Зэвсэгт хүчний Соёмбо сонин
Монгол Улсын Зэвсэгт хүчний сонин

"Восток 2018" стратегийн хамтарсан сургуулийн эргэн тойронд

9
2018 оны 9 сарын 212018-09-21

ОХУ-ын Зэвсэгт хүчин, Хятадын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Восток-2018” байлдааны буудлагатай стратегийн хээрийн сургуульд томилогдсон бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Сургуульд оролцсон манай салааны бүрэлдэхүүн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 13.00 цагт ОХУ-ын Чита хотын нисэх онгоцны буудалд газардан, цааш МиГ-26 нисдэг тэргээр “Цугол” сургалтын төвийн районд очиж байрласан. Уг сургуульд салааны бүрэлдэхүүнийг оролцуулах бэлтгэл ажлын хүрээнд “Восток-2018” хамтарсан сургуулийн бодлого, төлөвлөгөөтэй танилцах, харилцан ажиллагааг зохион байгуулах, салааны бие бүрэлдэхүүний гүйцэтгэх үүрэг, байр, бэлтгэл хийх цаг хугацааг тодотгох зорилгоор ОХУ-ын Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнтэй 7 удаагийн уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, салааны бие бүрэлдэхүүний үйл ажиллагааг удирдан чиглүүлж, нэгдсэн дадлага хийлгэж, холбогдох бүрэлдэхүүнд зааварчилгаа өгч ажилласан юм.

Сургуулийн явцад ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, армийн генерал В.Герасимов, “Дорнод” цэргийн тойргийн командлагч, хурандаа генерал А.Журавлев, 29 дүгээр армийн командлагч, хошууч генерал Е.Поплавский, командлагчийн орлогч, хошууч генерал Жемайтис, 36 дугаар армийн командлагчийн орлогч, хошууч генерал В.Шарагов нар бригадын генерал Л.Гансэлэм болон ажиглагч офицеруудыг албаны шугамаар хүлээн авч уулзан санал солилцож, харилцан ажиллагаа, үйл ажиллагааны чиглэлээр зааварчилгаа өгсөн. Манай мотобуудлагын салааны бүрэлдэхүүн ОХУ-ын “Дорнод” цэргийн тойргийн 29 дүгээр армийн 36 мбтбр-ын 2 мбтб-ны 4 мбтр-ын бүрэлдэхүүнд томилогдож үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Салааны бие бүрэлдэхүүн нэгдсэн бэлтгэл сургуульд 2 удаа, хэсэгчилсэн дадлагад 7 удаа, нийт 9 удаа бэлтгэл сургуульд хамрагдсан.

Тус сургууль ОХУ-ын Чита муж дахь “Дорнод” цэргийн тойргийн “Цугол” сургалтын төвд явагдсан юм. ОХУ, БНХАУ, Монгол Улсын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Восток-2018” стратегийн хээрийн сургууль “Цэргийн бүлэглэлээр хориглох болон давших байлдааны ажиллагааг зохион байгуулж, явуулах” сэдвээр явагдлаа. 

Сургуулиар “Алслагдсан газар орон, далай тэнгис, агаарын орон зайд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх дадлага, чадавхыг нэмэгдүүлэх, Дорнод болон оперативын бусад чиглэл, тэнгисийн бүсэд цэргийн бүлэглэлүүдийн харилцан ажиллагааг дээшлүүлэх” зорилго дэвшүүлж, сургуулийн ажиллагааг ОХУ-ын “Төв” болон “Дорнод” цэргийн тойргийн ерөнхий цэргийн 10 сургалтын төв, АЦХ, ТЦХ, АДХЦ-ийн 5 сургалтын төв, Япон, Беринг, Агнуурын тэнгист тус тус зохион байгуулж явуулсан юм. Энэ сургууль нь ОХУ-ын түүхэнд байгаагүй өргөн цар хүрээтэй явагдсанаас гадна Хятадын Ардын чөлөөлөх армитай хамтарч, Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөллийг оролцуулсан стратегийн түвшний томоохон сургалт дадлага болсноороо онцлогтой байлаа. Мөн их хэмжээний зэвсэг, байлдааны техникийг алс зайд маршаар шилжүүлэн бүлэглэж цэргийн бүлэглэл байгуулсан, ОХУ-ын өнцөг булан бүрээс тусгай хүчний анги, салбаруудыг татан оролцуулсан зэргээрээ анхаарал татсан үйл явдал болов. 

Сургуулийн үндсэн үе шат ОХУ-ын Чита мужийн “Цугол” сургалтын төвд явагдсан бөгөөд ОХУ-ын Зэвсэгт хүчнээс 300000 цэргийн алба хаагч, 1000 нэгж нисэх онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, 80 нэгж хөлөг онгоц /хангалтын хөлөг онгоц/, 36000 танк, хуягт тээвэрлэгч болон байлдааны техник, Хятадын Ардын чөлөөлөх армиас 3500 орчим цэргийн алба хаагч, 30 нисэх онгоц, нисдэг тэрэг, 900 орчим байлдааны техник оролцсон.

“Восток-2018” хамтарсан сургуулийн “Цугол” сургалтын төвд явагдсан байлдааны буудлагатай сургууль дараах үе шатаар явагдлаа. Үүнд:

Нэгдүгээр үе шат:
Хоёрдугаар цуврааны сөрөг цохилтын бүлэглэл усан саадыг гатлаж, байлдааны өмнөх журамд шилжих
1.Сөрөг цохилтын бүлэглэл Онон голыг заагдсан гармаар гатлахад бэлтгэх;
2.Усан саад гатлах ажиллагаа;
3.Байлдааны өмнөх журамд шилжих.

Хоёрдугаар үе шат:
Нэгдүгээр цуврааны ерөнхий цэргийн анги, нэгтгэлүүд хориглолтын нэгдүгээр байрыг эзэлж, эсрэг талын цэргийн бүлэглэлийн давшилтыг няцааж, хоёрдугаар цуврааны бүлэглэлийн байлдаанд орох нөхцлийг бүрдүүлэх
1.Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг байлдааны ажиллагаанд бэлтгэх, газар орны туршуул явуулах;
2.Авиацийн болон артиллерийн цохилт хийх;
3.Тактикийн агаарын десант ашигтай байрлал эзэлж, нэгдүгээр цуврааны анги, нэгтгэлүүдийн хориглолтод шилжих нөхцлийг бүрдүүлэх;
4.Ерөнхий цэргийн нэгтгэл, ангиуд хориглолтын байрыг эзлэх, хориглох байлдааныг явуулах.

Гуравдугаар үе шат: 
Хоёрдугаар цуврааны сөрөг цохилтын бүлэглэл давшилтад шилжиж дайсныг устгах
1.Нисэх онгоц, нисдэг тэрэгний бүлгээр дайсны байрлалд цохилт өгөх; 
2.Сөрөг цохилтын бүлэглэлийг байлдаанд оруулж, бүх төрлийн зэвсгээр галын хөнөөл үзүүлэх;
3.Дайсны гүнд агаарын десантын батальонуудыг нэгэн зэрэг буулгаж, эсрэг талын удирдлагын байр, аэродромуудыг эзлэх ажиллагааг явуулж, хоёрдугаар цуврааны бүлэглэлүүдийн хүчээр ойрын болон дараагийн үүргээ биелүүлж, дайсныг мөрдөн хөөж устгах;
4.Ар тал, татан гаргалтын бүлгүүдийн ажиллагаа, бүх талын хангалтыг зохион байгуулах.
Хамтарсан цэргийн бүлэглэлийн байлдааны журмыг 2 цувраагаар зохион байгуулсан.

Нэгдүгээр цувраанд “Дорнод” цэргийн тойргийн 29 дүгээр армийн 36 дугаар мотобуудлагын тусгай бригад /Бүрэлдэхүүнд нь Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын салаа/, ХАЧА-ийн нэгдүгээр механикжуулсан бригад тус тус томилогдсон. /Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Зэвсэгт хүчний явган цэргийн салбар оролцож байгаа хэмээн зарлагдсан/.
Хоёрдугаар цувраанд 36 дугаар армийн 37 дугаар мотобуудлагын тусгай бригад, 5 дугаар танкийн тусгай бригад, 35 дугаар армийн 38 дугаар мотобуудлагын тусгай бригад, ХАЧА-ийн нэгдүгээр механикжуулсан бригадын хүч хэрэгслийн зарим хэсэг, зенит-пуужин, артиллер, агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, байлдааны болон ар тал, техникийн хангалтын бүлэглэлүүд үүрэг гүйцэтгэж, стратегийн болон фронтын, армийн авиац, пуужинт артиллер дэмжсэн юм. 

Хамтарсан цэргийн бүлэглэлийн командлалаас өөрийн цэргийн давшилтыг дэмжих үүрэгтэйгээр агаарын десантын тусгай бригад, батальонуудыг тус тус томилгоожуулж үүрэг гүйцэтгэсэн. Байлдааны буудлагатай сургуульд тактикийн агаарын десантыг артиллер, байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэгний галын дэмжлэгтэйгээр ашигтай зааг эзлэх, тусгай чиглэлд үүрэг гүйцэтгүүлэх, бүх төрлийн маневр үйлдэх, гэнэтийн цохилт хийхэд өргөнөөр ашиглаж байв. 

Түүнчлэн агаарын тагнуул болон радио электрон тэмцлийн хэрэгслүүдийг идэвхтэй ашиглаж, бага оврын, нисэгчгүй нисдэг хэрэгслүүдийг 4 хэсэгт хувааж, дараах үүргийг гүйцэтгүүлсэн. Үүнд:
-Нэгдүгээр бүлэг нь тагнуул болон радио электроны тэмцэл явуулах,
-Цохилтийн бүлэг /хоёр, гуравдугаар/ буюу “камиказе”, 
-Дөрөвдүгээр бүлэг нь галын хөнөөлийн үр дүнг хянах, артиллерийн галын төлөвлөлтийн шууд холболтыг зохион байгуулсан. Дуран харааны хэрэгслээр 300 км хүртэлх гүнд, радио электрон тагнуулын хэрэгслээр 600 км-ийн гүнд тус тус агаарын тагнуул явуулах чадвартай дунд ангиллын нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг цэргийн нисэх хүчний бүлэглэлд ашигласан. Эдгээр нисэгчгүй нисэх төхөөрөмжүүд нь 12 цаг нислэг үйлдэх боломжтой ба дайсны байрлалыг илрүүлж, целийн тухай мэдээллийг 1, 2 дугаар цуврааны командын байр, пуужинт артиллерийн бүлэглэлийн удирдлагын байруудад шууд дамжуулсан зэрэг Сирийн ажиллагааны үед хуримлуулсан байлдааны арга тактикуудаас ашиглаж байв.

“Восток-2018” хамтарсан сургуулийн байлдааны буудлагатай сургууль 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр явагдсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу болон цэргийн удирдах бүрэлдэхүүн, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ванцюань, ОХУ-д ажиллаж байгаа гадаадын улс орнуудын цэргийн атташе нар, гадаадын болон оросын хэвлэл мэдээллийн агентлагууд хүрэлцэн ирсэн юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс байлдааны буудлагатай сургууль, цэргийн ёслолын жагсаалд тус тус оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэв. Ёслолын жагсаалд бригадын генерал Л.Гансэлэм тугийн чиглүүлэгчээр, тугчаар хурандаа Ш.Гэрэлт-Од, ахлах ахлагч Б.Ганзориг нар Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлөн оролцлоо. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар сургуульд амжилттай оролцсон 14 цэргийн алба хаагчийг “Дайчин нөхөрлөл” медалиар шагнаж, 2 цэргийн алба хаагчийн шагналыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин биечлэн гардуулж баяр хүргэв.

Эцэст нь тэмдэглэхэд “Восток-2018” сургууль нь 3 улсын хамтарсан, их хэмжээний хүн хүч, зэвсэг техник оролцсон, сүүлийн 35 жил явагдаагүй өргөн цар хүрээтэй сургууль боллоо. Энэхүү сургуулийн ач холбогдол нь Монгол Улсын цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг үнэлэхээс илүүтэй оролцогч улсын тоо, сургуулийн цар хүрээг нэмэгдүүлж, холбоотон улсуудын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэргийн сүр хүчийг дэлхий дахинд таниулахад оршиж байв.

Энэхүү сургуульд манай улсын цэргийн алба хаагчид оролцсон нь олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэр хүндийг өргөөд зогсохгүй хоёр хөрштэйгөө цэргийн хүрээнд хамтран ажиллаж, Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлсэн чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Санал болгох

НҮБ Украины цөмийн байгууламжийн асуудлаар хуралдав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины цөмийн байгууламжийн аюулгүй байдлыг хянан хэлэлцлээ

10 цагийн өмнө
Японы иргэд эсэргүүцлээ илэрхийлж жагсав

Японы засгийн газар сүүлийн үед батлан хамгаалах асуудлаар олон "жижиг үйлдэл" хийж байгаа юм

16 цагийн өмнө
Афганистан-Ираны хил дээр буудалцаан боллоо

Хилийн буудалцаантай холбогдуулан Талибаны удирдагч Абдулхамид Хорасани “Хэрэв ахмадуудын зөвлөл зөвшөөрвөл ариун дайныг эхлүүлж, авлигад идэгдсэн Иран улсыг байлдан дагуулж, эзлэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдэж байна.

18 цагийн өмнө