэнэ “Алтан Өд” шагнал хүртсэн юм. Зохиолч Т.Бум-Эрдэнэ “Сэмэрч үл барагдана”,  “Америкт зорчсон Жийжээ”,  “61 АХ”, “Өнөөх”, “Эмэгтэй ном”, “Үр харам” зэрэг ном, олон кино зохиол бичжээ. Тэрбээр өнгөрсөн жил мөн Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах “Синима Авардс”-аас шилдэг кино зохиолын шагналыг “Үргээлэг 2” киногоороо хүртсэн юм. 

39. “Хөмрөг” –Айзек Азимов

370ec928-565c-4727-b435-d4ffd9d0da1a,ном39.jpg.jpg

Бүх цаг үеийн хамгийн шилдэг уран зөгнөлт цувралын эхний хоёр боть Хөмрөг болон Хөмрөг ба эзэнт гүрэн. Нийтдээ 7 ботиос бүрдэх алдарт Хөмрөг цувралын гол онцлог нь та бидний өнөөдрийн амьдралд аль хэдийн байр сууриа олсон хэдий ч зохиол бичигдэж байх 1944-45 оны үед сураг нь ч дуулдаагүй байсан компьютер, гар утас, интернэт зэрэг технологийн дэвшлийг урвдчилан зөгнөснөөс гадна бидний төсөөлөх ч боломжгүй алс хэтэд өрнөж болох техникийн шинэ ололт дэвшлийг урнаар, шинжлэх ухаанчаар сэтгэмжлэн бичсэн байдаг.

40. “Орчлон ертөнцийн нууцаас – Цэцэг”

3d18f5a6-22fa-4935-8629-76bdbefbd844,ном40.JPG.jpg

“Соёмбо пресс” хэвлэлийн газраас гаргасан цувралуудын нэг болох энэ номын тухайд, “Энэ ертөнцийн нэгэн гайхамшигт урлан бол цагаан уул, сарнай, наранцэцэг, балжингарав, жамъянмядаг, яргуй, вансэмбэрүү гээд нэрлээд тоолж баршгүй үй олон цэцэгс юм. Байгаль түүнийг бүтээхдээ өнгө будаг, гоо үзэсгэлэн, тансаг сайхныг хайрлаагүй нь гайхалтай. Мөн тэдгээр цэцэгс үлэг гүрвэлтэй хамт амьдарч байсныг энэ номноос унших болно.” гэжээ. 

41. “Монгол бэлгэдэл зүй” С.Дулам

95e9dcab-91a2-4a44-a8ea-d6395b628094,ном41.jpg.jpg

Оны өмнөх өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дулам Монгол Улсын Ардын Багш цол хүртсэн. С.Дулам багшийн бүтээлүүдийн тухайд зөвхөн нэг сэдэвт бүтээл гэхэд 30 гаруй, хамтран бичсэн 10 орчим ном, эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл байдаг. Тэгэхээр түүний эрдмийн ажилтай танилцъя гэвэл зөвхөн дээрх номоор зогсохгүй, нэмж нэлээд зүйл унших хэрэгтэй байх. 

42. “Сонгодог 100 зохиолч” -Даниел С.Бөрт

ee452fab-c0b2-4327-99c7-3f9425e1a26f,ном42.jpeg.jpg

Сонгодог 100 зохиолч бүтээлд бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий зохиолчдын тухай сонирхолтой түүхийг өгүүлжээ. Энэ бүтээлд сонгодог 100 зохиолчдоос гадна утга зохиолын хөгжилд шинэ өнгө төрх авчирсан 25 зохиолч багтсан байна. 

43. “Нийтлэлийн Антологи буюу гилромоц” –Д.Төрмөнх

2ad2b170-d643-49f2-adbb-7dfa5fce3005,ном43.JPG.jpg

Зохиолч Д.Төрмөнхийн нийтлэлүүд болон кино зохиолуудаа эмхтгэн дээрх номыг бичжээ. Кино зохиолоо хэвлэсэн тохиолдол ховор байдаг тул кино бичих сонирхолтой залууст гарын авлага болно гэж зохиолч үзжээ. 2014 онд дээрх номын хоёр дахь дэвтэр гарсан байна. 

44. “Бууж мордох хорвоо” –С.Дашдооров

a5f71c99-7aab-416a-8478-d99918babb23,ном44.JPG.jpg

Төрийн шагналт зохиолч С.Дашдооровын “Бууж мордох хорвоо” өгүүллэгийг жинхэнэ монгол сонгодог өгүүллэг хэмээн үнэлсэн байдаг. Үүнээс гадна түүний "Говийн өндөр" роман, "Өндөр ээж" тууж, "Хойтон жилийн наадам" шүлэг, "Монгол" найраглал, "Нар хиртсэн жил" кино зэрэг Монголын урлаг, уран зохиолын ертөнцөд сонгодогт тооцогдох бүтээлүүд бий. 

45. “Уншигч” –Бернард Шлинк 

837f9ee2-434f-43cd-b0fb-fd947b7d4eee,ном45.JPG.jpg

"Уншигч" роман бол дэлхийн 39 хэлнээ орчуулагдаж, олон улсын бестселлер болсон ном. Европ Америкийн утга зохиолын нэр хүндтэй шагналуудыг авсан энэхүү бүтээлд эрдэмтэн гэр бүлээс гаралтай 15 настай хөвгүүн, нас бие гүйцсэн эмэгтэй хоёрын дунд гэнэт дүрэлзсэн хайр дурлал бий болж, мөнөөх эмэгтэй гэнэт алга болсноор тасарснаар үйл явдал өрнөдөг байна. Ажлынхаа номын сангаас авч уншихаар зэхэж буй номуудын нэг тул энд орууллаа. 

46. “Монгол бадарчин Гайхамшигт ертөнц” -Ж.Золбаяр

2ffee3af-56b6-4714-8a4d-241abc3a324f,ном50.jpg.jpg

Амай буюу Ж.Золбаяр 2005 онд аялалд гарч 4 жил 6 сар буюу 1665 өдрийн хугацаанд 69 улс орноор аялж, эх орондоо эргэн ирээд "Монгол Бадарчин" хэмээх цуврал ном бичиж эхэлсэн байдаг. Дээрх ном бол цувралын эхний боть юм. 

47. “Стивен Хокинг” –Хүбэрт Маниа

9bd427cd-85f0-4b76-afe1-73099b7abb1e,ном47.JPG.jpg

Стивен Хокингийн “Цаг хугацааны товч түүх”, “Хар нүх ба шинэ ертөнц” гэсэн хоёр ном монгол хэлнээ хөрвүүлэгдсэн нь одоо ч ном уншигчдын дунд эрэлттэй байдаг юм билээ. “Непко” хэвлэлийн газраас сүүлийн жилүүдэд намтарчилсан хөрөг номууд олныг гаргаж Монголын төдийгүй дэлхийн түүхэн дэх нэр цуутай эрхмүүдийн талаар мэдлэг мэдээлэл түгээж байна. Энэ удаад “Стивен Хокинг” номыг эргэлзэлгүй авч унших номын жагсаалтад оруулав. 

48. “Бороонд бид шүхэр барьдаг” -Коносүкэ Мацушита

bd9817f2-a6fd-49e8-ad03-9661dddca4c8,ном48.jpg.jpg

Панасоник корпорацийг үүсгэн байгуулагч Коносүкэ Мацушитагийн дөрвөн номыг эмхэтгэн энэхүү номыг бүтээснийг монгол хэлнээ 2010 онд орчуулжээ.Номын санд маань байгаа уншаагүй номуудын нэг учраас унших 50 номынхоо нэгээр нэрлэж байна. Номын талаар блог нийтлэлч Амартүвшин, “Номын хувьд ерөнхийдөө бодит туршлага дээр үндэслэсэн онолын чиглэлийн ном байна. Намтар, цадиг бол биш. Тиймээс зарим хүнд уйтгартай санагдаж магадгүй. Гэхдээ боловсрол гээд байх юмгүй энэ хүний дэлхийд танигдсан түүх компанийн удирдлагууд, менежерүүдэд сонирхолтой санагдах биз ээ.” хэмээсэн байна билээ. Номын тэмдэглэлийг энд-ээс.

49. “Зааг” -Д.Тэрбишдагва

09dbe6f3-10a1-4bbf-8444-92d23d503bea,ном49.jpg.jpg

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “Оргил өөд” номыг уншаад Монголынхоо улстөрчдийн номыг уншиж байх нь амьдран буй энэ цаг үеийнхээ улс төрийн зах зухаас мэдэхэд ач холбогдолтой юм байна гэж дүгнэсэн. Дараа нь Ц.Элбэгдорж, Лу.Болд, Ц.Оюунгэрэл нарын хэд хэдэн номыг харсан. Энэ цагийн улстөрчдөд хэчнээн дургүйлэхлээ гээд тэдний харах өнцгийг үл тоож болохгүй. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, “Би “Зааг” номыг гүйлгэж уншлаа. Нэг талаас Тэрбишдагвын тухай ч гэлээ нөгөө талаас харахаар Монголын нийгмийн, Монгол төрийн 60 жилийн түүх уншигдана” хэмээсэн байдаг. 

50. “Сонгомол эсээнүүд” – Мишель Монтень

02eb1ddb-bbee-49db-a704-195dacb39a69,ном46.jpg.jpg

18-тайдаа зарим номыг уншаад төдийлөн олон зүйл эргэцүүлж амжихгүй. Сүүлд үүнийг ойлгож, оюутны ширээнд барьж аваад юу ч ойлголгүй өнгөрсөн номуудыг эргэн харах болсон. Тийм ч учраас дахин нэг нухацтай харах номоор “Сонгомол эсээнүүд”-ийг нэрлэж байна. Францын философич Мишэль Монтэнь эсээ хэмээх орчин цагийн уран зохиолын жанрыг үндэслэсэн бөгөөд уг бүтээлүүд аль ч улс оронд оюунлаг номын жагсаалтыг тасралтгүй тэргүүлсээр иржээ. 

Санал болгох

Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

2 өдрийн өмнө
40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

3 өдрийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

8 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

14 өдрийн өмнө