Тэргүүн хатагтай- Дэд ерөнхийлөгч

8
2018 оны 7 сарын 62018-07-06

 

Үндэсний санал асуулга гэдгийг (референдум) хувь хүнд ашигтайгаар зохион байгуулах буюу хуулиа өөрчлөх замаар төр засгийн бүх эрх мэдлийг нэг хүн гартаа ахиулан атгасаар, хэвлэл мэдээллийн хэрэгслийг төр нь хянаж, үг хэлэх эрх чөлөөгөө иргэд нь алдсан улс оронд төрийн эрх, түмний хөрөнгийг хуулийн дагуу нэг айл гэр, түүнийг тойрон хүрээлсэн цөөн хүн, үе залгамжлан эдлэж болохыг Азербайжан улсын шинэ үеийн түүх тод харуулж байна.

Усны оронд газрын тос ханхалсан Каспын тэнгисийн эрэгт буй шил толь болсон өвөрмөц хийцийн барилгатай “Кавказын Дубай” гэгдэх болсон Баку хотод олон улсын нэгэн хуралд оролцох зуураа гаднаа гялгар ч, дотроо төр засгийн шийдвэрийг дагахаас иргэд нь айж, болгоомжлохоос өөр сонголтгүй болчихсон байдлыг анзаарч, гүнзгийрүүлэн судалсан энэ нийтлэлийг монголын уншигч нартаа хүргэх нь цаг үеэ олсон хэрэг гэж үзэв. 

Алсаа харсан төмөр нударгууд

1992 онд энэ улсын түүхэн дэх анхны, ардчилсан сонгуулиар 54 хувийн санал авч Ерөнхийлөгч болсон Абулфаз Элчибейг жилийн дараа төрийн эргэлтээр огцруулав. 1993 оны наймдугаар сард Зөвлөлт Азербайжаны коммунист намын (КН) дарга (1969-1981), ЗХУ-ын Аюулаас хамгаалах яамны (КГБ) генерал, ЗХУ-ын КН-ын Улс төрийн товчооны гишүүн, ЗХУ-ын Тэргүүн дэд сайд (1981-1987) асан, Парламентын шинэхэн дарга Гайдар Алиев, үндэсний санал асуулгаар Ерөнхийлөгчөөр сонгогдов.

1998 оны маргаантай, шударга бус (ВВС, ба барууны байгууллагуудын дүгнэлт) сонгуулиар дахин сонгогдсоныхоо дараа Г.Алиев 2002 онд Үндсэн хуулиа өөрчилж Ерөнхийлөгчийг орлох хүн нь Парламентын дарга биш Ерөнхий сайд болгов. 2003 оны наймдугаар сард Турк улсад зүрхээ эмчлүүлж байхдаа наян настай Г.Алиев хүү Ильхамаа Ерөнхий сайдаар томилж, өөрийгөө орлуулах болов. Хоёр сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуулиар Ильхам Ерөнхийлөгч болж, дахиад хоёр сарын дараа аав Гайдар нас барав.

2008 онд Ильхам Алиев ардчиллын нийтлэг олон дүрэм, жаягийг зөрчсөн (олон улсын ажиглагчдын дүгнэлтээр) сонгуулиар дахин сонгогдов. Нэг жилийн дотор (2009 он) ээлжит санал асуулга явуулж Үндсэн хуулиндаа өөрчлөлт хийж. Ерөнхийлөгчид хоёроос илүү улиран сонгогдохгүй тухай заалтыг хасав. Тэгээд 2013 оны сонгуулиар дахин дэвшиж “үнэмлэхүй” ялалт байгуулав.

2016 онд дахиад, улам “нарийн хяналттай” санал асуулга явуулж Ерөнхийлөгчийн хугацааг 5 байсныг 7 жил болгон сунгаж, орлогчоо өөрөө томилох эрхтэй болж, мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны хязгаарыг 35-аас 25 болгож бууруулав. Ильхамы том хүү Гайдар энэ жил 20 хүрч байгаа учир эртнээс бэлдсэн нь баараггүй.  

2017 оны 2-р сард 56 настай Ерөнхийлөгч Ильхам Алиев, улсынхаа дэд Ерөнхийлөгчөөр 53 настай тэргүүн хатагтай Мехрибан Алиевийг томилсноо зарлав. Эхнэрийнхээ төрийн эрх баригч Шинэ азербайжан намынх нь дэд тэргүүн, хөрөнгө ихтэй Гайдар Алиев сангийн тэргүүн зэрэг ажлыг хашиж буй олон жилийн туршлагыг үндэслэн орлогчоо болгож буйгаа төрийн тэргүүн чин сэтгэлээсээ тайлбарлаж, Үндэсний Аюулгүй Байдлын хороо нь дэмжив.

Алиевын гэр бүл Азербайжан улсыг хагас зуун жил удирдаж, нэг айлыг тахин шүтэх үзэл Хойд Солонгосоос ч дутахгүй, бэхжиж улс орон даяар хөшөөг нь байгуулж, олон улсын онгоцны буудал, соёл спортын олон арван байгууламжийг түүний нэрэмжит болгож байна. Эхнэр, хүүхдүүд, ач гуч нь шил дараалаад жагсчихсан учир бүгд л санал асуулгаар төрийн тэргүүн болсоор Алиевын гэр бүл дахиад хагас зуун жил улсаа удирдах байх гэж уулзсан хэдэн хүн мөрөө хавчин хэлж байлаа.

Байгалийн баялаг ба эрх мэдэл

Азербайжан улсын хүн ам 9.7 сая, газар нутаг нь 86.600 ам дөрвөлжин км буюу манай Ховд аймгийнхтай тэнцүү юм. Азери болон орос хэлтэй. Лалын шашинтай. Европ ба Азийг хөндлөнгөөрөө, Ираныг Оростой босоогоороо холбосон байршилтай орон. Газрын тосны арвин нөөц (нөөц нь 7 тэрбум баррель, дэлхийд 20-р байр) болон энэхүү стратегийн байршил нь бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын харилцаанд онцгой үүрэгтэй.  

Ерөнхийлөгч Ильхам Алиев улс орныхоо олон улсын нэр хүндийг өсгөхөд онцгой анхаарч, жишээ нь 2015 оны Европын тоглолтыг (Европын Олимп) Бакуд зохион байгуулав. Олон шинэ барилга, стадион байгуулав. Бүх орны тамирчдын онгоцны болон зочид буудлын зардлыг нь Засгийн газар нь даав. Бакуд олон улсын хурал зөвлөгөөн их зохион байгуулдаг болов.

Гэвч хүний эрхийн байгууллагууд Азербайжаны Засгийн газар нь иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөг хааж, олон хүмүүс, ялангуяа сэтгүүлчдийг барьж хорьж байгааг эсэргүүцсээр байна. Хүний эрхийн төлөө тэмцэгч Лейла Юүнүс, түүний нөхөр түүхч Ариф Юүнүс, залуу идэвхтэн Расул Жафаров, хуульч Интигам Алиев нарыг шоронд хорьсон нь иргэдийн эсэргүүцлийг улам дэврээж, тэд төр засаг нь одоохондоо хянаж чадахгүй байгаа нийгмийн мэдээллийн хэрэгслээр дургүйцлээ илэрхийлэх боллоо.

2011-2013 оны хооронд олон хотод эсэргүүцлийн жагсаал болж улс төр, нийгмийн олон асуудлыг шийдэхийг шаардсан бол бүгдийг нь цэргийн хүчээр дарж, зохион байгуулагчдыг шоронд хорив. Олон улсын байгууллагууд, гадаадын радиог нутгаасаа хөөж гаргав. 

Каспын тэнгисийн ёроолоос газрын тосны гурван том ордыг ашиглах гэрээг барууны газрын тосны компаниудын консорциумтай 1994 онд байгуулснаар энэ улсад нийт 7.4 тэрбум америк долларын гадаадын хөрөнгө оруулалт орж эхэлсэн ажээ. Боловсруулахад хямд, хөнгөн, шингэлэг газрын тосных нь олборлолт ашигтай болж эхэлмэгц Засгийн газар нь 80 хувийг авахаар гэрээг байгуулжээ.

Мөн зөвхөн Оросоор дамжиж Европ хүрдэг байсан газрын тосыг Туркээр дамжуулах шинийг барих болов. Удалгүй Засгийн газрын орлого эрс нэмэгдэж, түүний эрх мэдлийг атгасан цөөхөн гэр бүлүүд улам баяжиж эхлэв.

Панамын баримтууд дэлгэгдэхэд Алиевынхны болон Татварын сайд Ф.Маммадовын хүүхдүүд хамтран эзэмшдэг компаниудын дансанд (Ata holding) 490 сая доллар оффшор дансанд нь байлаа.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсч, нэг хүнд ногдох ДНБ нь 4000 ам доллар болсон ч хүн амын 85 хувь нь бага орлоготой, ядуу орчинд амьдарч байгаа бол дээд анги нь хүн амын 3-5 хувийг эзлэж (The Borgen project estimation) байгаа ажээ.

Байгалийн баялаг ихтэй ч, төр засаг нь ганц хүний эрх мэдэлд очоод, хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэсний улмаас иргэний нийгэм бий болохгүй, хувийн салбар хөгжихгүй, ард иргэд нь тарчиг ядуу амьдарч буй бас нэг орны жинхэнэ дүр төрх нэг иймэрхүү байна даа.

2018.07.04

Баку - Улаанбаатар 

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө