Б.Арго: Ц.Элбэгдорж надад гавъяат багш өгөхгүй бол иргэншлээ солино

Нийтлэл / Т. Есөн-Эрдэнэ
2015 оны 06 сарын 08

Ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Олон хүний хүлээлтэд хариулт хэлэх үүднээс таныг гарч ирсэн гэж бодож байна. Хэр хугацаанд эмнэлгээр явсан бэ?

Сүүлийн долоо найман сар, бараг жил явлаа. Хөлөө тайруулахаас өөр арга байсангүй. Сахарын өвчин хүндрээд, судасны бөглөрөл гэсэн оноштой. Одоо л дээрдэж байна. Бие тэнхэртэл гээд нууцалчихсан юм л даа. Тэгээд долоо, найман сарын хугацаанд их л юм бодлоо. Хүн ер нь эрдэм мэдлэг, чадалтай, мөнгө төгрөгтэй, ухаантай гээд бардаж болдоггүй юм байна. Удаан хугацаанд гэрээсээ гарахгүй байхаар чинь бүр хүний мөрөөсөл болдог гэсэн үнэн. Би чинь хоёр, гурав хоногийн өмнө л нэг шоппинг хийж, ресторанд суулаа. Их сайхан байдаг юм байна. Бараг мартах шахжээ. Тэгээд яахав, хүч чадалтай байсан хүн чинь хөөрхий болохоор аягүй миардаг юм байна. Энэ хугацаанд харин олон жил төлөвлөж байсан өнөөх итали, испани хэлнийхээ номыг бичлээ. Зургаан хэлний ном өмнө нь гаргаад байсан одоо ингээд долоо, найм дахь номоо гаргачихав аа. 

Олон нийтийн сувгуудаар таны тухай юу гэж бичиж буйг анзаарсан уу. Бас “Мөрөөдлийн театр”-ын залуусыг хүмүүс шүүмжилж байна.

“Мөрөөдлийн театр”-ынхан харин энэ зуур намайг их шоглолоо. Хар сүлдэнд мөргөвөл харь гаригийн хэл сурна гэж би лав хэлж байгаагүй. Би чинь шинжлэх ухааны хүн шүү дээ. Харь гаригийн хэл нь байтугай, хүн нь олдохгүй байхад юу гэж би тэгж ярьж байх юм. Тэгээд би тэр хүүхдүүдэд хэлсэн юм. “Та нар боль оо” гэсэн чинь нэгэнт хийчихсэн одоо өнгөрсөн шахуу юм өөдөөс ярьж байна лээ. Тэгээд би хэлсэн, “Та нараас мөнгө нэхэхэд төлж чадахгүй дээ” гэж. 

Та тэгээд гомдол гаргасан уу

Яах вэ, тэгж л байг. Би зүгээр Арго үхээгүй байгаа шүү гэдгээ бас хэд хэдэн хүнд сануулмаар байна. 

Ямар хүмүүст?

Эхлээд энэ хошин шогийнхонд. Ингэж хүн доромжилдог. Тахир дутуу хүн тэгж доромжлоод таашаал авдаг манъяк юм уу хаашаа юм. Гаж донтой байж болох юм л даа, тийм ээ. Зохиолын ядууралд орчихоод байна л даа, хөөрхийс. Энэ “Маск”-ынхан ямар байна. Сайхан байна шүү дээ, Баярмагнай, Эрдэнэзаан, Мөнхсайхан нар чадаж байна. Тэд тэгж хүн доромжлохгүй байгаа биз дээ. “Мөрөөдлийн театр”-ынхан тэр ах нараасаа суралцах хэрэгтэй. Тэгж яривал би баргийн хүнээс түрүүлээд мөрөөдөлдөө хүрчихсэн байхгүй юу. Монгол хүний мөрөөдөл гурван өрөө байр гэсэн тэр нь байна. Хаус, машин, мөнгө байна. Нэр төр байна. Хамгийн гол мөрөөдөл би найман хэлний ном бичнэ гэсэн түүндээ ч хүрчихлээ. Тэдэн шиг мөрөөдөл царайлж хүн доромжлохгүй. Миний номон дээр хүн доромжилсон юм ерөөсөө байхгүй шүү. 

Та чинь хошин ном гаргаж байсан байх аа?

Тэр чинь Бооёотой үзсэн байхгүй юу. Бооёо, Ганбаа, Аглуу нар миний ном, хар сүлдийг маань доромжлоод. Эцсийн эцэст хар сүлдийг доромжлоно гэдэг чинь монголчуудынхаа шүтээнийг доромжилж байгаа хэрэг юм. Чингис хаан тахидаг байсан байхгүй юу. Би Өвөр Монголоос хулгайлж оруулж ирсэн. Бүр 500 сая төгрөг зарцуулсан. 

Хулгайлахдаа 500 сая төгрөг зарцуулсан гэж үү?

Үгүй ээ, тахилгадаа зарцуулсан юм. Идээ, ууц, архи дарс зөндөө мөнгө орно. Би 44 тахилга хийж, Монголд нутагшууллаа. Тэгээд би Бооёод хэлсэн. “Би англи хэлний багш хүн. Гэхдээ би хошин ном бичиж чадна. Харин та нар бол хоёрхон цагийн тоглолт хийх гэж бүхэл бүтэн продакшнаар ажиллаж байна” гэсэн юм. Би Улаанбаатар паласын концертийн их танхимд дөрвөн өгүүллэг яриад л хүмүүсийг инээлгээд, тэдний хийдгийг үзүүлсэн л юм даа. Хүн ирэхгүй болохоор нь номоо үнэгүй тараана гэсэн чинь шууд ирж байгаа юм чинь. Би энэ шоунд 25 сая төгрөг зарцуулсан. Манай авгай “Чи Стэнфордын их сургуулийн жилийн төлбөрийг цааш нь харууллаа” гэж уурлаж л байлаа. Одоо би “Мөрөөдлийн театр”-т тэр хэмжээний мөнгө зарцуулчихдаг юм билүү. 

Дахиад хошин ном гаргаад, үнэгүй тараах юм уу?

Би зүгээр 20 сая төгрөгөө яаж ч магадгүй. Миний ухаан л мэднэ дээ. Эсвэл яадаг юм харгис аргаар хариугаа авсан ч яах вэ. Надад алдах юм байхгүй. Хөлөө алдсан, ер нь үхсэн ч яадаг юм.

Тоглоогүй, үнэнээ хэлж байна уу?

Тийм ээ. Үнэнээ хэлж байна. Яахав, намайг шоглож болно. Тэд ядаж ингээд хэлчих ёстой байсан юм. “Харь гаригийн хэлийг би мэдэж магадгүй шүү” гэчихсэн бол хамаа алга. Хөөрхөн шог болно биз дээ. Би чинь бас найман хэлний ном биччихсэн. 25 хэл мэднэ гээд яриад яваа. Бас хоосонгүй шүү. Ер нь миний үеийнхэн намайг мэднэ ээ. Одоо үеийнхэн маань сайхан л явж байна. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар гараад ирлээ. 

За, улс төр ярих уу даа. 

Одоо ингээд юм хийж байгаа хүмүүс рүүгээ дайраад байдаг болчихож. Гүйх нохоод гүйхгүй нохой саад гэгчээр. Би одоо “Гүйхгүй ноходыг хөөе” гэж нийгэмдээ уриалмаар байна. Ажил хийдэггүй, мөнгө олж ирдэггүй гэр бүлийн гишүүн болон бусдын төлөө худлаа санаа зовсон улстөрч баагийнуудыг энд хамруулна. Дээр нь энэ мэргэжлийн хяналтын байгууллагынхан байна. Яагаад тэр Хархорин захын гадаа зогсож байгаа хүмүүсийг хөөдөг юм. 

Таны бизнест элдэв дарамт байхгүй биз дээ. 

Би чинь бизнес гэж ном л зарна шүү дээ. Над руу бол тэд чадахгүй ээ. Харин яагаад энэ хорхойд хоргүй хүмүүсийг хавчиж, амьдрах аргыг нь үгүйсгээд байна вэ. Би яахав, номоо өнгөрсөн зун сайн зарлаа. Хятадад хичээл заалаа. Хятад хүүхдүүд хөөрхөн л байдаг юм байна. Бас 21 аймгаар явсан. Бага ангийн хүүхдүүдийг би наймхан хичээлийн дараа уншиж сургалаа. Аав, ээж нь уурлаад, “Ийм богинохон хугацаанд чиний сурна гэж юу байдаг юм” гээд хүүхдээ гайхаад байгаа юм. Сурчихсан л байгаа юм шүү дээ. Хуучин 23, орос 3 гээд сургуулиудад нэгдүгээр ангиас нь орос хэл үздэг байсан. Төгссөн хүмүүсийн юу нь муудчихсан байгаа юм. С.Баяр, Н.Энхбаяр бүгд 23 дугаар сургууль төгссөн. Найман настайгаасаа тэд гадаад хэл үзсэн. Би мэднэ. Манайх чинь 40 мянгатад байсан айл. Намайг арай ч дээ, Биттлз, Пресли сонсоогүй час улаан хөдөөний баагий ирчихээд олон юм яриад байна гэж бодож байгаа бололтой. Юу гэж тийм юм байдаг юм. Пресли, Биттлз сонсоогүй хотын хүүхэд гэж юу байхав. Одоо манай гэрт манай үеийнхний сонсож өссөн бүх пянз байна даа. “Шар айраг”-ийн Ганхүү нарын манай үеийнхэн бол мэднэ. Пянз дүүрэн байна. Бүгдийг нь сонсоно. Манай аав буудлагын спортын мастер дандаа гадаад явна. Явах болгонд нь би пянз захина. Нэг пянз ямар үнэтэй байсныг мэдэх үү. Зуун төгрөг байсан. Хөөрхий тэгээд би энэ жил хөлгүй боллоо. Аав маань ч бас өнгөрчихлөө. Юм юм л давхацлаа даа. Би чинь хотын унаган хүн байхгүй юу. Хөдөө царайтай л болохоос. 

Одоо ингээд өөдрөг ярьж байгаад тань баяртай байна. 

Тэгээд би энэ интернетэд надад санаа зовиносон хүмүүст бас баярласнаа илэрхийлье. Хөөрхий минь яав, ийв гээд утасдаж байна. Хэсэг залуус сая над руу яриад намайг эргэж ирэх юм гэнээ. Мөнгө төгрөг өгье, барья гэж байна. Би “Тэгэх хэрэг байна уу” гэтэл заавал очно гээд болдоггүй. Тэгээд би гэртээ урилаа. Аятайхан хоол унд бэлдээд, гэртээ урья гээд хэлчихсэн. Номноосоо өгье, яасан сайхан сэтгэлтэй залууст. Номын нөөц байна аа, байна. Гурван мянган ном хураалгаастай байгаа. 

Сайхан сэтгэлтэй залуус байна.

Тийм ээ, сэтгэлийн дэм их чухал. Монголчууд чинь юм хийж байгаа Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг ёстой алах нь ээ. Бараг энэ С.Ганбаатар. Г.Уянга нар нийлээд хувьсгал гаргах гээд байгаа юм биш үү. Тэгээд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг хананд шахаж байгаад бүр буудах нь ээ, айн. Тийм юм байдаггүй юм аа. С.Ганбаатар, Г.Уянгаагийн хажууд Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр чинь компанийн захирал байсан хүмүүс. Компани босгоно гэдэг ямар хэцүү билээ. С.Баярцогт бол 1984 оны математикийн олимпиадын улсын аварга залуу. Би мэдэлгүй яадаг юм. С.Баярцогтын залийг би мэдэж байна. 

Заль аа, ямар заль?

Эхлээд гадныханд худлаа бүх юмаа өгөх гэж байгаа юм шиг царайлж байгаад дараа нь хилэнцэт аалз мэт зовоох гэж байгаа юм цаадах чинь. Хуучин 13 дугаар зуунд монголчууд Ази, Европыг эзэлж байхад түүхэн тэмдэглэлүүдэд “Монгол хүн эхлээд анд мэт наалдаж байгаад дараа нь хилэнцэт аалз мэт зовоодог” гэж бичсэн байдаг. Түүн шиг С.Баярцогт чинь худлаа ингэж зөөлөн идүүлж байгаад дараа нь ямар том санаа толгойдоо эргэлдүүлж байгаа гэж бодно вэ. 

Ямар санаа?

Тэрийг би хэлэхгүй. Ямарч байсан монголчуудад ашигтай тусна. Түүнээс биш энэ С.Ганбаатар мэтийн шүлсний үйлдвэр гэж хэлмээр байна. Би айхгүй шүү, С.Ганбаатараас. 1937 онд бид баячуудаа барьж алаад юу хожив. Одоо тийм юм ёстой гаргуулахгүй. Өнөөдөр бид сайхан мөнгө олж байгаа хүмүүсээ сайн дэмжих хэрэгтэй. Тэд чинь аваад үхэхгүй шүү дээ тэр их мөнгийг. Худлаа коммунист царайлаад л. Ер нь капитализм байгуулж байгаа биз дээ. Бас энэ Баавар, Манлай гээд хүүхдүүд хар тамхи татсан хэргээр шоронд орох гэж байна гэнэ. Яадаг юм, татаж л байг л дээ. Жексон татдаг л байсан. Пресли татдаг л байсан. 

Мансуурах нь зөв гэх гээд байна уу?

Мансуурч л байг л дээ. Өөрийгөө хохироовол хохирч л байг. Замд нь саад болж яах юм. Татсан хүн бол хамаагүй. Харин зарсан хүмүүсийг нь барих ёстой байхгүй юу. Америкийн олон мужид тийм хууль үйлчилдэг шүү дээ. Одоо бас энэ Архины хяналтын хууль, Тамхины хяналтын хууль бол арай дэндүү байгаа юм. Ер нь энэ Баабар гуай их ухаантай хүн юм даа. Тэр дээр хэдэн өвчтэй, солиотой хүмүүс ороод ирчихэж гээд. Одоо энэ Л.Эрдэнэчимэгийг хар л даа.  Уг нь компанийн захирал байсан хүн тийм юм ойлгодоггүй сонин юм аа. Ардчилсан нам ер нь больж дээ. Ирэх сонгуулиар гарч ирэхгүй ээ.

Та чинь Ардчилсан намын гишүүн байх аа?

Тийм ээ, одоо манай дарга чинь С.Эрдэнэ шүү дээ. Гэтэл тэр доод талын хүмүүс нь даргатайгаа уулзуулахгүй юм. Өмчлөөд авчихсан юм уу, хаашаа юм. С.Одонтуяа гишүүн байна. Баяраар утасддаг байсан. Одоо байхгүй. Манай хоёр дарга чинь дээшээ тэнгэр лүү нисээд явчихсан. Гишүүдтэйгээ ажиллахгүй, дээшээ жингүйдээд байна. Би хэлчихье. 2016 оны сонгуулиар МАН ялна.

Сонгууль дөхөж байгаа юм чинь бууж ирэх байлгүй дээ. Та харж л байхгүй юу?

Одоо тэгээд манай нам шороонд хутгалдаж байна даа. Энэ талаар ярих юм надад их байна аа. Чи асуу л даа.100 асуулт асуусан ч болно. Чи үзсэн үү, тэр 100 асуулт хариултын нэвтрүүлгийг 50 мянган хүн үзсэн байгаа биз дээ.

Тийм үү. Та ч үзүүштэй хүн л дээ.

"Цензургүй яриа"-г 50-иад мянган хүн. "Гамбир"-ыг 70 мянган хүн үзсэн. 

Ингэхэд та номоо хэр зарж байна?

Сайн зарж байгаа. Манайд ном зарж чадаж байгаа хүмүүс гэвэл Баабар бид хоёр л байгаа даа. Би бол сүүлийн хоёр жил Монголд ч зарлаа, Хятадад ч зарлаа. Зарж болдог юм байна. 

Номноос өөр юу зарж болмоор байна. Та харав уу?

Зарах юм байлгүй яахав. Ядаж л махаа зармаар байхад Мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа хийхгүй байна. Гэтэл тэр дээр Ч.Сайханбилэг ажил хийе, бүтээе л гээд байна шүү дээ. Би бол Ч.Сайханбилэгийгээ хаана ч өмөөрнө. Байгаль гээд эхнэр нь манай дүүгийн найз. Манай дүүг Зулаа гэдэг юм. Ч.Сайханбилэг бид хоёр тэнцүү ухаантай хүмүүс. Тэгж ярих юм бол О.Дашбалбар багшийг амьд мэнд, Боловсролын сайд байхад Ч.Сайханбилэгээс би Гадаад хэлний сургалтын төвийн эрхээ авч байлаа. Ч.Сайханбилэг ямар буруу юм хийсэн юм. Зургаан тэрбум төгрөг оруулж ирлээ. Энэ шүлсний үйлдвэрүүд чадах уу. Хулгай хийгээд ч оруулж ирж чадахгүй дээ. 

Сүүлийн хоёр номоо ямар хугацаанд гаргав?

Долоон сар л бичлээ. Итали хэл чинь их чухал юм аа. Би италийн урлагт хайртай. Дөчин мянгатад итали дуу сонсож өслөө. Тэр үе ч сайхан байж ээ, Төмөрөө ах хачин сайхан залуу ирж тоглолт хийгээд л. Би ер нь хүмүүсийг гайхдаг юм. Монгол дуу, гадаад дуу хоёрын аль нь гоё вэ ч гэж байх шиг. Хоёулаа л гоё, аль алийг нь сонсох хэрэгтэй. Одоо манай энэ С.Жавхлангийн дуунууд ямар гоё байдаг билээ дээ. Би С.Жавхландаа хайртай. Гэхдээ энэ сүүлийн үед арай сонин юм яриад байгаа юм. “Бидний урд нэг ангал байна. Тэр ангал дээгүүр нэг хар чулуу байна. Тэрийг бүгдээрээ түлхээд ангалын дээгүүр таглаж тавиад, дээр нь гишгээд цаад талынх нь ногоо тал дээр очъё” гээд байгаа юм. Яах гэж байгаа юм бол? Баячууд дээрээ гишгэх гээд байна уу. Маш ноцтой юм ярьж байгаа юм шүү. Одоо бас тэгээд харсан хүн болгоноо хулгайч нар л гэх болж. Гэтэл капитализм чинь хулгайч нарын байдаг газар биз дээ.

Та бол ангал, хавцал харахгүй байгаа хэрэг үү?

Юу гэж ангал, хавцал хардаг юм. Зөндөө сайхан баяжлаа. Өөр яалгах гэсэн юм бэ. Ном зохиолоо зарлаа. Өвлийн идшээ барахгүй өөхөндөө гулигаж үхэх гээд байна шүү дээ. Цуйван хийж далд оруулж байна. Цаана чинь мал 70, 80 сая давах нь. Одоо тэгээд баян хүмүүсээ ингэж адламааргүй байна. Энэ С.Ганбаатар ер нь ямар бизнес хийж, яаж амьдардаг юм бол?

Мэдэхгүй.

Тэрийг сурвалжлаад олж мэдээч ээ. Чи очоод асуугаач. Г.Уянгаа ч яахав. Манай Баатархуяг тэжээчихнэ. Манай найз байгаа юм. Гэхдээ бас нэг хамжааргатай байхгүй бол болохгүй нь ээ. Саяхан энэ Бээжинд биеэ худалддаг эмэгтэйг Монголд ирсэн чинь гэрийнхэн нь бүгдээрээ нийлж байгаад зодсон байна. Ямар ичгүүргүй вэ, тийм үү. Өөрсдөө тэгж мөнгө олж чадахгүй байж, олсон мөнгийг нь идэж идчихээд тийм юм хийж байдаг. Яг түүн шиг С.Ганбаатар бол чадахгүй ээ. Хулгай ч олигтой хийж чадахгүй. Одоо тэгээд Оюутолгойг хэнд ч өгөхгүй мөртлөө, мөнгө өгнө гээд байх юм. Яасан баян юм. Энэ улсуудад бүгдэд нь мөнгө өгөх юм гэнээ. Ер нь энэ С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг нар англи хэл мэдэх болов уу.

Гишүүний танилцуулга дээр нь бол хэлтэй л гээд биччихсэн байдаг юм. С.Ганбаатар гишүүн чинь англи хэл яаж сурах тухай ярьж явсан хүн байх аа?

Ер нь энэ УИХ-ын гишүүдийн 40 орчим хувь нь л англи, орос хэл мэдээд байх шиг байна. С.Баяр, Н.Энхбаяр нар чинь хар багаасаа л орос хэл үзсэн. Эх хэлээ төгс сурсан хүн гадаад хэл сурдаг гээд  хүмүүс яриад байгаа биз. Тийм биш байхгүй юү. Тийм л байсан юм бол энэ Бавуугийн Лхагвасүрэн гуай англи хэл сурах нь яасан юм. Б.Лхагвасүрэн гуай англи хэл дээр бичдэг байсан бол дэлхийн зах зээл урд нь нээлттэй байж таарна биз дээ. Тийм байхад олон юм солиороод байх юм. Тангадын Галсан гуай байна. Мундаг хүн. Монголдоо л мундаг юм даа. Даанч Женев ороход л хэн ч танихгүй. Аягүй бол Эрээнд ч хүн танихгүй дээ. Би ч одоо гол нь үүнийг л зорилгоо болгоод байна. Үхсэн ч хамаагүй гадаадад номоо бестселлер болгоно гэж. 

Сүүлд нэг та ярилцлага өгөхдөө “Урагшаа дайрмаар байна. Монголчууд ер нь бяр нь амтагдахаараа л урагшаа дайрмаар болдог юм” гэж ярьсан санагдаж байна?

Дайрсан дайрсан. Хөлөө л алдчихлаа. Мөнгөний араас хэтэрхий улайрч байгаад хөлөө алдчихлаа даа. 

Та тэгээд ерөөсөө эрүүл мэндээ хайхрахгүй явсан хүн үү?

Хэтэрхий хайнга явсан. Огт хайхраагүй. Гэхдээ яах вэ, гадаад хэл сурах, бизнес хийхэд хөл бол хамаагүй. Тийм байхад хүмүүс миний хөлийг л сонирхоод байгаа биз.

Харин тэгж байна. Хайран хөл.

За тэгвэл хоёулаа хөлийг тойрсон яриа өрнүүлье. Би энэ Хятад руу явж хөлөө эмчлүүлье гэж бодож байлаа. Манайхан ер нь гадаадад явж амиа аврах гээд байдаг болчихож. Гэвч өвчин улс болгонд адилхан гэдгийг мэддэггүй байхгүй юу. Тэгсэн чинь Гуравдугаар эмнэлэгийн эмч, Судасны тасгийн эрхлэгч Германд сургууль төгссөн залуу надад хэлж байна. Эрдэнэсүрэн гээд залуу бий. Бас Тунгалаг гээд тасгийн эрхлэгч их аятайхан эмэгтэй байгаа. "Та явах замдаа идээ чинь бөөрөндөө ороод үхнэ дээ. Өнөөдөртөө амжиж хөлөө тайруул" гэж хэлсэн. Бас "Маргаашаас хэтрэх юм бол таны хэлдгээр хөлөө биш хүзүүгээ тайруулна" гэж сануулсан. Тэгээд би хөлөө энд тайрууллаа. Үнэ төлбөргүй аваад өгч байгаа байхгүй юу. Энэ Засгийг муулаад байгаа хүмүүс над шиг хөлгүй болж байж юм ойлгох гээд байдаг юм уу, хаашаа юм. Энэ дашрамд хэлэхэд, Эрдэнэсүрэн эмчид гавъяат эмч өг гэж Ц.Элбэгдоржоос шаардаж байна. Тэр эмч хүний амь аварсан. Аврагдсан хүн нь өнөөдөр ингээд итали, испани хэлний ном гаргачихаад сууж байна. 

Хэдэн сард тайруулсан юм бэ?

Өвөл. 11 дүгээр сард тайруулсан. Тэгээд нууцлаад байлаа. Харин чамд баригдчихлаа. 

Цаашид та юу хийх бодолтой байна. Дахиж хэлний ном гаргах уу?

Тэрийг би одоо ярихгүй. Би хийх юмаа л хийнэ. Ер нь хүмүүсийг олон хэлтэй болох хэрэгтэй гэж бодож байгаа минь мэдээж хэвээрээ. “Шар айраг”-ийн Ганхүү зургаан хэлээр ярьдаг. Хэлэх үү би, Англи, Орос, Чех, Герман, Франц, Хятадаар ярьдаг. Ер нь боловсролын гол хэмжүүрийн нэг бол гадаад хэл юм шүү дээ. С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг нарыг тэр яриад байгаа гэрээнийхээ талаар англиар мэтгэлц гэж уриалж байна. Чадахгүй л дээ, тэд. Ер нь С.Ганбаатар яагаад энэ Хархорин дээрээс хөөгдсөн хүмүүсийг өмгөөлөхгүй байгаа юм. С.Ганбаатар бол намайг гүйцэхгүй. Надад бол бичих авъяас байна. Бичсэн номоо ч зарах авъяас байна. 

Ер нь энэ 2020 он хүртэл энэ дээдчүүд улс орноо удирдаж чадахгүй бол бүгдээрээ хятад хэл сурсан нь дээр биз дээ. Би ч яахав, Бээжинд амьдарчихна. Хотын боссуудтай нь найз юм чинь би бол Бээжин байтугай Лондонд ч амьдарна. Тэгээд энэ дашрамд 2017, 2018 он гэхэд Ц.Элбэгдорж миний хөдөлмөрийг үнэлж гавъяат багш өгөхгүй бол би ер нь Оросын иргэн болдог юм билүү гэж бодож байна. Иргэншлээ солино. Өөр аль ч улсын иргэн болж чадна. 

Хэзээ ингээд шийдчихэв?

Шийдэх ч гэж дээ, зүгээр тэгж бодож байна л даа. Ц.Элбэгдоржийг харж л байя. Камертоны Болдод гавъяат өгсөн юм чинь яагаад найман хэлний ном бичсэн хүнд Гавъяат багш өгч болдоггүй юм. Яахав тэгээд, надад өгөхгүй бол би гараад л явчихна. Крымд виноны үйлдвэр эзэн монгол хүн байна. Монголд чадахгүй ч гэсэн гадаадад гараад чадна шүү дээ бид.