Хөгжиж амжилгүй “хөгшин улс” болох вий

Нийтлэл / Т. Есөн-Эрдэнэ
2015 оны 04 сарын 28


-2030 он хүртэл жилд 64-99  мянган хүүхэд төрж, хүн ам 1.4-1.9 хувиар өсөж, дөрвөн сая дөхөхөөр байгаа юм. Улмаар 2030 оноос хойш хүн амын дунд 55-аас дээш насны иргэдийн тоо өсөх дүр зураг ажиглагдаж буй-


Тэтгэвэрийн бодлогыг шинэчлэх гэж буйтай холбоотойгоор "Тэтгэвэрт гарах насыг нэмнэ" гэх шум нийгэмд гаарлаа. Дэмий их мөнгө төлөөд тэтгэвэр тогтоолгож чадалгүй бие барна гэх зовинонгуй шүүмжлэл 20, 30-тай залуусаас гарч байх юм. Юун ч эрт тэтгэвэрт гарах дуртай юм. Хэд ч наслах юм билээ. Дээр нь өнөөдөр ямар ч судалгаанаас харахад тэтгэвэр, тэтгэмжиндээ сэтгэл хангалуун яваа өвөө, эмээ нар олон биш. Тэтгэвэр нэм! гээд УИХ-ын гишүүн эмэгтэйг дагаж жагсаад байгаагаас л харагдана. 

Ер нь бид хөгширсөн хойноо хэнээр тэжээлгэх вэ гэдэгтээ тулчихаад байхад тэтгэвэрт суухыг яарах хэрэг байна уу. Харин ч ажлын байраа хэн нэгэн туршлагагүй залууд шилжүүлээд алмайрч сууснаас чадвартай нэгнийг нь иртэл хүлээсэн ч яадаг юм. Статистик мэдээллээс харахад 1992 оноос хойш 21 жилийн дотор монгол хүний дундаж наслалт 6.3 хувиар нэмэгдэж 69.11болжээ. Тэгэхээр өнөөгийн залуус бүгд дал гараад ная шахахыг хэн байг гэхэв. Харамсалтай нь хөгшдөө халамжлахад манай улс дэндүү ядуу. Хүн амьдрахад таатай эрүүл орчин, эрүүл мэндийн үйлчилгээний захын индекс үүнийг харуулна. 

Монгол бол залуу хүмүүсийн улс. Нийт хүн амын 40 гаруй хувь залуус болохоор тэр. Гадны зочдод танилцуулж байгаа юм шиг ингэж бичих нь залхуу хүргэм ч гэлээ үнэн байдал энэ л дээ. Залуусын эгнээ цаашдаа ч нэмэгдэх хандлагатай. Улмаар 2025 он хүртэл манай улсад хүн ам зүйн “цонх үе” буюу хүн амд хөдөлмөрийн насны, залуучуудын эзлэх хувь хамгийн өндөр хувь заах тааламжтай үе байхыг Статистикийн хороо хэдэн жилийн өмнө судлаад харуулчихсан. Харин түүнд нийцэх бодлого нь хаана яваа юм бүү мэд. 

2010 онд манай улсад 63 мянган хүүхэд төрсөн бол 2030 он хүртэл жилд 64-99  мянган хүүхэд төрж, хүн ам 1.4-1.9 хувиар өсөж, дөрвөн сая дөхөхөөр байгаа юм. Хөдөлмөрийн цонх үедээ бид залуу, бөгөөд нялх үндэстэн байх юм. Улмаар 2030 оноос хойш хүн амын дунд 55-аас дээш насны иргэдийн тоо өсөх дүр зураг ажиглагдаж буй. Тиймээс товчхондоо өнөөдөр, Монгол Улсын ирээдүй залуусын л гарт байгаа юм. Залуучуудын холбооны дарга, улстөрчид байнга хэлээд байгаа болохоос. Хэрвээ ийм тааламжтай үеэ ашиглаж чадахгүй бол хөгжиж амжаагүй бас “хөгшин улс” болох нь ээ. 

Бид дайны дараах хүүхдүүдийн залсан дэлхий дээр амьдарч байгаа гэдэг. Дайны дараах бүтээн босголтын хөрсөн дээр тоглож өссөн тэдний ололтод сүүдэртэй тал бий юү гэвэл бий. Өнөөдөр улс орнуудын дундаж наслалтын дурын хүснэгтээс харахад үүнийг мэдэж болно. Тэр хэрээр өнөөх хөгжиж амжсан улсуудад төрөлт өнөөдөр хангалтгүй, хүн ам нь хөгширч байгаа дүр зураг харагдаж байна. НҮБ-ээс гаргасан судалгаанд мянган хүн тутамд оногдох төрөлтийг улс орноор нь харьцуулжээ. Өнгөрсөн арван жилд Нигер, Уганда, Конго, Афганистан тэргүүтэй улсад мянган хүн тутамд ногдох төрөлт 35-40 байна. Өнөөх Их-20, Их найм гэх улсуудын сураг эхний 20-д ч алга. Харин ч бүр хойноосоо эрэмбэлэгдэж, 190-195 дугаар байрт Япон, Герман, Швейцари, Итали, Хонконг зэрэг улсын нэр харагдана. Мянган хүнд ногдох дөнгөж 7-9 шинэ төрсөн тарөлт заяаж байна. Хамгийн олон хөгшидтэй Макаод л гэхэд мянган хүн тутамд 7 шинэ төрөлт байгаа. Тэд улсынхаа орлогын 70 хувийг мөрийтэй тоглоомоос татаж, түүнийгээ Засгийн газар нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад маш их хэмжээгээр цацдаг байх юм. Монголд мянган хүн тутамд 19 төрөлт заяаж байна. Биднээс гадна Вьетнам, Индонез, Бутан, Гуам, Турк зэрэг улс ийм үзүүлэлттэй. 

Дээр дурьдсан зарчим ёсоор төрөлт бага байх тусам илүү хөгшин ард түмэнтэй болж таарна. Ирэх 20-30 жилд эдгээр улсууд 80 настнуудаа халамжилж өнгөрөөх нь. Технологийн хөгжлөөр толгой өндөр яваа БНСУ хүртэл мянган хүн тутамд 10-хан төрөлт байна. Барзилд айл бүр телевизтэй болсноос хойш сериалуудын нөлөөгөөр төрөлт эрс буурсан гэдэг шиг БНСУ-д ч ийм нөлөө байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хөгжил болон төрөлтийн ийм дилеммаг эрэмбэлж чадсан улс илүү хождог бололтой. Улс орнуудыг харж байхад шүү дээ. Хүүхэд чухал гээд Конгочууд шиг мянган хүн тутамд 50 шинэ төрөлт оногдоод байвал өлөн зэлмүүн, дайн дажины хөлд сүйдсэн эмгэнэлтэй дүр зураг тасрахгүй. Төрөлтөөрөө тэргүүлж буй энэ Конго, Нигери, Уганда, Сомали, Эритрей, Сьерра-Леоне зэрэг улс одоо ч улс төрийн тогтворгүй байдал, хүчирхийлэл, дайн дажингийн зовлонгоос ангижирч чадаагүй байгаа билээ.  

Хүн ам өсөх  нь улс хөгжихөөс урвуу дүр зураг гэж үзэх нь мэдээж өрөөсгөл байх. Хүүхэд төрүүлэхээ азная гэх нь бүр ч утгагүй. Ямар ч байсан жөгжиж амжвал хүүхдүүдээ зовоохгүй, хүүхдүүд чинь дайны хөлд туйлдахдаа зэвсэг барьж өсөхгүй. 1980-аад оны эхээр Сингапур улсын засгийн газар ард иргэдийнхээ дундаж нас тогтмол өсөж буйг ажигласны үр дүнд авч хэрэгжүүлсэн бодлогынхоо ачаар өнөөдрийн Сингапур болж чаджээ. Засгийн газар нь эртнээс төлөвлөн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө зарснаар өнөөдөр хөгшид амьдрахад хамгийн таатай улс биш ч гэлээ ядаж хөгшчүүлээ үхүүлдэггүй улс болжээ. Мөн тэд шинэ төрөлтийг дэмжих эдийн засгийн болоод бусад хөшүүрэг арга хэмжээг авч, төрсөн ээж бүрт 3000-4000 ам.доллар өгч байв. Швед тэргүүтэй хөгшин Европын орнуудад ч эрх баригчид нь ийм шийдвэр гаргасан жишиг бий. Манайх хэдхэн жилийн өмнө мөн л шинэ хүүхэд бүрт мөнгө тараасан удаатай. Гэхдээ жамаараа өсөлттэй яваа төрөлтөд, бас гэрлэлтэд ийм мөнгөн дэмжлэг үзүүлсний үр дүн нь тодорхойгүй. Нийгмийн гэхээсээ улс төрийн агуулгатай халамж байсан. 

Эцэст нь хүн амын “Цонх үе” хаагдахад хөгжлийн тодорхойтүвшинд хүрч чадахгүй бол бид дараа үедээ юу гэж хэлэх вэ. Магадгүй тэд “Манай улс хөгжих боломжтой байхад танай үе юу хийсэн бэ” гэж асуух вий.