Цагаан Дара эх үзэсгэлэн

Энтертайнмент / Admin
2016 оны 02 сарын 11

Богд хааны ордон музей 2013 оноос эхлэн жил бүрийн Цагаан сарын шинийн 8-ны өдөр “Цагаан дара эх” үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. Богд хааны амьдарч асан энэхүү түүхэн газар Их хүрээний гол төв болж байсан төдийгүй Их хүрээний шүтээн урлаачид сар бүрийн шинийн 8-нд тухайн өдөртөө багтаан Цагаан дара эх шүтээнийг урлан бүтээдэг уламжлалтай байсан гэдэг. 1924 оноос тасарсан байсан энэ уламжлалыг Богд хааны ордон музейн хамт олон сэргээж, үзэсгэлэнгээс гадна нээлтийн өдрөөрөө Цагаан дара эх бүтээх үйл ажиллагааг давхар явуулах болсон аж.

Цагаан дара эх бурхан

Монголчууд 21 дара эхээс Ногоон, Цагаан дара эхийг голчлон шүтэж иржээ. Цагаан дара эх нь хэмжээлшгүй их энэрэл нигүүлсэл, асрал хайрын сэтгэлтэй, урт нас, эрүүл мэндийн бурхан гэгддэг. Цагаан дара эхийг төвөдөөр Долгар, санскритаар Сита тара, англиар White Tara гэнэ. Дара эх нь үнэнч сэтгэлээр шүтсэн хүн бүрт аврал өглөгөө харамгүй хайрлаж, аюул зовлонгоос авран гэтэлгэдэг гэнэ. Домогт өгүүлснээр Дара эхийг бодит эмэгтэй хүн байсан гэж үздэг. Эм хүн гэгээрэлд хүрч бурханы сургаалыг дэлгэрүүлэх боломжгүй хэмээн хувраг, гэлэнмаа нарыг үгүйсгэдэг байсан тухайн цаг үед бясалгал, мөргөлийг тасралтгүй үйлдсээр эмэгтэй хүний биеэр анхлан гэгээрэлд хүрч, бурханы зэрэгт хүрсэн нэгэн аж. Дара эх нь энэ орчлонгийн амьтдыг зовлон шаналлаас ангижрах хүртэл аврал энэрэлээ хайрласаар байх тангарагтай бурхан юм.

Цагаан дара эхийг дүрсэлсэн бүтээлүүд

Богд хааны ордон музейн хамт олон энэ удаад XVIII-XIX зууны үед бүтээгдсэн 50 гаруй Цагаан дара эхийн дүрийг үзэгчдийн хүртээл болгох аж. Эдгээр нь музейн үзмэрт ил тавигддаггүй учир сан хөмрөгт хадгалагддаг ховор бүтээлүүдтэй танилцах завшааныг үзэгчдэд олгож байна. Төрлийн хувьд танка буюу шүтээн зураг, зээгт наамал буюу торгон зураг, цутгамал буюу гурван хэмжээст хэлбэрээр дүрслэгдсэн Цагаан дара эхийн дүрүүд багтжээ. Шүтээн урлалын эдгээр арга ажиллагааг номт гурван орон буюу Монгол, Төвөд, Энэтхэгт өргөнөөр ашиглаж байсан бөгөөд зээгт наамлын урлал Монголд оргилдоо хүртэл хөгжсөн гэж үздэг.

Цагаан дара эх цахим үзэсгэлэн

Энэ жилийн үзэсгэлэн Google-ийн Соёлын институт дээр цахим үзэсгэлэнгийн хэлбэрээр давхар гарч буйгаараа онцлог. Тэгэхээр дэлхийн аль ч өнцгөөс, тодруулбал компьютерийнхээ дэлгэцнээс “Цагаан дара эх” үзэсгэлэнг үзэж болох нь. Цаашилбал, үзэсгэлэнд багтсан бүтээлүүдээр каталоги хэвлэгдэх бөгөөд энэ нь үзэгч, урлаг сонирхогч, судлаач хүмүүсийн хувьд судалгааны чухал хэрэглэгдэхүүн болох юм. Google компанийн Google Art Project, Google Сultural Institute платформыг 2011 онд үүсгэсэн бөгөөд анх Лондонгийн Tate галерей, Нью-Йоркийн Метрополитан арт музей, Флоренцийн Уфицийн галерей тэргүүтэй олон улсын соёл урлагийн томоохон байгууллагууд нэгдэж байжээ. Манай орны хувьд Богд хааны ордон музей, Үндэсний түүхийн музей, Занабазарын дүрслэх урлагийн музей албан ёсоор үзэсгэлэнгээ гаргах эрх авсан аж. Богд хааны ордон музейн хувьд энэхүү платформоор дамжуулан таван удаагийн, “Цагаан дара эх”-ийг оролцуулбал нийт зургаан удаагийн үзэсгэлэнг цахим хэлбэрээр давхар хүргээд байна.

Google - Cultural Institute – Bogd Khaan Palace Museum

Нэг өдөрт багтаан Цагаан дара эх бүтээх үйл ажиллагаа

Их хүрээний шүтээн урлаачид Цагаан дара эхийг бүтээхдээ бүгд “үзүүр тохой” буюу орчин үеийн нэгжээр 45*35 см-тэйгээр бүтээдэг байжээ. Тус үзэсгэлэнгийн хувьд шүтээн урлаач бүтээх үйлээ өглөө эхлүүлэх бөгөөд өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн дагуу бүтээсээр тухайн өдөртөө багтаан дуусгах аж. Өнгөрсөн жил шүтээн урлаач Т.Жамъянсүрэнгийн бүтээсэн Цагаан дара эх өдгөө Богд хааны ордон музейд хадгалагдаж байгааг музейн архив, бичиг хэргийн эрхлэгч Г.Саранболор онцлов.

Богд хааны ордон музейн архив, бичиг хэргийн эрхлэгч, урлаг судлаач Г.Саранболор:

Манайхан ихэвчлэн “Дарь эх” гэж хэлж, бичдэг. “Дара эх” гэсэн нь ямар учиртай юм бэ?

Уг нь энэ монгол үг биш. Буддизмтай төвөд, санскрит, пали зэрэг хэл салшгүй холбоотой байдаг. Цагаан дара эх шүтээний санскрит хэлний “тара” хэмээх нэршлийг монголчууд хэрэглэж хэвшсэн бөгөөд ярианы явцад “дара”, “дарь” болон өөрчлөгдсөн хэрэг. Олон улсын буддын судлалд буддизмын үг хэллэг, нэршлүүдийг голчлон шууд санскритаар нь хэрэглэдэг. “Тара”-г орчуулбал “од” гэсэн утгатай. Монголчуудын амьдралын бүхий л хүрээнд эртнээс нааш буддизм нэвт шингэсний дээр эрдэмтэн мэргэд маань утга учрыг нь гүн гүнзгий мэддэг байсан учир монгол хэлнээ “Гэтэлгэгч эх” хэмээн утгачилан нэршүүлсэн байдаг.

Цагаан дара эх болоод Богд хааны ордон музей хоорондоо ямар онцгой шинжээр холбогдож байна вэ?

Манай музей арвин баялаг сан хөмрөгтэй, олон чухал хүчин зүйлийг өөртөө цогцлоосон газар. Нэг талаас монголын сүүлчийн эзэн хаан амьдарч асан “Түүхэн дурсгалт газар- Монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, гэрч”, өөр нэг өнцгөөс харвал буддын сүмүүд, европ хийцийн байшин бүхий “Уран барилгын дурсгал”, түүнчлэн тухайн цаг үе, орчин нөхцөл, шашин, соёл уламжлал, түүхэн үйл явдалтай холбогдох урлагийн хосгүй бүтээлүүд, ихэс дээдсийн эдлэл хэрэглэл, чихмэл амьтдын цуглуулга гэхчлэн хэдэн мянган үзмэрийг өөртөө агуулсан “өнөө цагийн музей”.  Үүнийгээ дагаад манай музейн үзмэрүүд бүгд л өөрийн гэсэн онцлог шинж, ач холбогдолтой болж ирдэг. Энэ үзэсгэлэнгийн хувьд өндөр гэгээн Занабазарын дэг сургуулиар бүтээгдсэн Цагаан дара эхийн дүрүүд дэглэгдэн гарч ирэх тул үзэгчдэд сонирхолтой байх болов уу. Томоохон хэмжээтэй Цагаан дара эхийн танка зургууд, зээгт наамлууд бий. Богд хааны ордон музейн ахмад үеийнхэн түүхэн 90 жилийн хугацаандаа хэдэн мянган бүтээлийг сан хөмрөгтөө авч, хадгалж хамгаалан өнөөдрийг хүрсэн нь бахархууштай.  

Эх сурвалж: Нийслэл guide