Доржсүрэнгийн Болдбаатар
Хятад судлаач, орчуулагч

Засаглалын хомсдол буюу засардаггүй зан

1
2018 оны 4 сарын 92018-04-09

Манай дарга нар сүүлийн үед их бийлэгжүү болцгоочихсон нь ямар учиртай юм бол гэсэн шүү юм бодогдох болсон. Эрх баригч намынхан болохоор нийт хүүхдүүдийн наян хувьд "халамжийн мөнгө тараах" болсноо мэдэгдэхэд сөрөг хүчин зуун хувьд хүргэж тараа гээд шаардаж байгаа. Одоо ердөө хоёр жилийн дараа "бид хүүхдийн мөнгийг хуучин хэвээр нь олгож эхлэсэн.", "Үгүй ээ, бид л зуун хувьд олгодог болгуулсан гээд уралцаад эхлэх вий.

Уг нь эмзэг бүлгийн хүүхдүүдэд мөнгөн халамж ус агаар шиг хэрэгтэй байгаа. Гэхдээ хүүхэд нэг болгонд олгоно гээд хавтгайруулаад хаячихаар мөнгө хэрэгтэй байгаа тэр бүлгийн хувьд аманд ч үгүй хамарт ч үгүй зүйл болон хувирчихдаг.

Хоёрдугаарт эдийн засаг гайгүй сэргээд мөнгөний урсгал нэмэгдсэн үед замын түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалт хийж, хамгийн гол нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ тэр мөнгөөр авч хэрэгжүүлвэл нийт хүүхдүүдийн ирээдүй мөнгө тарааснаас илүү тустай зүйл болохсон доо гэж мунхаглах юм. Дийлэнх хүмүүсийн бодол санаа ч тийм л байгаа болов уу?

Манай засгийн газар, сайд дарга нар учиргүй ухаантай мундагтаа ч мөнгөн бороо цутгаад эхлээгүй бололтой. Энэ асуудлын цаад учиг алс холын Андын нуруугаараа алдартай Чилийн чин зоригт ажилчдын шийдэмгий тэмцэлтэй холбоо бүхий болохыг өнөөдөр Хятадын хэвлэл дээрээс олж уншив. 
Тэндхийн хамгийн том уурхайд дэгдсэн ажил хаялт 45 хоног үргэлжилж байгаа бөгөөд ҮЭ-үүд маш хатуу чанга шаардлага тавьж байгаагийн улмаас 2018 онд тэндэхийн зэсийн үйлдвэрлэлийн байдал сайжрах төлөвгүй байгаа нь Монголын эдийн засгийн хүчирхэг тулгуур болох зэсийн баяжмалын үнэ Лондонгийн металлын бирж дээр 60 хувь өсөх боломж олгосон хэмээн Хятадын "Ажиглагч" нэрт том сүлжээнд бичжээ.

Дээр нь Австралийн Xanadu, Канадын Kincora, Америкийн Wood Capital Partners зэрэг том хөрөнгө оруулалтын компаниуд Монголын зэсийн үйлдвэрлэлийн ирээдүйн төлвийг маш өөдрөг нааштайгаар үнэлээд төлөөлөгчид нь Монгол руу цувж эхлэсэн нь цаанаа учиртай болох тухай их л ултай дүгнэлтийг уг бичлэгт дурдсан байх юм. Рио Тинто удахгүй Монголд өөрсдийн албан ёсны офисын барилгыг барихаар шийдээд байгаа нь өөрсдийн нэгэнт буй болгосон байр суурийг дээрх том акулуудад алдахгүй хадгалж байх зорилготой ч байж болох бус уу?

Яагаад дэлхийн хөрөнгө оруулалтын том компаниуд Монголын зэсийн үйлдвэрлэлийг тэгтэл их сониучирхан сонжоод эхлэв гэдэг асуудал урган гарна аа да. Өмнөд хөрш Хятад улс нь цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хэмжээгээ эрс нэмэгдүүлж, байгальд ээлтэй эрчим хүчний салбарыг хөгжүүлэх замыг сонгосон нь дэлхийн зэсийн гол хэрэглэгч тус улсын зэсийн хэрэглээний хэмжээг хэд дахин нэмэгдүүлэх боломж байгааг тэдгээр том компаниуд аль эрт угтан харсан байж таарна. Хамгийн гол нь зэсийн нөөцөөр баялаг Монгол улс тэрхүү далай шиг том зах зээлийн яг хажууд байж байгаа нь тэдний хувьд маш амттай том бялуу байж таарна.

Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал ийнхүү Монголд маань нааштайгаар эргэж байгаа эерэг мэдээ дуулдаад эхлэлээ. Дээр нь Трамп, Ким Жон Ун нарын уулзалт ч Улаанбаатарт болох магадлал тун өндөр байх шиг байна шүү. Ямар ч байсан Америкийн манай нийслэлд уг уулзалтыг хийх байр суурьтай болох нь бараг ойлгогдож байна.

Харин сайд дарга нарын маань сурсан зан л яг арав хорин жилийн өмнөхөөсөө өөрчлөгдөхгүй "Дахиад баахан мөнгөн бороо оруулж" хамаг байдгаа гөвчихөөд сууж байх вий гэдэг л хамгаас аймшигтай хэрэг болой. Энэ утгаар бодож үзвэл "Баялгийн хараал" хэмээх аймшигт мангас чинь удирдагчийн буруутай үйл ажиллагаанаас улбаатай эд байх шүү.

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө