Зэвсэгт хүчний Соёмбо сонин
Монгол Улсын Зэвсэгт хүчний сонин

Г.Жамбалдорж: Бэлтгэлийг чи хуурвал, дэвжээ чамайг баллуурдана

2018 оны 6 сарын 182018-06-18

Бүх цэргийн наадамд түрүүлсэн Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдоржийг энэ удаагийн “Зочин”-ны хойморт урилаа.

-Бөхийн спортод хөл тавьсан дурсамжаасаа хуваалцана уу?

-“Шонхор” дээд сургуулийг 2014 онд багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Бөхийн спортоор 2011 оноос хойш хичээллэж байна. Зэвсэгт хүчинд 2015 оноос харьяалагдах болсон.

-Танай гэр бүл бөхийн удамтай юу?

-Ээжийн талд хоёр аймгийн арслан бий. Аавын талд ч сум, орон нутагтаа шаггүй барилдчихдаг бөхчүүд байсан. Тэгэхээр бөхийн удамтай хүн гэж хэлж болох юм.

-Үндэсний бөхөөр хичээллэх нь бие хүний хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Мэдээж спорт бүхэн хүнд тэсвэр хатуужил, тууштай зан чанарыг өгдөг. Тэр дундаа үндэсний бөх эр хүнд ёс жудгаа дээдлэх, бусдыг хүндлэх, аливаа асуудлыг олон талаас нь харах гээд тал талын ухаан нэмдэг. Ер нь залуу үе маань энэ спортоор хичээллэж, бие хүн байх зөв төлөвшлийг олж авахад хэрэгтэй гэж боддог.

-Таны хүндэлж явдаг бөх хэн бэ?

-Би Монгол Улсын гарьд Б.Гончигдамбыг хүндэлж, түүнээс үлгэрлэхийг хичээдэг. Хувь хүн талаасаа ч тэр, бөх хүн талаасаа ч тэр залуу бөхчүүдэд үлгэр дууриалал болдог мундаг бөх. Түүний үнэнч, ёс жудгаа дээдлэдэг, даруу төлөв, бусдын төлөө гэсэн зан чанар нь таалагддаг.

Таны барилдааны онцлог, мэхийг сонирхоё?

-Сэрвээний барьцнаас барилдах сонирхолтой. Удаан барилдах тун дургүй. Хийе гэсэн мэхээ цаг алдалгүй шулуухан хийхийг эрмэлздэг. Барьцанд хүрэх тун дургүй дээ. Аль болох үзэгч түмнээ уйдаахгүй, уран барилдаан харуулахыг боддог.

-Цэргийн арслан цолны үнэ цэнийн хувьд Та юу хэлэх вэ?

-Би аймагтаа 2014 онд зодоглож, тав давж начин болоод 2016 онд цолоо баталж, аймгийн улам нэмэх начин болсон. Мэдээж аймгийн арслан болох хүсэлтэй байсан ч санасан хэмжээндээ барилдаж чадаагүй. Тэгээд бэлтгэл, сургуулилтаа улам сайн хийх ёстойг ойлгосон. Мөн өөрийгөө улам дайчилж, цэргийн арслан цолонд хүрэх зорилго ч тавьсан. Бөхийн спортоор хичээллэх болсон үеэс энэхүү наадамд зодоглож, түрүүлэх хүсэл тээж, энэ зорилгоо биелүүлсэндээ тун баяртай байна. Аймагт зодоглоход ганц, хоёр аймгийн арслан цолтой бөх барилддаг бол бүх цэргийн наадамд барилдахад нэгийн даваанаас эхлээд л аймгийн арслан цолтой бөхчүүдтэй учраа таардаг. Ингээд бодохоор хэр их чансаатай тэмцээн гэдэг нь ойлгогдох байх.

-Хэлэх дуртай үг?

-Бэлтгэлийг чи хуурвал, дэвжээ чамайг баллуурдана. Би энэ үгийг өдөр бүр өөртөө хэлдэг. Тамирчин хүний амжилтад хүрэх гол түлхүүр нь бэлтгэл. Чин сэтгэлээсээ бэлтгэлээ хийж чадвал амжилт гарах нь гарцаагүй.

-Цол дээгүүр, ахмад туршлагатай бөхчүүдтэй учраа таарсан үедээ сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Өндөр цолтой бөхчүүдтэй учраа таарахдаа айж эмээх зүйл байлгүй яахав. Гэхдээ хоёр гартай, хоёр хөлтэй адилхан над шиг хүн л юм чинь хийе гэсэн зүйлээ хийгээд шулуухан барилдчихъя гэж боддог. Тэр нь ч амар байдаг.

-Удахгүй болох Үндэсний их баяр наадмын барилдаанд хэрхэн бэлдэж байна вэ?

-Бүх цэргийн наадамд зодоглосон ихэнх бөхчүүд наадамд хүчээ сорьдог. Миний хувьд эхний даваагаа сайн давлаа, одоо дараагийн зорилгодоо хүрэхээр сэтгэл шулуудаад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Цэргийн арслан цол хүртсэн бөхчүүдийн 90 хувь нь улсын цол хүртсэн түүхтэй юм билээ. Тэгэхээр булган сүүлтэй, нандин цол хүртсэнийхээ хэргийг гаргахаар хичээж байна.

-Ярилцлагын төгсгөлийг Танд үлдээе...

-Намайг дэмжиж, үргэлж миний найдвартай ар тал болж явдаг эхнэртээ баярлаж явдаг. Мөн “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүндээ баярлалаа. Та бүхний итгэлийг дааж, улам их амжилт гаргах болно.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахлах дэслэгч М.Мөнхзориг

Санал болгох

О.Ганболд: Зүрхээ буруу байрлалтайг мэдэж байсан ч уушги, ходоод, элгээ хожуу мэдлээ

Дотор эрхтний буруу байрлалтай иргэнд улаан хоолойн хорт хавдрын хагалгаа хийж амжилттай болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ удаад ховор төрлийн анатомитой иргэн О.Ганболдтой ярилцлаа. Түүний зүрх, уушги, элэг, ходоодны байрлал буруу бөгөөд улаан хоолойн хорт хавдрын оройтсон оноштой байжээ.

3 өдрийн өмнө
Б.Ганзориг: Зүрх, уушги, ходоод, элэг гэх эрхтнүүд буруу байрлалтай хүнд хавдрын хагалгаа хийсэн

Зүрх, уушги, ходоод, элэг гэх эрхтнүүд буруу байрлалтай хүнд улаан хоолойн хавдрын мэс заслыг ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын эмч нар амжилттай хийжээ. Тухайн иргэн 63 настай бөгөөд анх ХСҮТ-д ирэхдээ улаан хоолойн хорт хавдар оройтож оношлогдсон, зүрх ачаалалтай, дотор эрхтний байрлал буруу байсан байна. Энэ хагалгаа нь Монголд анх удаа хийгдсэн гэдгээрээ онцлог болжээ. Тэгвэл бид энэхүү ховор тохиолдлын талаар ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзоригтой ярилцлаа.

4 өдрийн өмнө
Б.Анхбаяр: Монгол дахь Хятадын эсрэг үзэл хоёр хүчин зүйлээс шалтгаалдаг

БНХАУ-ын Ардын Их Сургуулийн профессор Жинь Цанруны Монгол Улс Хятадад эргэн нэгдэх нь цаг хугацааны асуудал гэх агуулгатай яриа нийгмийн сүлжээнд тараад байгаа. Үүнтэй холбоотойгоор Монгол-Хятадын харилцаа болон Хятадын гадаад бодлогын талаар Хятад судлаач Б.Анхбаяртай ярилцсан юм.

4 өдрийн өмнө
Хог түүж өрхийн орлогоо залгуулдаг ганц бие ээж

Хог түүж амьдардаг гэхлээр архины хамааралтай гэх “ташаа” ойлголт нийгэмд их байдаг. Гэтэл иргэдийн хаясан хогоор амьжиргаагаа залгуулдаг өрх толгойлсон эх олон байдаг байна. Үүний нэг нь Б.Баярзул юм. Тэрээр сүүлийн 5-6 жил буюу хүүхдээ төрүүлсэн цагаас гудамж, орцоор явж байгальд хаягдах хогийг түүж өдрийн орлогоо залгуулж байна. Түүнийг ажилдаа гарахаас нь өмнө хэсэг хором ярилцлаа. 

4 өдрийн өмнө