Зэвсэгт хүчний Соёмбо сонин
Монгол Улсын Зэвсэгт хүчний сонин

70 жилийн тэмцэл 70 жилийн нэр төр

2018 оны 5 сарын 172018-05-17

Газын зурваст үүссэн Израйл, Арабын хямралыг хянах зорилгоор 1948 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хоёр ажиглагч офицерыг илгээсэн нь энхийг сахиулагчдын эхлэл байсан бөгөөд тэр цагаас хойш 70 жил өнгөрчээ. Энэ жил олон улсын “Энхийг сахиулагчдын өдөр”-ийг НҮБ-аас “70 жилийн тэмцэл, 70 жилийн нэр төр” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Эл өдөр дэлхий нийтээрээ цэнхэр дуулгатнуудаас гадна олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудад ажиллаж буй энгийн ажилтан, албан хаагчдад хүндэтгэл үзүүлдэг билээ. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт 3700 гаруй энхийг сахиулагч НҮБ-ын далбаан дор үүрэг гүйцэтгэж байна. Тэднээс зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 148 энхийг сахиулагч ажиллагааны газар оронд амь насаа алдсан нь энэхүү албыг хичнээн их эрсдэл, эр зориг хүлээж байдгийг илтгэнэ. 

Дэлхий даяар нийтдээ 71 энхийг сахиулах ажиллагаанд нэг сая гаруй цэнхэр дуулгатан оролцсон гэсэн тооцоо бий. Сьерра Леон, Камбож, Зүүн Тимор, Намибиа, Эль Сальвадор гээд олон улс энхийг сахиулагчдын гавьяагаар энх тайвнаа олж авсан түүхтэй. Хамгийн сүүлд Либери улсад явагдсан “UNMIL” ажиллагааны цагийн байдал сайжирч, өнгөрсөн 3 дугаар сард хаагдсан. Энэ нь НҮБ-ын 57 дахь ажиллагаа байсан юм. Мөн Судан улсын Дарфур мужид явагдсан UNAMID ажиллагаа энэ оны эхээр хаагдсан гэдгийг бид бүхэн мэдэж байгаа.

Өнөөдөр дэлхийн 124 орны 100.000 гаруй цэнхэр дуулгатан болоод олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтан, албан хаагчид дөрвөн тивд НҮБ-ын 14 ажиллагаанд оролцож байна. Энхийг сахиулах нь олон улс хоорондын харилцан илтгэлцэл, хамтын хүсэл зорилго дор явагддаг ч жилд 7 тэрбум ам.доллараас бага төсөв энэхүү салбарт зарцуулагддаг байна. Энэ бол дэлхийн улсуудын нийт Зэвсэгт хүчний зардлын 1 хувьд ч хүрэхгүй төсөв юм. Энэ жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутериш “Энхийг сахиулагчдын үйлс” нэртэй санаачилга боловсруулсан. Жил ирэх тусам олон улсын байдал хурцдаж, энхийг сахиулагчдын эрсдэл улам нэмэгдэж байгаа энэ үед тэдний аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх, ажиллагааны арга, туршлагыг сайжруулахад энэхүү санаачилгын зорилго оршиж байна. Нөгөөтэйгүүр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын Засгийн газар олон улсад үүсээд буй нөхцөл байдлыг бодитоор ойлгож, энхийг сахиулагчдаа олон талаар анхаарч, тэдний сургалт бэлтгэлийг улам сайжруулах уриалга гаргаад байгаа гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. 

Дэлхий дахины хувьд ийм байна. Харин Монгол Улсын хувьд 2002 онд анх Бүгд Найрамдах Конго улс руу анхны 2 ажиглагч офицер илгээснээс хойш 16 жил өнгөрчээ. Энэ хугацаанд монгол цэрэг дэлхийд өөрийгөө харуулж чадсаныг одоо хүн бүхэн мэддэг болсон. Тэр дундаа Монгол Улсаас хамгийн олон цэргийн алба хаагчаа илгээдэг ажиллагаа бол БНӨСУ-д явагдаж буй “UNMISS” ажиллагаа юм. Тиймээс олон улсын “Энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан энэхүү ажиллагааны тухайд уншигчиддаа мэдээлэл хүргэхийг зорьлоо. 

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2011 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 1996 тоот тогтоолоор “БНӨСУ-ын аюулгүй байдлаа хангах чадавхийг хөгжүүлж, шүүхийн салбарыг бэхжүүлэх, хууль ёсыг тогтооход эрх баригчдад туслах, энгийн иргэдийг хамгаалах, зөрчил, мөргөлдөөнийг бууруулж, урьдчилан сэргийлэхэд засгийн газарт дэмжлэг үзүүлэх” зорилгоор “UNMISS” ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин манай Зэвсэгт хүчнээс энэхүү ажиллагаанд 2012 онд анхны мотобуудлагын батальон дэлгэгдсэнээс хойш 6 жил өнгөрчээ. Тэнд манай цэргүүдийн гүйцэтгэдэг хамгийн гол үүрэг бол энгийн иргэдийг хамгаалах явдал юм. Тиймээс 120000 гаруй орон гэрээсээ дайжсан иргэдийн харуул, хамгаалалтыг 24 цагийн хугацаатайгаар тасралтгүй зохион байгуулж, зэвсэгт этгээдүүдийн хадлага, дайралтыг таслан зогсоож, 3000 гаруй хүнтэй НҮБ-ын баазын аюулгүй байдлыг хангана гэдэг үнэхээр хүнд ажил. Харуулын цамхагт дуулга, хантааз, агсамжаа өмсөөд автомат буугаа мөрлөөд африкийн тас харанхуй шөнө зөвхөн өөртөө найдаж 6 цаг зогсоно гэдэг амь дүйсэн ажил. Дээрээс нь 2 метр гаруй өндөр шигүү ургасан өвсөн дотор ямар аюул заналхийлж буйг хэн ч үл таана. Биднийг үүрэг гүйцэтгэж байхад манай бааз руу хэд хэдэн удаа чиглэсэн буудлага хийж байлаа. Бүр гранатомётоор хүртэл буудаж байв. Гэхдээ чиглэсэн буудлага дандаа шөнийн цагаар үйлдэгдэх нь түвэгтэй. Харуулын цэг дээр зогсож буй цэрэг түнэр харанхуй дундах өтгөн ургасан бутны хаанаас нь буудаад байгааг үнэндээ мэдэхийн аргагүй. Урд шөнийн тэнэсэн сум дүрвэгсдийн хуаранд унаж, хэн нэгэн хүнийг хороосон байх нь энүүхэнд. Ер нь Өмнөд Судан улсын иргэд буугүй л бол амьд явах баталгаагүй. Өнөөдөр чам руу инээж байгаад маргааш буу шагайх энүүхэнд.

БНӨСУ бол дэлхийн хамгийн отгон улс. 1956 онд Судан Улс Англи-Египетийн колончлолоос ангижирсан хэдий ч овог хоорондын мөргөлдөөн, шашны эсрэг үзэлтнүүд, элдэв зэвсэгт бүлэглэлүүдийн тэмцэл хэзээ ч зогсоогүй юм. Хойд, Өмнөдийн хооронд үүссэн иргэний дайны галд хоёр сая орчим хүн амь үрэгдэж, мөн төдий хэмжээний хүн улс орноосоо дүрвэн зугтжээ. Суданаас тусгаарлахын төлөө Өмнөд Суданы ард түмэн зэвсэгт тэмцэл явуулж, энэхүү иргэний дайн 30 гаруй жил үргэлжлэв. Ингээд талууд гал зогсоох найрамдлын гэрээнд гарын үсэг зурснаар 2011 оны 7 дугаар сарын 11-нд БНӨСУ “мэндэлсэн” түүхтэй. Түүхээс нь дурдвал эртний Нубичуудын өлгий нутаг гэгддэг. Нубичууд нь МЭӨ 2000-аад жилийн тэртээ Египет улстай хил залгаа оршин тогтнож байсан хүчирхэг улс байжээ. Улаан тэнгисээс Өмнөд Сахарын цөлийг холбосон худалдааны зам энэ улсыг дамжин өнгөрдөг байсан учир дундад зууны үеэс худалдаачин, эргэлчин, мөргөлчин ихээр явж өнгөрдөг байв. Тиймдээ ч улс, улсын хэл, соёл, шашин шүтлэг чөлөөтэй нэвтэрч, улсын хойд хэсгийн оршин суугчид нь лалын шашинтай болж арабжсан бол өмнөд хэсгийн иргэд нь христийн шашинтай болжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 98 хувийг газрын тосноос олдог ч олон жил үргэлжилж буй иргэний дайны улмаас тус улсад үйл ажиллагаа явуулж буй ихэнх нефтийн компани хаалгаа барьсан. Албан бус мэдээллээр 12,6 сая хүн амтай бөгөөд 60 гаруй овог, аймаг амьдардаг гэсэн судалгаа бий. Үүн дотроо Нуэр, Динка омгийнхон хүн амын зонхилох хэсгийг бүрдүүлнэ. 

Тус улсын ерөнхийлөгч Салва Кийр бол Динка овогтон, харин дэд ерөнхийлөгч асан Рийк Мачар Нуэр овогтон юм. 2013 оны 12 дугаар сард Рийк Мачар Салва Кийрийн явуулж буй бодлогыг эсэргүүцэж, Засгийн газрын эсрэг хүчний цэргүүдээр хүч нэмэгдүүлэн төрийн эрхийг авахаар санаархав. Үүнээс болж 300 мянган хүн амь эрсэдсэн бөгөөд дийлэнх хядлага манай энхийг сахиулагчдын байрлаж буй Бентью хотод явагдсан байдаг. Тус хот нь БНӨСУ дотроо хамгийн их хүн амтайд тооцогддогоос гадна цагийн байдлын хамгийн хүнд нутаг. Гэтэл НҮБ-д цэрэг хандивладгаараа эхний тавд жагсдаг /Этиоп, Энэтхэг, Непал, Бангладеш, Пакистан/ орнууд ч биш гагцхүү Монгол Улсын Зэвсэгт хүчинд энэ амаргүй газар нутгийг онцгойлон даалгасан нь бидэнд илүү итгэл хүлээлгэж, цаанаа ямар нэгэн учир холбогдолтой байх гэж бодогддог. Эхэндээ тус улсын иргэний дайн эрх мэдлийн төлөө байсан бол одоо овог хоорондын шинжтэй болсон. Өөрөөр хэлбэл Динка, Нуэр омгийнхны хагарал туйлдаа хүрсэн гэсэн үг. Бригадын генерал Д.Баярсайханыг секторын командлагчийн үүргээ дуусгаад буцах болоход “UNMISS”-ийн удирдлага хүлээн авч зоог барьжээ. Энэ үеэр “UNMISS”-ийн Хүчний командлагчийн орлогч, Хятадын Зэвсэгт хүчний хошууч генерал Ян Чаоинг үг хэлэхдээ “Өмнөд Суданы Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Малон “Хэрэв цагийн байдал хурцдаж, эрсдэлтэй үе гарвал танай цэргүүдээс гагцхүү Монголын цэргүүд л хариу гал нээж, богино хугацаанд байлдааны ажиллагаанд шилжиж чадна, бусад нь юу л бол” гэж хэлсэн тухай онцолсон гэдэг. Монголчуудын байрлаж буй баазаас 13 км-ийн зайд Суданы Ардын Чөлөөлөх Армийн IV дивиз байрладаг. Тэндэхийн хэд хэдэн захирагч, дарга нартай манай батальоны удирдлагууд уулзаж, санал бодлоо солилцож байсан. Тэр дундаа хошууч генерал Ёол Бааттай уулзахад тэрбээр “... Бидний төрж, өссөн газар шороон дээгүүр минь янз бүрийн улсын цэргүүд өөрсдийн дураар хаа сайгүй явж байгааг харах тийм ч таатай бус байна. Гэхдээ бүх энхийг сахиулагчийг бид буруутгах гэсэнгүй. Хүүхэд, эмэгтэйчүүдийг элдэв хүчирхийллээс хамгаалж, багачуудын сурах сургууль, эмнэлгийг нь хүртэл засч сайхан сэтгэлээр хандсан монгол цэргүүдэд маш их талархаж явдаг. Тийм болохоор бид бүхэн та нарыг хүндлэх болно” гэж байсан нь одоо ч сэтгэлд тод үлджээ.

Тэр генералын хэлсэн үнэхээр үнэн. Нэг л жишээ дурдъя. Биднийг ажиллагааны үүргээ хүлээж аваад удаагүй байхад эмэгтэйчүүд түлшний модыг гар аргаар бэлтгэх зорилгоор өдөр бүр Дотоодын дүрвэгсдийн хуарангаас гадагш гарч, зам харгуйгүй бутан дундуур явган явдаг. Тэднийг ийн явж байхад нь зэвсэгт этгээдүүд замыг нь отон дайрч хүчирхийлж, дээрэмдэж, зарим тохиолдолд бүр амь насанд нь халдах тохиолдол энүүхэнд байлаа. Энэ байдал “UNMISS” ажиллагааны төдийгүй, дэлхийн олон орны анхаарлыг татсан эмгэнэлт үйл явдал юм. Тэр ч бүү хэл “CNN” телевизээр эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа тухай дүрстэй богино хэмжээний баримтат кино хүртэл гарч байсан санагдана. Тиймээс Хойд секторын командлагчийн тушаалын дагуу түлшний мод бэлтгэдэг чиглэл буюу Няадуар /5 км/, Чиер /5 км/, Бор /6 км/, Сагасик /10 км/-т өдөр бүр батальоноос томилгоот бүрэлдэхүүн явган эргүүл хийж байхаар тогтсон юм. Гэвч эдгээр чиглэлийн замын нөхцөл байдал маш хүнд. Тэр чигтээ намаг балчиг, өтгөн бургас, элдэв өргөст бутлаг ургамалтай. Тухайлбал, Няадуарын чиглэлд бараг 3 км газар нь намаг балчигтай бөгөөд элдэв хануур хорхой, хортон шавьж ихтэй. Үлдсэн 2 км-нь өргөст бутлаг ургамалтай учир нүүр биеэ мөчирт шалбалах нь энүүхэнд. Мөн өндөр ургасан бутан дундуур явган алхахад халуун бүгчим болдог тул хүчил төрөгчийн дутагдалд орох эрсдэлтэй. Гэвч монгол цэргүүд эдгээр даваанаас үл шантран нутгийн эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах болсноор орон нутгийн удирдлагаас удаа дараа сайшаалын үгс сонсож байлаа. Ингээд бид удалгүй энэ үүргээ Непалын ротын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөх болсон юм. Тиймээс явсан зарим чиглэлүүдийнхээ замын онцлог, ажиллагааны арга, туршлага, цагийн байдал, хүмүүсийн очдог газрыг танилцуулахаар Непалийн цэргүүдийг хэд хэдэн удаа дагалдангаар үүрэг гүйцэтгүүлсэн. Монгол цэргүүд тэдэнд бэлтгэлээ маш сайн базаах хэрэгтэй, ялангуяа ус, ундааг ихээр нөөцлөн авч явах шаардлагатай гэж захихад “Очих, буцахын 10-хан км алхана гэдэг юухан байсан юм” гэж бардамнах аястай хэлж билээ. Гэвч непал цэргүүд эхний 2 км-ээс эхлээд л “Очих болоогүй юу”, “Ийм заваан, ийм үмхий намган дундуур явмааргүй байна”, “Тэр газар чинь хаана байдаг юм бэ” гэх мэт асуултаар биднийг “булж” гарав. Сүүлдээ ч тэд буцах талын юм ярьж, шантарч байхад нь бид элдэв байдлаар зоригжуулж, бүр заримыг нь мөрлөн байж, очих ёстой газарт нь аваачсан юм. Ингээд л манай цэргүүд “Эндээс эмэгтэйчүүд модоо бэлтгэж, боомтоос загас авахаар ирцгээдэг. Тэд ямар нэгэн хамгаалалтгүй болохоор хамгийн ихээр халдлага, хүчирхийлэлд өртдөг. Тиймээс та бүхэн долоо хоногтоо 3-аас доошгүй удаа эргүүл хийж байх ёстой шүү” гэхэд “За больж үз дээ. Ийм бартаа саад ихтэй замаар бид 7 хоног битгий хэл сардаа нэг, эсвэл хоёр удаа байвал болох юм” гэж хэнэг ч үгүй хариулж байлаа. Тэр мөчид л монгол хүний тэсвэр тэвчээр, зориг хатуужил энэ биенийх нь хаанаас ингэтлээ ундардаг байна аа гэж өөрийн эрхгүй бодогдсон. Энэ бол олон улсын “Энхийг сахиулагчдын өдөр” эх орныхоо цэнхэр дуулгатнуудыг магтах үй түмэн явдлын ганц л жишээ юм шүү. 

1953-1963 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан алдарт дипломатч Даг Хаммершолдын хэлсэн “Энхийг сахиулна гэдэг цэрэг хүний хийх ажил биш ч гагцхүү цэрэг хүн л үүнийг хийж чадна” гэдэг агуу үг л үүний хариулт байж мэдэх юм. Үнэхээр тангараг өргөж, үүрэг хүлээсэн цэрэг хүн л энэ хүнд хэцүүг давж, энэ нэр хүндтэй үйлсийн эзэн нь болдог буй за. 

Энэ жилийн хувьд олон улсын “Энхийг сахиулагчдын өдөр”-ийг АНУ-ын Нью Йорк хотноо байрладаг НҮБ-ын төв байранд 6 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэнэ. Тэр үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутериш амиа алдсан болоод үүргээ гүйцэтгэж буй энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэхээс гадна алдарт “Даг Хаммаршолд медаль”-ийг 2017 онд ажиллагааны газар оронд үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан энхийг сахиулагчдад гардуулж өгөх ажээ. 

Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахлах дэслэгч М.Мөнхзориг

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө