Ерөнхий прокурорын тодруулсан шинэ “ван” Н.Тэгшбаяр

Улс төр / Admin
2012 оны 05 сарын 17
Европод гүнж, ван, герцог, лорд зэрэг хэргэмүүдийг худалдаж авдаг юм гэсэн. Ингэж хулхи дээдэс болох нь тэдний карьерт хэрэгтэй. Харин манайд Олимпийн аваргуудтай, Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай, УИХ-ын дарга, аль нэг гишүүн, аймаг, дүүрэг, сумын Засаг даргатай, Ариунаа, Сараа, “Камертон”-ы Болдтой хамаатан, ах дүү, ядахнаа нэг нутгийнх гэдгээ зарлан мундаг генитэй, лут амьтад болохоо батлан сайрхдаг салбадайнууд өчнөөн бий. Сайн яваа нэгэнтэй хэн ч биш этгээд өөрийгөө ямар нэгэн шижмээр холбох нь гялайх, гялтайх юмгүй манкур түүнд тун таатай санагдаж, цаад хүнийхээ алдрын хэлтэрхийгээс биедээ наан, мундаг нэгэн болсон мэт сэтгэлийн бахдал олгох нь гарцаагүй.

Тэдний нэг нь “Мон атом” төрийн өмчит компанийн дэд захирал Н.Тэгшбаяр гэгч. Увсын гаралтай тэр нийслэлийн АН-ын гишүүн. Мөн Ардчилсан залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Үндсэндээ Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг дагагч. Тэгэхээр улс төрд шургалахыг горилогчдод заавал намын дарга, фракц, бүлэглэлийн тэргүүн гэхгүй Ерөнхий прокурор ч боломж гаргаж өгдөг байх нь. 

АН-ын лидерүүдийн нэгд зүй ёсоор багтдаг Ерөнхий прокурор Д.Дорлигжав Увсын тойрогт олон удаа өвдөг шороодсон. Хамгийн гол нь Д.Дорлигжаваас ч болдогсон уу, Увсад АН-аас суудал авч байсан түүх байхгүй. Тэгэхээр энэ жил АН-ынхан Д.Дорлигжавыг дахин нэр дэвшээд хэрэггүй гэж ятгаж байгаа бөгөөд хариуд нь Д.Дорлигжав өөрийн хүнийг нэр дэвшүүлнэ гэж хэлсэн сураг дуулдаж байна. Тиймээс л ирэх сонгуульд хүч үзэх алтан боломжийг атгахаар Н.Тэгшбаяр гэгч оролдож байгаа хэрэг. Тэрбээр Ерөнхий прокуророос адисласан “ван”-гийн хэргэмтэйгээр түүний тойргийг залгамжлаад авчихвал башийлаа л гэсэн үг. Үүний тулд дээрээс татаас, дэргэдээс түлхээс, доороос ивээс гээд бүх л боломжийг ашиглаж байгаа аж. Тэгээд ч өнгөрөгч хоёр сонгуулиар Ерөнхий прокурор Д.Дорлигжавын сонгуулийн штабт морь, нохойн хүчийг өргөсөн болохоор “ван”-гийн хэргэмийг горьдохоос аргагүй.

Гэхдээ АН-д өөр олон залуус бий. Дээр нь Увс аймаг олон ястны өлгий гэдэг утгаараа онцгой тойрог болохоор нэр дэвшигчдийг сайтар шалгах учиртай. Гэтэл түүнд улс төрийн туршлага байна уу. Тэр Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нартай үзнэ шүү дээ. Тэгэхээр туршлага, нэр нөлөө чухал. Хэний ч мэдэхгүй “Мон атом”-ын дэд захирлыг цэнхэр хязгаарынхан сонгоно гэвэл эргэлзээтэй. Товчоор хэлбэл, Ерөнхий прокурорын “залгамжлагч” шалгуурыг давах шаардлага гарна. Уг шалгуурыг давахын тулд Н.Тэгшбаяр “шантааж” гэдэг шалгарсан арга хэрэглэхээр болсон гэнэ. Энэ оны эхээр АН-ын ҮЗХ хуралдах үед хэсэг нөхдийг цуглуулан “Пума” зочид буудалд хуйвалдаан маягийн зүйл зохиох гэж оролдож. Фракциа цуглуулсан учир нь өөрийн “ван”-гийн хэргэмийг хүлээн зөвшөөрүүлэх оролдлого байж л дээ. 

“Босоо загал” компани байгуулж, “хаймер” жийп оруулж ирж явсан энэ нөхрийг бизнест ёстой ханилгаагүй гэлцдэг юм. Тэрбээр хүнтэй хамтарч бизнес эхлүүлээд дундаас нүүр буруулж мөнгийг нь үрдэг хөгийн зантай эр. Түүнд хулхидуулж, мөнгө төгрөгөө салгаж авч чадаагүй олон хүн бий. Нөхрөөсөө урвасан эр хүн хэзээд олигтой байлаа. Өчүүхэн амиа хойхлох гээд жанжнаа барьж ирсэн цэргүүдийг Чингис хаан “Надаас урвана” гэж хэлээд хороодог. Энэ бол нөхрөөсөө урвасан хүнд нүүр битгий өг гэсэн сургаал юм.    
Шинэ вантанг танилцуулахад иймэрхүү. Үндсэндээ Д.Дорлигжав тэр хүнтэйгээ нийлж юу хийдэг нь хамаагүй. Хамгийн гол нь улс төрд өв залгамжлах байдлыг гааруулж, аялалдан дагагч залуусыг оруулж ирэхээ болимоор юм даа.

                                            М.Бүүвэй