Суннитыг аргадахуй

Нийтлэл / Гомбожав Ганбаяр
2014 оны 08 сарын 05
Жорж Бушийн илгээсэн арми Саддам Хуссэйний дэглэмийг түлхэн унагаснаас хойш даруй арван жилийн хугацаа өнгөрчээ. Саддам цаазлагдсанаар Иракийн үндэсний олонх шийт шашинтнууд жинхэнэ эрх чөлөөгөө олж авсан юм. Саддамын дэглэмийн үед дарлагдан зовж байсан шийт шашинтнууд засгийн эрхэнд гарч, үндэсний олонхын эрх дархаа эдлэх боломжтой болов. Гэвч өмнөх дэглэмийн үед нийгмийн дээд байр суурийг эзэлж байсан суннит шашинтнууд шийтүүдийн сэргэн мандалтыг хүлээн зөвшөөрсөнгүй. Саддамын дараах Иракийг шийт-суннит шашны зэвсэгт бүлэглэлүүдийн цуст мөргөлдөөн тодорхойлж эхэллээ. 2006-2007 онд террорист халдлага, дэлбэрэлт Иракийн өдөр тутмын амьдралын энгийн дүр зураг боллоо. Иракийн армийг тарааж, хууль сахиулах байгууллагуудын хүчийг эрс сулруулсан нь Бушийн засгийн газрын том алдаа ч гэж шүүмжилж байлаа. Цэрэг, цагдаагийн мэргэшсэн албан хаагчид гэр бүлээ тэжээхийн тулд зэвсэгт босогчидтой нэгдэж эхлэв. Ялангуяа, аль-Кайда бүлэглэлтэй холбоотой суннит шашны бүлэглэлүүд араб баячуудын дэмжлэгтэйгээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэллээ. Шийт шашинтнууд засгийн эрхэнд гарсан учраас суннитыг дэмжих сонирхол ч Арабын бусад улс орнуудад байдаг биз.

Жорш Буш халаагаа өгөв. Арабын ертөнц дэх Америкийн нэр хүндийг сэргээх амлалт өгсөн Барак Обама Иракийн дайныг дуусгах зорилго тавилаа. Генерал Дэйвид Петраусыг Эвслийн хүчний ерөнхий командлагчаар томилж зэвсэгт босогчдын эсрэг тэмцэх стратегийг эрс өөрчиллөө. Иракийн үндэсний арми, цагдаа, хүчний байгууллагуудыг бэхжүүлж, санхүүжилт сайжирснаар аюулгүй байдал эрс сайжирсан. Зэвсэгт босогчид энгийн амьдралд шилжиж эхэллээ. Аль-Кайдатай хамт мөр зэрэгцэн халдлага үйлдэж байсан суннит шашны босогчдыг засгийн газар өөртөө татаж чадав. Улстөрийн хүрээнд ч тайван амгалан байдал тогтлоо. Ливаны жишгээр шашны ба угсаатны бүлгүүд улстөрийн гол албан тушаалуудыг хувааж авлаа. Шийт шашинтан ерөнхий сайд, суннит шашинтан парламентын дарга, курд үндэстэн ерөнхийлөгч болов. Төрийн өндөр албан тушаалуудыг тэнцвэртэй хуваарилж буй санаа. Обама амласны дагуу их цэргээ эргүүлэн татав. Иракийн нөхцөл байдал ч харьцангуй тогтворжлоо. Зэвсэгт халдлага, дэлбэрэлтийн тоо эрс цөөрлөө. Иракт одоо л энхтайван тогтох цаг ирлээ гэж найдаж байв. Гэвч исламын шашны хоёр гол урсгалын эртний түүхтэй сөргөлдөөн намжих болоогүй бололтой. Өнгөрсөн хоёр сарын дотор Иракт террорист халдлагын улмаас 160 гаруй хүн амь эрсджээ. Халдлагууд Багдад хотын шийт шашны хорооллуудаас гадна шийт шашинтнууд оршин суудаг бусад газруудад болсон юм. Аль-Кайда тэргүүтэй суннит шашны зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа дахин идэвхжиж эхэллээ.

Үндэсний олонх болох шийт шашинтнуудыг төлөөлдөг Ерөнхий сайд Нури аль-Маликийн засгийн газар суннит шашинт улстөрчдыг ангуучилж эхэлсэн нь суннитуудыг уурлуулжээ. Өнгөрсөн жил суннит шашинтнуудын хамгийн том улстөрч, дэд ерөнхийлөгч Тарик аль-Хашими Турк улс руу зугтсан. Цаадуул нь түүнийг Иракийн засгийн газарт хүлээлгэж өгөхгүй гэж амласан бололтой юм билээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард суннит шашны том улстөрч, шадар сайд асан Рафи аль-Иссави ч засгийн газрын хавчлагад өртлөө. Нури аль-Маликийн засгийн газар түүний хамгаалалтын албанд ажилладаг 150 гаруй хүнийг баривчлан саатуулжээ. Суннит шашны улстөрчдийг ангуучилж эхэлсэн нь зэвсэгт босогчдыг ч идэвхжүүлжээ. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд олон нийтийг хамарсан жагсаал олон удаа боллоо. Жагсаалд голдуу суннит шашинтнууд оролцсон бөгөөд тэд ерөнхий сайдаа огцрохыг шаардаж байна. Орон нутгийн сонгуулийн өмнө улстөрийн хүрээнд ийм нөхцөл байдал үүсэх нь Нури аль-Маликийн хувьд таатай зүйл биш. Асар их цус урсгаж байж олж авсан эрх чөлөө, тогтвортой байдлыг хадгалах нь Америк тэргүүтэй барууны улс орнуудын хувьд хамгийн санаа зовоож буй асуудал. Иракийн тогтвортой байдал алдагдах дээр хүрвэл Нури аль-Малики улстөрийн замналаа дуусгаж ч магадгүй. Бодит байдалтай нүүр тулсан Нури аль-Малики голдуу суннит шашны улстөрийн хоригдлуудыг суллаж, суннит шашны зэвсэгт бүлэглэлүүдийн цалинг нэмлээ. Хэрвээ суннитуудын дэмжлэгийг алдвал Иракийн арми тун хүнд байдалд орно. Тийм ч учраас тэдэнд найр тавихаас өөр сонголт байхгүй.

Нури аль-Малики суннит шашинтнуудын улстөрийн нөлөөг үгүйсгэж болохгүй гэдгийг өрнөж буй үйл явдлууд харуулж байна. Саддам Хуссэйний дэглэмийн үед эрх дарх эдэлж байсан суннитууд өнөөдөр нийгмийн цөөнх ч гэсэн хүчтэй. Хилийн чанадаас суннит шашинтай Арабын улс орнууд зэр зэвсэг, мөнгө санхүүгээр дэмждэг учраас суннит шашны зэвсэгт бүлэглэлүүд маш өндөр, хүчирхэг зохион байгуулалттай. Улстөрд нөлөөгөө алдсан ч н гудамжинд суннитууд хүчтэйгээ нотолж чаддаг. Иракийн хүн амын 70 гаруй хувь нь шийт, 20 гаруй хувь нь суннит урсгалыг шүтдэг. Шийтүүд засгийн эрхэнд гарсан ч суннитын нөлөөг үгүйсгэх боломжгүй. Учир нь Иракийн эв нэгдэл, тогтвортой байдал гэгч ойлголт нь суннит-шийтийн харилцан ойлголцлоос хамаардаг учраас тэр. Суннит-шийт шашны хоорондын мөргөлдөөнийг аль-Кайда зэрэг террорист бүлэглэлүүд овжин ашигладаг учраас Иракийн аюулгүй байдлын төлөө тэд хамтрахаас өөр сонголт байхгүй.