Цэнхэр гарагийн өнцөг булан бүрт, спортод хайртай хүн бүхний хүсэн хүлээж буй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) өнөөдөр эхэлнэ. ОХУ-д болох тэмцээнийг NTV телевиз албан ёсны онцгой эрхээр шууд дамжуулан үзүүлэх юм. Бүтэн сарын турш тэмцээнийг тайлбарлан хүргэх “Сэлэнгийн хөвөөнд эмээтэйгээ өссөн, сэлэхийг нь биш орилохыг нь сурсан Э.Балжинням” (өөрийнх нь хэлснээр)-тай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
“Дарамттай маягийн” жаргалтай өдрүүд өнгөрч байна
Хоног хугацаа хэр хурдан өнгөрч байна. ДАШТ-ий хүлээлт, догдлол тань дээд цэгтээ хүрсэн болов уу?
Миний хүлээлтийг илэрхийлэхэд үг дутна. Найман жилийн өмнө “2018 онд хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д зохиогдоно” гэж зарлагдах үеэс би хүлээж эхэлсэн, өөрийгөө бэлдсэн. Тухайн үед “Балжаа хөлбөмбөг тайлбарласаар байх юм уу, үгүй ч юмуу“ гэж хорыг минь малтсан хүмүүс олон байсан. Энэ тэмцээнийг бодоогүй өнгөрүүлсэн өдөр байгаагүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд бол уулзсан хүн бүхэн ДАШТ-ийг сануулж, асууж, ярилцаж байна. Миний тэмдэглэсэн бүхэн, уншсан бүхэн энэ ДАШТ-ий тайлбар хийхэд зориулагдсан байна. Тиймээс догдлол гэхээс илүү “дарамттай маягийн” тэгсэн хэр нь жаргалтай өдрүүд өнгөрч, хүлээж байна даа. Учир нь би улаан фанат биш тайлбарлагч болохоор маш их хариуцлага ирсэн.
Хөлбөмбөгийн талаар танд хангалттай мэдээлэл байгаа байх.
Өнгөрсөн 35 жилийн хугацаанд юу уншсан, юу сурч мэдсэн, сүүлийн 10 жил телевизээр тайлбарлахдаа ямар туршлага хуримтлуулснаа одоо харуулна даа. Юу ч бодохгүй явж байсан хүнд телевиз санал тавиад хөлбөмбөг тайлбарлуулах нэг хэрэг, 35 жил уншаад, сүүлийн найман жил өөрийгөө бэлдсэн хүн тайлбарлахад ялгаа гарах болов уу гэж бодож байна. Харуулна ч гэсэн бодолтой л байна даа.
Та энэ ДАШТ-ээс юу хүлээж байна?
Хөлбөмбөгт хайртай хүний хувьд нийтийн хөлбөмбөг хүрээгээ тэлээсэй гэж хүсч байна. Олон ээж хүүхдээ хөлбөмбөгийн клуб рүү хөтөлж очдог болоосой. Монголын фанатууд нэмэгдээсэй. Сум, аймаг болгонд хөлбөмбөг тоглодог, тэмцээн зохиодог болоосой. Шигшээ багуудтай байгаасай. Нийтийн хөлбөмбөгийн хүрээг тэлэх гэж л NTV телевиз маш өндөр үнээр шууд дамжуулах онцгой эрхийг авч байгаа. Ард иргэддээ л үзүүлэх гэж. Түүнээс биш Монголын дээд лигт тоглодог арван клубт үзүүлэх гэж байгаа юм биш шүү дээ.
Таны хувьд 35 жилийн турш хөлбөмбөгт хайртай байх шалтгаан юу вэ?
Тухайн үед манай ээж “заавал гадаад хэвлэл захиал” гэх засаг төрийн шахалтаар “Советский спорт” сонинг захиалдаг байсан нь намайг хөлбөмбөгт хөтөлсөн. Эхэндээ тамирчдын зургийг хайчилж, дэвтэртээ наадаг байлаа. Дараа нь гарчгийг нь толь бичгээс орчуулдаг боллоо. Азаар есдүгээр ангид хөлбөмбөг сонирхдог н.Зандан багштайгаа таарч, хөлбөмбөгийн тайлбарлагчийн яриаг, ойлгохгүй өгүүлбэрүүдийг багшаараа орчуулуулж, хөлбөмбөгт “орсон” доо.
Хөдөө суманд долоо хоногт нэг удаа шуудан ирэхэд “Советский спорт” сонины зургаан дугаар ирдэг байлаа. Тэр зургаан дугаарыг дараагийн шуудан ирэх мягмар гараг хүртэл би цээжилдэг байсан. Сонин онцлогтой, сайхан. Интернет бол уншсан мэдээлэл цаг тутамд солигдож байдаг тул дахин унших боломж олддоггүй, харин сонингоо дахин дахин уншина, дурлаж уншсаар цээжилнэ.
Тухайн үедээ би үеийнхэн дундаа мэдээллээр “тасарчихсан” байлаа. Амьд яваа насандаа өөр шигээ хөлбөмбөг мэддэг хүнтэй уулзахгүй, учрахгүй гэж бардамнаж явсан үе ч бий. (инээв) Энэ зун би 50 нас хүрнэ. 10 наснаасаа хөлбөмбөг үзэж, дурласан. За яахав, ухаан бодлоо төвлөрүүлж эхэлсэн, бие хүн болж төлөвшсөн гээд 15 наснаас хойш тооцвол би 35 жил энэ л спортыг сонирхсон байна. Хөлбөмбөгийг мэднэ гэдэг өчигдөр тоглосон хоёр багийн хэн нь хожсоныг мэддэг байхыг хэлэхгүй. Тухайн баг ямар замналаар хөгжсөн, улс орон нь яаж дэмсэн, багийн гишүүд ямар бэрхшээл туулж өнөөдөрт ирсэн гээд бүхнийг мэддэг хүнийг хөлбөмбөг мэддэг хүн гэнэ л дээ. Ийм хүн цөөхөн. Миний хувьд ХУД-ийн засаг дарга Ж.Алдаржавхлан гэдэг залууг үнэлдэг.
Шаардлагад нийцсэн тайлбарлагч бол уг нь Балжинням л даа
Хөлбөмбөг сонирхогчид тэмцээний тайлбарт хоёр янзаар ханддаг шиг анзаарагддаг. Нэг хэсэг нь таных шиг эмоцитой, сонирхолтой тайлбарт дуртай бол энгийн албан тайлбар эсвэл бүр тайлбаргүй үзэхийг чухалчилдаг үзэгчид ч байх шиг.
Тэмцээнийг зорьж үздэг фанат байна, дайралдвал үздэг хүн ч байна. Эсвэл хэн нь хожсоныг л сонирхдог фанат ч байна. Энэ чухал биш. Харин хөлбөмбөг үздэггүй, сонирхдоггүй хүнийг ч хөлбөмбөгт татан оруулахад тайлбарлагчийн үүрэг их. Э.Балжиннямын тайлбарыг сонсоод яриаг минь шоолоод, тэр нь сонирхолтой санагдсаар хөлбөмбөг үздэг болсон хүмүүс байна... Энэ арав гаруй жил юу эсийг үзэх вэ дээ, ах нь.
Тайлбарыг маань таашааж үздэг нэг хэсэг байхад шоолоод, муулаад үздэг үзэгчид байна. Тэр болгонд би баярлаж хөөрөөд эсвэл гуниад байдаггүй, одоо больсон. Одоо харин хамгийн сүүлийн дүнгээ долоодугаар сарын 16-нд тавиулна шүү дээ. Бүтэн сар болсон ДАШТ-ийг хэр тайлбарласан бэ гэдэг дүн. Гэхдээ гоё болсон тайлбар өөрт мэдрэгддэг юм.
Тоглолт онцгүй байж болно оо. Тайлбар гоё байх ёстой. Сонирхолтой болгох ёстой. Сонирхолгүй тоглолтоос шалтгаалаад телевизээсээ холдох гэж байгаа эзэгчийг тайлбараараа бариад байж болно. Би тэгж чадна. Хоёр мундаг багийн тоглолтыг хэн ч үзнэ, тайлбарлагчгүй байсан ч хүмүүс ойлгоод үзнэ. Харин хоёр дундаж багийн тоглолтыг хүмүүст яаж үзүүлэх вэ. Тайлбарлагч л үзүүлэх ёстой.
Тэгвэл яаж мундаг тайлбарлагч байх вэ?
Номер нэгт спортын мэдээлэл сайтай байх, түүхийг мэддэг байх. Хоёрдугаарт, энтертайнмент байх ёстой. Гадны орны тайлбарлагч нарын сургалтад хамрагдахад ингэж заадаг. Үзэгчдийг уйдааж болохгүй. Жижигхэн хошигнол заавал байх ёстой гэдэг. Тэр шаардлагад нийцсэн хүн бол уг нь Балжинням л даа. (инээв) Манай зарим тайлбарлагч нар эфирт алдаа гаргахгүйн тулд дипломат тайлбарлагч байх гээд хичээгээд байдаг. Зүгээр ш дээ, жижижгхэн алдаа гарга. Тэрийг чинь үзэгчид яриад, дараа хэзээ алдахыг нь хүлээгээд байж байг. Энэ чинь хөлбөмбөгөө үзүүлэх арга байхгүй юу. Жишээ нь 2006 оны тоглолтын үеэр “Энэ САФ ингээл тоглолтын турш утсаар туслахтайгаа ярьчих юм. Яасан ч дуусдаггүй нэгж юм. Гэхдээ эднүүд баахан л нэгжтэй байдаг байлгүй дээ. Ямар мань мэт байгаа биш” гээд хэлчихлээ. Нэгжтэй, нэгжгүй нь хамаагүй. Гол нь намайг хүмүүс шоолоод инээг л дээ. Инээж байгаа боловч цаанаа Балжинням зүгээр шүү гээд дараагийн тоглолтыг хүлээж байгаа хүн байна ш дээ, ойлгомжтой. (инээв)
Таны сэтгэлд тод үлдсэн ямар тоглолт байдаг вэ?
Олон ш дээ, бүгд ш дээ. 1994 оны ДАШТ-ээр Оросын баг хоёр хожигдчихоод гуравдахь тоглолтдоо дөрвөөс дээш гоол оруулж хожих ёстой байсан. Рапчинко сэлгээгээр орж ирээд Камероныг 6:1-ээр хожиж байлаа. Зургаа дахь гоолыг оруулахад нь “аймаар” баярлаж байлаа. Орос Бельгит нэгийг алдчихаад оноо тэнцэхэд нь зурагтынхаа өмнө сөхөрч суугаад залбирч байлаа. Харин тайлбарлагч болсноос хойш тэгтлээ улаан галзуу үзэгч байхаа больчихдог юм байна.
Тэгэх нь хэцүү юу. Улаан фанатаараа, эмоциороо тоглолтоо үзмээр байдаг уу?
Нэг бодлын аятайхан, нөгөө талаас онцгүй. Хэрвээ энэ ДАШТ-ын тайлбарлагч биш байсан бол тэмцээнийг үхэн хатан хүлээж байх байлаа. Зөвхөн Оросын багаа дэмжээд л, орилоод л. Харин одоо би тэгэхгүй. Би бүх багийг ярих ёстой. Бүгдийг нь мэддэг, мэдээлэл хангалттай байх ёстой. Тэгэхээр улаан фанат байсан хүн чинь тайлбарлагч болохоор улаан галзуу дэмждэг ир нь мохогдчихдог юм байна гэж бодож байна.
Энэ нь танд таалагдаж байна уу?
Би тайлбарлагч хийж байгаа юм чинь гоё л байна л даа.
“Өөрөө өшиглөчихөөд араас нь гүйгээд байдаг хөлбөмбөг тэнэг” гэх үгийг та яаж тайлбарлах бол?
Энэ үе одоо гараад ирсэн юм биш. Онигоо ил тод байгаагүй, социализмын үед л гарсан үг л дээ. Магадгүй хөлбөмбөгийг ойшоож үздэггүй, “нэг мундаг ухаантан” тэгж хэлсэн юм байгаа биз. Хөлбөмбөг бол дэлхийн номер нэг спорт. Тийм ч учраас монголчууд төдийгүй, дэлхий даяараа хөлбөмбөгөөр амьсгалж байна. Наадмаас өөрөөр монголчууд тэгтлээ хэзээ ёпортоор амьсгалж байлаа?
Манай улсын хөлбөмбөгийн баг тамирчид хөгжихгүй байгаагийн шалтгаан юу бол?
ДАШТ-д орохын тулд дэлхийн 200 гаруй орон уралдсаар 32 нь үлдээд байна. Манай тамирчид ордоггүй биш, ордог. Харамсалтай нь нэгийн даваанд уначихсан. Гэхдээ манай улсын хөлбөмбөг хөгжлийн зөв голдиролдоо орсон гэж би боддог. Тэмцээний шагналын сан нэмэгдсэн, гадаадын тоглогч, дасгалжуулагч нар ирж туршлага хуваалцдаг болсон, багийн эзэд клубтээ анхаарал тавьж, мөнгө зарцуулж байна. Шигшээ баг байнгын ажиллагаатай болсон гээд би хөгжлийг эерэгээр харж байгаа. Усыг нь ууж, хоолыг нь идсэн улс нийгмээ би муулахгүй гэдэг шиг өөрөө дунд нь явж байж хөгжил дэвшил байгаа гэдгийг би харж байна шүү дээ.
Гадаадын том том тоглогчид шууд гарч ирээд л мундаг болоогүй. Бидний л адил явсан, хөгжсөн. Хөлбөмбөг хөгжихөд эх орны эдийн засаг, хүн амын тоо гээд нөлөөлөх зүйл олон. Бид 30-н саяулаа байсан бол өөр ш дээ. Хөлбөмбөг хөгжихөд маш их мөнгө шаарддаг. Ганцхан хүнийг сайжруулах бол амархан. Бүхэл бүтэн багаар нь, доод үеэр нь, нэг багийн 100 гаруй ам бүлийг тэр чигт нь сайжруулах хэцүү.
Хошигноод асуухад, хөлбөмбөг сонирхогч эрчүүд тоглолт үзэх эрхийн төлөө эхнэрээ аргадах, эвийг нь олох шаардлага тулгардаг юм шиг.
Эхнэр нь нөхрөө мэдэж байгаа ш дээ. Сонирхдоггүй хэр нь далимдуулаад, бусдыг дагаад, пиво уух гээд явбал мэдээж эхнэрүүд уурлана ш дээ. Харин хөлбөмбөг сонирхдогоо эхнэртээ хамтын амьдралаараа, ясанд нь тултал ойлгуулсан бол эхнэр юу гэж уурлах юм бэ. Танай нөхөр хөлбөмбөг үздэггүй хэр нь яваад байвал чи уурлана. Харин намайг хөлбөмбөг үзэх гээд шөнө гарвал миний эхнэр уурлах уу?