ЗРМ За Рулём
За рулём Сэтгүүл

Гурван бүсийн сайхан нутаг

2018 оны 7 сарын 92018-07-09

a44dd9f2-553d-45c5-b5dd-5d01ae21caca,баянхонгор аялал маршрут гурван бүсийн сайхан.jpg.jpg

Аялал бүр адал явдлаар дүүрэн, сурч мэдсэн, шинээр нээсэн зүйл ихтэй байдаг ч энэ удаагийн аялал онцгой байлаа. Ингээд Монгол хүний үнэ цэнэ, уламжлал, соёл, ахуй амьдралын хэв маягийг маш гүн мэдрүүлсэн гурван бүсийн сайхан нутаг, Баянхонгор аймгаар хийсэн аяллыг сонирхоно уу.

Арвагар хээрийн домог

Баянхонгор аймгийн аялал, хотоос 400 гаруй км зайтай Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ирснээр эхэллээ. Түүнээс цааш 10 орчим км яваад Арвагар хээр морины хөшөө дээр саатав. “Арвагар хээр” хэмээн алдаршсан морины тухай маш олон домог байдаг нь гайхалтай. 1709 оны Даншиг наадамд 1000 гаруй морьд уралдсанаас хол тасархай түрүүлэн, наадам наадмын түрүүг авсан энэ адууны угшил, үр удам одоогийн Сүхбаатар аймагт бий гэсэн дам яриа ч байдаг. Монголчуудын бахархал болсон энэ сайхан адууны түүхэн хөшөөг зорих гадна дотны жуулчид улам л нэмэгдсээр байгаа гэсэн.

Шаргалжуутын халуун рашаан

Өвөрхангайгаас Баянхонгор орох замд байрлах, ихэнхи ундарга нь 60-93°C халуун гардаг Монголын хамгийн халуун, хамгийн их нөөцтэй энэ рашааны анагаах увдисыг ам дамжин сонссоноос биш ирж үзэж, хүртэж байсангүй ээ. Арьс, зүрх судас, ходоод гэдсэнд нэн тустай Шаргалжуутын шидэт рашааныг хүртэх хувь монголчууд бидэнд байхад аялагч, амрагсдын тоо тасрахгүй байх нь аргагүй ч юм даа. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд Шаргалжуутыг долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр зоривол цаг агаарын хувьд хамгийн тохиромжтой, жуулчид бага байдаг гэж нутгийнхан зөвлөсөн шүү.

Баянхонгор аймаг

Зүүн урд хэсгээрээ говь, баруун урдуураа хээр, хойгуураа хангайн бүс хэмээн 3 хуваагдах аймаг. Гурван бүсийн нутаг хэмээн дуу ч байдаг юм билээ. Үзэсгэлэнт Их богд уул, Шатар чулуу, Цагаан агуй, Галуутын хавцал, Хөх нуур зэрэг олон сайхан газрууд хангай говь хосолсон Хонгор нутагт бий. Хонгор нутгийнхны ааш аяг ч, нэртэйгээ зохицно уу гэлтэй хонгорхон сайхан юм гээч. Зочломтгой зангийн тухай яриад ч илүүц биз ээ.

Галуутын хавцал

Баянхонгорын төвөөс шууд Отгонтэнгэр орох бол Бөмбөгөр Бууцагаан-Хүрээмарал-БаянбулагОтгон гэсэн маршрутаар явна. Бид замдаа Хонгор нутгийн үзэсгэлэн Галуутын хавцал, Хөх нуурыг үзэхээр баруун хойшоо зүглэлээ. Галуутын хавцал хүрэх замд саад тотгор бага. Домог яриагаар одоогоос 200аад жилийн өмнө "Тоть" нуурын ус Галуутын хавцал үүссэн хотгороор нэг шөнө их дуу чимээ гарган нүүж одсон гэдэг. Энэ хавцлын хад чулуунд үүссэн тавцангууд дээр хаврын цагт усны шувууд өндөглөдөг. Галуутын хавцал нь 200-400 метр гүн, 50-200 метр өргөн, цавчим ханатай, хамгийн нарийн газраа дөнгөж 2-3 метр өргөн. Тэр хэсэгт нь үертэй үед голын ус хүчтэй боргио үүсгэнэ. Нэн тэргүүнд гэрэл зураг сонирхогчдын хорхойг хөдөлгөсөн энэ газар нар мандах, жаргах агшинд байгалийн яруу тансгийг хавцлын дээрээс харж биш мэдрэх болно.

Хөх нуур

Баянхонгор аймгийн төвөөс 233 км, Жаргалант сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т оршдог аймгийн үзэсгэлэнт газруудын нэг юм. Энэхүү нуур дээд зэргийн цэнгэг ус, олон төрлийн усны шувуудаараа алдартай. Нуурын сав дагуу бургас, улиас, буриагуул, арц бамбай зэрэг үнэртэн, хад, тошлой, нохойн хошуу, алтан гагнуур, зэрэг эмийн өвс ихтэй. Аялагч бид нуурын хажууд буудаллаж, цэнгэг усаар ундаасаа 
тайллаа. Айлууд нь бараг бүгд сарлагтай. Сарлагийн өрөмний амттай, зузааныг хэлэх үү шууд л арааны шүлс асгарч байлаа.

Их богд уул

Жаргалант сумын уугуул айлд хоёр хоноод Баянхонгор аймгийн төв рүү өглөө эртлэн гарав. Гэхдээ яаж зүгээр явхав, замаараа Богд сумын нутагт байх Их богд уул-Хөх нуурБичигт хадыг үзлээ. Энэ нутгийн хамгийн өндөр цэг нь Говь-Алтайн нурууны оргил 3957 м өргөгдсөн Их богд бөгөөд хамгийн нам цэг нь 750 м өндөр Алтайн өвөр говь нутаг аж. Энэ ууланд улаан номд орсон хулан, хавтгай, аргаль гээд өөр бусад олон амьтныг харж болдог гэсэн. Бидэнд харин хувь дутлаа.

Бичигт хад

Их богд уулнаас Баацагаан сумын нутаг руу 100 км орчим яваад Баянгийн нурууны Их Бичигтийн аманд ирлээ. Бичигт хадны сонирхол татсан нэгэн зураг бол анжсанд үхэр хөллөөд газар хагалж буй хүний дүрслэлийн талаарх нийтлэлийг санаад хэсэг хайж үзлээ. Тэр нийтлэлд бичсэнээр тус зураг 3000 гаруй жилийн өмнөх үеийн бүтээл. Тэгэхээр дэлхийд анх тэрэг бүтээсэн ард түмний нэг нь Монголчууд гэсэн баримтыг олж мэдээд сэтгэлийн гүнээс нэг зүйл оргилох тэр мэдрэмж бол үүх түүхээ биширсэн миний бахархал байлаа.
 

Санал болгох

Гурван бүсийн сайхан нутаг

Монгол хүний үнэ цэнэ, уламжлал, соёл, ахуй амьдралын хэв маягийг маш гүн мэдрүүлсэн гурван бүсийн сайхан нутаг, Баянхонгор аймгаар хийсэн аяллыг сонирхоно уу

5 жилийн өмнө
Далай ээжийн хөвөөнд

Далай ээжийг зорьсон 7 өдрийн аяллын маршрут

5 жилийн өмнө