Зэвсэгт хүчний Соёмбо сонин
Монгол Улсын Зэвсэгт хүчний сонин

Дэд хурандаа Г.Мөнхбат: Цагийн байдал амаргүй байсан ч бид үүргээ амжилттай гүйцэтгэлээ

1
2018 оны 4 сарын 302018-04-30

ИБНАУ-д явагдаж буй НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний зургадугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирлээ.

Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн дэд хурандаа Г.Мөнхбат захирагчтай энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ болон манай улсад суугаа АНУ-ын ЭСЯ-ныхан угтан авч, баяр хүргэсэн юм. Хурандаа Б.Бат-Эрдэнэ “Монгол цэрэг бол үүрэг гүйцэтгэл өндөртэй, ур чадвартай, сахилга баттай, атгасан гар шиг цул хамт олон байж чаддаг гэдгээ олон улсад батлаад ирсэн та бүхэндээ баярлалаа. Үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн дайчдаараа Монгол Улсын төр засаг, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага бахархаж буйг дуулгахдаа таатай байна” хэмээн баяр хүргэв. 

Эх орондоо газардаад удаагүй байгаа энхийг сахиулагчдын сэтгэгдлээс хуваалцахад Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Н.Гүрбадам “Юуны өмнө цэргийн багаараа үүргээ амжилттай биелүүлээд ирсэндээ баяртай байна. Миний хувьд захирагчийн орлогчоор ажиллалаа. Энэ миний анхны ажиллагаа. Удирдлагын түвшинд ажилласан болоод ч тэр үү завгүй байсаар хугацаа хурдан өнгөрлөө” гэсэн бол Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн ахлагч, тэргүүн ахлагч Н.Баттөмөр “Манай цэргийн баг ажиллагааны газар оронд нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн халуун сэтгэлээр хамтдаа хичээлээ. Ажиллагааны газар оронд парламентын сонгууль дөхөж буйтай холбогдуулаад тийм ч амар байсангүй. Гэхдээ манай баг хамт олон хичээж ажиллалаа. Хайртай охидоо ч их саналаа” гэсэн юм. Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын ахлах ахлагч Э.Өлзий-Орших “Энэ миний гурав дахь ажиллагаа. Ажиллагаа бүр надад туршлага үлдээж, олон найз нөхөдтэй болгодог юм. Манай цэргийн багийн удирдлага ч сайн байлаа. Цэргүүд нь ч сайн байлаа. Зэвсэгт хүчинд 15 дахь жилдээ алба хааж байна” гэлээ.

Цэргийн багийн захирагч, дэд хурандаа Г.Мөнхбат “Манай цэргийн баг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх энэ хугацаанд Афганистан улсад өвлийн улирал таарсан. Өвлийн улиралд зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа, дайралт намжмал байдалд ордог ч энэ удаа тэгсэнгүй. Манай цэргийн баг үндсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхээс гадна эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчилахад идэвх зүтгэлтэй ажиллалаа гэж харж байна. “Монгол бахархлын өдөр”, “Цагаан сар”, “Монгол цэргийн өдөр” гээд үндэсний тэмдэглэлт баяруудыг эх орноо сурталчлах том боломж гэж үзээд гадаадын цэргүүдэд зориулсан олон арга хэмжээг зохион явууллаа. Энэ завшааныг ашиглаад үүргээ амжилттай биелүүлсэн дайчиддаа баяр хүргэж, цаашдын ажил албанд нь амжилт хүсье. Та бүхэндээ баярлалаа” хэмээн талархал дэвшүүлсэн юм. 

Энхийг сахиулагчдыг маргааш буюу энэ сарын 30-нд төрийн болоод батлан хамгаалах салбарын одон медалиар шагнана.

Эх сурвалж: “Соёмбо” сонин

 

Санал болгох

Аз жаргал бэлэглэгчид

“Аюулт нөхцөл байдлаас хүний амийг аварч бусдад их тус хүргэдэг гэдэг утгаараа гал сөнөөгчдийн 80 хувь нь өөрсдийн хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байдаг” гэсэн дүгнэлтийг Чикагогийн их сургуулиас хийсэн нийгмийн суурь судалгаа харуулжээ. Олонх нь бухимдалд автсан энэ нийгэмд аз жаргалаар бялхаж гэр бүлээрээ бусдад аж жаргал бэлэглэдэг гэх бахархалтайгаар амьдрах нь юутай сайхан бэ. Ажилдаа гарцаагүй сэтгэл хангалуун нь илэрхий, гал сөнөөгч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах аврах X ангийн салаан захирагчийн туслах ахлах ахлагч Д.Ганзоригтой ярилцлаа

11 өдрийн өмнө
З.Хосбаяр: Монгол төр Морин хуур хөгжимдөө өгч буй шагнал гэж харж байгаа

Монгол Бахархлын өдрөөр төрийн дээд “Чингис Хаан” одонг хүртсэн морин хуурын чуулгыг бид онцолж байна

1 сарын өмнө
Шэнь Минжуань: Шинэ эрин үеийн Хятад, Монголын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд зохих үүргээ биелүүлэх болно

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуаньтай ярилцлаа

1 сарын өмнө
Г.Даваажаргал: Энгийн зуухтай айлуудаас ихэвчлэн угаарын хийн хордлогын дуудлага ирдэг

Угаарын хийн эрсдэлтэй холбоотойгоор тус газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргалтай ярилцлаа.

2 сарын өмнө