Эргэлтийн цэг дээр...

Нийтлэл / Т. Есөн-Эрдэнэ
2015 оны 06 сарын 16

Өнгөрсөн намар НҮБ-ын эмэгтэйчүүдийн сайн санааны элч, залуу жүжигчин Эмма Уотсон HeForShe индэр дээр үг хэлсний дараа түүнд талархал, шүүмж хосолсон таван тэрбум гаруй сэтгэгдэл ирж, олон сая хүн түүний илтгэлийг үзжээ. “Би эрчүүдийг охиноо, эхнэрээ, эгч дүүгээ, ээжээ хамгаалахын тулд нөмөрсөн “нөмрөг”-өө авч хаяасай гэж хүсдэг. Хөвгүүддээ эмзэг хэсгээ нуулгүй, хүн шиг байх боломжийг нь олгоосой гэж би хүсдэг. Ингэснээр, өөрсдийгөө бүтэн “хүн” болгох юм.” хэмээн тэр хэлсэн юм. Мөн тэрбээр өнөө цагт Их Британийн 20-49 насны эрчүүдийн дунд амиа хорлолт хамгийн их тохиолдож буйг, авто замын осол, хавдар, зүрхний титэм судасны өвчнөөр эрчүүд хамгийн их өвддөг тухай өгүүлээд, өнөөдөр эрэгтэй хүн ч хүйсийн эрх тэгш байдлыг эдэлж чадахгүй байгаа тухай ярьж байв. 

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хөтөлбөрөөс HeForShe буюу “Түүний төлөө тэр” хэмээх кампанит ажлыг санаачилсан нь хүйсийн тэгш эрхийн төлөөх дуу хоолойг дэлхий дахинд хүргэх нэн шинэ давалгаа болжээ. Мэдээж энэ санаачилга зөвхөн эмэгтэй хүмүүст зориулагдаагүй. Харин хүйсийн эрх тэгш байдалд хүрэх замын эргэлтийн цэг гэж олон орны лидерүүд харж байна. Сонирхолтой нь HeForShe санаачилгын дөнгөж эхний гурав хоногт 100 гаруй мянган залуу эрс хүйсийн эрх тэгш байдлыг дэмжих төлөөлөгчид болохоо илэрхийлж,  долоо хоногийн дотор 1.2 тэрбум гаруй яриа өрнүүлжээ. Бүр энэ санаачилгын талаар сонссон нэгэн Зимбабве эр “Нөхөрт зориулсан сургууль” гэж нээсэн байгаа юм. Мань эр тосгонуудаар явж эхнэртэйгээ зүй бус харьцдаг эрчүүдийг сонгон авч, улмаар сайн нөхөр, сайн аав байхыг заадаг болжээ.  

Мөн энэ санаачилгын нөлөөгөөр Францын Анкор хэмээх компани 2020 он гэхэд 180 мянган ажилчныхаа цалингийн ялгааг үгүй болгохоо мэдэгджээ. Мөн Швед тэргүүтэй олон улс энэ санаачилгад нэгдэж, НҮБ чангаар алга ташиж байна. Мэдээж бид энэ бүхнээс хоцорч таарахгүй байх. Саяхан зохион байгуулагдсан TEDxUlaanbaatarWomen 2015 үйл ажиллагаа ч үүнийг сануулж байлаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл бид хүйсийн тэгш эрхийн тухай ойлголтыг тун явцуу хүрээнд ойлгож, түүний эсрэг хэвшмэл сэтгэлгээ, хандлагаа гээхдээ хойрго байгаа нь олон зүйлээс харагддаг. 

Саяхны жишээг энд дурдаж болно. Залуухан мисс эмэгтэй Ерөнхий сайдын харъяа агентлагт дэд даргаар очоод удаагүй байгаа тухай мэдээлэл цахимд тарсан даруйд түүнийг ямар байдлаар дарга болсныг тавлан асуусан сэтгэгдлүүд цахимд дүүрээд ирж байх жишээтэй. Шадар сайдын зөвлөхөөр мөн л нэгэн мисс бүсгүй ажилладаг юм байна. Түүнийг ч бас гайхаж, үл үнэлсэн хүмүүсийн сэтгэгдэл цуварна. Уг нь Шадар сайдын зөвлөх бүсгүй өөрийн тэргүүлдэг клубтэй, басхүү нийгэм рүү чиглэсэн тун зоримог үйл ажиллагаа явуулдаг, чамгүй боловсролтой нэгэн юм билээ. Харамсалтай нь үүнийг сонирхож байгаа хүн алга. Сайдтай ямар хамаатай юм бэ л гэцгээнэ. Эндээс харахад бид эрх тэгш байдлыг өнгөн дээрээ хүлээн зөвшөөрөх дүр үзүүлэх атлаа, цаад сэтгэлгээ, хандлагын хувьд үл тоосон улс ажээ. 

Өнөөдөр манай улсад хүйсийн харьцаа төдийлөн зөрүүтэй биш.(48х52) Харин аливаа институцийн хүрээнд харвал, жишээ нь, бизнесийн байгууллагын удирдлагын багийн хүйсийн харьцаа эмэгтэй 33 хувь, эрэгтэй 76 хувь байгаа бол компаниудын ТУЗ-ын хүйсийн харьцаа эмэгтэй 18, эрэгтэй 92 хувь болж ирнэ. Мөн улс төрийн албан хаагчдын дунд эмэгтэйчүүд тун цөөхөн. Судалгаагаар бүсгүйчүүд улс төрийн алба хаах нь дөнгөж 20 орчим хувьтай байдаг. Харин эсрэгээрээ Төрийн үйлчилгээний албанд ажиллагсдын бараг 70 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Үйлчлэх ажлыг л бид тэдэнд үлдээжээ.

Цаашлаад бүх шатны ИТХ болон УИХ дахь хүйсийн харьцаа тун хангалтгүй. УИХ л гэхэд эмэгтэй гишүүд нийт гишүүдийн 15 хувиас давсан удаагүй. Энэ бүх харьцааг бид “Шийдвэр гаргалт, улс төр бол эмэгтэйчүүдийн тоглоом биш” гэсэн үгээр тайлбарлах гэж оролддог.  Анзаараад байхад ардчилалд шилжсэнээс хойш эхнээсээ бид эмэгтэйчүүддээ тун тэгш бус гарааг бэлдэж өгчээ. Улс төрийн сонгуулийн хувьд өнгөрсөн хугацаанд 1992 онд УИХ-д 293 кандидат өрсөлдөж, гурван эмэгтэй, 1996 онд 302 нэр дэвшигчийн 8, 2000 онд 602 нэр дэвшсэний 9 нь эмэгтэй, 2004 онд 244 нэр дэвшигчийн дундаас 5 эмэгтэй тус тус сонгогдож байжээ. Харин сүүлийн хоёр сонгуулийн статистикийг харвал 2008 онд 356 нэр дэвшигчийн 66 нь эмэгтэй байсан бөгөөд тэднээс дөнгөж 3 нь, 2012 онд 544 нэр дэвшигчийн 174 нь эмэгтэй, улмаар үүнээс 11 нь буюу 14.5 хувь нь сонгогджээ. Энэ нь олон улсын эмэгтэй парламентчдийн дундаж(21.9)-аас доогуур үзүүлэлтэй юм. Магадгүй бид энэ харьцаанд илүү их тэгш боломжийг олгож гэмээнэ улс төрд чадалтай, боловсролтой бүсгүйчүүд гарч ирнэ. Одоогийн нөхцөлд бол эрчүүдтэй хэн сайн үзэлцэж, популист тоглолт хийсэн нь тодроод байна уу гэж би хувьдаа хардаг юм. 

Хэдийгээр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо дунд хугацаандаа нэмэгдэж байгаа ч хангалттай түвшинд хүрэхгүй байгааг УИХ-д суудалтай улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагаас сануулсаар байгаа. Тэд өнгөрсөн сард Сонгуулийн хуулийн төсөлд өгөх нэгдсэн санал гаргаж, түүндээ эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хувьд хүргэхийг хүсэж буй. Гэхдээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг нь зөвхөн квот нэмэхийн төдий асуудал биш гэдэг нь ойлгомжтой. Чанарын өөрчлөлт, сонгогчдын боловсрол, хандлагын өөрчлөлт гээд тун олон хүчин зүйл бий. Энэ бүхнийг дэлхий даяар мэдэрч, тэгш эрхийн төлөөх томоохон хөдөлгөөнүүд цаашид улам хүч түрэх нь мэдээж. Харин бид өнөөх л өнгөн дээрээ толгой дохих атлаа цаанаа сэгсэрсээр суух уу. Өнөөх л эмэгтэйчүүд өөр, эрчүүдээс олон талаараа дутуу дулимаг хэмээсээр байх уу. Бас хүйсийн тэгш эрх гээд ярихаар зөвхөн эмэгтэйчүүдийн тухай ярьж байгаа гэж ойлгоцгоосоор явах уу. Зарим хүмүүс бүр хүйсийн тэгш эрх гэдэг үгийг эрчүүдийн эсрэг хандлага гэж ойлгоод байдаг гэнэлээ.  

Сүүлд бидний хэсэг сэтгүүлчид УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзсан юм. Албан уулзалт байгаагүй тул гишүүн  хэрэндээ чөлөөтэй ярьж байна. Авлига, хээл хахууль, эрх ашиг хоорондын зөрчилдөөн гээд юу эсийг хөндөх билээ. Бүр тодорхой хуулийн төслийг батлах саналаа хэрхэн худалдаж буй талаар ч сэрдлэг, таамаглал дэвшүүллээ. Эцэст нь “Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол улаан цайм авлига авах нь бага” гэдэгт санал нэгдэв. 

Нэгэн жишээ дурьдахад, хэдэн жилийн өмнө Гайтид болсон гамшгийн үеэр тусламжийн бараа дэлхийн өнцөг булан бүрээс явуулжээ. Харин тэнд хүүхдүүдэд шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн тун дутмаг, бүр эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл огт байгаагүй гэдэг. Шалтгаан нь тусламжаар зайлшгүй хэрэгтэй байгаа зүйлсийн жагсаалтыг тус улсын удирдах албаны эрчүүд гаргажээ. Зөвхөн энэ жишээгээр тогтохгүй эмэгтэйчүүдийн оролцоо олон зүйл дээр дутмаг явсаар ирсэн нь ойлгомжтой. 

Энэ зуунд эмэгтэйчүүд олон зүйл дээр манлайлж, хүч түрэх нь ойлгомжтой болжээ. Мэдээж энэ нь эрчүүдийн эсрэг гэсэн утгатай биш. Цөөнгүй улсад эмэгтэй төр, засгийн тэргүүн гарч ирлээ. Хамгийн сүүлд би дэлхийн олон оронд ажиллаж амьдарч байсан утга зохиол судлаачтай ярилцаж суухад, “Энэ зуунд эмэгтэй зохиолчид илүү их хүч түрэн орж ирэх байх. Тэр хэмжээний олон өөрчлөлт гарч байна. Шалтгаан нь тэд өөр өөр амьдралын хэв маяг, асуудалтай болохоор эрчүүд давамгайлдаг уран зохиолын салбарт нэхэгдэж байсан өнөөх өөр уур амьсгалыг уншигчдад өгөх болов уу” хэмээн ярьсан юм. 

Магадгүй хүйсийн тэгш эрхийг олон талаар хүлээн зөвшөөрөхөөс аргагүй цаг үе ирж байна. Харин хамтын оролцоотойгоор бүтээх тийм ирээдүйд бид хэрхэн бэлтгэж байна вэ гэдэг л өнөөдрийн хамгийн чухал асуудал.