“T-Ara ба К-pop” тоглолт үнэхээр сайхан боллоо

Энтертайнмент / Admin
2013 оны 09 сарын 22
Солонгосын алдарт охидын хамтлаг  “T-Ara”, “Davichi”, “See Ya”, К-пoп чиглэлээр дуулдаг хөвгүүдийн “Speed” хамтлагийнхан  өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийлээ. Тоглолт нь  үзэгч олны талархлыг хүлээж  Монголын охид хөвгүүдийг утгаар нь доргиож чадлаа.


Тоглолтыг зохион байгуулагч ETV-ийн хамт  “Яг цагтаа, ганцхан удаа” гэсэн уриатай өнөөдрийн  “T-Ara ба К-pop” тоглолтыг   яг цагтаа эхлэх болно гэдгийг  үзэгчдэд амлаад байсан билээ. Тэгвэл тоглолт яг цагтаа буюу 17.00 цагт эхэллээ.
 
“Davichi” хамтлаг тоглолтыг эхлүүлсэн бөгөөд дараа нь  “See Ya”, “Speed” хамтлагууд тайзнаа гарч уран бүтээлүүдээ эгшиглүүллээ. Тун удалгүй  “T-Ara” хамтлаг гарч ирлээ. Хүүхдүүд “T-Ara, T-Ara , T-Ara”  хэмээн хашгирч, алга нижигнүүлэн  угтлаа. Тэд хит болсон “Sexy love”, “We were in love”, “Roly Poly”, “Popy popy”, “Dovey lovey” зэрэг  таван дуугаа дууллаа. 


Энэ өдөр ялангуяа  хайртай хамтлагаа тэсэн ядан хүлээсэн хүүхдүүдийн нар нь гарсан өдөр байсан гэхэд илүүдэхгүй биз ээ. Учир нь тоглолтонд ирсэн хүүхдүүд  “T-Ara” хамтлагийн дуу бүрийг даган дуулж байсан нь үнэхээр гайхалтай байлаа.


Сэтгүүлчийн сониуч занд хөтлөгдөн “T-Ara” хамтлаг ердөө л тавхан дуу дуулсан нь арай л цөөхөн санагдахгүй байна уу гэж үзэгч хүүхдүүдээс асууж үзэхэд эсрэгээр хариулав. Тэд “Үгүй ээ. Таван дуу цөөхөн санагдаагүй ээ. Өмнө нь бид “T-Ara” хамтлагийнханыг зөвхөн зурагтаас харж, дуунуудыг нь “Youtube”-ээс л сонсдог байсан бол өнөөдөр эх орондоо амьдаар нь харж байна. Маш их баяртай байна” гэж хариулав. Тийм ээ  энэ бол “T-Ara” хамтлагийн  үнэнч сонсогч фенүүдийнхэн чин сэтгэлийн үг байлаа.


Тоглолтын үеэр стадионы тойрог сандалд суудал эзэлсэн үзэгчид гартаа өнгө өнгийн  гэрэлтдэг постер барьсан нь цэнгэлдэх хүрээлэнг тэр чигээр нь гэрэлтүүлж хэтрүүлж хэлэхэд оддын чуулга мэт харагдсан. Зарим үзэгч хүүхдүүдийн дунд бүүр нулимс унаган зогсож байгаа нь ч харагдсан шүү.  Арга ч үгүй биз ээ. “T-Ara” бол аргагүй л Солонгосын  алдартай хамтлаг шүү дээ.


Үнэндээ Монголын үзэгчдийн өмнөөс та бүхэнд маш их баярлалаа гэж хэлмээр санагдчихлаа.  Дахин Монголд ирээрэй, гайхамшигтай сайхан дуунуудаараа биднийгээ уяраагаарай гэж хэлмээр байна.

Тоглолтын зургийг эндээс үзнэ үү.
Т.Жанерке