Сүнстэй хот

Нийтлэл / Гомбожав Ганбаяр
2014 оны 07 сарын 22
Англи хэлэнд ghost town буюу сүнстэй хот гэдэг ойлголт бий. Үер ус, зэвсэгт мөргөлдөөн, дайн, цөмийн гамшиг гэх мэт байгалийн болон хүний нөлөөгөөр үүссэн нөхцөл байдлын улмаас оршин суугчид нь дүрвэж эзэнгүй орхигдсон хот, тосгоныг ингэж нэрлэдэг. Сүнстэй хот үүсэх хамгийн том шалтгаан нь эдийн засаг. Тухайн хотын амьжиргааг залгуулдаг байсан эдийн засгийн үйл ажиллагаа нь зогсож ажилгүй, орлогогүй болсон хүмүүс хотоо орхидог ажээ. 2008 оноос хойш үргэлжилж буй санхүүгийн хямралын улмаас хөгжингүй улс орнуудад сүнстэй хотууд үүсч эхэлжээ. АНУ, Ирланд, Испанид сүнстэй хотууд бий болов. Нийслэл Мадрид хоттой хурдан галт тэргээр холбогдож хөгжил цэцэглэлтийн бодит жишээ болно гэж тооцогдож байсан нэгэн жижиг хотын дарга өнөөдөр сүнстэй хотын захирагч болсон гунигт хувь тавилантайгаа эвлэрч чадахгүй нулимс унагах шахам зовлонгоо тоочиж байх юм. Гайхамшигтай хот босгох төлөвлөгөө нь эдийн засгийн уналтын улмаас цаасан дээр үлдсэнд мань хотын захирагч ихэд гашуудсан ажээ. Эзэнгүй орхигдсон орон сууцны барилга, дутуу баригдсан худалдааны төв, автозам нь сүнстэй хотын дүр төрх.

Сүнстэй хот нь өрийн хямралд нэрвэгдсэн евро бүсийн дүр төрхийг илэрхийлж байна. Европын Холбоо, Олон Улсын Валютын Сан өрөнд дарагдсан Грекийг хөл дээр нь босгох гэж оролдож байх зуур Португал, Испани, Итали зэрэг аварга том эдийн засагтай улс орнуудын нөхцөл байдал түгшээж эхэллээ. Нэг триллион ам.доллараас дээш аварга эдийн засаг дампуурвал евро бүс тэр чигээрээ хүнд байдалд орно. Испани, Франц, Италид эрх баригч намууд ялагдал хүлээсэн нь эдийн засгийн уналт, санхүүгийн хямралтай холбоотой. Хүмүүсийг ажил орлоготой, гэдэс цатгалан амьдрах боломж нөхцлийг хангаж чадахгүй бол социалист, консерватив гэдгээс нь үл хамааран улстөрийн тавцангаас зайлуулж эхэллээ. Хүчирхэг эдийн засаг, чинээлэг амьдралын жишээ болж байсан европын улс орнууд өнөөдөр өрийн хямрал гэгч мангаст дарлагдаж, иргэд нь ч ирээдүйдээ итгэхээ больсон сурагтай. Европын улс орнуудад амиа хорлох үзэгдэл олширсон нь үүнтэй холбоотой.

Саяхан Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой Италийн Ерөнхий сайд Марио Монти хоёр уулзаж улс орондоо нүүрлэсэн хямралыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцжээ. Мадрид хотод болсон уулзалтын дараа хоёр улсын засгийн газрын тэргүүн евро бүсийн өрийн хямралыг шийдвэрлэх үйлсэд хамтын хүчин чармайлтаар тусалж, Европын Төв Банк болон Олон Улсын Валютын Сангаас нэмж тусламж авахгүй байх шийдвэр гаргажээ. Хамтарсан мэдэгдлийн дараа Европын томоохон хөрөнгийн биржүүдийн үндсэн үзүүлэлтүүд бага зэрэг нэмэгдсэн ч гэсэн энэ хоёр улсын ирээдүй бүрхэг хэвээр байна. Өнөөдөр Испани улсад ажилгүйдлийн түвшин 24 хувьд хүрсэн нь тус улсын хувьд өнгөрсөн 40 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй аймшигт үзүүлэлт ажээ. 2012 оны эхний улиралд 365 000 гаруй испаничууд ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Өнгөрсөн 4-6 дугаар сард дахин 53 500 орчим хүн лааз өшиглөгч болов. Төсвийн зардлыг бууруулж тэлээгээ чангалах бодлого хэрэгжиж эхэлсэн учраас ард иргэд нь нэлээд бухимдалтай байгаа бололтой. Мариано Рахой татварын гэмт хэрэгтэй эрс шийдэмгий тэмцэж улсын төсөвт 8.17 тэрбум евро төвлөрүүлж чадна гэж амлаж байна. Италийн Марио Монти ч гэсэн ийм зүйл хэлдэг. Гэвч Испани, Италийн олон нийт энэ амлалтад нь төдийлэн итгэхгүй байгаа бололтой.

Испанид сүнстэй хотууд олширсон шалтгаан нь орон сууцны зах зээлийн хямралтай холбоотой. 2008 онд буюу дэлхийн эдийн засгийн уналт эхлэхээс өмнө Испанид орон сууцны барилга, үл хөдлөх хөрөнгө шиг ашигтай бизнес байсангүй. Арилжааны банкнууд орон сууцны салбарт их хэмжээний хөрөнгө оруулсны үр дүнд барилгын компаниуд ч асар их ашиг олжээ. Гэвч орон сууцны зах зээлийн хөөс удаан үргэлжилсэнгүй. АНУ-ын санхүүгийн хямралын дараа дэлхийн эдийн засаг уналтанд орлоо. Испани ч гэсэн хүчтэй цохилт амсчээ. 2008 онд 200,000 доллараар амины орон сууц худалдаж авсан испани гэр бүл өнөөдөр тал үнээр нь ч зарж чадахгүй болсон тухайгаа халаглан ярьж байна. Ажилгүй орлогогүй болсон хүмүүс байрны зээлээ төлж чадахгүй болов. Хамгийн хүнд цохилтыг Испанийн арилжааны банкнууд дээр буулаа. Орон сууцны зээлд зарцуулсан их хэмжээний хөрөнгө нь эдийн засгийн уналтын улмаас үхмэл хөрөнгө болж хувирлаа. Зээлийн барьцаанд хураагдсан байр, орон сууцнууд банкинд асар их дарамт болж байна. Өвлийн улиралд байрны халаалт дулааны зардлыг төлөх ёстой учраас банкнууд давхар алдагдал хүлээж эхэлжээ. Зээлийн хүүг бууруулж хөнгөвчлөх замаар иргэдэд дахин орон сууцны зээл олгох, эсвэл байраа хямдруулж худалдах зам үлдсэн гэж испанийн эдийн засагчид бичиж байна. Испанийн засгийн газар бэлэн мөнгөний хомсдолд орсон арилжааны банкнуудаа тэтгэх зорилгоор Европын Холбооноос 100 тэрбум евро зээлсэн. Гэвч Мариано Рахой арилжааны банкнуудын үйл ажиллагаа сэргэх хүртэл гаднаас дахин зээл тусламж авахгүй гэж мэдэгдлээ. Дотоод нөөц бололцоогоо шавхаж хэсэг хугацаанд тэмцэхээр шийдсэн бололтой. Энэ хооронд сүнстэй хотуудын тоо дахин нэмэгдэх дүр зураг ажиглагдаж байна. Дээр нь Испанийг зорьдог цагаачдын тоо буурч, эсрэгээр испаничууд өөрсдөө хилийн чанад руу аз жаргалын эрэлд морддог болсон сурагтай.