Цайдам нуурын ордыг энэ оноос ашиглаж эхэлнэ

Уул уурхай / Admin
2012 оны 02 сарын 27
Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн тал буюу Цайдам нуурын эрчим хүчний нүүрсний ордын хайгуулын ажил ерөнхийдөө цэгцэрчээ. Тус ордыг дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Цэцэнс майнинг Энд Энержи” ХХК эзэмшдэг юм. Уг орд нь нийслэлээс 117 км, Улаанбаатар-Чойрын хатуу хучилттай замаас зүүн зүгт 27 км, төмөр замаас 28 км, Төв аймгийн Баян, Баянжаргалан сумыг холбосон 35 кВт-ын өндөр хүчдэлийн шугам болон цэвэр усны эх үүсвэрээс тус бүр гурван км зайтай учраас дэд бүтцийн хувьд маш тааламжтай нөхцөлтэй юм. Бөөрөлжүүтийн талын хайгуулын тусгай зөвшөөрөл нь нийтдээ 10 мянга гаруй га талбайг хамардаг бөгөөд нүүрсний орд нь гурван хэсгээс бүрддэг аж.

Өнгөрсөн онд тус компани геологийн шат дараалсан судалгааны ажлуудыг хийж дуусгажээ. Ордын нөөцийг нарийвчлан тогтоохын тулд 40 мянга гаруй тууш метр өрөмдлөг хийсэн байна. Улмаар 6.8 тэрбум тоннын нөөцтэй хэмээн урьдчилсан байдлаар тогтоожээ. Түүнчлэн байгаль орчны суурь болон нарийвчилсан судалгаа хийж, БОАЖЯ-аар хэлэлцүүлсэн байна.

“Цэцэнс майнинг энд Энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амармэнд “Бид жорк стандартаар нөөцөө тайлагнасан ч Монгол Улсад мөрдөгдөж байгаа журмын дагуу нөөцөө батлуулахаар холбогдох тооцооллуудыг хийсэн. Одоо ТЭЗҮ-ээ бодож байгаа. Энэ ондоо багтаан олборлолтоо эхлүүлэхээр ажиллаж байна” хэмээн ярьжээ.

Энэхүү орд нь Монголдоо хамгийн томд тооцогдож байгаа учир 600 мВт-ын цахилгаан станц барих, нүүрс шингэрүүлэх, хагас кокс, шахмал түлшний үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн аж. Улмаар Германы эрчим хүчний технологи, химийн инженерийн судалгааны төвд нүүрсээ шинжлүүлж “Энэ ордын хүрэн нүүрсийг хийжүүлж болно” гэсэн дүгнэлт сонсчээ. Тэд өдгөө олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах боломжийг судалж байгаа юм байна.

Ч.Даш