Холливудын Олон улсын баримтат кино наадмын “Оюутны шилдэг кино” төрөлд “Нүүдэлчдийн өрхийн эмч” бүтээлээрээ түрүүлсэн, Их Британи улс дахь Монголын Соёлын Төвийн үүсгэн байгуулагч Бирагийн Марттай ярилцлаа. Тус кинонд суурьшмал иргэншилд дассан дэлхийн хүмүүсийн нүдэнд содон харагдах нэгэн сумын эмчийн амьдралын тухай үгүүлсэн юм. Чухам юугаараа онцгой дүр, бүтээл байсныг ярилцлагаас уншина уу.
Юун түрүүнд танд баяр хүргэе. Урьд нь энэ наадмаас монгол хүн шагнал хүртэж байсан болов уу?
Баярлалаа. Монгол хүнийхээ хувьд нүүдэлчин ахуй, соёлоо түгээж, ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд зогсох эмэгтэй эмчийн зориг тэвчээр, хүнлэг чанар, мэргэжлийн ур чадварыг дэлхийн үзэгчдэд харуулахыг зорьсон минь биелэлээ олж, анхны шагналаа авсандаа туйлын баяртай байна. Би тус наадамд түрүүлсэн анхны монгол хүн болсон. Энэ дашрамд, хамтран ажилласан хүмүүстээ чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье!
Холливудын Олон улсын баримтат кино наадам дэлхийд чансаагаараа хэр үнэлэгддэг вэ?
Энэ наадамд өрсөлдөхөөр дэлхийн улс бүрээс уран бүтээлчид баримтат кинонуудаа бүтэн жилийн турш илгээдэг. Тэдгээр бүтээлийг 20 гаруй төрлөөр шалгаруулж, түрүүлсэн бүтээлүүдийн шагналыг гуравдугаар сард Холливудын Улаан хивсний баяраар гардуулдаг. Сард 3000, жилдээ нийт 40,000 орчим баримтат кино бүтээл өрсөлддөг дэлхийн баримтат киноны томоохон талбар болсон тэмцээн юм.
Улаан хивсэн дээгүүр алхан шагнал гардсан үеийнхээ үйл явдлаас манай уншигчдад сонирхуулна уу?
Гуравдугаар сарын 24-нд Холливудын Raleigh студид дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 100 гаруй шилдэг бүтээлийг үзүүлж, “Чарли Чаплин” театрт Улаан хивсний баяр, Шагнал гардуулах ёслол нь болж өндөрлөсөн юм. Сэтгэл минь эрч хүчээр цэнэглэгдэж, ихийг хийж бүтээх урам зоригоор жигүүрлэн, ганзага дүүрэн олзтой ирсэн. Дэлхийн шилдэг баримтат кинонуудыг нэг дор үзэж, уран бүтээлчидтэй нь уулзсан явдал миний хувьд их аз завшаан байлаа.
Яагаад энэ тэмцээнд оролцохоор шийдсэн бэ?
Миний хувьд киноны бүхий л төрлөөс шилдгийг шалгаруулдаг олон улсын алдартай кино наадмуудад оролцъё гэхээсээ илүүтэй баримтат киноны төрлөөр дагнасан наадмуудад оролцохыг зорьдог. Бас бидэнд баримтат киноны хичээл заадаг багш маань уг наадамд оролцоод түрүүлсэн тухайгаа ярьсныг би дэвтэртээ тэмдэглэж авч байсан юм. Оюутан бүр л багшийнхаа зам мөрийг дагах дуртай байдаг шүү дээ.
Баримтат киноны чиглэлээр дагнах болсон тань юутай холбоотой вэ?
МҮОНТ-ийн соёл урлагийн “Эв-Эе” студид ажиллаж байхдаа баримтат кинонд дурласан хүн дээ. Уран бүтээл хийнэ гэдэг нь өөрийгөө хайх, мөн олох үйл явц гэж би боддог. Бид дандаа л үнэний төлөөх эрэлд явж байдаг шүү дээ. МУУГЗ, УДЭТ-ын найруулагч агсан Б.Баатар багшийн минь хэлсэн “Чи үнэнд л өөрийгөө дөнгөлүүлчих. Тэгээд аяндаа болно” гэсэн үг намайг баримтат кинонд хөтөлсөн дөө.
“Нүүдэлчдийн өрхийн эмч” киноноос УАЗ-469 машинаас гадна морь, тэмээ унаад малчдад бүх л төрлийн эрүүл мэндийн тусламж үзүүлээд явж байгаа эмчийг хараад би өнөө цагт ийм зүйл байдаг хэрэг үү гэж гайхаж байлаа. Сэдэв, санаагаа хэрхэн олсон бэ?
Манай ангиас гурван оюутан л баримтат киног сонгож, бусад нь кино, телевизийн чиглэлээр уран бүтээл хийхээр болсон юм. Энэ киноны хувьд сэдэв олох их амаргүй байсан. Монголд байдаг найз нөхөд рүүгээ утасдаж асуусан. Зуд турхан, хотын утаа гээд төрөл бүрийн сэдэв толгойд эргэлдэж олон сар явсан. Ангийн нөхөд маань аль хэдийнэ сэдвээ сонгоод зохиолоо биччихсэн болохоор багш надаас өдөр бүр л зохиолоо өгөхийг шаардаж байлаа. Гэтэл нэг өдөр дүүгийн маань ярьж байсан зүйл санаанд орлоо. Дүү маань сумын эмч байхдаа шөнө дуудлаганд ганцаараа явдаг, олон дуудлагатай үед машин унаа хүрэлцдэггүй, эм тариа ховор гэх мэт бэрхшээлүүд тулгардаг тухай ярьж байсан юм. Тэгээд л хангай газар, өндөр уул, өргөн голыг гатлан малчдадаа эмнэлгийн яаралтай тусламж үзүүлдэг эмчийн тухай кино хийхээр шийдсэн. За тэгээд эмчээ хэрхэн сонгосон, яагаад хангайд биш говьд зураг авахаар шийдсэн гээд яривал урт түүх бий. Дундговь аймгийн Өндөршил сумын их эмч Д.Эрдэнэчулуун баримтат киног маань амилуулсан даа. Мөн хоёр зураглаач, жолооч маань Дундговь аймгийн хүмүүс байж таарсан нь их сонин тохиолдол болсон. Би өөрөө ч бас говьд өссөн.
Таны дотроо төсөөлсөн дүрийг амилуулсан эмчийг хэрхэн олсон бэ?
Дүрээ олох амаргүй байсан. Найзууд руугаа баримтат кино зохиолоо явуулаад энэ зохиолд тохирох эмч олж өгөөч гэж хүссэн. Бид чинь зохиолын баатраа түрүүлж дүрслээд нүдэндээ харчихдаг, санаандаа киногоо бүтээчихдэг зовлонтой хүмүүс шүү дээ. Эхлээд Төв аймгийн нэг эмчтэй ярьж тохирсон байсан ч холбоо тасраад, эрэл мухардсан юм. Тэгсэн ч гэсэн зураг авах бүх хэрэгслээ аваад Монголдоо ирсэн. Гэтэл яг очсон өдөр найз маань Дундговь аймгийн Өндөршил сумын Д.Эрдэнэчулуун эмчийн тухай надад хэлсэн нь миний зохиолын дүртэй яг нийцлээ.
Тэгээд, говийн хөрслөг бор эмч байх болов уу гэж төсөөлөөд зургийг нь үзэхэд цав цагаан царайтай эмч байсан. Надтай ч их төсөөтэй харагдсан шүү.
Зохиолыг тань амилуулах хүн яагаад ч юм говийнх л байх ёстой байсан шиг санагдлаа...?
Юм их сонин. Би зохиол дээрээ хангай газрын өндөр уул, өргөн голыг гатлаад явдаг эрэлхэг эмчийн тухай үзүүлэхээр бичсэн байсан юм. Тэгээд л хангай газраас эмч хайлгаад байсан. Би өөрөө говийн хүн болохоор хангай газар илүү сонирхолтой, адал явдалтай, сайхан санагдаад, өндөр сүрлэг уулсыг хүртэл зүүдлээд байсныг яана. Бүр усны гутал, дулаан хувцсаа хүртэл бэлдчихсэн байсан. Гэтэл гэнэт л говийн эмч маань гараад ирсэн дээ.
Д.Эрдэнэчулуун эмчийн дүр хүмүүст ямар үлгэр дуурайлал үзүүлэх вэ?
Европын өрхийн эмч нар өрөөндөө суугаад л хүнээ үздэг. Гэтэл манай нүүдэлчдийн өрхийн эмч цаг агаарын ямар ч нөхцөлд, хэдэн арван километр явж очиж хүнээ үздэгт гол ялгаа нь байгаа юм. Нүүдэлчин ахуй соёлын онцлог, монгол эмчийн мэргэжлийн ур чадвар киноноос тод харагдана. Ирсэн хүндээ өвчин намдаах эм өгөөд, эсвэл нарийн мэргэжлийн эмч рүүгээ явуулдаг эндхийн өрхийн эмч нарын дэргэд шүд авах, хагалгаа хийх, хүүхэд эх барьж авах гээд эмнэлгийн бүх үйлчилгээг хүмүүст үзүүлж чаддаг эмчийг хараад бараг ухаан алдаж унана шүү дээ.
Дэлхийн үзэгчдэд үүнийг л үзүүлж, үлгэр дуурайлал болгохыг хүссэн юм.
Газар нутаг, цаг агаарын онцлог кино зураг авахад нөлөөлсөн үү?
Биднийг тавдугаар сарын сүүлээр зураг авахад Өндөршил суманд маш халуун, +36 хэм байсан. Ер нь сүүлийн жилүүдэд өвөлдөө цас зуд, зундаа ган гачиг болж, цаг агаарын огцом өөрчлөлт явагдаж байгаа тухай эмч маань хэлж байсан. Мөн зураг авалтын үеэр хур бороо хүсч, нэлээд хэдэн овооны тахилга хийж байхтай таарсан. УАЗ-469 машинд агааржуулагч байхгүй учраас яг саунд сууж байгаа юм шиг халуун. Цонх нээхээр битүү шороо тоос ороод, байн байн зогсож машинаа болон өөрсдийгөө сэрүүцүүлж явсан. Гэхдээ бэрхшээл гэхээсээ илүү харин ч хөгжилтэй, адал явдалтай байсан шүү.
Дундговь аймаг хотоос тийм ч алслагдсан газар биш. Дээрээс нь техник технологи хөгжсөн өнөө үед машинаас гадна тэмээ, мориор явж хүмүүст тусламж үзүүлж байгаа нь юутай холбоотой вэ?
Яагаад гэсэн асуулт л төрөөд байх юм... Өндөршил бол аймгийнхаа төвөөс 200 гаруй километрт алслагдсан сум. Тус сумын эмнэлэг түргэн тусламжийн ганцхан машинтай болохоор алсын дуудлага олон ирсэн, унаа тэрэг эвдэрсэн, засвартай үед морь, тэмээ, мотоцикл, хувь хүний машин гээд аль олдсон унаагаараа дуудлагад явдаг юм байна. Эмч маань харин моринд гарамгай юм билээ.
Нэг эмч л гэхэд бүх төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа нь тэнд ажиллах хүч дутмаг байгаатай холбоотой юу?
Тийм ээ. Сургууль төгссөн шинэ эмч нар төв газар бараадаад, хөдөө очиж ажилладаггүй, мөн нарийн мэргэжлийн эмч байхгүй, жилд 1-2 удаа явуулаар үзлэг хийдэг. Үүнээс гадна, малчид нэг л эмчдээ дагнаж үзүүлэх сонирхолтой байдаг юм билээ. Сүүлийн жилүүдэд нүүрлээд байгаа ган, зуд, цөлжилт, тоосжилт гэх мэт байгалийн гамшиг малчдын маань амьдралд их хүнд тусч байгаа нь харагдсан. Гэхдээ нүүдэлчин ард маань нүүр дүүрэн инээмсэглэлтэй, сэтгэлдээ итгэлтэй сайхан амьдарч байна билээ. Би ер нь нийгмийн өндөр хөгжлийн эсрэг бодолтой явдаг хүн. Баримтат киногоороо монгол эмчийн мэдлэг, ур чадварыг үзүүлэхээс гадна хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн, хүн ба байгалийн нарийн хүйн холбоотой нүүдэлчин ахуй гэдэг бол дэлхийн хөгжлийн өнөөгийн загвар юм гэдэг санааг үзэгчдэд хүргэхийг зорьсон. Цаашид энэ чиглэлээр нэлээд хэдэн цуврал, баримтат кино хийх бодолтой байгаа.
Таны бүтээлийг үзэхийг хүссэн хүмүүс байгаа байх. Хаанаас үзэх боломжтой вэ?
Энэ жилийг дуустал олон улсын наадмуудад өрсөлдүүлэхээр сойсон байгаа. Үүний дараа л үзүүлэх боломжтой болно доо.
Ярилцлагыг: Б.Болортуяа
Эх сурвалж: Niislel Guide №70/ 2018 4 дүгээр сар