Тавь хол насалсан ч тээврийн тэрэгний бүхээгнээс буугаагүй, зургаан хүүхдийнхээ сайн сайхны төлөө хөдөлмөрлөсөөр яваа Ц.Бямбадорж гуай өдгөө Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн хүдрийн уурхайн бүтээгдэхүүний ачааг тээвэрлэх их үйлд хүч хөдөлмөрөө зориулж явна. 650 километр замд хийх түүний тээвэр манай орны уул уурхайн бүтээгдэхүүнийг хамгийн хол замд тээвэрлэж байгаагаараа онцлогтой юм. Ховд аймаг нь удам дамжсан тээвэрчид олонтой, эртнээс тээврийн камаз баазуудтай. Өдгөө Ховдод Ц.Бямбадорж гуайн адил мянга гаруй тээврийн жолооч бий. Тэд өдөр, шөнийг үл ажран алсын замд жолоо мушгиж, жолооч хүний жаргал зовлонг тэрэгнийхээ бүхээгт, тээврийн урт замд эдлэн туулсаар явна.
Жолооч хүний эрхэмлэн хайрладаг, хамгаалдаг ганц зүйл нь “зам” гэж Ц.Бямбадорж гуай хэлсэн. Учир нь зам сайхан байж тээвэр богино хугацаанд саадгүй явж, тэр хэрээр амьдрал дээшилдгийг 30 жилийн хөдөлмөрөөрөө нотолсон юм. Сайхан зассан замаар салхи татуулан, дуу аялан давхиж явах нь жолооч хүний жаргал. Харин ажлын байр, ачих ачаа олдохгүй байх, тэрэг нь эвдэрч доголдох гээд асуудал бас мундахгүй. Үүн дээр нэмэрлээд “Тээврийн жолооч нар том тэргээрээ зам эвдэж байна. Шалга, зогсоо” гэх дээрээс ирсэн үүргүүд жолооч нарын ажилд төвөг учруулж, цаашлаад тээвэрлэлтийг зогсоох, гэртээ хоолгүй очих шалтгаан болсон тохиолдол бий. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Харганатын төмрийн хүдрийн уурхайн тээвэрлэлтийг Ховд аймгийн удирдлагууд газар гэссэнтэй холбогдуулан нэг сарын хугацаанд зогсоосон байна. Энэ хугацаанд тус уурхайн 150 гаруй ажилтан цалин орлогогүй болжээ.
“Уурхайн жолооч нар үнэхээр даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж, зам эвддэг үү, түүнийг нь шалгаж тогтоосон уу” зэрэг асуудлыг сурвалжлахаар бид Увс, Ховд аймгуудад ажилласан юм.
Харганатын төмрийн хүдрийн уурхай Увс аймгийн төв Улаангом, Наранбулаг сумын дунд, Улаангом-Улаанбаатар чиглэлийн асфальтан зам дагуу байрладаг. Уурхайн үйлдвэрлэл явуулах ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын Газрын Тосны хэрэг эрхлэх газраас 2008 онд олгосон байна. Төмрийн хүдрийн нөөцийг 15 сая тонн гэж тогтоожээ. Тус уурхайд Казахстаны хөрөнгө оруулалттай ALGT компани үйлдвэрлэл явуулдаг. Энэхүү компани нь 2008 онд үйл ажиллагаагаа эхэлсэн боловч төмрийн үнэ дэлхийн зах зээлд унаснаас үүдэн экспортоо түр зогсоож, 2016 оноос дахин экспортод гаргаж, өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй түүхий эдийг ШУӨЗО –ны Урумчи хотын төмөрлөгийн үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.
Төмрийн хүдрийг экспортод гаргахын тулд 650 км замаар тээвэрлэдэг. Уурхайгаас Ховд аймгийн Мянгад сум хүртэл 170 км шороон замаар, үргэлжлүүлэн Ховд аймгийн Булган сумын “Цоохор нуурын гаалийн хяналтын бүс” хүртэлх 430 км улсын чанартай асфальтан замаар тээвэрлэдэг. Тээвэрлэлтийн чиглэл тогтоох замналыг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 84 дүгээр тушаалаараа баталж өгсөн байна. Бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598 - 2011 стандартыг хатуу баримталж тээвэрлэлт хийхийг тушаалдаа тусгасан байна.
Харин “Тээврийн жолооч нар 70, 80, 100-н тонн хүртэл хэмжээгээр даац хэтрүүлэн ачиж, зам эвдэж байгаа тул шалга, тээвэрлэлтийг зогсоо” гэх мэдээллийг Ховд аймгаас УИХ-д сонгогдсон С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нарын гишүүд олон нийтийн сүлжээгээр мэдээлж, орон нутгийн удирдлагуудад үүрэг, чиглэл өгсөн байна. Энэ дагуу орон нутагт хяналт шалгалт эрчимжиж, тэр хэрээр тээвэрт явж буй жолооч нарын ажилд төвөг учрах болжээ.
Гэнэтийн шалгалтууд...
Биднийг Ховд аймагт ажиллаж байх үе буюу тавдугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Замын цагдаагийн алба, Авто зам засварын алба (АЗЗА), Мэргэжлийн хяналтын хэлтэс, Авто тээврийн төв хамтран тээврийн автомашинуудад гэнэтийн шалгалт хийсэн юм. Шалгалтын багийнхан төмрийн хүдэр тээвэрлэсэн автомашинуудаас хоёрыг нь цохон сонгож, 20 гаруй км зам хазайлган, аймгийн төвд авчран шалгасан. Ингэхдээ Стандартчилал, хэмжилзүйн газраар баталгаажуулсан пүүгээр автомашинуудыг пүүлсэн юм. Шалгалтаар эхний машин 43.5 тонн, хоёр дахь автомашин 41 тонн жинтэй.
Ховд аймгийн Замын цагдаагийн албаны тасгийн дарга, Цагдаагийн ахмад Н.Балжинням: “Тээврийн автомашинуудад бид энэ мэт гэнэтийн шалгалтуудыг шат дараалалтай хийдэг. Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598-2011 стандарт ёсоор автомашины нийт жин 44 тонноос бага байх ёстой. Өнөөдөр шалгагдсан хоёр автомашин стандарт дагуу тээвэрлэлт хийж байна”
Ховд аймгийн АЗЗА-ны дарга Б.Батсүх: “Нийт даацыг 70-100 тонн хүртэл хэтрүүлэн ачиж байгаа талаар мэдээлэл гарах болсон. Энэ дагуу бид тогтмол шалгалт хийж байна. Ийм их хэмжээгээр даац хэтрүүлсэн тээвэрлэлт хийсэн нь шалгалтаар илрээгүй болно,”
Ховд аймгийн мэргэжлийн хяналтын хэлтсийн авто зам хариуцсан улсын байцаагч Б.Ганзориг: “Харганатын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн маршрутыг Зам, тээврийн хөгжлийн сайд баталж өгснийг мэдэж байгаа. Гэхдээ энэ замаар уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэж болохгүй. Уул уурхайн бүтээгдэхүүнийг технологийн замаар тээвэрлэх ёстой. Энэ талаар Авто замын тухай хуульд заасан байдаг” гэсэн тайлбар өгсөн юм.
Харин 2017 оны 07 сарын 1 –ны өдрийн шинэчлэн найруулж баталсан “Авто замын тухай” хуульд “Технологийн зам” гэх нэг ч үг алга. Энэ хууль шинэчлэн найруулагдаж, батлагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Магадгүй, орон нутаг дахь Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч шинэчлэгдсэн хуультайгаа бүрэн танилцаж амжаагүй байж болох юм.
Уурхайн тээвэрлэлтийн асуудлаар бид холбогдох бүхий л эх сурвалжуудтай уулзан, тодруулга мэдээлэл авсан юм.
Ховд аймгийн засаг даргын орлогч Ш.Батсүх: Манай аймаг 1000 гаруй жолоочтой. Тэд маань ажлын байртай, орлоготой байх нь бидэнд чухал. Нөгөө талаас замаа хайрлаж, хамгаалах нь чухал. Төмрийн хүдрийн тээвэрлэлтэд бид аль аль талыг нь бодолцон хандаж байгаа. ЗТХЯ-аас баталж өгсөн маршрутынхаа дагуу стандартаа мөрдөөд тээвэрлэлтээ хийхэд бидний зүгээс хориглох зүйл байхгүй. Тулгамдаж байгаа ганц асуудал бол тээврийн замд пүү байхгүй. Тиймээс тээврийн автомашин бүрийг пүүлж, стандарт мөрдөж байгаа эсэхийг нь шалгах боломжгүй байна. ЗТХЯ-нд “Зам дагуу пүүтэй болох” талаар хүсэлтээ хүргүүлсэн ч шийдэгдээгүй удаж байна.
Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Харахат: Одоогоор БНХАУ-тай холбогдоод байгаа энэ зам цаашид ОХУ-тай холбогдоно. Магадгүй транзит тээвэр орж ирэх боломж байгаа. Замыг бид ашиглах гэж, үр өгөөжийг нь хүртэх гэж тавьдаг. Түүнээс хараад суух гэж тавьдаггүй. Тиймээс ашиглах л ёстой. Хамгийн гол нь стандартаа мөрдөж, тээвэрлэлтээс ашиг олж ашиглах нь зүйтэй.
Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах: Манай суманд “Цоохор нуурын гаалийн хяналтын бүс” бий. Төмрийн хүдэр уг “Цоохор нуурын гаалийн хяналтын бүс”- д маань буулгадаг. Тэндээс дахин хүнд даацын автомашинд ачиж, Ярантын боомтоор экспортонд гаргадаг. Гаалийн хяналтын бүсэд хүдэр буулгаснаар манай суманд татвар төлж, сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулна. Бид уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортонд гаргахад боломжтой гэж харж байгаа.
Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Мягмардорж: Манай аймаг барилгын материал, нүүрсээ энэ замаар тээвэрлэдэг. Харин гадаадын хөрөнгө оруулалттай компани бидний арай хийж тавиулсан замаар тээвэр хийж болохгүй, би эсэргүүцнэ.
Харганатын төмрийн хүдрийн уурхайн жолооч нар даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж, зам эвдсэн гэдэг нь тогтоогдсон, шалгалтаар илэрсэн зөрчил орон нутагт алга.
Тэгвэл уурхай үйл ажиллагаагаа хэвийн явуулснаар байгаль орчин ,орон нутгийн иргэдэд ямар нөлөө үзүүлэх вэ
Өнөөдрийн байдлаар уурхайд ажиллаж буй 150 орчим ажилчид нь бүгд Увс, Ховд аймгийн иргэд. Тэдний төлөөлөл Н.Зина гуай уурхайд шатахуун түгээгчээр, нөхөр нь манаачаар ажилладаг. Наранбулаг сумын төвд эрхэлсэн ажилгүй байсан энэ гэр бүл уурхайд ажиллах болсноор амьдралд нь олон эерэг өөрчлөлт гарсныг хэлж байна. Тухайлбал, хоёр оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг санаа зовох зүйлгүй төлж, хашаа байшин авахаар банкнаас зээлсэн мөнгөө бүрэн барагдуулж дууссанаа хэлж байна.
Харин байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар Наранбулаг сумын Засаг дарга Ц.Загдсамбар: “Харганатын төмрийн хүдрийн уурхай нь байгаль орчны ерөнхий үнэлгээгээ хийлгэсэн. Уурхайн үйлдвэрлэл явагдаж байгаа газар нь урсгал ус, булаг шандгүй, малын бэлчээрийн бус газар. Тиймээс нэгэнт тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн уурхайг сум орон нутагтаа ашигтай байдлаар ашиглах зорилготой байна. Уурхайн удирдлагуудтай сумын засаг дарга, ИТХ хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн 2017 онд сумын төвд нэг худаг гаргуулсан. Мөн Алдар багт нэг худаг гаргуулахаар төсвийг нь гаргуулан ажиллуулсан боловч энэ ажил бүтээгүй. Харин энэ жил сумын ЕБС-ын 70 жилийн ойн хүрээнд сургуулийн хашааг 28.9 сая төгрөгөөр шинэчлэн бариулахаар гэрээ хийж, ажил нь эхэлсэн байна.
ALGT компанийн Гүйцэтгэх захирал Г.Бекболат: Ашигт малтмалын тухай хуульд орон нутагтай хамтран ажиллана гэж заасны дагуу бид орон нутагт ажлын байр олноор нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр орууах зэрэг олон зорилготой ажиллаж байна. Тухайлбал, уул уурхайн чиглэлээр суралцах сонирхолтой ч амьдралын боломж тааруу хүүхдүүдийн сургалтын төлбөрийг компаниас төлж, төгсөх үед нь уурхайдаа ажиллуулах хүсэлтэй байгаа. Өнөөдрийн байдлаар уурхайгаас Ховд аймгийн Мянгад сум хүртэл 170 км шороон замыг засаж янзлахаар 200 орчим сая төгрөг зарцуулж, энэ ажлыг Увс, Ховд аймгийн АЗЗА-ныхан гэрээгээр гүйцэтгэж байгаа.
Өнгөрсөн жилээс уул уурхайн түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээлд нэмэгдэж эхэлсэн. Энэ л үед нь бүтээгдэхүүнээ борлуулж ашиг хүртэх нь чухал болохыг эдийн засагчид болон уул уурхайн салбарынхан онцолсоор ирсэн. Шалтгаангүй эсэргүүцэгч, шүүмжлэгчээс илүү алдааг засаж, хөгжилд хөтлөгчид олон байх нь орон нутаг, улс орны хөгжилд том түлхэц болох билээ.