Шинэ Монголын “Хүрээ хүүхнүүд” буюу “Уруулын будаг” хамтлаг

Энтертайнмент / Admin
2013 оны 02 сарын 05
“Дугуй малгай хазгайдуухан тавьж
Дурдан бүсийг дэгжин ороогоод
Сувдан даруулга, саран зүүтэй
Суналзсан хүүхнүүд хүрээнийх ээ...”

хэмээх чихэнд сонсголонтой энэ л дуугаараа олны танил болсон охидын хамтлаг бол “Уруулын будаг” юм. Охидын мэргэжлийн амьд квартет гэсэн тодотголтой “Уруулын будаг” хамтлаг 1999 онд байгуулагдаж, Монголын рок попын ертөнцөд хүч түрэн орж ирсэн. Угийн шаргуу, хор шартай, хөдөлмөрч чанараараа нэгдсэн охид нэг жилд “Хүрээ хүүхнүүд”, “Уруулын будагтай хацар” хэмээх бие даасан хоёр тоглолт хийсэн байдаг. Энэ хоёр тоглолтоо амьд хөгжимтэй тоглосон юм. Дараагийн “Бидний нэг өдөр тоглолт”-доо тухайн үеийн Солонгосын алдарт бүжгийн “Hips boys” хамтлагийг урьж хамтран тоглосон байдаг. Мэргэжлийн хөгжмийн ангийн дөрвөн охиныг нийлүүлж хамтлаг байгуулах санаа анх СГЗ, яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазарт төрсөн гэдэг. Улмаар сэтгүүлч Ш.Гүрбазар ая зохиогч Б.Долгионд саналаа хэлснээр “Уруулын будаг” мэндлэх суурь тавигджээ. Хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмаа  хамтлагийнхаа нэрийг өгсөн аж. Тэр “Уруулын будаг” гэж нэрлэсэн тухайгаа тайлбарлахдаа уруулын будагны хайрцаг цуглуулах дуртай болохоор ингэж нэрлэсэн гэсэн байдаг. Уруулын будаг бол эмэгтэй хүний косметикт чухал байр суурь эзэлдэг. Цүнхэндээ уруулын будаггүй явдаг эмэгтэй үгүй. Хамтлагийн гишүүд нь Ганаа, Гэгэнээ, Дээгий, Ичко нар. Хамтлагийн бөмбөрчин нь Ичко буюу Г.Ичинхорлоо байв. Сонирхуулахад түүний багын хоч “Нугасны муухай дэгдээхэй” гэсэн шүү.

Ардын хөгжим бол “Уруулын будаг” хамтлагийнхны багаасаа эзэмшсэн мэргэжил байв. Харин амьд хөгжим бол тэдний сонирхол хийгээд өөрсдийгөө сорьсон, нээх гэсэн, мөн бусдаас ялгарах гэсэн онцлог байсан гэж хэлж болно.    
 
Тэдний дуулсан ихэнх дууг  ая зохиогч Б.Долгион зохиосон байдаг. Үнэхээр чадварлаг, сайн продюсерийн ачаар хамтлаг тухайн үед залуусыг байлдан дагуулж, шуугиулж байлаа. “Уруулын будаг” хамтлагийн охидыг тухайн үед  “Долгионы охид” гэж бас нэрлэдэг байв. Хамтлагийн гишүүд болох Дээгий, Гэгээнээ хоёр Хөгжим бүжгийн коллежийг төгсссөн бол Ичко, Ганаа хоёр СУИС-ийг төгсчээ.

“Хүрээ хүүхнүүд”,  “Чамгүйгээр” зэрэг дуугаараа үзэгч, сонсогчдын зүрх сэтгэлийг хөглөж, шар үс, тод өнгийн хувцаслалтаараа ялгарч байсан тэд нэг л өдөр усанд хаясан чулуу шиг алга болцгоосон юм. Хамтлаг тарах болсон шалтгааныг хамтлагийн ахлагч Дээгийг БНСУ-д сурах болсонтой холбоотой гэдэг. Дээгийг Солонгос руу явсны дараа үлдсэн гурван гишүүн уран бүтээлээ үргэлжлүүлэн  2005 онд таван жилийн ойн тоглолтоо зохион байгуулсан. Ингээд энэхүү тоглолтын дараа албан ёсоор таржээ.Түүнээс  хойш уран бүтээлээ хийх нь битгий хэл урлагийн тайзан дээр хүртэл гарч ирсэнгүй, сураг тасарсан.  
 
Хамтлаг 5 жил уран бүтээл туурвихдаа 5 бие даасан тоглолтоо хийж “Хүрээ хүүхнүүд”, “Lipstick”, “Хэлж амжаагүй хайр” гээд гурван цомог гаргажээ.  “Хүрээ хүүхнүүд” , “Зуны дурлал”, “Чамгүйгээр” зэрэг уран бүтээлээрээ нэрийн хуудас хийж,1970,1980-аад оны дуунууд болох “Сарнай цэцэг”, “Дуунд дуртай болов оо” зэрэг сайхан дууг өөрсдийн стильд оруулан үзэгчдэд хүргэсэн. Тэдний анхны цомог  “Хүрээ хүүхнүүд”. Ганц энэ ч биш тавхан жилийн дотор чамлахааргүй амжилтад хүрсэн. Энэ хугацаанд гурван ч бие даасан тоглолтоо хийжээ. Түүнчлэн  “Цэнхэр дэлгэц” телевизийн хөгжмийн цуврал нэвтрүүлэгт нэрээ мөнхөлсөн.

2000 оны “Пентатоник” наадмын шилдэг дебют хамтлаг болж, “UBS music” МҮОНТ-ийн хөгжмийн сувгуудаар хоёр удаа амьд хөгжмийн тоглолтоо толилуулжээ. Түүнчлэн 2004 онд дөрөв дэх удаагаа зохиогдсон “Алтан микрофон” хөгжмийн наадмаас  “Мартагдсан аялгуу” номинацид шалгарав. Мөн онд “S’T”студиэр анхны клип буюу “Бүжиглээч, охид оо!” дуундаа клип хийлгэжээ. Энэ дууны үгийг яруу найрагч Дан.Нямаа, аяыг хөгжмийн зохиолч Б.Мөнхболд зохиосон бөгөөд клип нь 1,5 сая төгрөгөөр бүтсэн юм. Энэ үзүүлэлт тухайн үедээ шуугиан дэгдээж байсан гэлцдэг.

Монголын рок поп урлагийн түүхэнд зүй ёсоор бичигдэх “Уруулын будаг” xaмтлаг тарснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Хамтлагийн продюссер Б.Долгион хамтлаг тарах үеэр  “Уруулын будаг”-т өнөөдрийг хүртэл дуулах, оршин тогтнох боломж байсан гэж хэлж байсан удаатай. Гэвч хамтлагийн гишүүдийн хувьд тодорхой цаг үед уран бүтээлээ хийгээд л зогсох ёстой гэсэн байр суурьтай байжээ.   Продюссер Б.Долгионы хувьд энэ хамтлагийн тухайд “Мэдээж ямар нэгэн хамтлаг уран бүтээлээ хийхгүй бол түүх болон үлддэг. Энэ бол зөвхөн Монголын биш дэлхийн жишээ. Хамтлагаас нэг гишүүн гарсан ч өөр хүн аваад явах боломж байсан” хэмээн харамсангуй ярьдаг.

Хамтлаг тарснаас хойш тэд хувийн амьдралдаа анхаарч, зам замаа хөөсөн юм. Өдгөө Ганаа Францад,  Дээгий Солонгост амьдарч буй.
 
Харин Энжи “Шинэ Монгол” сургуульд багшилж, Гэгээнээ Америкт сургууль төгсөж ирээд эх орондоо ажиллаж амьдарч байна.
 
 Хамтлагийн ахлагч Г.Ичинхорлоо ССАЖЯ-нд соёл, урлагийн маркетингийн чиглэлээр ажиллаж, Ану, Аида хэмээх хоёр охины ээж болжээ. Гэгээнээгийн хувьд Америкт сургууль төгсөж ирээд эх орондоо ажиллаж амьдарч буй.
 

  Бэлтгэсэн Т.Жанерке