Нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт явагдсан ч хэвээрээ үлддэг зүй тогтол гэж бий. Үүнийг харуулахын тулд УДЭТ-ын хамт олон Э.Оюун агсны “Би эндээс явахгүй” зохиолыг орчин цагт тохируулан тайзнаа дахин амилуулахаар болжээ.
УДЭТ-ынхан энэхүү бүтээлийг сонгосон нь учиртай. “Би эндээс явахгүй” зохиолыг Монголын театрын нэрт төлөөлөгч, зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт Ардын жүжигчин Э.Оюун агсан залуу насандаа С.Нинжбадгартай хамтран 1956 онд туурвисан байдаг. Харин энэ жил Э.Оюун агсны мэндэлсний 100 жилийн ой тохиож буй юм. Театрын уран бүтээлчдийн хувьд жил бүр ахмад уран бүтээлчдийнхээ тэгш ойг тэмдэглэхийн сацуу, тэдний бүтээж олны хүртээл болгосон алдартай жүжиг, уран бүтээлийг тайзнаа дахин амилуулдаг уламжлалтай. Энэ хүрээнд “Би эндээс явахгүй” зохиолыг сонгожээ.
Уг бүтээлийг тайзнаа хоёрдахь удаа амилуулах гэж байгаа бөгөөд эхнийх нь 1958 онд Ардын жүжигчин Б.Лоовойгийн найруулгаар, гол дүрийг жүжигчин А.Цэрэндэндэв, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Ардын жүжигчин Т.Хандсүрэн нар бүтээж байсан аж.
Харин энэ удаа Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар СТА О.Гэрэлсүх, СТА жүжигчин Н.Баярмаа, СТА жүжигчин Б.Одончимэг нар гол дүрүүдийг бүтээхээр болсноо өчигдөр дуулгалаа.
Өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох жүжгийн гол дүр мэс заслын эмч Дорлиг, түүний эхнэр Дулмаа, бага эмч Сэржмаа нар. Аль ч нийгмийн үед аз жаргалтай гэр бүлүүд бий. Гэвч цаг хугацаа хувьсан өөрчлөгдөх бүрт бие биедээ итгэх итгэл, сэтгэлээ нээн ярилцах, биесээ хайрлах зэрэг нь ямар ч аз жаргалтай амьдралыг өөрчилж мэдэхийг харуулах ээдрээт зохиол өдгөө ч биелэлээ олсоор байгаа.
Тиймээс ч өчигдөр болсон “Би эндээс явахгүй” жүжгийн хэвлэлийн хурлын үеэр Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Гол утга санаа нь гэр бүл, хайр сэтгэлийн тухай. Тухайн үед социалист нийгмийн үзэл суртлын үүднээс бичсэн байж таарна. Гэхдээ тэр үед байсан асуудал одоо ч гэсэн өнөөгийн энэ нийгэмд байж л байна. Тэр нь юу вэ. Гэр бүлийн ариун нандин нь юундаа байдаг юм бэ. Гэр бүлээ аврахын тулд, гэр бүлдээ хайртай байхын тулд хүн яах ёстой вэ гэдэг санааг яг хэвээр нь гаргана. Мэдээж орчин үед тохируулж шинэчилсэн. Тавь гаруй жилийн тэртээ XX зууны дунд үед бичигдсэн жүжгийн зохиолыг XXI зууны үзэгчдэд толилуулахын тулд өөрчлөхгүй бол болохгүй. Тиймээс энэ зохиолын шинэтгэсэн хувилбарыг залуу зохиолч Д.Мэндсайхан гэж бүсгүй бичсэн. Гол дүр болох Дорлигийн дүрийг бүтээж буй жүжигчин О.Гэрэлсүхийн хувьд тэртээ 1996 онд “Ромео Жульетта”-гаас хойш 22 жилийн дараа тайзан дээрээ эргэн ирж, энэхүү дүрийг бүтээж байгаад баяртай байна” хэмээн ярьж байлаа.
Харин олноо Ромеогийн дүрийг бүтээн хүндлэгдэж, басхүү “Ларьдма” кинонд олны зэвүүцлийг ч төрүүлсэн аймшигт нөхрийн дүрийг бүтээсэн СТА О.Гэрэлсүхийн хувьд “Гол дүрд тоглох саналыг найруулагч Н.Наранбаатар тавьсан. Миний бүтээх дүрийн тухайд монголын зохиолчдын бичсэн жүжгүүдийн дотроос томоохон байр суурийг эзэлдэг ийм дүр юм. Мөн энэ дүрээр жүжигчний ур чадварыг харж болно. Энэ нь 40 настай эр хүний гэр бүлийн ээдрээт амьдралыг харуулсан, түр зуурын сэтгэл хөдлөлөөсөө болж, том алдаа хийжээ гэж ухаарч төгсдөг. Зүгээр нэг залуу хар хүүгийн тухай дүр биш, энэ бол эцэг хүн, хүний хань ямар байх ёстой тухай өгүүлсэн дүр учраас энэ дүрийг бүтээж үзье гэсэн бодлоор тоглосон” гэж байлаа.
СТА Б.Одончимэг “Би эндээс явахгүй” жүжигт Сэржмаа гэж эмэгтэйн дүрд тоглож байгаа. Энэ жүжиг тэр чигээрээ гэр бүлийн нандин харилцаа, үнэ цэнэ, утга учир, бие биенээ ойлгох, найз нөхдийн мөн чанарыг харуулсан. Нөхөрлөлийн үнэ цэнэ, амьдралд юу чухал вэ гэдгийг үзүүлэхийг зорьсон. Үзэгчдэд санаа, мессеж өгөхүйц бүтээл болсон. Хамгийн гол нь 1960-аад оны дунд үед бичсэн зохиолыг өнөө цагт хэрхэн буулгасныг үзэгчид харах боломжтой.“Би эндээс явахгүй” зохиолыг мэдэх хүн цөөхөн байх. Тэгэхээр 1960 оноос хойш өнөөдрийг хүртэл байгаа гэр бүлийн адармаатай асуудлыг сөхсөн, үзэгчдэд сургамжтай жүжиг болж байна. Энэ дүр бол мөрөөдөл, өөрийнхөө зорилгын төлөө тэмүүлж байгаа бүсгүйн тухай юм” гэлээ.
СТА Н.Баярмаа “Миний хувьд гол дүр болох Дорлигийн гэргий Дулмаагийн дүрд тоглосон. Өмнө тоглож байсан дүрүүдээс нэлээд өөр байгаа нь уран бүтээлч хүний хувьд илүү чадвар шаардсан бүтээл болж байгаад баяртай байна. Энэ дүр дээр ажиллаж байх үед надад амьдралын бүх ачаа эмэгтэй хүний нуруун дээр явдаг юмуу даа гэсэн бодол төрсөн. Хэдий эр хүн илүү хүчтэй ч гэсэн эмэгтэй хүн илүү хариуцлага, хүнд ачааг үүрч явдаг юм байна гэж бодсон. Тэгэхээр үзсэн хүн болгонд нэгийг бодуулаасай, нэг ч гэсэн хүний сэтгэл, оюун санаа өөрчлөгдөж, өөртөө өөрчлөлт хийж байвал бидний уран бүтээлийн нэг том зорилго биелэх юм болов уу гэж бодож байна” гэж байлаа.
Өнгөрсөн зуунд тэрлэгдэж, өнөө цагт тайзнаа дахин амилж буй “Би эндээс явахгүй” жүжгийг ирэх сарын 10-ныг хүртэл УДЭТ-ын уран бүтээлчид үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байгаа ажээ.