Нийтийн үйлийн үрээс "дуулдаг" лам нар...

3
2018 оны 11 сарын 232018-11-23

e2197cf0-3a72-4744-9b42-4765371cfb91,баасансүрэн хамба лам дуулдаг эрдэнэзуу.JPG.jpg

Их жанжин Д.Сүхбаатарынхаа хэлсэн үгийг ялимгүй гуйвуулав. Төр түмэн минь өршөөнө биз. "Нийтийн үйлийн үрийг нимгэлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл чухал" билээ. Бас "аливаа хүн сэхээрэх замыг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно" гэж мушгиж ч болох юм. Зарим номтой хүмүүс сүүлийн үед жанжны хэлсэн үг биш гээд байдаг болсноос биш яаж ч өөрчилсөн, хэн ч хэлсэн бай дээрх үгс бидний хувьд лоозонжсон зуунаас цээжинд ирсэн хамгийн чухал ойлголтуудыг хадгалж байна. Тэр нь аливаа бүхэн зөвхөн өөрийн дотор оршин гэдэг хөтөлбөргүй зөв номлол. 

Түүхэн хэрэг явдлын зөрчилтэй боловч бурханы шашин бидний итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн маш том орон зайг эзэлдэг. Эзэлсээр ч байх болов уу? Гэвч он улирах тусам байр сууриа бага багаар алдаж байна. Энэ янзаараа ирээдүйд ямар хэмжээнд хүрэхийг би тааж хэлж, тамшаалж айлдаж чадахгүй. 

Манай бурханы шашны хамаг гол гүн ухаан" үйлийн үр"-ийн тухай ойлголтонд цогцоороо багтдаг гэхэд буруудах юу билээ. Үнэлэмжийн философийн үүднээс эерэг ба эсрэг хандлага нь нэгэн ойлголтонд багтаж байдаг нь онц сонирхолтой. Үйлийн үр гэхээр зөвхөн эсрэг талаас нь ойлгох нь өрөөсгөл, муу үйлийн үр боловсорч байгаатай хамт сайн үйлийн үр ч бас давхар бүрэлдэж байдаг. Гоозүйн шинжлэх ухааны талаас ч тэр "сайн үр", "муу үр" боловсрох нь чухамдаа нэг язгуур үндсээс салаалсан байх магадлалтай. Нэг язгуураас сайн муу хоёр зэрэг салаалж болох тухай номлосноороо илүү чөлөөт сэтгэлгээний шинж хадгалж байгаа үзэл суртал, үнэт зүйл бол бурханы шашин юм. 

Энэ бодол минь үгүйсгэгдэж болно. Учир нь түгээмэл бүх шашинд тийм хандлага бий. Харин Бурханы шашин илүү төгс хэмжээнд тэрхүү үзлийг боловсруулсан гэдгийг л дөвийлгөж хэлээд байгааг ойлгоно биз дээ. Гэхдээ би цагийн байдлаас болоод олны эргэлзээтэй нэг зүйлд л саналаа хэлэхийг хүслээ. 

Жишээ татаж болох юм. Сүүлийн үед манайд "дуулдаг" лам багш нар элбэгшив. Эсвэл уран илтгэгч, уран номлогч талын арга зүйтэй хуврагууд олширов. Тэд маань шашин номоосоо халиад улс төр, эдийн засаг гээд асар өргөн хүрээнд ярих болжээ. Энэ үнэхээр сайн явдал. Хуварга хүн гэдэг хэдэн төвд ном цээжилснээс өөр эрдэмгүй мэтээр ойлгодог бурангуй үзлийг бут цохиж байна. Залуу эрдэмтэй бас эх оронч хуврагуудын зөв үзэл нийтэд ч нийгэмд ч их нөлөөлж байна. Харин хуврагын ёс энэ тэрээ зөрчиж байгаа талаар би сайн мэдэхгүй тул юу хэлэх билээ. Ер нь тэгээд үзэл бодлоо, үг үйлдлээрээ илэрхийллээ гээд бурууддаг "ёс" хаа ч байж таарахгүй. Тэртусмаа өвөрмөц өгөгдөлтэй, нэн орчин цагт. 

Гэтэл цөөнгүй хүмүүс тэднийг ном ухаандаа мэргэшихээсээ илүү нэр алдар хөөн дурлагчид гэж үзэх юм. Олонхтой нь би санал нийлэхгүй байна. Яагаад НИЙТИЙН ҮЙЛИЙН ҮР нийгмээрээ эсрэг талаасаа боловсорч байгаа энэ цагт лам хүн "дуулаад" ч болтугай "соён гэгээрүүлэх" аргыг ашиглаж болохгүй гэж. Хувьсгалт өөрчлөлтөнд зөвхөн төрийн хар хүн оролцдог гэх хэт хуучин хөлдүү үзлээсээ салцгааж, 1911 оны эрх чөлөөний тэмцэлд идэвхтэй оролцсон том толгой лам нараа санацгаая. Ардын хувьсгалд ч ялгаагүй Бодоогоос авахуулаад "эх оронч лам хуварга" цөөнгүй байсныг бүү мартацгаая.


Шашин ном миний мэдэхийн л олны дотор хамгийн нөлөөтэй зүйл. Лам багшгүй улс төрчин, бөхчин, наймаачин, найраачинг одоо цагт олоход бэрх биш шүү дээ? Даанч цөөнгүй шашин номын хүмүүс тэдний өгсөн овоохон барьцанд нь болоод "барьцаалагдаж" муу үйлийг нь хаах муухай арга засал хийдэг болохоос биш. Харин жинхэнээсээ ламын ёс, номын тангарагаа зөрчсөн тэдгээр шар "юунуудтай" /арай зөөлрүүлэв/ хайр найргүй хатуу тэмцэж, ариун бусаар олж цуглуулсан сүм хийд, унаа тэрэг, хөрөнгө хогшлыг нь олны нүдэн дээр сайн үйлд, буяны хэрэгт зориулвал таарна. Харваас нүд нь өглөгийн эзний гар дээр эргэлдсэн олон хутагт хувилгаад нэртэй санваартан "самбаатан" энэ цагт төрөн гаржээ. Цагийн мууг ашиглаж, шашин номын нэрээр "бизнес" хийх явдал хэрээс хэтэрснийг хэн хүнгүй мэдэж байгаа шүү. Төлдөрхөн нэг том хувилгаан аврал эрээд ирсэн хүмүүсийг өмссөн зүүснээр нь шинжээд, "бүтэхгүй болжээ, уруудсан байна, доройтсон ажээ" зэргээр муу амлаад чамгүй мөнгө нэхээд мэлтийж сууналээ. Олны дотор оронтой, гарантай, олигтой, олиггүй юм бишгүй байх. Бүгд бас тийм болчихоогүй, үнэн номынхоо ариун журмаар яваа олон санваартан найз надад байна. Азаар тэд нар минь номын журмыг ёсчлон барьж, буяны үйлд чин сэтгэлээр зүтгэж явдаг. Бурханы туйлбартай шавь та нар минь авралдаа харин багтаа. 

Харин чиг номоо наймаа болгосон тэд нарын дэргэд олноо ухааруулах санаатай энэ хэдэн залуу лам нар харин ч өнөөдрийн бүүдгэр амьдралын завсараар туссан өчүүхэн төдий "үнэний" гэрэл биш гэж үү? Тэгээд ч тэднийг сахил санваараа алдсагсад гэж үзэгсэд лам хүн яагаад дуулж, яагаад уран номлож, яагаад улс төр ярьж болохгүй гэдгээ даруйхан батлах хэрэгтэй. Тийм учраас болдоггүй юмаа гээд гаргаад ирвэл дагаад "намирахад" үзэл ном нимгэн би хувьдаа бэлхэн. Илүү орчин үежсэн бодлоор нийтийн үйлийн үрийг нимгэлэхэд сүүлийн үед олноороо төрөх болсон дуулдаг лам нарын "хэрэгцээ шаардлага" /энэ яг тохирсон үг мэт санагдаад/ их байж ч болох юм. 

Чухамдаа арга чарга, аврал засал гэдэг ганданд очиж хэдэн ном айлдсанаар болдог гэх дундад зууны " үзлээ" одоо өөрчлөх цаг болжээ. Шашин номын гандан хийд зөвхөн бичүүлсэн судар номынх нь тасалбараар хэмжигддэг "үйлчилгээний байгууллага" биш, сүсэглээд зорьж очсон бүгдийг нийтийн үйлийн үрийн самуунаас салгадаг, зөв замын мөрд хөтөлдөг "соён гэгээрэлийн" орон газар байгаасай гэж хүсдэг минь энэ залуусын гавжийн дамжаагаа барьж, гандан хийдээ толгойлох үед хэрэгжээсэй. Мунхагийн харанхуйд өнжсөн түмэн олноо муу явдлаас нь хэлтрүүлэхэд, энэ цагт нь тохирсон арга ухаанаа хэрэглээд цаламдуулж орхисон муу үйлийн үрээс нь салгах болтугай. 

Бид оюуны болоод сэтгэлийн гэрэлгүй, тас харанхуй байгаа нь үнэн билээ. Үнэнээр барахгүй үнэн билээ. Саяхан нэг багш ингэж ярив. "Манай хөдөөнийхөн дэндүү мунхарч байна. Адуу малаа алдчихаад айл саахалтаасаа асуухын оронд сум орж лам хараас сураглах юм. Тэр хооронд нь өнөөх хулгайлагдсан хөрөнгө нь хэдийнээ "Хүчит шонхор" зах дээр хүний хүйтэн гараар орчихсон байдаг" 

Энэ ч зөвхөн хөдөөнийхөнтэй холбоотой жишээ биш л дээ. Хот хөдөөгүй бид бурханы шашны мөн чанараа буруу ойлгоод байгаа юм. Энэ л ойлголтын гэм, үйлийн алдааг хэн засах юм. Хэдхэн жилийн өмнө ялимгүйгээр барахгүй хазгай барьсан байшиндаа олон хүн суулгаж, олз ашиг олох гээд лам залж ном уншуулж байсан танил надад бий. Хэдэн жилийн өмнө ар өврөөр авсан өгснөө нуух гээд гэртээ долоон өдөр хурал хуруулсан дарга надад бий. Хэдэн жилийн өмнө эхнэр хүүхдээ хаяж, эмс охидтой орооцолдоод хэнээс нуугдах санаатай юм мэдэхгүй хэдэн өдөр гандангаар гүйсэн найз надад бий. Саяхан эрдмийн зэрэг хамгаалахынхаа өмнө ламаас авсан элс шороогоо багш нар руугаа цацсан шавь надад бий. Саяхан муу зохиол бичлээ гэж шүүмжилсний минь төлөө гарын алга цоо хатгасан үзэгний зурагтай илгээмж явуулсан эрдэмтэн нөхөр ч бий. Саяхан хүүгээ хайр сэтгэлээр биш хөрөнгө зоориор гэрлүүлэх гээд сэтгэлтэй хосыг нүдэн дээр салгасан эгч надад бий. 
Энэ бүх НИЙТИЙН БУРУУ ҮЙЛИЙН ҮРИЙГ нимгэлэхэд дуулдаг лам нар ч бас хэрэгтэй.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 
2018-11-20

Санал болгох

"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

5 цагийн өмнө
Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

7 өдрийн өмнө
40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

8 өдрийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

13 өдрийн өмнө