Нийслэл guide
Сэтгүүл

Оросын “Цэнхэр шувуу” наадмын түүхэнд анх удаа морин хуур эгшиглэсэн нь

1
2018 оны 2 сарын 92018-02-09

9a7464e8-c88c-4ff5-97aa-de68c361998c,алтар2.jpg.jpgОросын “Синяя птица” буюу “Цэнхэр шувуу” нэртэй авьяаслаг хүүхдүүдийн ТВ уралдааны бичлэг монголчуудын дунд өргөн тархдаггүй. Харин өнгөрсөн оны сүүлээр морин хуур, лимбэ, ятга хөгжмөөр оросын нэгэн аялгууг тоглож буй хүүхдүүдийн бичлэг нийтийн сүлжээгээр тархаж, олны анхаарлыг татсан билээ. Тэдний багш Н.Нямдорж нь Дорноговийн уугуул нэгэн бөгөөд Улаан-Үдэд морин хуурын багшаар олон жил ажиллаж байна. Тэрбээр “Цэнхэр шувуу” уралдаанд оролцож олон хүний магтаалыг хүртсэн урлагийн үзүүлбэрийн найруулга, зохиомжийг хийсэн аж.

Та ажил, амьдралаа Улаан-Үдтэй холбожээ. Хамгийн анх ямар зорилго өвөрлөн урлагт зүтгэж эхэлсэн бэ? 

Юуны өмнө энэ удаагийн дугаарынхаа зочноор урьсанд баярлалаа. Бүх монголчууддаа ирж буй Цагаан сарын мэндийг дэвшүүлье. Миний аав хөгжмийн зохиолч Д.Нацагдорж Монгол, Буриад улсын УГЗ, ээж маань Буриад улсын УГЗ, Чайковскийн нэрэмжит Хөгжмийн коллежид Шанз хөгжмийн ангийг анх нээсэн хүн. Одоо шавь нар нь Буриад улсын Байгаль чуулгад төдийгүй Халимаг, Тува, Испанид хүртэл ажиллаж амьдарч байна. Төрж өссөн нутаг маань Дорноговь аймгийн Сайншанд хот. Багаасаа урлагийн гэр бүлд өссөн миний хувьд ихэнх айлын хүүхэд аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөдгийн адил урлагтай ажил амьдралаа холбосон. 

29107a65-5128-46f6-aa71-d8a2a623e1b8,алтар1.jpg.jpg

Улаан-Үд хотын П.И.Чайковскийн нэрэмжит Урлагийн коллежид Ардын хөгжмийн багшаар ажиллаад хэр удаж байна вэ. Та морин хуурын чуулга байгуулах бодолтой явдаг гэсэн. Бодлоо бодитоор хэрэгжүүлэхийн тулд танаас юу шаардагдаж байна вэ? 

Анх 2005 оноос ОХУ-ын Буриад улсын П.И.Чайковскийн нэрэмжит Урлагийн коллежид морин хуурын багшаар гурван жил ажилласан. Дараа нь 2008- 2013 онд Дорнод Сибирийн Урлагийн академид элсэн орж, удирдаач- багш-гоцлол хөгжимчин мэргэжлээр суралцаж төгссөн. Анх коллежид багшилж байхдаа сайн шавьтай болохын тулд бүр багаас нь гардан сургах хэрэгтэйг ойлгосноор хүүхдийн хөгжмийн сургуульд багшилж гарын шавь нараа бэлдэж эхэлсэн. Морин хуурын чуулга байгуулах бодол минь ч энэ бүхнээс эхлэлтэй. Миний ажил бол урлагийн ажил гэхээсээ илүү сурган хүмүүжүүлэх чиглэлийн, боловсролын ойр ажил юм.

5ad66848-c19c-48b2-974d-e3b63b740733,алтар3.jpg.jpg

Та шавь нарыгаа оросын залуу авьяастнуудын “Цэнхэр шувуу” ТВ хөтөлбөрт хэзээнээс эхэлж бэлдсэн бэ. Хөгжмийн гурвалыг хэрхэн бүтээсэн түүхээсээ хуваалцана уу? 

“Цэнхэр шувуу” ТВ уралдаан нь 2017 онд гурав дахь удаагаа болж өнгөрлөө. Энэ нь бүх оросын хэмжээнд урлагийн залуу авьяастнуудыг эрэлхийлж, олон нийтэд таниулах зорилготой өндөр хэмжээний уралдаан юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн уг уралдаан дөрвөн үе шаттай. I шатанд хүүхдүүд өөр өөрийн хөгжмөөр гоцлол үзүүлбэр тоглож, видео хэлбэрээр илгээсэн. Тэмцээний ерөнхий шүүгч нар буриад нутгаас оролцсон тэдгээр хүүхдүүдээс шүүгээд II шатанд 40-өөд хүүхдийг шалгаруулж, тэднийг буриадын БГТРК буюу буриадын төв телевиз дээр дахин шалгаруулалтад оруулж, тэндээс финалд тоглосон гурван хүүхэд шалгарсан юм. Ингээд өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Москвад III шатны шалгаруулалт болсон. Москвагаас III шатанд зориулж манай гурван хүүхдийг нийлж нэг номер тоглох санал ирүүлсэн. Ингэж бид Youtube-ээр олон мянган хүний үзсэн үзүүлбэрийг бэлдсэн юм. 

313d7a61-d10f-4e49-af8d-ca375a4a904b,алтар4.jpg.jpg

Хамтлагийг Алтаргана хэмээн нэрлэсэн байсан. Буриадад ийм нэртэй хөгжмийн наадам болдог. Яагаад заавал энэ нэрийг өгөх болов? 

Алтаргана гэдэг үгийг сонсоход л Буриадтай холбоотой утга санаа илэрхийлэгдэж байдаг брэнд үг юм. Буриад нутагт ургадаг цэцгийн нэр, их сонсголонтой гоё нэр шүү. Шавь нар тань хүмүүсийн чихэнд хоногшсон аялгуу болох В.Вавиловын “Город золотой” дууны аяыг тоглосон.

Энэ дууг сонгох болсны шалтгаан юу байв?

Энэ уралдаан маш хүнд сорилттой байсан. Бидний гурав дахь шатанд тоглох зохиолыг Москва руу явахаас хэдхэн хоногийн өмнө гэрийн даалгавар болгож өгсөн юм. Харин энэ зохиолыг ямар хөгжмөөр яаж тоглох вэ, яавал илүү гоё сонсогдох вэ гэхчлэн хөгжмийн найруулга, зохиомжийг бодож олж бичих нь миний үүрэг байлаа.

“Цэнхэр шувуу” дээр оросын олон уран бүтээлч монгол үндэсний хөгжмийг анх удаа харж байсан. Морин хуураар сонгодог хөгжим тоглож болдгийг хараад тэд их гайхаж байна билээ. Үндэснийхээ хөгжмийн гайхамшгийг хойд хөршдөө илүү таниулахын тулд та цаашид юу хийх вэ? 

“Цэнхэр шувуу” наадмын түүхэнд анх удаа морин хуур хөгжим эгшиглэсэн гэж бодохоор цаанаа л нэг сайхан, бахархмаар. Хоёрхон чавхдастай мөртлөө сонгодог, ардын гээд бүх төрөл жанраар хөглөгдөж чадаж байгаа монгол үндэсний хөгжмөөрөө бахархахгүй байхын аргагүй. Миний хувьд морин хуур хөгжмийг хилийн чанадад таниулан зааж сургаж, олон шавь нар төрүүлэн гаргаж байгаа нь монголын өв соёлыг сурталчлан таниулах үйлсэд оруулж буй бага ч гэсэн хувь нэмэр минь юм болов уу гэж боддог.

06878bd2-4a9c-446c-bcb9-24caf1df04e6,алтар5.jpg.jpg

Алтаргана хамтлагийн тань үзүүлбэр “Цэнхэр шувуу” ТВ хөтөлбөрийн III улирлын шилдэг үзүүлбэрт багтаж чадлаа. Энэ тэмцээнд ялсан хүүхдүүдийн өмнө ямар боломж нээгддэг вэ?

2017 оны шалгаруулалтад нийт 11,000 урлагийн номер хүчээ сорьж, манай Алтаргана хамтлагийн тоглосон үзүүлбэр Шилдэг 25-д орсон нь Буриад үндэстний хэмжээнд бахархмаар үйл явдал болж өнгөрлөө. Уралдаанд оролцсон хүүхдүүдийн урам зоригийг бадрааж, далавчаа дэлгэн улам өндөрт нисэхэд нь мэдээж “Цэнхэр шувуу” сайн түлхэц болсон. Төгсгөлийн шатанд хамтран тоглосон оросын алдарт уран бүтээлч В.Бутусов хүүхдүүдэд маань өөрсдийн бие даасан цомгоо бэлтгэн гаргахад нь туслана гэж амласнаас гадна дараа жилийн наадамд дахин хамтдаа тоглолт үзүүлэхийг хүсч урам хайрласан. 

Ярилцлагыг: З.Золбоот
Эх сурвалж: "НийслэлGuide" №68/ 2018 1, 2 дугаар сар

Санал болгох

Мажоритар 76-г хөдөлгөхгүй гэхэд мандатын хуваарийг өөрчлөх хэрэгтэй

Намууд жагсаалтад бичигдсэн улстөрчдөөрөө гоёж өрсөлдөх үү, эсвэл намыг нь дугуйлахад дотор нь хөгийн намтартай улстөрчдийг нуух уу гэдэг дахиад тусдаа. Ямартай ч нийгмийн бүх талын төлөөлөл, ажил мэргэжил, насын бүлэг, хүйсийн тэгш оролцоог хангасан жагсаалт байна гэдгийг аль аль намууд амлаад байгаа.

2 өдрийн өмнө
40 удаагийн зөвлөгөөний үр дүн хаана байна?

Засгийн газрын хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тулгуур зорилтуудын нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Гэвч  өнөөдрийг хүртэл “мөрөөдлийн жагсаалт” хэвээр байгаа нь нууц биш.

3 өдрийн өмнө
Сангуудын цуврал ба Цуврал уулзалтууд

“Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг нэршил хэвлэлийн хуудаснаас арчигдаад овоо хэдэн жил өнгөрсөн. Энэ нэршил сэргэжээ. Мэдээлэлд ойр байдаг төр засгийн дарга нар төрийн өмчит компаниуд, Засгийн газрын тусгай сангуудаас яасан их тоншоо вэ. Концесс, тендер, хувьчлал, давуу боломж, хөнгөлөлттэй зээл, урамшууллыг “томчууд” л авч. Энэ идээ бээрийг илчлэх ажил “нам-төр-сэтгүүлч-жиргээч” гэсэн “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд өрнөж байна. Засгийн газар 25 тусгай сангийнхаа дөнгөж есийнх нь үүцийг задлахад ийм байна. Бусад сан, төрийн өмчит компанийн мэдээллийг “шилэн ажиллагаа” гэдгийг хүрээнд Н.Учрал сайдаар дамжуулан дэлгэх байх. Гэхдээ энэ засаг, энэ төр шүгэлдэх төдийхнөөр “хулгайчтай тэмцдэг” имижээр УИХ-ын сонгуульд оролцох нь иргэдийн хүссэн үр дүн бас биш.

8 өдрийн өмнө
Тойрогтоо очсон гишүүдийг дахиад загнавал яах вэ

Х.Баттулга шиг УИХ-аар хэлэлцүүлж чадсан тохиолдол 2008-2019 онд долоон удаа байгуулсан ажлын хэсгээс гарч байсангүй. Сүүлийн алхам, хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын дангаар байгуулсан Засгийн газраас 2023 онд гарч ирсэн нь энэ.

14 өдрийн өмнө