"Агаарын тээврийг хялбаршуулах" үндэсний хөтөлбөрийн дагуу гадаад паспортыг сунгахгүй байгаа

2018 оны 5 сарын 162018-05-16

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжсэн. Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг түргэн, шуурхай хүртээмжтэй болгож цахимжуулах зорилгоор Засгийн газар уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулах заалтуудыг нарийвчлан тусгасан хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж байлаа. Мөн иргэний хувийн мэдээллийг цахим иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэх, уг мэдээллийг хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх зэрэг зохицуулалт тусгажээ.

Энэхүү төслийг энэ оны нэгдүгээр сард УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч нарийвчлан боловсруулах шаардлагатай хэмээн үзэж, Засгийн газарт буцаасан билээ. Тиймээс Засгийн газраас УИХ-ын гишүүдийн өгсөн санал, дүгнэлтэд тулгуурлан хуулийн төслийг нарийвчлан боловсруулж, дахин өргөн мэдүүлсэн аж. Хуралдааны үеэр үеэр зарим гишүүний хэлснийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: -Ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хуулийн хүрээнд ямар дэмжлэг үзүүлж байна вэ.Бүртгэлийн байгууллагын мэдээллийн сангийн 42 программын лицензийн хугацаа дууссан талаар хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Ажлын хэсгийн гишүүн: -Бүртгэлийн байгууллага иргэний, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлийг хийхдээ нотлох баримт буюу цаасан мэдээлэл болон цахим мэдээллийн санг бүрдүүлдэг. 2016-2017 онд эдгээр бүртгэлийн нэгдсэн сүлжээний программ хангамжид үнэлгээ хийж, 42 системийг нэгтгэх ажлын зохион байгуулалт хийсэн. Энэ ажлыг бүрэн гүйцэлдүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: -Ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг компани болон нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах заалт өнгөрсөн хугацаанд байгаагүй. Ашгийн төлөө бус байгууллагуудыг дэмжихэд татварын асуудал хамт яригддаг. Энэ асуудлуудыг шийдвэрлэх боломжийн талаар ХЗДХЯ-наас судалгаа хийж байгаа.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжиж, хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Мөн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд “Гадаад паспортын сунгалтыг албан ёсоор зогсоохоос өмнө сунгалт хийлгэсэн зарим иргэнийг зарим орны хилээр нэвтрүүлэхгүй байгаа тухай мэдээлэл гарах болсон. Тиймээс энэ чиглэлээр гадны орнууд болон иргэдэд танилцуулга, мэдээлэл хүргэх нь чухал” гэдгийг дурдаж байлаа.

Дээрх асуудалд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Гадаад паспорт тулгамдсан асуудлын нэг юм. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хоёр гурван удаа хаалттай журмаар уг асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар мэдээллийг зохих горимынх нь дагуу дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд бэлэн” гэв.

Харин ажлын хэсгийн төлөөлөгч “Засгийн газраас баталсан “Агаарын тээврийг хялбаршуулах” үндэсний хөтөлбөрт “машинаар уншигдахгүй гадаад паспортыг 2015 оны арваннэгдүгээр сараас бүрэн хасна" гэж заасан байдаг. Энэ дагуу 2018 оны нэгдүгээр сарын 2-ноос гадаад паспортын сунгалт хийхгүй байгаа. Энэ хүрээнд бүртгэлийн байгууллагад 100 мянган иргэний гадаад паспортын захиалга ирсэн. Тооцоогоор бол 381 мянган хүн сунгалттай гадаад паспорт хэрэглэж байна” гэв.

 

Санал болгох

Чуулганы сурвалжилга: Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцсэн нь

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд биечлэн танилцуулах ёстой. Ерөнхийлөгч уг эхийг Үндсэн хуульд нийцсэн гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор гарын үсэг зурж, төрийн тамга дарж хадгална. Хэрэв Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл ажлын 7 өдрийн дотор хориг тавина. Тэгэхээр Үндсэн хуулийг баталсан болохоос хараахан гараас гарчихаагүй гэсэн үг байх нь ээ. Хэрэв парламентыг хоёр танхимтай болгосон бол Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих бүрэн эрхийг хасах өөрчлөлт дагалдаж хийгдэх байлаа. Энэ агуулгаар бодож үзвэл Ерөнхийлөгч хэрхэх бол гэдэг бас сонин.

5 цагийн дараа
Төрийн албан хаагчид олгох тусламж нь тэгш, шударга ёсны зарчимд нийцэх ёстой

Иргэн Ж нь төрийн албанд нийт 30 гаруй жил ажилласан, 2019 онд төрийн албанаас түр чөлөөлөгдөөд, 2021 онд эргэн орж, 2 жил орчим ажиллаад тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргажээ

11 цагийн өмнө
Үндсэн хуулийн өөрчлөлт ба Г.Занданшатар

Монгол Улсын Үндсэн хуульд сүүлийн хоёр парламент дамнаж дөрвөн жилийн хугацаанд хоёр дахь удаа нэмэлт, өөрчлөлт орж байгаа юм. Гомбожавын Занданшатар аль алинд нь УИХ-ын даргаар ажиллаж, ҮХНӨ хэмээн товчлон бичиж, юун тухай болохыг иргэд бүгдээр ойлгох болсон үйл явцад нэрээ тодоор бичүүлэх хариуцлагыг хүлээн үлдлээ. Энэ өөрчлөлтүүд Монгол Улсын хөгжлийн түүхэнд цаашид чухам ямар эргэлт болохын тухай бүрийд Г.Занданшатар хэмээх улстөрчийн нэр үргэлжид УИХ-ын даргаар, сайн, эсвэл саараар ярьж бичигдэхээр боллоо. Үүнээс хойш үүргээ хэрхэн биелүүлснээр үеийн үед хариуцлага хүлээх ҮХНӨ-үүдийн цаг ажиллаж эхэлнэ. Хөгжил дэвшлийн бодлого, хэрэгжилт чамбайрч, иргэдийн ойлголт, хүлээлт улам чангарахаар болж байна.  

11 цагийн өмнө