Аргаа барж буй Засгийг адайрлаад юу хийх вэ

Нийтлэл / Т. Есөн-Эрдэнэ
2015 оны 05 сарын 11

Засгийн газар Төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахгүйд хүрээд байгаа.  Ерөнхий сайд мөнгөнөөс өөр бодох юмгүй энд тэнд харайлгаж яваа сурагтай. Илэрхий хямралын ийм байдалд суучихаад балмагдаж буй Ерөнхий сайдыг энэ сараас төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудын цалин, ирэх долдугаар сарын 1-нээс төрийн тусгай алба хаагчдын цалин, аравдугаар сарын 1-нээс төрийн байгууллагын удирдах албан тушаалтны цалинг нэмэх ёстой хэмээн МҮЭХ-ноос шахамдуулж байна. Үйлдвэрчний шаардлагатай зэрэгцэн Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд баасан гарагийн чуулган дээр хэлсэн үгэндээ дараагийн Засгийн газрын тухай ярихад ч буруутахгүй боллоо гэсэн шүү зүйл ярилаа. Чингэлтэйн энэ эрхмээс гадна УИХ-ын гишүүн Г.Уянга, Ж.Батзандан нар мөн л УИХ тарах ёстой, жагсаал тэмцэл хийх цаг болсон тухай ярихаа мартсангүй. Тэднийхээр улс төрийн ужиг хямрал энэ парламентаар, энэ Засгаар өндөрлөх ёстой бололтой. Баасан гарагийн чуулганаар сонгуулийн жилийн эдийн засаг, нийгмийн өнгийг хэлэлцэж байснаас ч тэр үү, Үндсэн чиглэл буюу эдийн засгийн томоохон баримт бичгийн тухай бус эртхэн бууж өгөх тухай яриа хөврүүлж суув.

Ерөнхийдөө Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд гишүүд дийлэнх нь шүүмжлэлтэй хандаж байлаа. Хэчнээн гэгээлгээр харах гээд ч энэ жилийн төсөв, санхүү, эдийн засгийн дүр зургаас тун бүрэнхий төсөөлөлтэйгээр ирэх оны энэ үеийн тухай тойм тайлбар бууж байна. Тодруулбал, Үндсэн чиглэлийн хүрээнд тодорхойлох бодлогын суурь зарчим, авах арга хэмжээний талаар тодорхой алхмууд байхгүйг, бүр цаашлаад Засгийн газар тун болхи, бодит байдлыг илэрхийлж чадахгүй баримт бичиг оруулж ирж буйг Р.Амаржаргал нарын гишүүд шүүмжилж байлаа. Мөн Л.Энх-Амгалан, Д.Сумьяабазар нарын гишүүд, Нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг улсын төв банктай хэлэлцэхгүйгээр оруулж ирж байгааг үнэхээр гайхаж байгаагаа илэрхийлсэн юм. Дээр нь Засгийн газар Монголбанкыг хаацайлж байна гэсэн буруутгал ч гарлаа. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ч сөрөг хүчний зүгээс төвбанк, Засгийн газар хэт сүжирч байна хэмээн шүүмжилж байсан тэр л зэмлэлүүд гишүүдээс гарч байв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ талаар “Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нь Үндсэн чиглэл хэлэлцэж байхад алга. Бүгд мөнгө хайгаад явж байна” хэмээсэн нь товчхондоо С.Ганбаатар гишүүн л хэлж байгаа болохоос үнэн.

Ингээд эцэст нь сайндаа ч биш жил бүр л ёс юм шиг хэлэлцээд өнгөрдөг асуудал хэмээн залхсан шинжтэй дүр гарган гишүүдийн олонх Үндсэн чиглэлийн баримт бичгийг дэмжлээ. Харин энэ цаг үед Төрийн ордны гадаа, дөрвөн зүгт хувийн хэвшлийнхэн энэ зуны бүтээн байгуулалтын ажил бараг өрнөхгүй, улс урагш алхахгүй нь гэж харж байна. Улирлын хувьд харахад нэг жилийг бид алдчихаж байгаа юм. Мөнгөгүйдэж горь тасрахын хямрал гээч зүйл үнэндээ мөнгөтэй атлаа хямарсан өнгөрсөн хэдэн жилийнхээс олигтой байхгүй гэдэг нь ойлгомжтой.

Энэ бүхнийг мэдэж байгаа, мөн хэдийгээр Засагт хожуу хамтарсан ч МАН-ынхан нэг үеэ бодвол тэгтлээ улс төрийн хийрхэлд автахгүй байгаа нь сайшаалтай. Учир нь ирэх онд тавих сонгогчдын дүн АН-д хатуухан буухыг тоглоомын нэг хэсэг мэт харж байгаа учраас одоо тэд юундаа ч адгах билээ дээ. Учир нь 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг ирэх жил таван хувь байхаар төсөөлөгдөж байгаа. Бүр хамгийн гэгээлгээр харахад л тав шүү дээ. Энэ бол парламент дахь олонхын даруу загнах шалтгаан, басхүү яаравчлан улс төрийн томоохон нүүдэл хийх шаардлага болчихоод байна.

Аргаа барсан гишүүд ОУВС, “Стэндбай” хөтөлбөрт хамрагдах, цаашлаад Дархан цаазтай алттай уул руугаа өндөр хяналттай орохоос аргагүй боллоо гэж ярьж байна. Нүүрс, зэсийн салбарт дунд хугацааны найдвар тавьж, эргэлзээн дунд сууснаас энэ нь ч бараг зөв зүйтэй алхам гэнэ.

Харин парламент дахь АН-д тулхтай дуу хоолой гаргах имиж, үүрэг хүлээсэн Б.Гарамгайбаатар, нөгөө талаас МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарын хувьд үгүйсгэл, ул суурьгүй шүүмжлэлээс аль болох татгалзахыг уриалж байгаа нь харагдсан. Тэртэй тэргүй АН хариуцлага хүлээнэ гэсэн бэлтгэл парламент дахь бурхинуудын хандлагаас харагдаж эхэлсэн нь ийнхүү цочроо нь гарсан улстөрчийн дүрүүдийг бий болгожээ.

Мөн сонгуулийн оршилд тэгтлээ яараагүй ч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр нарын хариуцлага нэхсэн асуултуудад АН хариулт өгөх гэж үйлээ үзэж байна. Өнөөх л “Гудамж” төслийн хүрээнд тавьсан зам, хэдэн аймагт хэрэгжиж буй орон сууцны төсөл, жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл зэргээ тайлбарлацгаана. Өнөө маргаашгүй ажилгүй болж мэдэх хүнд орон сууцны зээл өгчихөөд түүгээрээ гайхууллаа гэж амаа таглуулах нь ч УИХ-ын танхимаас сонсогдоно.

Ийм бодит байдлыг харахад л Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэн хүнгүй шүүмжилж эхэлнэ. Хэдийгээр өнгөрсөн оны тухайд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлт 56.9 хувьтай гарсан ч санхүүжилт бүрдээгүй, хууль эрх зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой гэсэн дүгнэлтүүд олон төсөл дээр гарчээ. Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газрын бүтэшгүй мөрөөдлийн хөтөлбөрт гишүүд муу дүн тавилаа.

Харин хариуцлага ярих ямар ч боломж байхгүй учраас зэмлэл нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт зөөлөн тусаж байгаа тал бий. Гэхдээ сонгуулийн оршил дуу хоолой, чуулганы танхимд нэг их удалгүй  чангараад ирнэ. Энэ нь АН болон Засгийн газарт цаг тун шахамдуу болж ирснийг илэрхийлж байна. Тэр болтол залуу Ерөнхий сайдын замд чулуу болохгүй гэсэндээ парламент хямралын үеийн улс төрийг харьцангуй зөөлөн хүчээр хийж байгаа. Угаасаа ч одоо нэгэнт аргаа барж буй Засгийн газрыг алгадаж унагаагаад юу хийх билээ.