За рулём Монгол сэтгүүл 2017 оны 1-р сараас эхлэн уншигч олноо эх орныхоо аймаг тус бүрийн үзэсгэлэнт газраар аялуулах "Монголын сайхан орон" буланг хөтөлж байгаа билээ. Ингээд, гайхамшигт Очирвааний орон Завхан нутгаар аялцгаая.
1. Отгонтэнгэр хайрхан
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг орчны уулстайн нийт 955 км2 талбайг 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр бөгөөд 3752 метрээс дээш мөнх цастай. Мөнх цасны доохно уулын энгэрт үзэсгэлэнт Бадархундага нуур бий.
2. Даян хайрхан
Отгонтэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх Их даян, Бага даян гэсэн хоёр сүрлэг хайрхан бий. Даянгийн хоёр талын хөх ба цагаан гэсэн нуурын орчинд ховор ургамалууд ургадаг.
3.Завхан гол, Зэсийн бүрд
Завханд очсон хүн бүрийн үзэх ёстой нэг газар бол яах аргагүй Завхан гол юм. Очих зам нь торох юмгүй сайхан цагаан. Отгонтэнгэр хайрханаас эх авч урсах энэхүү гол руу түрж орсон элсэн тохойд Зэсийн бүрд хэмээх нэгэн сайхан үзэсгэлэнт газар бий.
4. Мухартын гол
Бид GPS‑ээ харан замгүй давхисаар Эрдэнэхайрхан сумын төвд ирлээ. Бор хярын элсний өмнө талаас Мухартын гол эх авч урсана. Шууд элсэн доороос гол урсан гарч ирэх нь нэн сонин. Элсэн дээгүүр нь алхаж очоод голын эхэнд сэрүүцэхэд үнэн таатай. Зах эргээрээ бургасан шугуй, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс ургадаг байгалийн үзэсгэлэнт тогтоцтой баян бүрд.
5. Сэнжит цохио
Бартаат замтай өндөр уулын орой дээр байрлах сонин тогтоц.
6. Бор хярын элс
Хүнгийн голыг даган хөвөөлдөг Баруун Монгол, Зүүн Монгол хэмээх хоёр ихэр уулын өмнө талд оршдог элсэн манхан.
7. Улаагчны хар нуур
Хойд талаараа элсэн манхан, урд талаараа зэгстэй, Товхошийн сүрлэг уулсаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт нуур. Гүн нь 48 м, урт нь 30 км, өргөн нь 5‑10 км сунаж тогтсон. Энд 13 төрлийн шувууд цугладаг нь загасны маш их нөөцтэйг илтгэнэ.
8. Идэр гол
Энд та Хангайн нурууны үзэсгэлэнтэй хэсэг болох Идэр гол, ногоон нуур, түргэн урсгалт Тахилтын хүрхрээ зэргийг нэг дор үзэж сонирхож болно.
9. Тахилтын хүрхрээ
10. Цагаан нуур
Уулын таг дээр орших энэхүү нуурыг тойроод жамьяанмядаг, вансэмбэрүү цэцэг ургасан бурхны орон гэлтэй. Хойд талаас нь Очирваань хайрханаа харахад биширмээр дүр тодорно.
11. Хутагтын цогцолбор
Хутагтуудад зориулан босгосон цогцолбор. Энэ сумаас Ялгуусан ба Хамба гэгээн хутагтууд төржээ.
12. Тэлмэн нуур
Завхан аймгийн Тэлмэн, Нөмрөг сумын заагт толиорон цэнхэртэх нуурыг Тэлмэн хэмээдэг. Уг нуурын урт нь 26 км, өргөн нь 12 км, гүн нь 27 м, нуур дунд торойх гурван авгаш аралтайгаа 194 км талбайг эзлэх агаад далайн түвшнээс 1700 гаруй метр.