Филип Нобел: Энэ зуунд эмэгтэй зохиолчид илүү их хүч түрэн орж ирэх байх

Нийтлэл / Т. Есөн-Эрдэнэ
2015 оны 06 сарын 10

“Cathay Publishers”-ийн ахлах редактор, орчуулагч Филип Нобел нь Гоодаль сэтгүүлийн “Ном” буланд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш бичих болсон билээ. Мөн манай сайтын нийтлэлчдийн буланд удахгүй нэгдэх гэж буй юм. Утга зохиол судалдаг энэ эр чех, франц, грек, англи, герман, испани, япон, хятад, орос хэлтэй бөгөөд, дэлхийн олон оронд ажиллаж, тухайн улсын утга зохиолыг олон улсад таниулах үйл хэрэгт зүтгэж байгаа билээ. 

Уран зохиол гэж юу вэ. Та яагаад уран зохиолыг сонгов?

Хүний амьдралын талаарх үнэнийг бусдад өгүүлэх хамгийн сайн арга бол уран зохиол гэж би боддог. Өөрөөр хэлбэл хүний бодол, сэтгэл хөдлөлийг гайхалтай дүрсэлж, уншигч, хүртэгчдээ мэдрүүлж чаддаг болохоор уран зохиол нь түүхэн, шинжлэх ухааны гэдэг ч юм уу бичвэрүүдээс өөр юм. Мэдээж олон зуун жилийн түүхэнд уран зохиолын энэхүү мөн чанарыг элдвээр хавчиж, хааж боох оролдлогууд гарч байсан ч тухайн бүрт уран зохиол ямар нэг хэмжээгээр үлдсэн л байдаг. 

Би 12 наснаасаа хойш номтой нөхөрлөсөн. Тодорхой санахгүй байгаа ч Александр Дюмагийн Монте Кристо гүн номыг анх уншсан юм байна. Тэр ном миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн л дөө. Намайг найман настай байхад манай гэр бүл Ташкентад амьдарч байсан болохоор франц хэл дээрх ном олдоц муутай байлаа. Мэдээж тэр үед интернет байгаагүй. Тиймээс надад олдсон ном гэвэл Монте Кристо гүн байж таарч л дээ. Тэгээд би 10 нас хүртлээ хоёр жилийн дотор зургаа, долоон удаа уншсан. Зузаан, сонгодог тийм номыг барьж авахад эхэндээ амар байгаагүй ч нэг л мэдэхэд уншсаар дурлаж, бүр мөрөөдөж эхэлсэн. Түүнээс хойш би амьдралыг гурван зүйлээр өөрчилж болохыг ухаарсан юм. Нэгдүгээрт, их унших. Энэ их чухал. Хоёрдугаарт, аль болох олон хэл сурах. Гуравдугаарт аялах. Эргээд харахад амьдралдаа нээсэн хамгийн сайхан зүйл гэвэл энэ гурвыг олж харсан маань байж дээ. 

Монголын уран зохиолтой хэрхэн танилцсан бэ?

Монгол зохиолчдын уран бүтээлээс орчуулсан нь тун цөөхөн байдаг. Гэхдээ олон хэл дээр уншдаг минь давуу тал болдог учраас, басхүү сүүлийн арав гаруй жил Азийн уран зохиолыг сонирхон судалж байгаа хүний хувьд танай улсын уран зохиолтой илүү их танилцах боломж олдоно гэж бодож байгаа. Анх хэзээ вэ гэвэл, Моррис Россаби гэж Монголын түүх, хэл судлалд нөлөөтэй хүн Нью-Йоркт амьдардаг юм. Тэр хүний ажлууд, бас англи хэл рүү орчуулсан эхнэрийнх нь өгүүллэгүүдийг уншиж байсан.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд аль улсын уран зохиолд хамгийн удаан хугацаанд автсан бэ?

Би япон, хятад хэл судалж, уран зохиолыг нь багагүй уншсан. Бас Непалд амьдарч байсан болохоор Энэтхэг, Пакистан, Непал, Шри Ланк зэрэг Өмнөд Азийн улсуудын уран зохиолд дуртай. Японоос Мураками, Мишима, Акутагава, Осаму Дазай, Хятадаас Жан Айлин, Лю Шун, Му Ши Ин, Өмнөд Азиас Рушди, Рохинтон Мистри, Амит Чаудхури, Викрам Сет зэрэг зохиолчийн бүтээлүүдэд маш их дуртай.  

Өнгөрсөн жил би анх удаа Африкийн Кенид очиж үзсэн болохоор франц, англи хэл дээр хөрвүүлсэн африк уран зохиолыг бас чамгүй уншсан. Мабанкоу, Тежу Көүл, Тайе Селаси гэх мэт томоохон уран бүтээлчид бий. Бас би Перу, Аргентинаас ирсэн хоёр найзтайгаа хамтарч хэвлэлийн компани байгуулж, олон улсад төдийлөн танигдаагүй зохиолчдын бүтээлийг орчуулан таниулах ажилд ханцуй шамлан ороод байна. Гол зорилго нь дэлхийн олон орны уншигчдад өөр өөр хэлтэй зохиолчдыг таниулахад чиглэж байгаа юм. Тухайлбал монгол, непал, узбек уран зохиолыг испани, франц, хятад хэл дээр гаргах гэдэг ч юм уу, эсвэл монгол, непал, узбек зохиолыг испани, франц, хятад хэл рүү буулгаж болох юм. Бас хятадын уран зохиолыг испани хэл дээр, эсвэл Монголын уран зохиолыг хятад хэл дээр гаргах ч юм уу. Орчин цагт интернет, олон нийтийн сүлжээгээр дамжуулан уран зохиол дэлхий дахиных болсон байна. Бидэнд хийх зүйл дэндүү их байна. 

Урлаг, гоо зүйн мэдлэг, мэдээлэл өгөх тал дээр Монголд өнгөрсөн арван жилийн турш “Гоодаль” сэтгүүл маш их үүрэг гүйцэтгэж байгаа гэж боддог юм. Энэ сэтгүүлтэй ямар завшаанаар холбогдов?

“Гоодаль” сэтгүүлийн одоогийн эрхлэгч Куш (З.Энхмөнх)-тэй 2010 онд Улаанбаатарт хоёр дахь удаагаа ирэхдээ танилцаж байсан. Бид хоёрын олон танил, найз нөхөд Улаанбаатар, Бээжинд амьдардаг. Анх надад Куш (Kush and Oyuk хамтлаг)-ийн дуу их таалагдаж, танилцаж, найзууд болж, соёл, ном, хөгжмийн талаар олон удаа ярилцаж байлаа. Харин өнгөрсөн 12 дугаар сард намайг Нью-Йоркт байхад тэр над руу “Гоодаль” сэтгүүлд эрхлэгчээр ажиллах болсон талаар бас сэтгүүлийн номын хэсэгт бичиж байхыг хүссэн и-мэйл ирүүлсэн. “Гоодаль” сэтгүүлийн стандарт, чанар надад таалагдсан учраас би зөвшөөрсөн. Одоо би энэ сэтгүүлээс гадна Тайм.мн сайтад өөрийн гэсэн нийтлэлчийн булантай болж байгаа. 

Таны цаашдын төлөвлөгөө?

Ямар ч байсан ойрын хугацаанд хятад, монгол, узбек уран зохиолыг испани, франц, чех орос, англи хэл рүү хөрвүүлнэ. Амьдрал өөрөө нэг том тойрог. Харин тэр тойрогт олон тойрог багтдаг гэж би боддог. Би буддист хүн болохоор хувь зохиол, үйл үрийн энэ тойрогт итгэдэг гэх үү дээ. 8-16 насандаа би долоо хоногт долоон ном уншиж хэвшсэн байлаа. Сурагч байхад манай номын санч намайг сургуулийн хамгийн их ном уншдаг хүүхэд гэж билээ. Одоо би 45 настай. Тэгэхээр хэвлэх, орчуулах, хянах, бичих гээд амьдралын минь тойргийн нэг хэсэг болсон энэ ажлаа үргэлжлүүлнэ. Мөн уран бүтээлчийн хувьд түлхүү анхаарах бас нэг тойрог зам бий гэж бодож  байгаа. Ерөнхийдөө бичнэ гээд ойлгоход буруутахгүй. Дээр нь исланд, монгол гээд хэд хэдэн хэл нэмж сурах бодолтой байгаа. Яагаад гэхээр эдгээр хэл дээр олон гайхалтай сайхан ном зохиол байдаг юм. Бас үргэлжлүүлж аялах байх. Ямартай ч Улаанбаатарт үе үе ирж зохиолч, орчуулагч нартай танилцах хүсэлтэй байгаа. 

Уран зохиол ер нь ямар үүрэгтэй вэ?

Зохиолч уран бүтээлээ сэтгэлээсээ туурвиж, амьдралынхаа хамгийн эрхэм зүйл гэж үзэх нь чухал. Уран зохиолыг улс төр, төвийг сахисан үзлийн үүднээс эсвэл ямар нэгэн нөхцөл, чиглэлээр бичих нь чухал биш. Хамгийн чухал нь амьдрал, амьдралд тохиож болох бүхнийг өгүүлсэн сайн зохиол туурвих нь гол юм. Зохиолч болон зохиол хоорондын энэ харьцаанаас уран зохиол яагаад хэрэгтэй вэ гэдгийг ойлгож болно гэж бодож байна.

Техник технологийн хөгжил, хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэт хялбарчлал зэрэг зүйлс жинхэнэ утга зохиолыг хорогдох газаргүй болгож байна уу гэж би боддог юм?

Технологийн хурдацтай хөгжлийн хажуугаар харин ч уран зохиол ард түмэнд хэрэгтэй. Би технологийг их хэрэглэдэг л дээ. Мэдээж үүнд бидний анхаарал маш ихээр сарниж байгааг анзаардаг. Зарим талаар бид аливаа зүйлийг хайхрах, гүн гүнзгий мэдрэх, эргэцүүлэх тал дээр алдаж байна. Тийм болохоор ном унших ч юм уу ямар нэгэн байдлаар анхаарлаа төвлөрүүлж чаддаг байх хэрэгтэй. Тэгж байж бид төсөөллөө сайжруулж, уран зохиолыг өөрсдийн амьдрал, нулимс, мөрөөдөл, найдварын толь болгон ашиглаж сурна.  

Нөгөөтэйгүүр технологи бидэнд шинэ уран бүтээлчдийг, уран зохиолыг олж нээхэд тусалж, зохиолчидтой холбож өгч байдаг. Энэ сайн хэрэг. Тийм болохоор энэ хоёр талыг аль алийг нь ашигтайгаар эргүүлж, магадгүй илүү их унших тэр тусмаа цааснаас харж унших цаг гаргаж сурах нь зүйтэй. Тиймээс цаасан ном мөнх оршиг гэе дээ.

Яруу найрагт дур сонирхолтой хүний хувьд би энэ урлагийн ирээдүйн талаар заримдаа сэтгэл дундуур хүлээлттэй болчихдог. Яруу найраг цаашид хэрхэх бол?

Би зөвхөн өөрийнхөө туршлага, үзлийн үүднээс л энэ талаар ярьж чадна. Зөвлөлтөд бага нас маань өнгөрсөн болохоор орос сургуульд суралцаж, мэдээж шүлэг уншиж өссөн. Тэгээд би яруу найраг бол настай хүмүүсийн оюун санаанаас гардаг, тэд л хүлээж авдаг зүйл гэж үзээд Европын орнуудад амьдарч байхдаа яруу найргийн талаар бараг мартаж орхисон байлаа. Гэтэл би эндүү бодож байсан гэдгээ энэ зуур анзаарсан л даа. Түрүүн хэлсэн дээ, амьдрал тойргуудад өрнөдөг гэж... Ингээд би яруу найргийг биширдэг боллоо. Бас гурван жилийн өмнөөс франц, орос яруу найргийн номуудыг уншиж, орчуулж эхэлсэн. Бодлер, Рембо, Аполлинер, тэгээд Цветаева, Ахматова, Пастернак гэх мэтчилэн. Одоо би америк, хятад, японы яруу найраг сонирхож байна. Яагаад гэхээр тэд гүн утгатай, дүрслэл, сэтгэл хөдлөлийг гайхалтай илэрхийлж чадсан байдаг. Ер нь яруу найргийг уншихад тийм их цаг хэрэггүй шүү дээ. Учир нь ихэнх нь маш богинохон, тэгсэн атлаа гүн гүнзгий утгатай, зарим талаар олон нийтийн сүлжээнд тохиромжтой ч юм шиг зүйл. Тэгэхээр би хувьдаа яруу найргийн өмнө их ирээдүй бий гэж бодож байна. Би уран зохиолын орчуулагч хүн болохоор яруу найргийн орчуулга хийнэ гэдэг хамгийн хэцүү байдгийг мэднэ. Гэхдээ түүнээс маш их таашаал, урам авдаг. Өөрийн туршлагаа хуваалцахад хүмүүсийг http://worldvoices.pen.org/poetry/translation-slam-poetry-and-protests гээд сайт руу хандахыг зөвлөж байна. 

Энэ ямар учиртай сайт вэ?

Энэ бол хэд хэдэн орчуулагчийг нэг дор цуглуулаад текст өгөөд орчуулж, чангаар уншиж, харьцуулалт хийх зэргээр бие биенээ хөгжүүлэх, шүүмж сонсож ажиллаж болдог талбар юм. Энд бид яруу найргийн гоо сайхныг олж харах, сайн орчуулгыг хийх аргад суралцаж байна. Олон хүнийг яруу найргийн орчуулгын ийм үйлд оролцоосой гэж хүсдэг юм. Мөн залуусыг яруу найрагт татах зорилготой үйл ажиллагааг эрчимжүүлэх нь чухал. Үүнийг хэрэгжүүлэх арга олон нийтийн сүлжээнд ч бий. Эцэст нь яруу найраг өдөр тутмын амьдралын төв нь байх ёстойгоос биш цөөнхийн дунд хаагдмал байж таарахгүй гэж хэлэх байна. 

20 зууны уран зохиол өнөөдөр биднийг хөтөлж байгаа гэж би хардаг юм. Харин энэ зууны уран зохиолын тухайд юу хэлэх вэ?

Би дэлхийн бүх орны уран зохиолыг нарийн мэдэхгүй л дээ. Жишээ нь, Монголын уран зохиолыг одоогоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ 21-р зууны уран зохиол хоёр гурван талаараа өөр байж болох юм. Нэгдүгээрт, эмэгтэй зохиолчид илүү их хүч түрэн орж ирэх байх. Тэр хэмжээгээрээ олон өөрчлөлт гарч байна. Шалтгаан нь тэд өөр өөр амьдралын хэв маяг, асуудалтай болохоор эрчүүд давамгайлдаг уран зохиолын салбарт нэхэгдэж байсан өнөөх өөр уур амьсгалыг уншигчдад өгөх болов уу. Хоёрдугаарт, уран зохиолын амьдрал илүү олон талтай болсон. Орчуулга, дэлхийн паблишингийн компаниудын ажиллагаа, олон сонирхолтой фестивалиуд болдог болжээ. Бас өөр өөр хэлтэй уран бүтээлчид олон оронд нүүж, суурьшин уран бүтээлээ туурвидаг болжээ. Тухайлбал, Милан Кундера чех хүн боловч Франц улсад танигдсан. Монголын Тувагийн Ч.Галсан гэхэд Германд герман хэл дээр уран бүтээлээ туурвиж байна. Японы Иока Тавада бас герман, япон аль алинаар нь бичдэг. Казуо Ишигуро япон хүн боловч зөвхөн англиар бичдэг. Энэ түүхэнд шинэ зүйл биш боловч цар хүрээ, хамрах байдлаараа шинэ байна. Бас өөр байна. Тэр хэрээрээ энэ байдал улам л түгээмэл, ердийн үзэгдэл болохоос гадна уран зохиол тэлж байгаа хэрэг. 

Гуравдугаарт технологи, дижитал эрин, олон нийтийн сүлжээ уран зохиолыг өөрчилж байна. Хятад, Япон, Солонгост интернет уран зохиол гэдэг шинэ жанр үүссэн. Гэхдээ зохиогчийн эрхийн асуудал, шинэ хэв маяг гээд бэрхшээл мундахгүй л дээ. Ер нь өөрчлөгдөөгүй үлдсэн зүйлс миний сонирхлыг ихээр татдаг. Уран зохиол ч бас хэлбэр, өнгө төрхийн хувьд өөрчлөгдөж болох ч мөн чанарын хувьд огт өөрчлөгдөөгүй гэж бодож байна.