Сонгодог урлагийн их театрын тулгуур багана болсон удирдаач нарт анх тайзнаа гарахад ямар мэдрэмж төрж байсан тухай сонирхолтой бяцхан ярилцлагыг хүлээн авна уу. Мөн удирдаач мэргэжил яагаад дэлхийн хамгийн хүнд мэргэжлүүдийн нэгт тооцогддог талаар уншиж сонирхоорой.
МУУГЗ, УДБЭТ- ЫН УДИРДААЧ ЦЭЦГЭЭГИЙН МӨНХБОЛД
Хөгжимчдөө мэдрэхийн тухайд та юу хэлэх вэ?
Удирдаач хүн хөгжимчдөөсөө нэг шатаар түрүүлж, дагуулж, удирдаж явах ёстой. Үнэхээр мундаг удирдаачийг дагахаас өөр аргагүй болдог. Тэгтэл хөгжимчнийхөө сэтгэлд хүрдэггүй удирда ач бас бий. Энэ үнэхээр эмгэнэлтэй. Эхлээд хөгжимчид удирдаачаа мэдрэх ёстой. Гэхдээ удирдаач нь мэдрэгдэхгүй бол яах вэ гэдэг асуулт бас гарч ирнэ. Тэгэхээр удирдаач нь хөгжимчдөө яах гээд байгааг мэдэрдэг байх ёстой. Хөгжимчдөдөө саад болохгүй л байх юм бол тэр сайн удирдаач. Минийх л зөв, минийхээр л яв гэх нь өрөөсгөл ойлголт.
Хамгийн анхны бүтээлээ удирдаж байсан үеэ эргэн дурсана уу?
Маш гэнэтийн байсан. Удирдаач Н.Туулайхүү ах маань гадаадад ажилтай болчихсон, тэгээд над дээр буусан юм. “Чи дохь” л гэлээ. Манайд дуурь, балетууд долоо, долоо хоногоор тоглогддог учраас 1-2 удаа л сургуулилт хийнэ. Тиймээс “Бахчисарайн оргилолт булаг” балетыг тоглох долоо хоногтоо л сургуулилт хийгээд удирдсан. Яах вэ, олон жил хөгжмийг нь сонссон, мэддэг болохоор хэмжээг нь өгөөд дохиод явчихна. Харин бүжигчидтэй хэмнэл тааруулна гэдэг их хэцүү. Байнга балетын бүжигчидтэй ажилладаг бол би мэддэг болчихно шүү дээ. Тэгэхээр туршлага хэрэгтэй байгаа юм. Тэр үед маш их сандарсан. Зүгээр нэг тоглолт биш, бүхэл бүтэн сонгодог балет шүү дээ. Надад бол бөөн дарамт байсан /инээв/. Би бараг яаснаа ч мэдэхгүй манан дотор байж байгаад л гарч ирсэн дээ.
МУУГЗ, УДБЭТ-ЫН УДИРДААЧ НЯМААГИЙН ТУУЛАЙХҮҮ
Хамгийн анхны бүтээлээ удирдаж байсан үеэ эргэн дурсана уу?
Анх удирдахдаа их сонин байдлаар тайзан дээр гарч билээ. Би 1974 онд ХБДуС-ийг удирдаач, хөгжимчин мэргэжлээр төгсөөд УДБЭТ-т хөгжимчнөөр ажиллаж байлаа. Тэр үед их ичимхий, даруу байсан учраас удирдаач гэдгээ нуудаг байлаа. Нэг өдөр “Учиртай гурван толгой” дуурь эхлэх байсан ч удирдаач маань цагаа андуураад ирсэнгүй. Үзэгчид цугларч, би ч хөгжимчид дундаа сууж байтал хөгжмийн ангийн дарга Даншаа намайг удирдаач гэдгийг мэддэг учраас “Туулайхүү, чи бэлэн байж байгаарай” гэв. Уран сайхны удирдаач П.Хаянхярваа ч “Одоо үзэгчид хүлээгээд байж байгаа юм чинь эхлэхээс өөр арга байхгүй. Тэр Туулайхүүг эхэл гэж хэл” гэсэн байгаа юм. Тэгээд л анх пультан дээр гарсан. Хөшиг нээгдэхэд дуучид над руу хараад дуулахгүй, гайхаад зогсоод байсан. Тэгэхээр нь “дуулаач” гэсэн шаардлага тавихад гэнэт л тас гээд дуулж билээ. Тэр үед ноотыг харандаагаар бичдэг байсан болохоор ноотоо тавиад удирдах гэтэл харагддаггүй ээ. Тэгэхээр нь хааж тавьчихаад чээжээр удирдаж дуусгаж байлаа.
Удирдаач мэргэжлийн үүслийн талаар манай уншигчдад ярьж өгнө үү?
Дэлхий дээр симфони найрал хөгжим бага багаар бүрэлдэн буй болоод тоглогдож эхлэхэд түүнийг нэгтгэж, нэгэн зэрэг тоглуулдаг хүн хэрэгтэй болсон. Тэгээд тухайн цөөхүүлийг голлож байгаа нь удирдаж явуулах болсон ч шаардлага хангахгүй болохоор удирдаач гэдэг хүн гарч ирсэн юм. Анх гарч ирэхдээ цаасыг хуйлж бантикаар уяад захиа шиг болгож, түүгээрээ хэмжээ, дохио өгч эхэлсэн. Үүнийг хаад ноёдын өмнө бариад зогсоход ч их сонирхолтой байж. Тэр үед хаад, ноёд руу нуруугаа харуулан зогсох нь хүндэтгэлгүй хэрэг байсан учир удирдаач анхандаа хөгжимчид рүү биш үзэгчид рүү харж зогсон удирддаг байв. Гэвч хөгжимчид нь удирдаачаа сайн мэдрэхгүй байсан тул эргэж харан удирдах болжээ. Ингэхдээ гартаа байсан цаасны оронд цагаан дохиур хэрэглэж эхэлсэн байдаг.
Харахад зүгээр л зогсож байдаг юм шиг хэрнээ оюуны маш өндөр чадамж шаарддаг мэргэжил санагдсан...?
Удирдаачийн мэргэжил дэлхийн хамгийн хүнд мэргэжлүүдийн нэгт тооцогддог. Жишээ нь, хөгжимчин бүрийнхээ хөгжмийг хөгтэй болов уу, миний удирдсанаар тоглох болов уу гэж байнга бодно. Мөн дуучин тайзан дээр гүйж гарч ирэх болов уу, удаан гарч ирэх болов уу, гарч ирээд миний өгч байгаа хэмжээг мэдэх болов уу гээд л бодно. Дуучин хурдан дуулаад эхэлбэл оркестрыг хурдлуулж, дуучинтай нийлүүлэх гэхчлэн чих, нүд, гараараа бүгдийг мэдэрч удирдана гэсэн үг. Энд нэг хөг, тэнд нэг хөгийг сонсоно, тэдгээрийг засч залруулна гээд тухайн дуурийг маш сайн тоглуулахын тулд өндөр хэмжээний тархины үйл ажиллагаа явагддаг л даа. Хүн номыг нэг нэг мөрөөр нь уншдаг бол удирдаачид 60-70 мөрийг зэрэг уншиж байх хэрэгтэй болдог юм.
МУСТА, УДБЭТ- ЫН УДИРДААЧ ТУУЛАЙХҮҮГИЙН ГЭРЭЛЦЭЦЭГ
Та бол үе дамжсан удирдаач, хөгжимчин. Аавтайгаа хамт нэг театрт ажиллах мэдээж сайхан байх даа...?
Би гурван настайгаасаа эхлээд л театрт дуурь, балет үзэж өссөн. Манай эмээ энд хийлчээр насаараа ажилласан хүн. Тиймдээ ч эмээ намайг дагуулан явж их зүйл үзүүлдэг байсан юм. Сонгодог урлагийн тоглолтыг би анхандаа хүчээр үздэг байсан бол сүүлдээ дуртай болж, хөгжмийн сургуульд сурч, хөгжимчин болж театрт ороод 21 дэх жилдээ ажиллаж байна. Би тэгэхээр гурав дахь үеийн хөгжимчин. Аавтайгаа ажиллахад мэдээж түшигтэй, сайхан байдаг. Хүмүүс ажил дээр гарахаар багшаасаа холдчихдог. Харин миний хувьд ажил дээр аав минь цуг байгаа болохоор байнга зөвлөгөө, шүүмжлэл өгч, урамшуулж, зоригжуулдаг.
Таныг монголын анхны балетын удирдаач эмэгтэй гэдгээр онцолж болмоор. Яагаад эмэгтэйчүүд энэ төрөлд өөрийгөө сорихгүй байна вэ, энэ тийм хэцүү мэргэжил үү?
Удирдаач хүн олон цаг зогсож тухайн жүжгийг явуулдаг учраас бие сайтай, гар, хөл, нүд, чих сайн ажилладаг, нүдний харц, гарын хөдөлгөөн тодорхой, тэвчээртэй байх хэрэгтэй. Хүнд мэргэжил л дээ. Тоглолтын дараа бие бүхэлдээ хөндүүр болчихсон байдаг. Хамаг юмаа чангалчихсан байдаг юм чинь /инээв/. Тийм болохоор эмэгтэй хүн тэр бүр зүрхэлдэггүй шиг байгаа юм. Гадны улсуудад бол эмэгтэй удирдаач олон бий.
Хамгийн анхны бүтээлээ удирдаж байсан үеэ эргэн дурсана уу?
Би СУИС-ийн II дамжаанд байхдаа “Оюутны театр”-т дуулаачийн оюутнууд, бүжигчид, дуурийн оркестортой хамтраад “Учиртай гурван толгой” дуурийг анх дохиж байлаа. Их айж байсан ч алдаа мадаггүй аятайхан явсан учраас урамшсан. Театрт удирдсан анхны бүтээл бол “Шелкунчик” балет. Сандраад дохиуртай гар минь чичирч байсан ч эхэлсний дараа айдсаа мартчихдаг юм билээ. Удирдсаны дараа хүмүүс сайшааж, бүжигчид ч бас “Балетаа мэддэг хүн удирдахад их сайхан байлаа” гэж урмын үг хэлсэн.
Ярилцлагыг: Б.Болортуяа
Эх сурвалж: Niislel Guide №70/ 2018 4 дүгээр сар