Хөвсгөл далайг хэзээ нэг өдөр үзнэ гэдэг байснаас биш бүтэн аялал хийнэ гэж санасангүй. Харин 2012 оны зун найзууд маань далай ээж рүү явах санал гаргахад шуудхан бэлтгэлээ хангаад аян замдаа гарлаа.
1.Булган уул
Өдрийн ундаа ууж аваад Архангай аймгийн Тариат хүртэлх засмал замаар давхисаар Цэцэрлэг хотод ирлээ. Цэцэрлэг хотын хойно дүнхийх эрчүүд л гарч зул өргөн хонодог сүрлэг хайрханыг Булган уул гэнэ.
2. Чулуутын гол
Одоо Чулуутын гол холгүй байгаа гээд явж байтал сүрдмээр огцом эрэгтэй, тээр дор ууртайгаар үерлэн урсах аргагүй л сонин тогтоцтой Чулуутын голтой таарлаа. Сүр, хүчтэй энэ голын дагуу хашлага байхгүй нь өөрийн эрхгүй далд айдас төрүүлж байлаа.
3. Майханаа барилаа
Тариат сум хүрэх замд майхнаа босгож, нутгийн залуусаас авсан тарваганы боодог, Өвөрхангайн айргаар оройн зоог барив. Хоргын тогооны хажууханд ирснээ сонсоод маргаашийн сонирхолтой аяллаа тэсэн ядан хүлээж хонолоо.
4. Хоргын тогоо
Арын сайхан хангайд үүр хаяарч, нар мандлаа. Аяллаа үргэлжлүүлэн хөмөрсөн аяга шиг Хоргын тогооны үнэнхүү өвөрмөц үзэсгэлэнг хараад туйлын их бахдан биширлээ.
5. Тэрхийн цагаан нуур
Бид даваан дээр гараад "Тэр их цагаан нуур юу вэ?!” гэж дуу алдсанаар Тэрхийн цагаан нуур дээр ирснээ мэдэцгээв. 7-8 мянга гаруй жилийн тэртээ Хоргын тогоо дэлбэрч лаавын гол дээр нь Тэрхийн цагаан нуур тогтсон юм гэдэг. Манайхан нуурын эрэг дээр майхнаа барьж өдрийн цайгаа уучихаад усанд сэлж нэлээдгүй зураг татууллаа.
6. Мөрөн хот
Оройн 5-6 цагийн алдад Мөрөн хотод орж ирээд эндээ нэг их сааталгүй далай руу явлаа. Хатгал сум хүртэлх 100 гаран км замаар тоос шороо бужигнуулан хөлхөлдөх машинуудыг хараад нүдэндээ итгэж ядаж явлаа. Нэмээд зам засаж байсныг ч хэлэх үү бүр ч их тоостой байсан.
7. Далай ээж
Хатгалд очоод дүнзэн байшинд буудалж, нутгийн утсан, дарсан загасаар дайлууллаа. Ашгүй нэг зорьсон далай ээжийнхээ эрэг дээр ирэн Монгол орныхоо байгалийн сайхнаар бахархаж замын алжаалаа тайллаа.
8. Өгий нуур
Далай ээж дээрээ 3 хоночихоод өглөө эрт Өгий нуур руу явахаар боллоо. Анхнаасаа харанхуйд явахгүй гэж тохирсон тул тэр өдөртөө Өгий нууранд очиж амжсангүй. Харин маргааш нь замд ус бороо элбэг байсан хэдий ч нуур руу ямар ч саад тотгоргүй яваад орлоо. Ийнхүү 2012 оны 7 өдөр 8 шөнө үргэлжилсэн зуны зугаатай сайхан аялал маань үүгээр төгслөө.
Нийтлэлч Г. Шижирболд