"Стандарт"-гүй хот

3
2018 оны 8 сарын 72018-08-07

Манай Улаанбаатар хотод хэрвээ ахиухан бороо орвол үер болон урсаж, эвдэрсэн зам болон нурсан элдэв овоолго дундуур иргэд нь харайн үсчинэ. Гэр хорооллын модон жорлонгуудын бохир ялгадсууд борооны устай хамтдаа урсаж хаа саагүй ѳмхий үнэр ханхлах ба тэрхүү заваан усыг туучин давхилдах машинууд хамаг брендээрээ гоёсон  хүмүүс рүү цацлан хээв нэг давхилдах аж. Борооны ус зайлуулах суваг нь битүүрсэн хийгээд бохирын ус зайлуулах байгууламж нь хуучирч, ачааллаа даахаа больсон ѳнѳѳгийн Улаанбаатар хотын дүр зураг иймэрхүү.

Манай Улаанбаатар хотод хэрвээ ахиухан цас орвол мѳсжисѳн хѳрсѳн дээрх цасан бүрхүүлэнд хүмүүс нь халтирч, хаа саагүй тархиараа газар саван унацгаана. Задгай тэвшин дээрээс гараараа хүрздэн цацалсан давснууд нь зам цэвэрлэхэд тѳдийлэн нэмэр болохгүйн улмаас “ѳвлийн”, “зуны” дугуйтай машинууд нь хичнээн хичээж тормоз гишгэх авч гулган гулгасаар бие биентэйгээ мѳргѳлдѳн гэмтэцгээх аж. Жилдээ хэдэн тѳгрѳгийг нь даатгал нэрээр авдаг компаниуд ч, жолоочийн зѳв бурууг ялгахаа больсан замын цагдаагийн газар ч, замын цасыг цэвэрлэн аюулгүй болгох үүрэгтэй байгууллагууд ч хохирлыг нь барагдуулдаггүй ѳнѳѳгийн Улаанбаатар хотын дүр зураг иймэрхүү.

Манай Улаанбаатар хотод хэрвээ ахиухан хүйтэрвэл хотыг нь нилдээ хорт утаа бүрхэж, хүүхэд хѳгшчүүд гэлтгүй бүгдээрээ хахаж цацан ханиалгацгаана, бас амьсгал нь багтарч хордоцгооно. “Ядуугийн зовлон”-гийн улмаас юу ч хамаагүй түлдэг гэр хорооллынхоны утаа, хуучирсан автомашины яндангаас ялгарах хорт утаа, технологийн хувьд хоцрогдсон хэдэн уурын зуухны утаа бүхэн нь агаарын бохирдлын олон улсын зѳвшѳѳрѳгдѳх хэмжээг хэдэн зуу дахин ѳсгѳж байхад хэнэггүй монголчууд бид хээв нэг амьдарсаар. Газрыг нь шуналын балгаар худалдсаар “хот тѳлѳвлѳлт” гэж огт үгүй болсон, “гэр хорооллын дахин тѳлѳвлѳлт” нэрийн дор “мѳнгѳ угаасаар” юуг ч шийдэж чадаагүйн балаг ѳнѳѳгийн Улаанбаатар хотын дүр зураг иймэрхүү.

Манай Улаанбаатар хотод хэрвээ ахиухан газар хѳдѳлбѳл…

Муу ёрлож байгаа юм биш, нилээд олон барилгууд нурж олон хүний амь нас эрсдэнэ. Бид яагаад ч юм бэ юм бэ? гамшгийг хүлээж байж ухаарах ёстой юм уу? хэмээн халагламаар. Барилгыг барьж эхлэхээс нь хяналт тавьж, стандартыг хянадаггүй, барьж дууссан хойно нь хундага ѳргѳн ерѳѳл хэлж, халамцуухан хүлээж авдагийн балаг хэзээ нэгэн цагт илэрнэ, гэхдээ олон хүний амиар шүү!!! Хүнийг ая тухтайхан амьдруулахын тулд биш, зѳвхѳн мѳнгѳ олохын тулд чанаргүй материалуудаар стандартгүй барьсан олон барилгуудтай ѳнѳѳгийн Улаанбаатар хотын дүр зураг иймэрхүү.

СТАНДАРТ ГЭЖ ЮУ ЮМ БЭ?

Ямар ч хот сууринг барьж байгуулахдаа тэнд амьдрах хүмүүсийн ая тух, аюулгүй байдлын тѳлѳѳ тогтоосон хэм хэмжээг стандарт гэдэг юм. Тэр хотод ажиллаж амьдрах хүмүүсийн хувьд ийм стандартууд нь маш ойлгомжтой байх тѳдийгүй, тэдний хувьд дагаж мѳрдѳх хэм хэмжээ, бас хууль нь байдаг. АНУ аас бидний бэлтгэж олон нийтэд үзүүлж байгаа “Хѳгжлийн замаар” нэртэй цуврал нэвтрүүлгүүдэд бид Монголын хѳгжилд хэрэгтэй стандартуудын талаар л ѳгүүлсэн. Хэрвээ анхаараад үзэх юм бол “Бохирын ус цэвэршүүлэх байгууламж”, “Ус сувгийн байгууламж”, “Хог хаягдлын үйлдвэр”, “Барилгын стандарт” сэдвүүд бүгдээрээ тэнд байгаа. 

3 сая хүн амтай хэрнээ нийслэлдээ 1.5 орчим нь бѳѳгнѳрсѳн Монгол орны хувьд энэ бол шийдэхэд тийм ч хэцүү асуудлууд биш. Гагц чин сэтгэл л дутаад байна даа. Дээр нь монголчүүд бидний хэнэггүй, бүдүүлэг араншин нѳлѳѳлж байна. Хэдхэн жилийн дараа Монголд нүүрлэх “Уушигны хорт хавдрын ѳвчлѳл”-ийн талаар бид түгшихгүй байна. Бидний шогч сэтгэлгээнд түшсэн марзаганалыг ойлгож болох хэдий ч бодитоор нүүрлэсэн аюул, үхлийн талаар бодох цаг болж байна. Улаанбаатар хотын “хот тѳлѳвлѳлт” “бодлогo”-ыг шунаг сэтгэлгээний улмаас үгүй болгосон хотын дарга нар болон түүнээс хойш Улаанбаатар хотыг удирдсан бүх хүмүүсээс “ял асууж” хариуцлага тооцох ёстой.  “Хэрэг хэзээ ч хуучирдаггүй юм”, хүмүүс ээ.  Учир нь энэ бол уурхай тѳдийхэн биш, олон хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудал.

ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, ГЭЖ ҮҮ?

Олон жилийн ѳмнѳ энэ асуудлаар сэтгэлээ чилээж “Улаанбаатарын утаанаас Хархорум руу” нэртэйгээр нийтлэл бичсэн тэр л итгэл үнэмшил минь хэвээрээ байгаа. Монгол Улсын нийслэлийг Улаанбаатар хотоос Хархорум хот руу шилжүүлэх хэрэгтэй байна. Ингэж байж хѳгжих хязгаартаа тулсан Улаанбаатар хотын ачааллыг бууруулж чадна.  Хархорум хот бол түүхийн талаасаа дэлхийн “бренд”. Тойруулаад олон улсын хотуудын тѳвлѳрлийг бий болгож, тѳв хэсэгтээ Монгол нүүдэлчдийн уламжлалт “бренд” бий болгох нь дэлхийн аялагчид, жуулчдыг татах боломж. Эхний ээлжинд “Парламентийн ордон”, “5- р Цахилгаан станц”, “Олон Улсын нисэх онгоцны буудaл”-ыг Хархорум хотод байгуулахад л энэ тѳслийн хэрэгжилтийн эхний шат биелэх болно.  Хот тѳлѳвлѳлтѳѳ ѳнѳѳгийн хѳгжлийн технологи дээр суурилан хѳгжүүлснээр, аажим аажимдаа дүр зураг босч, стандартууд тодорхой болно. Мѳнгѳ хаанаас олох юм бэ, гэж үү? 13 р зуунд Хархорумын орчин тогтнож байсан шиг Хархорумыг тойруулаад Япон, Солонгос, Хятад, Америк, Европын улсуудын хотуудыг тэдний хѳрѳнгѳѳр байгуулж болно. Тэднээс авах татвараараа үндсэн хотоо байгуулж болно. Улаанбаатар хотод “Засгийн Газрын хуралдаан”-д оролцохын тулд “Парламентийн гишүүн” нь Хархориноос нэг цагийн хурдны галт тэргэнд суугаад очно гээд бод доо. “Мѳрѳѳдѳхѳд мѳнгѳ тѳлѳхгүй” нь үнэн ч “Мѳрѳѳдѳхгүй бол мѳхдѳг” гэдгийг ч бас мартаж боломгүй дээ. Хэрвээ стандартгүй бол бид мѳхнѳ, бас үхнэ. Ойлгомжтой биз дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

15 өдрийн өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

2 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө