Конвейроор урсаж буй Монгол боловсрол

Нийтлэл / Т. Есөн-Эрдэнэ
2014 оны 09 сарын 25
Дэлхийн шилдэг их сургуулиудын сургалтын төлбөр хэд байгааг сонирхлоо. Хэдэн жилийн өмнө шуудхан нисч очоод сурах гэж байгаа мэт их л догдлонгуй гүйлгэн харж байснаас бараг л өөрчлөгдөөгүй байна. Харвард, MIT, Стэнфорд, Мичиган, Токиогийн их сургууль 38-40 мянган ам.долларын төлбөртэй гэж хаа нэгтэйгээс та дуулаа л байлгүй. Гэхдээ энэ бол дээд үнэ шүү дээ. Америк дээд боловсролын доод үнэ жилийн төлбөр нь 5000 ам.доллараас эхэлнэ. Энэ нь их дээд сургуулийн байршил, нэр хүнд гээд олон зүйлээс шалтгаалах нь мэдээж. Эртнээс нэр хүндтэй байж ирсэн Англи боловсрол жилийн 10 мянган ам.доллараас эхэлдэг гээд бодохоор мөнгөө цуглуулж байгаад ч хамаагүй сурмаар санагдахгүй байна гэж үү. Илүү наашилъя Малайз, Сингапурын боловсрол ерөнхийдөө 20 мянган ам.доллараас дотогш байдаг талаар бөөн тоо, улс орнуудын далбаа болсон хүснэгтээс хараад сууж байна. Япон, Солонгост их сургуулийн боловсрол эзэмшихэд харьцангуй боломжын бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг онцлууштай.

Эхэнд дурьдсан нэр хүндтэй сургуулиудын боловсрол өндөр үнэтэй гэж хэлэх нь зөв байх. Америкт л гэхэд коллежид суралцагсдын 2/3 -оос илүү нь сургалтын зээл авахаас өөр аргагүй байдаг аж. 2003 оноос хойш хийсэн судалгаагаар сургалтын зээлийн нийт өрийн хэмжээ зогсолтгүй өссөөр байжээ. Улмаар тун саяхны дүнгээр Америкийн Засгийн газар залуу үеэ сургалтын зээлийн 1.3 триллион долларын өрөнд унагасан байгаа нь нэг төгсөгчид ойролцоогоор 26 000-80 000 долларын хүүтэй зээлийн өрөнд унагасан гэсэн үг. Цаашлаад дээд боловролтой 100 мянган гудамжны цэвэрлэгч, 317 мянган кафе рестораны зөөгч бүртгэгдсэн тухай ч тоо дурдаж болно. Ер  нь ямар ч хүнд дээд сургууль төгсчихөөд өндөр цалинтай ажил хийхээс гадна, цалин багатай, хүн царайчилсан ажил хийх сонголт ч бий. Энэ нь Америкт эсвэл Монголд гэдгээс үл хамаарна. Бид л ганцаараа болохгүй байна гээд дипломтой ажилгүйчүүддээ санаа зовж шаналаад байдаггүй байх нь. Гэхдээ боловсрол л эцсийн дүндээ, нийгмээ, эдийн засгаа, улс орноо хөтөлдөг тул энэ мэт хайнга үгээ орхиод гол сэдэв рүүгээ оръё. Түүнээс өмнө өчигдөрхөн тохиолдсон явдлаас эхлэвэл тэгтлээ хадуурсан хэрэг болохгүй болов уу.

Нийслэл хотын нэрээр овоглосон нэгэн хувийн дээд сургуульд хятад хэл судалж буй танил дүү маань ангийнхнаа уриалаад өөр сургууль руу шилжихээр болсноо дуулгав. Хувийн сургуулиас-хувийн сургууль руу шүү дээ. (Хувийн гэдэгт уг нь ингэж ач холбогдол өгөх шаардлага алга юмсан. Гэхдээ Төрийн өмчит сургуульд түүнээс илүү чанартай боловсрол олгодог гэдэгт итгэлтэй байж чадахгүй байгаа хойно яая гэхэв) Асуудал юу болов гэхээр, дүү нар сургалтын чанараа голжээ. Хэл заачих чадвартайхан гадаад багш алга, ном сурах бичиг, сургалтын албанаас явуулж буй бодлого, сургуулийн менежмент гээд өөрчлөгдсөн бүр байдаггүй ээ гэж. Өөрчлөгдсөн ганц зүйл нь өнгөрсөн жилийнхээс төлбөр нэмэгдсэн гэх. Ийм байхад хэчнээн удаа хичээлийн хувиараа гаргаж хараад ч өнгөрсөн жилийнх шиг нь сэтгэл дундуур байдал мэдрэгдэх нь ойлгожмтой юм. Эртхэн (одоо II курс) шилжихээ бодно биз дээ.

Энэ явдлыг салбарт өрсөлдөөн бий болох эхлэл төдийгүй оюутнууд өөрсдийгөө хаана яваагаа харах, юу сураад байгаагаа эргэцүүлж буй дэвшилтэт үйл явц гэж ойлгож болох юм. Үүнтэй холбоотой тайлбар хэлж суугаа профессорууд ч байна. Тэд “Боловсролын салбарт нэг юмуу, цөөн сургууль зах зээлийг хошуучилж, урт хугацаанд хэвийн түвшнээс илүү орлогыг эзэмших нь сайн зүйл” хэмээн хэлж байна. Аргагүй байх. Сургалтын төлбөр дээрээ л санхүү, боловсролын менежмент(тийм зүйл байхгүй ч байж мэднэ)-ээ авч яваа сургуулиад зөндөө байгааг сошиал ертөнц дэх боловсролын салбарын сэтгэгдлүүдээс харж байна. Харин тийм сургуулиуд хаа очиж оюутнууддаа төлбөрийн уян хатан шаардлага тавьдаг гэнэ лээ. Оюутнууд тэтгэлэг 70 мянган төгрөгөө сургуульдаа төлбөр болгон төлж, сургууль нь багш нарынхаа цалин болгож өгдөг байна. Ийм явуургүй газраас яаж боловсрол эзэмших вэ.

Сургалтын төлбөр нэмэх, нэмэхгүй маргаан энэ жил мөн л өрнөөд авлаа. Өнөөдөр манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг. Жилд хоёр сая давна.  Шуудхан жиших нь утгагүй хэрэг ч гэлээ их дээд сургуулийн дундаж төлбөр 1.5 сая төгрөг байгаа нь бид амьжиргааны баталгаажих доод түвшинтэйгээ дүйхүйц дээд боловсролын салбартай гэдгийг харуулж байна. Хуулиндаа цалингийн доод хэмжээ нь цагийн 10.10 ам.доллар байдаг америкчуудынхтай харьцуулж тайлбарлах бараг шаардлагагүй байх. Гадны жишээтэй, жишээгүй бид сургалтын төлбөр бага байгаагийн уршгаар бий болсон бараан хана руу дэндүү олон жил харсаар зогсож байна. Хаяахан Оюутны холбоо гэх байгууллага сургалтын төлбөр нэмэхийг эсэргүүцэж жагсдгийг эс тооцвол хэцүү ч гэсэн төлбөр нэмээд ч хамаагүй чанараа дээшлүүлэх шаардлага байгааг эцэг эхчүүд зарим талаар ойлгож эхэлсэн гэдэгт итгэлтэй байна.

Чанартай боловсролын төлөө өндөр үнэ төлөхөд бэлэн сегмент  орхигдож байгаа тал бий. Энэ орон зайг гадны цөөнгүй сургууль эзэлж амжсан ч, тэрхүү сургуулиудад сурч төгсөх үр нөлөөний асуудал бүрхэг. Мэдээж зөвхөн төлбөр дээрээ дүүжигнэдэг сургуулиудтай харьцуулахад өөр л байх. Саяхан л гэхэд хувийн хэвшлийн томоохон сургуулийн удирдлагын багийн нөхөр боловсролын салбарын хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр “Манай сургалтын төлбөр сая гаруй төгрөг. Жилийн эцэст блансаа бариад л дуусдаг” гэж байлаа. Сургуулиуд өөрсдөө л ийм өрсөлдөөний замыг сонгосон. Их дээд боловсролын байгууллагуудын ийнхүү хямд үнээр өрсөлддөгөөс үүдэн оюутан элсүүлж авах гэсэн эрэлтийг ЕБС төгсч байгаа хүүхдүүдийн тоо бүрэн хангаж чадахааргүй төвшинд хүрч болзошгүй байгааг ч салбарынхан дуулгаж байна. Гэхдээ ЕБС төгсөгчдийн 70-80 хувь нь их, дээд сургуульд элсэн суралцсаар байгаа юм. Энэ бол хямд ч гэсэн боловсрол эзэмших эрмэлзлэл хэтийдсэн болохыг харуулах тоо. Түүнд нь нийцүүлж сургуулиуд 10 жилээ тааруу дүнтэй төгссөн, төгсөөгүй хамаагүй, бараг л элсэлтийн шалгалтгүйгээр дээд сургуулийн ширээнд урьж байна. Хямд боловсролоос гарах хямд ажиллах хүчин, чанаргүй хэрэглэгдэхүүн төгсөөд хаана яаж шингэх нь боловсролын байгууллагад падгүй хэрэг болжээ. 

Ингээд хувийн дийлэнх сургуулиуд менежментийн хувьд үнийн өрсөлдөөний буюу харьцангуй бага төлбөртэй байх сонголт хийсэн тул маш бага зардлаар сургалт явуулахыг эрмэлзэж буй нь харагдана. Бага зардлаар бэлтгэгдэх мэргэжлүүдийн жагсаагаад нэрлээд эхэлсэн байна билээ. Ийм тохиолдолд зөвхөн төлбөрөөр бизнес хийн амьдардаг сургуулиудад дэлхийн жишигт нийцсэн чанартай сургалт явуулах санхүүгийн бололцоо угаасаа байхгүй нь ойлгомжтой болж байгаа юм.

Сүүлд Монголын нэр хүндтэй эдийн засагч их л дурамжхан байдлаар, “Эдийн засгийн ухаанд зөв моментод нь зөв үнээр зарах л гэсэн логик байдаг болохоос, хог болтол нь дараад хэнд ч хэрэггүй болохоор нь хаях гэсэн ойлголт үгүй. Бид нүүрсээ үнэтэй үед нь төмөр замаа барьж, нийлүүлж, бүр конвейроор урсгаж зарах ёстой байсан.  Тэндээс орж ирсэн мөнгөөр эдийн засгийн зөөлөн дэд бүтэц болох боловсрол, эрүүл мэндийн салбараа хөгжүүлэхэд хөрөнгө оруулах хэрэгтэй байлаа” хэмээж байв. Магадгүй түүний хэлсэнчлэн боловсролын салбарт хөрөнгө оруулж дэлхийн жишигт нийцсэн сургуулиудыг төлөвшүүлэх замд орж чадаагүй нь бидний бэрхшээл юм болов уу. Тийм ч учраас оюутнууд дээд боловсрол хэмээх дөрвөн жилийн хугацаатай гулгуур мэт конвейроор урсаад л ажил дээр гарч байна. За даа, бараг заримд нь гараад байх ажил ч олдохгүй байгаа бололтой. 

Үндэстний ТОЙМ сэтгүүл. №37(240)