Буурсан дүр зураг, бараан статистик

Нийтлэл / Т. Есөн-Эрдэнэ
2016 оны 02 сарын 24

Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногт нийгэм, эдийн засгийн байдлаар ээлжит статистик мэдээллээ танилцуулсан. Үүнээс  өнгөрсөн нэгдүгээр сар болон жилийн өмнөх мөн үетэй харьцуулсан хэсгүүдийг түүвэрлэн онцолъё. Хэдхэн жилийн өмнөх эдийн засгийн өсөлтийн үетэй харьцуулахад өнөөдөр аль ч салбарт сэтгэл татам статистик харагдахаа больсныг та анзаарсан биз ээ. 

Ажилгүй иргэдийн 61.5 хувь нь 34 хүртэлх насны залуус 

Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд өнгөрсөн нэгдүгээр сард 49.1 мянга орчим байв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Дээр нь ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд өмнөх оны мөн үеийнхээс 2.7 мянган хүн буюу 30.6 хувиар буурсан нь иргэдийн хөдөлмөрлөх идэвх нэмэгдсэнийг харуулж байна. 

Харин улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.5 хувийг 34 хүртэлх насны залуус эзэлж байгааг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын мэдээллээс харж болно. Мэдээж энд 15 настай иргэн ч тоологдох тул ерөнхий агуулгаараа ийм өндөр дүнтэй гарч байгаа. Гэхдээ олон улсын жишигт залуусын хөдөлмөр үл эрхлэх байдал 30 хувь орчим руу ороод ирэхэд л эрх бүхий хүмүүс нь сандралддаг байна. Хүн амын эдийн засгийн идэвх талаас нь харвал манай улсын Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо нэг сая 164 мянгад хүрчээ. Үүний 600 гаруй мянган иргэн буюу 60 шахам хувь нь хот, суурин газарт ажиллаж байна. Гэтэл ажиллах хүчний оролцооны түвшин хотод 54.1 хувь, хөдөөд 71.6 хувь байгаа юм. Уул уурхай, зам, барилгын салбарт залуус олноороо ажилладаг нь ийм дүн гарахад нөлөөлсөн нь илэрхий байна. 

Сард 2 сая төгрөгөөс дээш орлогтой өрх 40 хувиар буурчээ

Нэг өрхийн сарын дундаж бодит орлого өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралын эцэст 833 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 139.2 мянган төгрөгөөр буурчээ. Өрхийн орлого өнгөрсөн нэг жилийн хугацаанд 14.3 хувиар буурсан бол нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага мөн л буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь иргэд орлого нь буурснаар хэрэглээгээ танаж эхэлсэн болохыг төвөггүй харуулна. 

Өрхийн сарын зарлага өнөөдрийн байдлаар 858 мянган төгрөг байгаа. Өмнөх оны мөн үеийнхээс 130 мянган төгрөгөөр буурсан дүн. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага буурахад хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 14.1 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн гэж статистикчид дүгнэжээ. Товчхондоо энэ нь иргэдийн худалдан авах чадвар буурсныг л харуулж байгаа хэрэг юм. 

Үндэсний Статикийн хорооны аргачлалаар дундаж орлогыг ийнхүү тодорхойлсон ч өрхийг орлого, зарлагаар бүлэглэн авч үзвэл, өнөөдөр сард 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 135 мянга байгаа нь тийм ч таатай сонсогдохгүй. Үүний зэрэгцээ дундаж орлоготой иргэдийн орлого ч сүүлийн хоёр жилд дорвитой нэмэгдээгүй. Одоогоор 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 273.6 мянга буюу нийт өрхийн 31.9 хувийг л эзэлж байна.  Харин 2 сая 100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 36.9 мянга буюу нийт өрхийн дөрөвхөн хувийг эзэлж байгаа юм. Гэхдээ 2 сая төгрөгөөс дээш орлогтой иргэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 40 хувиар буураад байгаа нь бүхэлдээ улс орны хэмжээнд өрхийн эдийн засаг түвшин дундарсан үзүүлэлттэй явааг харуулж байна.  

Татвар буурсан нь ДНБ өсөхөд нөлөөлөв 

Улын ДНБ оны үнээр буюу 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр 23 их наяд 166.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 939.7 тэрбум төг буюу 4.2 хувиар өсчээ.
Уг өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 10.7 хувь, уул уурхайн салбарынх 13  хувь, банк санхүүгийн салбарынх 6.7 хувь, тээврийн салбарынх 5.7 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Мөн бүтээгдэхүүний цэвэр татвар 21.1 хувиар буурсан нь ДНБ-ий өсөлтийг хангахад голлон нөлөөлсөн байна.

Ерөнхийдөө урт хугацааны статистик харвал ДНБ-ий өсөлт 2008 оны түвшинд очоод байгаа билээ. Гэхдээ энэ нь эдийн засаг тэр үеийнх шиг хүнд байдалд орсон гэсэн үг хараахан биш ч байж болох юм. Түүнчлэн макро эдийн засгийн чухал хэрэглүүр болох Mөнгөний нийлүүлэлт (M2) өнгөрсөн сард 9.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 456.1 тэрбум төгрөгөөр буурчээ. Мөн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө дээрх хугацаанд 713.8 тэрбум төгрөг болж, жилийн өмнөхөөс 18.6 тэрбум төгрөгөөр буурсан байна. 

Чанаргүй зээл 32 хувиар өссөн таагүй дүр зураг

Мөнгөний нийлүүлэлт буурсантай зэрэгцээд улсын нөөц мөнгөний бүрэлдэхүүн хэсэг болох банкуудын харилцах, хадгаламж ч буурчээ. Тодорхой хэлбэл 1 их наяд 599.4 тэрбум төгрөг рүү уруудаж, өмнөх оны мөн үеийнхээс 530.1 тэрбум төгрөг буюу 24.9 хувиар буурчээ. 

Мөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 хувиар буурлаа. Гэхдээ нөгөө талдаа хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 922.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 604.4 тэрбум төгхөн буюу 2.9 дахин өсчээ. Мөн банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл их наядад дөхөж өмнөх оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар өссөн нь санаа зовох асуудал юм. 

Экспорт 30 хувиар, үйлдвэрлэл 10 хувиар дахин буурав

Гадаад худалдааны салбарт Монгол Улс өнгөрсөн сард дэлхийн 92 оронтой худалдаа хийж, нийт бараа эргэлт 528.3 сая ам.долларт хүрчээ.  Үүнээс экспорт 329.1 сая ам.доллар бол, импорт 199.1 сая ам.долларт хүрээд байна. Одоогоос хоёр жилийн өмнө экспортын орлого 337 сая ам.доллар байлаа. Цаашлаад 2011 онд экспортын орлого зөвхөн нүүрснийх л гэхэд 900 сая ам.долларт хүрч оргилж байсныг сануулъя. 

Энэ удаад экспортын хэмжээ буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 121 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 48.2 сая ам.доллар буюу 19.5 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүн, үндсэн төмөрлөг, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги, хуванцар бүтээгдэхүүний импорт буурсан нь гол онош болжээ.

Үйлдвэрлэл мөн л буурсан дүр зурагтай. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 600 тэрбум гаруй төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.5 тэрбум төгрөг буюу 3.8 хувиар буурлаа. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 376 тэрбум төгрөг болж, 10 орчим хувиар буурсан нь нөлөөлсөн байна.