Эрдэнэт үйлдвэртэй ижилхэн МУ-ын эдийн засгийн чадамжийг илтгэх хоёрдох том төсөл болох Оюутолгойг тойрсон дуулиан хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэжээ. Хоёр дахь удаагаа сөхөгдөж буй 100 сая долларын босго давсан татварын маргаан. Мөн ОТ-н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан тухайн үеийн сангийн сайдыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Гол нь эдгээртэй холбоотой улс төрийн намууд, болоод улстөрчдийн байр суурь Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдыг эргэлзэж тээнэгэлзэхэд хүргэж байна.
Засгийн газар өнөөдөр том төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулж, татварын орчноо, хууль эрхзүй тогтвортой байх болноо гэдгээ амлаж байгаа нь энэ. Нэг үгээр хэлбэл мөнгө гуйж, өөрсдийгөө гоё сайхан болсоныг батлан, итгэлийг нь олж авах гэсэн оролдлого хийж буй чуулга уулзалт юм. Гэвч сүүлийн үед ОТ-г тойрсон хоёр төрлийн асуудлаас үүдэж хөрөнгө оруулагчид ЗГ-ын бэлдсэн итгэл олох оролдлогыг ойшоож харах сонирхол бага байна. Учир нь хөрөнгө оруулалтын гэрээндээ өөрчлөлт оруулж, 9 жилийн турш хамтран ажилласан хамтрагчаа солих нь уу гэж харж байгаа юм.
Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нгуений хэлснээр "Хөрөнгө оруулалтуудын гэрээнүүдэд засвар оруулах тухай ярьж байна. Ялангуяа оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах ярих болов. Танай засгийн газрын албан ёсны байр суурийг сонсмоор байна" гэлээ.
Өнөөдрийн чуулга уулзалтад ирсэн хөрөнгө оруулагчдын тодруулсан хоёрхон асуултын нэг нь Оюутолгойн гэрээнд өөрчлөлт орох эсэх асуудал байсан юм. Нөгөөх нь төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээ хувьчилж, төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг байж болохгүй гэдэг санааг АНУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимаас хэлж байлаа. Эдгээрээс өөр асуултыг ЗГ-аас тодруулах сонирхол өнөөдөр төрийн ордонд ирсэн хөрөнгө оруулагчдад алга байлаа.