Сири бол Иракийн ихэр

Нийтлэл / Гомбожав Ганбаяр
2014 оны 07 сарын 28
Алдарт нийтлэлч Томас Фрийдман Сирийг Иракийн ихэр гэж тодорхойллоо. Муаммар Каддафи дэглэмийг түлхэн унагасан шиг арга барил Сири улсад огт тохирохгүй бөгөөд Ирак шиг шийт, суннит шашинтнуудын хоорондын эвлэрэшгүй сөргөлдөөн Сирийн ирээдүйг тодорхойлно гэж оношлов. 2003 онд АНУ тэргүүтэй эвслийн хүчин Саддам Хуссэйний дэглэмийг түлхэн унагасан нь Иракийн шийт шашинтнуудад эрх чөлөө олгосон билээ. Шийт шашинтнууд Иракийн хүн амыг дийлэнхи хэсгийг бүрдүүлдэг ч гэсэн Саддам Хуссэйн тэргүүтэй нийгмийн цөөнх болох суннит шашинтнууд Иракийн эрх мэдлийг атгадаг байв. Тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч байсан Бага Жорж Буш Ирак дахь ажиллагаа амжилттай өндөрлөснийг зарлаж ялалтаа тэмдэглэж байв. Гэвч Иракийн нөхцөл байдлыг буруу дүгнэж, цэргийн тааруухан стратеги сонгосон Америкчууд Саддамын армийг түлхэн унагасан амжилтандаа хэт эрдсэнийг түүх харуулсан. Цагаан Ордон зөвхөн Саддам Хуссэйн тэргүүтэй эрх баригчдад хариуцлага тооцохын оронд Иракийн армийг тарааж, мэргэжлийн оффицеруудыг гудамжинд гаргасан нь алдаа байлаа. Оффицерууд гэр бүлээ тэжээх гэж суннит шашны зэвсэгт бүлэглэлүүдэд нэгдэж байв. 2005-2007 оны хооронд Иракт асар их цус урссан.

Нийгмийн ноёлох байр сууриа алдсан суннит шашинтнууд шийт шашинтнуудын эсрэг зэвсэглэн бослоо. Муктада аль-Садр тэргүүтэй шийт шашны бүлэглэлүүд ч мөчөөгөө өгсөнгүй. Дээр нь аль-Кайда тэргүүтэй гадаадын террорист бүлэглэлүүд дотоодын үймээн самууныг далимдуулан халдлага хүчирхийлэл үйлдэнэ. АНУ тэргүүтэй эвслийн хүчин дарангуй дэглэмийг түлхэн унагаж Иракийн ард түмэнд эрх чөлөөг нь олгосон боловч тогтвортой байдал гэгчийг бий болгох гэж асар олон хүний цусыг урсгасан. Нийгмийг бүрдүүлэгч хэсгүүдийн эрх ашгийн тэнцвэрийг хангахгүй бол иргэний дайн ч дэгдэх эрсдэлтэй гэдгийг Иракийн жишээ харуулдаг. Өнөөдөр Иракийн улстөр шийт, суннит, күрдүүдийн ашиг сонирхлыг хэр тэнцвэртэй хангахаас шалтгаалж байна.

Саддам Хуссэйний дэглэмийн түлхэн унагаж парламентын ардчиллыг сонгосон учраас нийгмийн олонхи болох шийт шашинтнуудад бялууны хамгийн том хэсэг ногдох нь зүйн хэрэг. Шийт шашинтнууд ерөнхий сайдын албан тушаалыг авсан. Харин нийгмийн цөөнх болох шийт шашинтнууд парламентын даргын албан тушаалыг, күрд үндэстнүүд ерөнхийлөгчийн албан тушаалыг авсан. Улстөрийн том албан тушаалуудыг тэнцвэртэй хуваарилсан нь энэ. 7 жилийн туршид Иракийн аюулгүй байдлыг хангаж цэргийн хүчээр тогтоон барьж байсан Америкчууд 2010 онд цэргээ эргүүлэн татсан билээ. Иракийн тогтвортой байдал гэдэг ойлголт нь ирээдүйд шийт, суннит шашинтан болон күрд үндэстнүүдийн харилцан ойлголцлоос хамаарна. Гэвч нөхцөл байдал амаргүй хэвээр байна. Саяхан Иракийн хотуудад цуврал террорист халдлага болж 100 гаруй хүн амь эрсэдлээ.

Олон улсын нийгэмлэг Сирийн хямралыг иргэний дайн гэж тодорхойлдог болсноос хойш нэлээд хугацаа өнгөрлөө. 7-р сарын 18-нд Сирийн батлан хамгаалахын сайд тэргүүтэй армийн өндөр тушаалын дөрвөн оффицер дэлбэрэлтэд өртөж амь эрсэдлээ. Сирийн сөрөг хүчний босогчид энэ халдлагатай холбоотой гэдгээ хүлээв. Нэгэнт олон улсын нийгэмлэгийн зүгээс дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа учраас иргэний дайн улам өргөжиж болзошгүй. Анх Башар аль-Ассадын дэглэмийн эсрэг тайван жагсаж эсэргүүцлээ илэрхийлж байсан сөрөг хүчний идэвхтэн дэмжигчид өнөөдөр зэвсэгт босогчид болж хувирлаа. Төрийн өндөр албан тушаалтнуудын амийг хороож эхэлсэн. Удахгүй Башар аль-Ассадын ээлж ч ирж магадгүй. Сирийн асуудлыг шийдвэрлэх оролдлого ямар ч амжилт олсонгүй. НҮБ-ын дарга асан Кофи Аннан Сирийн хямралыг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулж идэвхийлэн хөөцөлдөж байгаа боловч түүний саналыг тоож байгаа янз алга. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дээр Хятад, Орос тэргүүтэй нэг хэсэг, АНУ, Европын Холбоо тэргүүтэй нэг хэсэг болж талцлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн асуудалд хөндлөнгөөс оролцохоос татгалзлаа. Сонгуулийн жил дахин нэг зэвсэгт мөргөлдөөнд татагдан орно гэдэг Обамагийн хувьд улстөрийн амиа хорлолт болно.

Башар аль-Ассад тэргүүтэй алавитууд Сирийн хүн амын цөөнх бөгөөд исламын шашны шийт урсгалыг шүтдэг. Эсрэгээр хүн амын олонхи нь суннит шашинтай арабчууд. Башар аль-Ассад өөрийн дэглэмийг тогтоон барих гэж Ойрхи Дорнодын бүс нутаг дахь шийт шашинтнуудын аврал болох Ираныг түшиж байна. Гэтэл Саудын Араб тэргүүтэй арабын улс орнууд Сирийн хямралыг цэргийн хүчээр шийдвэрлэх хувилбарыг ч бодож үзсэн сурагтай. Аюулгүйн Зөвлөлийн оролцоотойгоор Сирийн хямралыг шийдвэрлэж Башар аль-Ассадын дэглэмийг түлхэн унагасан ч гэсэн Сирид шашин хоорондын сөргөлдөөнөөс сэргийлэх шаардлага тулгарна. Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлсэн хямралын улмаас одоогийн байдлаар 19,000 орчим гаруй хүн амь эрсэдсэний дийлэнхи нь энгийн иргэд. Башар аль-Ассадын дэглэмийн эсрэг зэвсэг барин тулалдаж буй арабчууд засгийн эрхэнд гарсан үед нийгмийн цөөнхи болох алавитуудын хувь заяа хэрхэх нь тодорхойгүй. Хувьсгалын үйл хэрэгт амиа өргөсөн суннитуудын өшөөг авна гэж улайрвал Сирид дахин цус урсах магадлалтай.  Тийм ч учраас Башар аль-Ассадыг зайлуулсан ч Сирид ардчилал мандан бадарна гэж найдаж болохгүй гэдгийг шинжээчид анхааруулсаар байна.