Газрын асуудлыг шийдэхгүй бол 100 амьтан, 1000 иргэн жагсах нь

Нийслэл / Admin
2013 оны 04 сарын 24
Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд “Мини амьтны хүрээлэн” ажилладаг. Энэхүү амьтны хүрээлэн 2012 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 200 метр квадрат газрыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг аж.


“Мини амьтны хүрээлэн”-д  матар, могой, саарал чоно, сиамын муур, унжуу чихт туулай, бүргэд, шонхор, цагаан тагтаа, бор галуу, сөдөн тахиа, малгайт  тахиа, игуана гүрвэл, хамалеон гүрвэл, алгын чинээ аалз зэрэг 100-аад төрлийн амьтан бий.


Тэр байтугай хоёр жилийн өмнө Баянхонгор аймгийн Галуут сумаас авчирсан хун шувуу хүртэл байдаг гэнэ. Амьтны хүрээлэнг   “Талын жононгууд” ХХК-ийнхан  ажиллуулдаг бөгөөд тус цэцэрлэгийг хариуцдаг Аялал жуулчлалын үндэсний төвөөс улсын өмчийн газрыг түрээслэхгүй, энэ сарын 20-ны дотор газраа чөлөөлөхийг шаардсан бичиг хүргүүлжээ. Тиймээс амьтны хүрээлэнд зориулан газар шийдэж өгөхийг хүссэн хүсэлтээ холбогдох албаны хүмүүст хүргүүлсэн ч тодорхой хариу өгөөгүй байна.

“Талын жононгууд” ХХК-ийн захирал Л.Сайнбат:

Миний хувьд амьтны хүрээлэн байгуулах гээд гурван жилийн турш хөөцөлдөж байна. Энэ жилээс амьтны хүрээлэнгээ өргөжүүлэх  бодолтой байгаа. Тиймээс  Хөвсгөлөөс цаа буга, урд хөршөөс тогос, тэмээн хяруул авчрахаар төлөвлөж байна.   Дарга нарын хүүхдүүд энэ амьтны хүрээлэн, тоглоомыг тоож сонирхдоггүй байж болно. Харин жирийн иргэдийн хүүхдүүд амьтантай танилцаж, яаж хайрлахыг сурдаг юм. Баян-Өлгийгөөс бусад аймгаар 2 машин, 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явж амьтны хүрээлэнгээ аялуулсан. Сураг дуулахад надад түрээслэхгүй гээд байгаа газраа байшин барих гэж байгаа юм шиг байна лээ. Амьтны хүрээлэнд түрээслэхгүй гэсэн атлаа өч төчнөөн ресторанд түрээслэчихсэн байна. Би амьтдаа гурван сард нэг удаа үзлэгт оруулж тогтмол вакцин, ариутгал хийлгэдэг. Тиймээс эдгээр амьтнаас  янз бүрийн өвчин халдана гэж айх зүйлгүй. Хэрэв тавдугаар сарын 1-ний дотор амьтны хүрээлэнгийн газар, тоглоомын талбайн асуудлыг шийдэж өгөхгүй бол 100 амьтан, 1000 иргэн оролцсон  жагсаал зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлнэ гэв.

Т.Жанерке