С.Даваасүрэн: Бид мөддөө гарч чадахааргүй харанхуй хонгил руу орчихлоо

Нийтлэл / Д Энхболдбаатар
2016 оны 03 сарын 15

Уншигчиддаа амласан ёсоор МУИС-ийн дэд профессор, доктор С.Даваасүрэн бид хоёр эдийн засгийн хөгжилд иргэдийн оролцоо, түүн дотроо жендерийн асуудлыг хөндөх учиртай байсан. Ярилцлага маань уг нь энэ сэдвийнхээ хүрээнд эхэлсэн боловч яваа яваандаа макро эдийн засгийн төлөв байдал, өнөөдрийн бодит хүндрэлийн тухай хойшлуулшгүй яриа руу эрхгүй орсон юм. Оролцоо болон жендерийн тухай ярилцлага тун сонирхолтой болсныг хэлэх хэрэгтэй. Гэхдээ энэ удаа түүнийг түр хойшлуулж, доорх сэдвийг олон нийтэд хүргэх нь зүйтэй гэж шийдлээ.

Чин үнэнийг хэлэхэд, иргэдийн амьдрал өдөр хоногоор муудаж байгааг бид бүгдээрээ л харж, мэдэж байна. Гэтэл манай төр, засгийн эрх мэдэлтэн, албан тушаалтнууд харин ч сайжирчихсан юм шиг, болохоо байчихсан юм алга байна гэж яриад байх юм. Тэдэнд чухам ямар тоо баримт, ямар үзүүлэлт байдаг нь ойлгогдохоо болиод байна л даа?

Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэхийн хэрээр эрх баригчид тоон мэдээллээ нуух, худлаа мэдээлэх нь маш их болж байна. Судалгаагаар гарсан бодит тоонуудыг засах, өөрчлөх явдал бол бүр цадигаа алдсан гэж болно. Албан ёсны тоон мэдээллийг барьж ярих ямар ч боломжгүй болсон шүү дээ. Тиймээс хоёулаа ямар нэг тоо ярилгүй, жишээ баримт түшиж ярья.

За тэгье.

Аливаа улс орны макро эдийн засгийн нөхцөл байдлыг харуулдаг хэдхэдэн чухал хэмжүүр бий. Юуны өмнө, улс орон хэдий хэмжээний баялаг бүтээж байна, тэр бүтээж буй баялгийн хэмжээ нэмэгдэж байна уу, үгүй юу гэдэг хэмжүүр. Манай эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд тасралтгүй буурсаар байгаа.Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын таамгаар энэ 2016 онд ердөө 0.5 хувь байх төлөв гарсан байна лээ. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр, бидний бүтээмж жил тутам муудаад, багасаад байна гэсэн үг шүү дээ. Зүйрлэх юм бол, хийж байгаа бялуу маань томрохгүй, дээр нь орц, найрлагад нь ч асуудал үүсч, амт шимт нь тааруу болоод байгаа хэрэг. Дараагийн чухал хэмжүүр бол, иргэд ажилтай, орлоготой байна уу, тэдний амьжиргаа ямар байна вэ гэдэг асуудал. Ажил хайж байгаа, бизнес нь дампуурсан, зээлээ төлж чадахаа байсан иргэдийн тоо маш их болж байна шүү дээ.

Айл болгон л ийм проблемтой болчихсон байна. Энэ маань ч ажилгүй, тэр маань ч ажилгүй, ийм ч зээлтэй, тийм ч өртэй гэсэн яриа хөөрөө өрнөөстэй.

Та санаж байна уу? 2000 оны эхэнд хувийн машинаараа халтуур хийж амьдардаг иргэд олон байсан, тийм үү? Зам дээр гараад хэдхэн хором болоод л бид машин барьж чаддаг байлаа. Би хэсэг хугацаанд гадаадад амьдарч байгаад 2010 онд буцаж ирсэн юм. Тэгээд унаа барих гэтэл таксинд явдаг жолооч үгүй болчихсон байсан. Тэр бүү хэл, дуудлагын такси дуудах гэхээр, уучлаарай, такси алга байна гэж хариулах ч юм уу, ирэхгүй байх явдал олонтаа тохиолддог болсон байлаа. Харин өнөөдөр гадаа гудамжинд эгнээд зогссон машин, хаа хүрэхийг асуусан жолооч нараар дүүрээд байна. Эргээд эдийн засаг маань арай 10 жилийн өмнөх түвшиндээ оччихоогүй байгаа даа гэсэн айдас нөмөрч байна шүү дээ.

Өөрөөр хэлбэл, ажил, бизнесээ алдсан хүмүүс таксинд явж эхэлсэн гэж та хэлэх гээд байна уу?

Ойлгомжтой шүү дээ. Бизнесүүд асар олноороо хаагдаж, зогсож байна. Дотоодын төдийгүй гадны компаниуд ч үйл ажиллагаагаа зогсоож, Монголыг орхих байдал эрс нэмэгдлээ. Холоос биш маш ойроос жишээ татъя. Манай МУИС-ийн хичээлийн V байрны орчимд нийтийн хоолны үйлчилгээ явуулдаг байсан гурав, дөрвөн газар үүд хаалгаа барьчихсан. Ийм байхад эдийн засаг зохистой хэмжээндээ байна, санаа зовох зүйлгүй гэж яриад байгаа хүмүүст итгэсээр л байх уу?

...?

Гурав дахь хэмжүүр бол, эдийн засагт үнэ, ханш ямар байна вэ гэдэг асуудал. Өнөөдөр инфляцийн түвшин бага байна, үүн шиг таатай зүйл хэзээ ч байгаагүй л гэцгээж байна.Гэтэл иргэдийн худалдан авах чадвар унаад, инфляцийн биш дефляцийн шинж ажиглагдах болсоныг тэд огтхон ч дурдахгүй орхиод байна л даа. Эдийн засаг утгаараа инфляци ч бай, дефляци ч бай зохистой хэмжээнээсээ хэтрэхээр эрсдэл нэмэгдэж, аюул дагуулдаг. Иргэд ажилгүй, орлогогүй байна, тиймээс тэд хэрэглээгээ танаж байна.

Хэрэглээний эдийн засгаас хуримтлалын...?

Улстөрчид тэгж яриад байгаа. “Иргэд хэрэглээгээ танаж байгаа явдал нь манай улс хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засаг руу шилжиж байгаа хэрэг” гээд л. Тийм л юм бол банкны хадгаламж өссөн нь хаана байгаа юм? Энэ бол дэндүү том ташаарал гэж хэлье. Хүмүүс хэрэглэчихээд, илүү гарсанаа хуримтлуулдаг болохоос хэрэглээгээ танаад, өдөр хоногийг чадан ядан өнгөрөөж байгаа ард иргэддээ манай эдийн засаг хуримтлалын эдийн засагт шилжиж байна гэж хэлэх нь үнэхээр зохимжгүй, бас харамсмаар хэрэг. Дээр нь ханш байна. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өнөөдөр ямар болчихсоныг хүн бүр мэдэж байгаа. Эдийн засагт доллар багассан, хомсдсоноос болж ханш өсөөд байгаагаас биш иргэд хуримтлуулахаа ухамсарлахгүй тансагласнаас болж өссөн юм биш шүү дээ. Тэгэхээр эдийн засагт гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, зохицуулах явдал бол дараагийн чухал асуудал болдог. Гадагшаа гаргаж, гаднаас оруулж ирж байгаа бараа, үйлчилгээ, гүйлгээ, хөрөнгө оруулалт, түүний орлого гээд бүгд үүнд багтана. Манай зарим албан тушаалтнууд ярьж байна лээ. Бид мах, гурилаас өөр олон зүйл хүнсэндээ хэрэглээд байна л гэнэ. Дотооддоо үйлдвэрлэсэн оймсыг давхарлаж өмсөхгүй, харь нутгийн эд зүйлс, хувцас хунар, амттан шимттэнээр чамирхаад байгаа юм байх аа, бид (инээв).

Ерөөсөө ард түмний л буруу байна л даа?

Манай төр, засагт байгаа хүмүүсийнхээр бол тэгж л таараад байгаа юм л даа. Одоо тэр гэм буруугаа иргэд бид ойлгож, ухаараад хэрэглээгээ зөндөө л танаж байна, гэсэн ч ард түмэн бидний тэр ухаарал бүрэн гүйцэт биш байгаа учраас долларын ханш өссөөр л байгаа юм байна (инээв)... Миний яриад байгаа энэ дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөрийн зах зээл, инфляци, валютын ханш болон төлбөрийн баланс гэх мэт макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээс харахад, манай эдийн засаг уруудсан, хумигдсан, муудсанаас өөрөөр сайн сайхан болсон, болж бүтээд байгаа юм харагдахгүй байна. Дээр нь улсын өрийн асуудал ямар хүнд байгааг та бид мэдэж байгаа, энэ талаар өмнө нь тухайлан ярилцсан. 

Төрийн байгууллагууд тоон мэдээллээ засдаг, өөрчилдөг гэлээ. Судлаачид ямар өгөгдөл дээр ажиллаад байна?

Эдийн засгийн чиглэлээр түүвэр судалгаа хийдэг судлаачдын багууд энд тэнд цөөнгүй бий. Манай МУИС дээр ч байгаа. Манай бие даасан судлаачдын багийн судалгаагаар, Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс сүүлийн найман улирлын турш буурч байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн энэ хүндрэлтэй байдал ард иргэдийн амьжиргаанд төдийгүй тэдний ирээдүйдээ итгэх итгэл, хүлээлтэд сөргөөр нөлөөлж байна. Байдал сайжирна, улс орон сэргэнэ гэсэн итгэл алга болж байна гэсэн үг. Энэ бол маш муу үр дагавартай зүйл. Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн итгэл найдвар, эерэг хүлээлтгүйгээр эдийн засгийг удирдахад нэн хүнд, үндсэндээ боломжгүй байдаг гэдгийг хэлмээр байна.

Дээрээс нь улам муу, буруу бодлого явуулаад байх шиг санагдах юм. Одоо бүр тэтгэврээр ипотекийн зээл олгох гэж байна?

Хэдхэн хоногийн өмнө банкуудын холбоо мэдээлж байна лээ, арилжааны банкны чанаргүй зээлийн хэмжээ 1.0 их наяд орчим төгрөгт хүрсэн гэж. Банкуудын санхүүгийн гол эх үүсвэр болох хадгаламж 7.0 их наяд байхад, гаргасан зээл нь 12.0 их наяд төгрөгт хүрсэн байна.Банкууд орж ирж байгаагаасаа илүү ихийг гаргасан байна гэсэн үг. Асуудалтай байгаа биз? Гэтэл Барилга, хот байгуулалтын яамныхан, зах зээл дээр ашиглалтад орсон 17 мянган байр эзнээ хүлээж байна, ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувь болгож бууруулах ажлыг яаралтай хийх хэрэгтэй байна гээд бүр компаниудын борлуулалтын менежерүүд шиг яриад байх юм. Барилгын салбар чинь хувийн бизнес биш билүү, тэгвэл зах зээлийнхээ хуулиар илүүдэлтэй байгаа байрныхаа үнийг бууруулах замаар зарж борлуулж болдоггүй юм уу? Нарантуул зах дээр наймаа хийдэг хүн бараа нь борлохгүй удаад байвал үнээ бууруулаад зарахаа хэнээс ч асуухгүй, бас хэнээр ч заалгахгүй шийднэ дээ. Барилгын салбар дэндүү онцгой эрх эдлээд байгаа нь ямар учиртай юм бэ? Улсын стратегийн ач холбогдолтой бизнес юм уу, хаашаа юм.

Их л том эрх ашиг агуулагдаад байх шиг байгаа юм даа, барилгад?

Ингэхэд манай эдийн засагт бодлого гэж байна уу гэсэн бүр язгуурын асуулт үүнээс ургаж байгаа юм. Баян чинээлэг, хөрөнгөтэй иргэддээ чиглэсэн, тэдний бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн барууны, эсвэл ядуу болон бага орлоготой иргэддээ чиглэсэн нийгмийн баримжаатай зүүний бодлого гэж байдаг даа. Манайд болохоор, барилга, уул уурхай, үл хөдлөхийнхөн болон банк, төрийн эрх мэдэлтэн гэсэн бие биендээ санаа тавьсан гурамсан холбоо бүхий дэлхийн өөр хаана ч байхгүй онцгой бодлого хэрэгжээд байна уу гэмээр санагдах юм. Энэ гурамсан холбоо бүхий түншлэл нь нэг нэгнээ чангалж ч чадахгүй, бас чөлөөлөөд тавьчихаж ч чадахгүй чагталчихаад байх шиг байна.

Санал нэг байна. Энэ гурамсан бүлэглэлийн хэн хэнийх нь эрх ашиг дэндүү гүнзгий сүлэлдчихсэн шиг байгаа юм. Тэр хэрээр олон нийтээс нууж хаах юм бас их байна л даа.

Хар өнгөөр будагдчихаад байгаа бодит байдлыг цагаан, эсвэл саарал гэж хичнээн итгүүлэхийг хичээсэн ч хар өнгө тодрох л болно, харагдаад ч байна. Даравч дардайна, булавч бултайна гэдэг үг байдаг шүү дээ. Эдийн засгийн нөхцөл байдал сайн сайхан байна, болж байна, бүтэж байна гэж засварласан тоон мэдээ гаргах, худлаа ярих маань эцсийн эцэст гашуун үнэнтэй тулгарна. Ингэж харлаж, халтайчихсан дүр төрхөө гэгээн, цагаан гэж мэлзэж өдөр хоногийг аргацаасан явуургүй арга маань харамсалтай нь асар өндөр өртөгтэйг бид хаа хаанаа ойлгомоор байна л даа. Төр засгийн эрх баригчид хүссэн ч, эс хүссэн ч гарцаагүй үнэнд гүйцэгдэж, бодит байдалтай нүүр тулах нь дамжиггүй. Улс орны макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь Засгийн газрын нэн тэргүүнд хийх ёстой ажил, гүйцэтгэх үүрэг шүү дээ. Хугацаа алдалгүй үнэн мөнөө тайлагнаж таниулаад, эртхэн зөв алхамуудыг хийж эхлэвэл учрах аюул, эрсдлийг тэр хэмжээгээр багасгах, бууруулах боломж бий.

Сонгууль хаяанд ирчихсэн болохоор байдал ийм муу болчихсоныг мэдсэн ч хэлэхгүй байх л даа?

Ирэх сонгуулиар ямар ч нам засгийн эрхэнд гарч ирлээ гэсэн улс орны эдийн засгийн асар том бөгөөд хүнд хэцүү сорилт, бэрхшээлтэй тулгарахаар байна. Зах зээлийн системд шилжиж эхэлсэн 1990-ээд онд Ерөнхий сайд агсан П.Жасрай гуай эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг ард түмэндээ хэлэхдээ, хонгилын үзүүрт гэрэл харагдана гэж байсан. Манай өнөөгийн эдийн засаг нэгэнт буцаж эргэх боломжгүй, харанхуй хонгил руу яваад орчихлоо. Тэр хонгил хэр урт байх, бас бид хэр удаан тэр хонгилоор явахаа мэдэхгүй байна. Магадгүй ирэх тав, бүр арван жилдээ тэр хонгилдоо л байсаар байхыг үгүйсгэх аргагүй тийм хүнд бэрх нөхцөл байдалд уначихлаа.