Дахин амилсан Гэгээн Троицкийн сүм

Нийгэм / Admin
2014 оны 09 сарын 02
Монголчуудын хувьд үнэн алдартны шашны төлөөлөлтэй танилцаад 800 гаран жил өнгөрсөн ч сүмийн түүх 1864 оноос эхэлжээ. 1860 онд Орос, Хятад Бээжингийн гэрээг байгуулснаар Өргөөд Оросын консулын газар анх байгуулагдсан аж. Консул, түүний нарийн бичгийн дарга, хэлмэрч, хүүхдийн эмч зэрэг анхны гишүүд нь 1861 онд Өргөөд хөл тавьсныг дагалдан тэднийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хадгалах 20 казак дагалдан Дахин амилсан Гэгээн Троицкийн сүм ирсэн бөгөөд төдөлгүй Консулын барилга босож, дотор нь үнэн алдартны анхны сүм Монголд байгуулагдсан түүхтэй. 1864 оны гуравдугаар сарын 22-нд Ар Байгалиас эцэг Иоанн Никольский ирж сүмийг нээсэн нь одоогийн Гэгээн Троицкийн сүмийн эхлэл болсон аж. Удаан хугацааны туршид сүм Эрхүү, Ар Байгаль, Хятадаас ирж, очин байдаг санваартнуудыг эс тооцвол байнгын хувраггүй байжээ. Консулын сүмийн анхын хувраг Николай Шастин 1893 онд ирснээр Монгол дахь үнэн алдартны сүмийн түүхэнд шинэ хуудас нээгдсэн.



Тэрбээр 1914 он хүртэл сүмийн үйл ажиллагааг авч явсан бөгөөд дараа Эрхүүгийн хувраг Феодор Парняков түүний халааг авсан байна. Тэрбээр сүмээс гадна соёлын олон ажлыг гардан хийлцсэнээс дурдвал, хувийн сургууль байгуулан, түүний санаачилгаар Монгол анх удаа орос хэл дээр сонин гарч эхэлсэн байна. Мөн Монголын алслагдсан аймгуудад очиж, аяллынхаа тухай Ар Байгалийн шашны сонинд нийтлүүлж байсан түүх ч бий. Эцэг Феодор Монголд амьдарч буй нутаг нэгтнүүдийнхээ төдийгүй монголчуудын аж амьдралын тухай олон сонирхолтой нийтлэл бичсэн гэдэг. Өнгөрсөн зууны Орос-Монголын харилцаанд чухал нөлөө үзүүлсэн Феодор Парняковын сүм барих мөрөөдөл биелсэнгүй, тэрбээр 1921 онд барон Унгерн фон Штенбергийн цэргүүдийн гарт амиа алджээ. Эцэг Ф.Парняковын үхлийн дараа Монгол дахь үнэн алдартны сүмийн үйл ажиллагаа алгуурхан унтарч, 1927 онд байрлаж байсан байрыг нь өөр зориулалтаар ашиглаж эхэлж, хожим бүр нураасан аж. Гэгээн Троицкийн сүмийн одоогийн барилгыг 1997 онд Оросын “Внешинторг” компани газар олгон, 2006 оноос барилгын ажил нь эхэлсэнийг эцэг Алексей Трубач онцлон ярьж байлаа. Монголд үйл ажиллагаа явуулдаг «Алтан Дорнод-Монгол», «Монголросцветмет», «Орос байшин», «Зарубежстрой», «Чингисханбанк», «Еврозиги», «Инфинет» боло Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр сүмийн барилгыг босгоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хэмээн тэрбээр мөн өгүүлж байсан юм. Сүүлийн 70 орчим жилийн турш Монголд амьдарч буй оросууд шашны уламжлал, дэг жаягаа хадгалж үлдсэн нь өнөөгийн сүмийн үйл ажиллагаа сэргэх нэгэн хөрс болжээ. 1998 оны нэгдүгээр сарын 19-нд Улаанбаатарт гэгээн Троицкийн сүмийн эцгээр Анатолий Фесечко ажилласан бөгөөд 2005 онд түүнийн халааг Алексей Трубач авсан байна. 15-16-р зууны үеийн Оросын уран барилгын хэв загвартай, чулуун сүм өдгөө хүүхдүүдэд зориулсан соёлын төвтэй цогцолбор болжээ.



Өнөөгийн үйл ажиллагааны тухай эцэг Алексей Трубач ярихдаа “Энд амьдардаг зөвхөн оросууд төдийгүй украин, беларусь, серб, болгар, грек, буриад, монголчууд ч сүмд ирдэг. Шашны уламжлалт баяр, арга хэмжээнүүдээс гадна хүүхэд загалмайлах, нас нөгчсөн нэгнийгээ сүүлчийн замд нь үдэх ёслол энд болдог. Шашны үйлийг орос, монгол дээр явуулдаг болоод байна. Харин сүмийн найрал дууг монгол охид дуулдаг” гэж ярилаа. Энгийн иргэдээс гадна Улаанбаатарт мууж буй Орос, Болгар, Польшийн элчин сайд нар ч ирдгийг тэрбээр онцолж байлаа. Сүмийн үйл ажиллагаа энд амьдарч буй үнэн алдартнууд, компаниудын хандив, өргөлөөр санхүүждэг аж. Шинээр байгуулагдсанаасаа хойш Гэгээн Троицкийн сүмийн үйл ажиллагаа хүрээгээ тэлж, барилгынхаа орчныг ч жил ирэх тусам тохижуулж буйгөө тэрбээр мөн дурдлаа. Сүмийн хашаан дахь цэцэрлэгт зун зөвхөн үнэн алдартнуудын хувьд бус, Баянзүрх дүүргийнхний ирэх дуртай болсон гэнэ. Сүмийн дэргэдэх Хүүхдүүдэд зориулсан Оросын соёлын төв 2007 оны гуравдугаар сард нээгдсэн бөгөөд дүрслэх урлаг ба дарх, балет, мэдээлэлзүй, орос хэлний хичээл заадаг аж. Хүүхдүүдийг ёс зүй, шашны мэдлэгтэй болгох, соёлын үнэт зүйлийг таниулах зорилгоор нээгдсэн тус төвд Монгол, Оросын хамтарсан сургуульд гэрээгээр ажиллаж буй багш нар хичээл заадаг. Сүмд байнга ирдэг хүний тоо 100-150, харин Улаан өндөгний баяр болон зул сараар 150-200, харин ням гаригийн мөргөлд 30-40 хүн ирдэг гэж Алексей ярилаа. Монголд амьдарч буй 5000 орос, мөн шашин нэгт өөр орны иргэдийн хувьд оюун санааны дэмжлэг авах, дэг жаяг, уламжлалаа баримтлах ганц газар энэ хэмээн тэрбээр өгүүлэв. Олон жилийн турш Гэгээн Троицкийн сүм Орос, Монголын харилцаа, соёлын нэгэн чухал гүүр байсаар иржээ. Оросын ерөнхийлөгч В.В. Путин 2009 онд Монголд айлчлахдаа сүмд ирж, үйл ажиллагаатай нь танилцсан аж.

Х.Одончимэг

 "Үндэсний Тойм" сэтгүүл №43(194)