Зэвсэгт хүчний Соёмбо сонин
Монгол Улсын Зэвсэгт хүчний сонин

“Хааны эрэлд-2018”-д 26 орны 1400 цэргийн алба хаагч оролцож байна

2018 оны 6 сарын 182018-06-18

“Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль Монголд 15 дахь жилдээ зургадугаар сарын 14-28-ны хооронд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургуульд Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЭУ, Бутан, ИБУИНВУ, Индонез, Итали, Казахстан, Камбож, Канад, Катар, Малайз, Монгол, ОХУ, Унгар, Филиппин, Франц, ХБНГУ, Шинэ Зеланд, Япон зэрэг дэлхийн 26 улсын 1400 орчим цэргийн алба хаагч оролцож байна. Тэр дундаа Бутаны Вант улсаас цэргийн ажиглагч, Катар улсаас салааны бүрэлдэхүүн анх удаа оролцож байгаа юм.

Сургуулийг Монголын талаас удирдагч, бригадын генерал Л.Гансэлэм “Тус сургуулийн хүрээнд салаадын хээрийн сургууль жил бүр явагдаж ирсэн. Харин өнгөрсөн жилээс ротын түвшний хээрийн сургуулийг зохион байгуулж эхэлсэн. Энэ нь БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэх цэргийн багийн сургалт, бэлтгэлд чухал ач холбогдолтой” гэв. “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг АНУ-ын талаас удирдагч, хурандаа Петер Монделли “НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны явцад үүсдэг цагийн байдлуудад дөхүүлсэн хэлбэрээр сургуулийг зохион байгуулна. “Хааны эрэлд” нь бүс нутагтаа энхийг дэмжих ажиллагааны том сургуульд тооцогддог. Манай улсаас 200 цэргийн алба хаагч энэхүү сургуульд оролцож байна” гэв.
Сургуулийн үеэр иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн ажиллагааг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулна. Олон улсын цэргийн эмч нарын хамтарсан баг тус дүүргийн 4, 7, 24, 26 дугаар хорооны иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Өнгөрсөн хугацаанд тус сургуульд 5 тивийн 52 орны 13 мянга гаруй цэргийн алба хаагч оролцож, энхийг сахиулах ажиллагааны арга, туршлага хуримтлуулсан бөгөөд жилээс жилд хамрах цар хүрээ нь улам тэлж, оролцогч орнуудын тоо нэмэгдсээр байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Санал болгох