Ноос ээрэх үйлдвэр 600 хүнийг ажлын байртай болгоно

Эдийн засаг / Admin
2013 оны 02 сарын 19
1996 оноос эхлэлтэй “Могол ноос” компани Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багт ноосны анхан шатны боловсруулалт хийх угаах, самнах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг юм байна.

 Тус үйлдвэр 2011 онд Төв аймгийн Зуунмод суманд байгуулагдсан бөгөөд энэ жилээс үйлдвэрлэлээ өргөтгөн хоногт хоёр ээлжээр хоёр тонн утас ээрэх хүчин чадалтай болж буй аж.

Мөн цаашид даавуу нэхэх үйлдвэр байгуулах гэнэ. Шинэ үйлдвэрт хонины ноосоор үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн, барилгын дулаалгын материалын үйлдвэрлэл байх гэнэ. Ер нь Монгол улсын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт 100 хувь гадаад зах зээлээс хараат байж, жилд 50 гаруй тэрбум төгрөгийн даавуу импортоор оруулж ирэн, үйлдвэрлэлээ явуулж байгаа ба ноосон даавуу үйлдвэрлэдэг үйлдвэр байхгүй юм.

Иймээс Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос зөөлөн оёдол эрхэлдэг аж ахуйн нэгж үйлдвэрүүдийг цэвэр болон хагас ноосон даавуугаар хангах зорилгоор одоогийн байдлаар угаагаад экспортолж байгаа 6000 тонн хонины ноосны хялгасыг ялгаж, 1200 тонн ноолуурлаг ширхэгтээр 2,5 сая тууш метр даавуу үйлдвэрлэхээр төсөл боловсруулан ажиллаж байгаагийн эхний алхам болох ээрэх үйлдвэр байгуулагдаж байна.

“Могол ноос” ХХК-ийн ээрэх үйлдвэрт одоогийн байдлаар 100 орчим нарийн мэргэжлийн ажиллагсад ажиллах бол цаашид 600 хүртэл ажлын байрыг бий болгож, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах юм байна.

 Т.Бэх