Үнийн өсөлтийн үндсэн шалтаан ба үндсэн хохирогч

Нийтлэл / Т. Есөн-Эрдэнэ
2014 оны 10 сарын 15
Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улс зуун жилд ямархуу сонирхолтой статистик дүн хөврүүлсээр амьдарч ирснийг эмхэлсэн томоохон судалгааны бүтээл гаргасан нь гурван жилийн өмнөхөн юм. Эмхэтгэлийн хуудас эргүүлж суутал 1991 онд хоёр төгрөгийн үнэтэй байсан талх, 1994 онд 79 төгрөг, 1997 онд 236 төгрөг, 2005 онд 318 төгрөг, 2010 онд 631 төгрөг хүрч байжээ. Тэгэхээр өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн талх 300 төгрөгийн үнэтэй гэж хэлээд өөрийгөө балласан залуу улстөрч 2011 онд нэвтрүүлэгт оролцож байж зургаан жилийн өмнөх үнийн баримжаатай тууж явжээ дээ.

Ажиглаад байхад сүүлийн арав хүрэхгүй жилийн дотор гайхал талх (Атар талх)-ны үнэ айхтар өссөн байна. Мөн 2005 онд нэг кг нэгдүгээр зэргийн гурил 400 төгрөгт хэлбэлзэж байсан бол 2010 онд 631 төгрөг болж өссөн байна. Гурил талхны үнэ ер нь ойролцоо явж иржээ. Харин монголчуудын хоол тэжээлийн гол орц махны үнэ 2000 онд хонь, үхрийнх дунджаар мянган төгрөг дөнгөж давж байсан бол арван жилийн дараа дөрөв дахин нэмэгдсэн “гайхам” өсөлттэй байгаа юм.

Яагаад ингээд аль эртний уйтгартай баахан тоо яриад байгааг одоо ойлгуулах гээд үзье. 2010 онд та дээрх үнээр гурил, талх, махаа авч байжээ. Өнөөдөр тэгвэл энэ үнэ хэрхэн хөдөлсөн байна вэ. Нийслэлийн Статистикийн газрын судалгаагаар яг өчигдрийн байдлаар кг хонины мах 6205, үхрийн мах 7545 төгрөгт хүрчээ. Уг нь өдийд үнэ жилийн дунджаар харьцангуй доогуур байдаг үе шүү дээ. 14 жилийн дотор махны үнэ 6-7 дахин өссөн байна. Нэгдүгээр зэргийн кг гурил 900 төгрөг, Атар талх 1100 төгрөг болжээ.  Дөрөвхөн жилийн өмнө гурил дунджаар 600 төгрөг, Атар талх 631 төгрөг байлаа. Миний хэлсэн хүнсний дээрх гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт ба өөрсдийн цалингийн зөрүүг нэг бодоод үзээрээ. 2010 онд тийм цалин авч байлаа, өнөөдөр ийм байна гээд л.

Ер нь зах зээлийн эдийн засагт шилжснээс хойш 2002 онд инфляци хамгийн бага түвшин буюу 1.6 хувьтай болж, үнэ тарифийн өсөлтийн хурд харьцангуй саарсан байдаг. Харин түүнээс хойш бараа бүтээгдэхүүний өсөлт, санхүүгийн зах зээлийн олон бэрхшээл бидэнд тулгарч 2007 онд инфляци 17.8 хувь, 2008 онд 22.1 хувь хүрч “галзуурсан” болно. Дараа жил нь 4.2 дээр нам түвшин зааж орхисон инфляци 2010 онд махны үнийн өсөлтөөс шалтгаалан 13 хувьд хүрчээ. Махны үнийн өсөлтөөс шүү дээ. Эхэнд яагаад мах, талх яриад та бүхний туулж өнгөрсөн үеийг дурсаад байсан шалтгаан одоо бага ч болов тодорч байгаа байх. Тэгвэл өнөөдөр инфляци 13.7 хувьтай байна. Дөрвөн жилийн өмнөхөөс энэ хугацаанд 8 хувь руу нэг орж, 11 орчимд хэсэг заагаад мөн л мах, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан өнөөдийн түвшинд хүрчээ. Нэг зүйлийг тодруулахад, инфляцийн түвшин тухайн жилийн сар сараар нэлээд ялгаатай байдаг нь бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн улирлын чанартай хэлбэлзэл, хэрэглээний сагсанд сонгосон бараа, үйлчилгээний өрхийн нийт зардалд эзлэх хувийн жингээр тайлбарлагддаг билээ. Жишээ нь, 2012 оны өвөл инфляци 11 хувь хүрэхэд үүнд махны үнэ гурван хувийн өсөлт үзүүлж байх жишээтэй. Бүр 2008 оны хямралын үеийн инфляцийн өсөлтийн 10 хувийг мах эзэлж байсныг статистик харуулж байна.

Төвбанкны удирдлагуудын тайлбарласнаар мах болон шатахууны нийлүүлэлтийн шокоос үүсч инфляци өсдөг нь тодорхой байгаа юм. Улмаар мөнгөний хатуу бодлого барих, тэр нь эргээд урт хугацаандаа санхүүгийн секторт дарамт болох зээлийн олдоц муудах, хүү өсөх зэрэг шалтгаан болно. Бүдүүн баргаар тайлбарлахад мах тэргүүтэй хэрэглээний сагсны хамгийн өндөр жинтэй бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлтийн шок л манай эдийн засгийг улирлын мөчлөгтэй, итгэлгүй, хэврэг байдалд оруулсаар удаж байна. Хэдийгээр дээрх нийлүүлэлтийн шоктой тэмцэх үүднээс үнэ тогтворжуулах хөтөлбөрийг төвбанк, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ч харамсалтай нь дорвитой үр дүн авчирж чадахгүй байгаа нь үнэн юм.Инфляци дорвитой буурахгүй байгаагаас харахад хөтөлбөрийн үр дүнг дүгнэж болно.

Үнэ нэгэнт өсчихвөл эргээд өмнөх түвшиндээ хүртэл буудаггүй нэг тийм эдийн засгийн зүй тогтол байдаг гэж ойлгож болно. Харин инфляцийг илбэдсэн мэт өсгөдөг махны үнэ болон бидний эрэлт нийлүүлэлтийн уялдааг ойлгоход нэн төвөгтэй байгаа юм.  Уг нь Монгол Улсын нэг хүнд ногдох малын тоо тасралтгүй өсч сүүлийн хэдэн жилд жил тутамд дөрөв орчим сая толгойгоор өссөөр өнөөдөр 40 сая даваад байгаа ч махны үнэ өнөөх л “гэрлийн хурд”-аа заасаар. Энгийн локиг, зүй тогтлоороо бол нийлүүлэлт ихсэхээр үнэ буурах ёстой байдаг. Гэтэл сүүлийн хэдхэн жилд л монголчууд гэнэт их махссан аятай үнийн өсөлтийн гажиг үр дүн харагдаад байх. Уг нь аль тэртээ 1989 онд манай улсын нэг хүн сард 7.8 кг мах хүнсэнд хэрэглэж байснаас өнөөдөр дорвитой нэмэгдээгүй юм байна. 2000 онд 10 кг болж нэмэгдснийг эс тооцвол 2006 онд нэг монгол хүн сард 8.3-9.0 кг мах хэрэглэдэг тэр хэвээрээ л байна.

Ингээд харахаар махны үнэ байнга өсч байгаа нь эдийн засгийн эрэлт нийлүүлэлтийн хуулийн эсрэг зүйл болоод буй бололтой. Дээхин үед Үндэсний телевизээр хэсэг хүн мах, ноолуурын үнэ өсөөд байгааг төр хэрхэн зохицуулах талаар ярилцаж байсан шиг үр дүнгүй л яриа өнөө хэр үргэлжлээд байна. Тэр нэвтрүүлгийн төгсгөлд оролцогч, нийтлэлч Баабар, “Үнэ өсөөд байгаа. Түүнийг төр зохицуулж чадна гээд байгаа бол ерөөсөө тэр ченжүүдээ буудчихъя” гэж шоглож байж билээ. Мань Баабарыг хэлсэн хэлээгүй зах зээл биднээр шоглосооор ирж дээ.

Ерөөсөө Монголын уламжлалт мал аж ахуйд “бүтээмж”, “ашигт ажиллагаа” алга гэдгийг нэгэн эдийн засагч хэлж байлаа. Мал адгуулах уламжлалт арга цаг үед нийцэмжгүй. Дээр нь малчид ч гэсэн хэрэглэгч л болсон хойно дундаж хотын иргэнээс дориухан орлоготой байгаа бол хэрэглээ нь ч мөн адил тэднийхээс давах нь тодорхой зүйл. Гэтэл малчид хэчнээн мөнгөө зарцуулаад ч манайх шиг импортын хэрэглээтэй, валютын захнь түүнийгээ дагасан эмзэг улсад дийлэнх бараа бүтээгдэхүүний үнэ цаг хугацаатай уралдаж өсөх нь хэвийн зүйл. Гэхдээ үүгээр малчид болоод ченжүүд махны үнийг зориуд заналтайгаар өсгөөд байгаа гэж хэлэх гэсэнгүй. Харин асуудлыг яаж ч тодорхойллоо гээд инфляцийн үндсэн шалтгаан дунд махны үнийн өсөлт яваа нь үнэн. Цаашилбал энэ бүхэлдээ эдийн засгийн циклээрээр явагдаж буй хөдөлгөөн болж хувирна. Жишээ нь, 2010 оны үед уул уурхайн салбарын ид тэлэлт, уурхайчдын өндөр цалингаас хамаарч Улаанбаатар дахь орон сууцны үнэ өссөн нь тодохой болж байлаа. Мөн орон сууцны хямд зээлийн эх үүсвэр ч нөлөөлсөн байгаа юм. Асуудлыг том зургаар харахаас аргагүй гэсэн үг.

Мөн 2008 онд инфляци 30 хувь давах үе бол цэвэр нийлүүлэлтийн шокоос үүдэлтэй байжээ. Үүнийг тодорхойлбол эдийн засагт гэнэт их хэмжээтэй мөнгө орж ирснээр эрэлт огцом нэмэгдсэн. Харин яг тэр үед урд хөршөөс өнөөх эрэлттэй бараа бүтээгдэхүүнийг татах төмөр замын хүчин чадал хүрэхгүй байснаас болж бараагаа цаг хугацаанд нь уян хатан байдлаар татаж чадаагүй хүндрэл тулгарч байв. Улмаар Эрээнд тонн цементийн үнэ 70-80 орчим мянган төгрөг байсаар байтал Замын үүдэд буюу ердөө хэдхэн километрийн наана энэ үнэ 100 мянган төгрөг давсан юм. Энэ тохиолдолд үнийн өсөлтөд ложистик, гаалийн уян хатан ажиллагаа, төрийн бодлого гээд олон шалтгаан нөлөөлснийг бид дараа нь тодорхойлсон. Тэгэхээр үнийн өсөлтийн үндсэн шалтгаануудыг бид энэ мэтчлэн өнгөрсөн хугацаанд маш сайн ойлгодог болсон гэж хэлж болно. Харин үнийн өсөлтийн үндсэн хохирогч нар энэ бүхнийг хэрхэн ойлгож байгаа бол оо?