Доржсүрэнгийн Болдбаатар
Хятад судлаач, орчуулагч

"Хөгжлийн бэрхшээлгүй" хүүхдийн эрх

1
2018 оны 5 сарын 12018-05-01

Бид сүүлийн үед хүүхэд хүчирхийллийн тухай дээр доргүй маш их ярьцгаадаг болов. "Хөгжлийн бэрхшээлтэй" хүүхдийн эрхийн тухайд бол бүр ч урт удаан хугацаанд ярьж чамгүй их ажил хийсэн байх аа. Энэ тухай анхаарах нь туйлын зөв зүйтэй асуудал мөөн.

Харин миний сэтгэлд сүүлийн үед "Хөгжлийн бэрхшээлгүй" хүүхдийн эрх орхигдчихсоныг анхаарах хэрэгтэй мэт санагдах болов. Өнөөдөр гэртээ орж явтал гуравдугаар ангийн болов уу гэмээр нэг хүүхдийг аав нь ардаа үүрчихсэн явж байгааг хараад энэ тухай бичихээр өөрийн эрхгүй "үзгээ шүүрэн" авлаа. Нөгөө хүүхдийг машинаас буулгаад нуруун дээрээ үүрээд орцны үүд хүртэл нэлээд хол зайг туултал огт сэрэх шинж алга аа.

25-30 хүүхэд суралцах стандарттай жижиг ангид 40-50-аараа чихэлдээд суучихын дээр манай улсын дунд боловсролын стандарт хөтөлбөр, даалгавар давтлага гээд хүүхэд багачууддаа ирж байгаа ачааллыг томчууд бид тэр болгон бодож үздэг бил үү? Заримдаа хүүхэд насны эрч хүчинд л тэр болгоныг даван гардаг байж мэдэх юм шүү.

Би өнөөдөр нэг сургуулийн нэлээд уужим танхимд 36 багшид яриа таниулга хийгээд гарахын хооронд агаар дутагдаад толгой ангалзаад гарч байдаг шүү. Мөртлөө сүүдэр талын ангид шүү дээ. Гэтэл дээр дурдсан тооны сурагчид наран талын ангид хаалгаа онгойлгочихсон хичээл хийгээд сууцгааж л байх юм. Агааргүй бөгчим ангид хаврын халуун нар төөнөөд хичнээн амаргүй байгаа бол? Гэтэл хөгжингүй орнуудын сургуулиудад бол нарнаас халхлах хөшиг энэ тэрийг ямар сайхан бодолцон шийдсэн байдаг билээ дээ? Гэхдээ л өдийд бас ч гэж гайгүй.

Өвлийн агаарын бохирдолтой үед цонх бин битүү нөхцөлд ямар байдгийг та нар мэдэх үү? Би нэг удаа захиралтай нь цуг нэг анги руу яваад ортол 3-4 хүүхэд ширээ дэрлээд унтчихсан байх бөгөөд биднийг явж ороход арайхийн толгойгоо өндийлгөмөр аядаж байсан шүү. Унтах ч юу байхав зарим нь бүр муужирсан ч байсан байж мэдэх юм.

Дээгүүр "Хүүхдийн мөнгийг баян хоосонгүй олгох ёстой" хэмээн цэцэрхэж суудаг нөхөд "Хөгжлийн бэрхшээлгүй" хүүхдүүдийнхээ энэ мэт хөөрхийлөлтэй байдлыг цэгнэн харж анги танхимын дүүргэлтийг стандартын хэмжээнд зохион байгуулж багш нарын цалинг дэлхийн хэмжээнд байг гэхэд ядаж хоёр хөршийнхөө дундаж төвшинд аваачих талаас нь бодмоорсон доо. Бүх хүүхдэд халамжийн мөнгийг тэгшитгэн олгох чухал л байх. Гэхдээ халамж тарааж суух нь дээр суугаа эрхмүүдийн сонгуулийн сурталчилгааны хар пиарт илүүтэй үйлчлээд байгаа нь бас нууц бус аа. Гэтэл үр хүүхдэд маань амьдрах эрүүл таатай аюулгүй орчин ус агаар шиг хэрэгтэй баймаарсан.

"Хөгжлийн бэрхшээлгүй" нийт хүүхдүүдийн энэ мэт наад захын эрхийн төлөө эцэг эх болгон нэгийг бодож хоёрыг санах цаг болсон мэт. "Хөгжлийн бэрхшээлтэй" хэмээх гадаад үгийн муухан хуулбар хувилбарыг шүүмжилж ийм этгээд ёжтой гарчиг өгснийг эрхэм уншигчид эрхбиш болгооно буй за. Өвөрлөгч нар шиг шууд "эрэмдэгчүүд" гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ аялгуу сайхан монгол хэлэнд маань аливаа утгыг эеэрүүлэн чихэнд чимэгтэй, оновчтой илэрхийлэх үгс захаас аван хаана мундах билээ?

Санал болгох

Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

2 өдрийн өмнө
40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

3 өдрийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

8 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

14 өдрийн өмнө