“Дутуу төрсөн” дундаж давхарга

Нийтлэл / Т. Есөн-Эрдэнэ
2016 оны 03 сарын 14

“Хөгжил Ардчилал” ТББ-аас гаргасан судалгаагаар 2015 оны байдлаар улсын хэмжээнд нийт өрхийн 3.2 хувь нь чинээлэг, 14 хувь нь өндөр орлоготой, 19 хувь нь дунд орлоготой, 42 хувь нь бага орлоготой, 23 хувь нь нэн ядуу өрх эзэлж байна. 5-10 жилийн өмнөхтэй харьцуулахад шилжилт харагдах ч сүүлийн хоёр жилд бага, дунд орлогтой өрхүүдийн өсөлт төдийлөн ажиглагдаагүй байна. Тэр бүү хэл эдийн засгийн хүндрэлээс хамаарч өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр сая төгрөгөөс дээш орлогтой өрх 40 хувиар буурчээ. Энэ бол боломжийн амьдрал руу өнгийж ирсэн олон мянган хүн эргээд унасан, өөрөөр хэлбэл улс орны хэмжээнд өрхийн эдийн засаг түвшин дундарсан хэрэг. 

Урд хөршид 10 сая юань буюу гурван тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй хүмүүсийг дундаж давхаргад тооцдог. Өдгөө энэ давхарга Хятадын хүн амын 20 хувьд дөхөж байгаа бөгөөд 2020 он гэхэд 60 хувь давуулах том зорилттой яваа улс. Эдний дундаж давхаргын нэг хүний өдрийн зарцуулах мөнгө 100 ам.доллар буюу манай мөнгөөр 200.000 төгрөг. Харин манайд өдөрт хоёр ам.доллар буюу 4000 орчим төгрөг байна. Товчхондоо манай дундаж давхаргынхан өдрийн цайнаар өмнөө тавих таваг шөлний л мөнгөтэй өглөө гэрээсээ гардаг хүмүүс ажээ.  

Ер нь дундаж давхаргыг хэмжих нь хаана ч харилцан адилгүй. Нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ гэр хороололд тоосгон байшин барьж амжсан хүмүүсийг дундаж давхарга хэмээж билээ. Өөрсдийн нөхцөл байдлаас харахад манай дундаж давхарга гээч нь болсон болоогүй боловсролын үнэмлэх, ажлын үнэмлэх, жолооны үнэмлэх үзүүлдэг хүмүүсийг ч хэлээд байх шиг. Цаашлаад цалин орлогын хувьд дундаж давхаргад хамааруулчихдаг ч орон сууцтай болж чадахгүй яваа өрхүүдийг одоо юу гэмээр ч юм бэ дээ. Хэн ч харсан ядуу гэхээргүй энэ хүмүүсийн эгнээг бэхжүүлж, гол нь урагш шат ахиулах нь одоохондоо бидний зорилго бололтой. 

Эдийн засгийн утгаараа өмсөх, зүүх, идэж уух хэрэгцээгээ хангасан, ажилтай, орон сууцтай, машинтай, хуримтлалтай, боловсролтой, тогтсон амьдралтай хүмүүсийг дундаж давхаргад авч үзнэ. Энэ хүмүүс нийгмээ чирч явдаг. Манайд баячууд нь нийгмээ чирдэг гэх америк маягийн романтик ойлголт яагаад ч юм бий болчихож. Дэлхийн эдийн засгийн хандлагаас харахад ч чинээлэг, боловсролтой, дундаж давхарга улс орны гол суурь нь байдаг. 

Өнгөрсөн 15 жилд Африкийн хэдхэн орноос зуу зуун тэрбум америк доллар гадагшилсан нь юуг хэлнэ вэ. Энэ бол ердөө авлига гаарч, нэгдмэл ашиг сонирхолтой цөөхөн чинээлэг хүмүүс нь гадныхантай нийлж улсаа хоосруулж буйг харуулна. Өөрөөр хэлбэл улс төр, нийгмийн тогтворгүй байдал ядуурлын эх сурвалж болж ядуурал нь өөрөө хөрөнгийн гадагшлах урсгалыг татраадаггүй. Цаашлаад үймээн самуун, дайн дажин бүгд л эндээс эхлэлтэй. Тиймээс үүний эсрэг дархлаа буюу дундаж давхаргыг яаралтай бэхжүүлэхгүй бол нийтээрээ улам л доройтох нигууртай.  

Өнөөдөр Монголд эдийн засгийн суурь нь бага орлоготой иргэд болчихоод байгаа талаар төвбанкныхан ярьж байна. Монгол Улс төсвийн орлогынхоо бараг 90-ээд хувийг татварын орлогоос бүрдүүлж байгаа. Гэтэл татварын орлого дотор аж ахуйн нэгж, байгууллагын ашгийн болоод Хүн амын орлогын татвар ердөө 17 хувийг эзэлдэг. Энэ нь дундаж давхарга маань хангалттай хүрээлж чадаагүйг харуулж байгаа юм. 

Улс орны хөгжил эцсийн дүндээ хүний насжилтаар л хэмжигддэг гэх нь бий. Эрүүл, аюулгүй орчинд амьдарч буй хүний тухай энд яригдах нь ээ. Монголбанк Н.Золжаргалын үед буюу сүүлийн дөрвөн жилд л нам тогтвортой инфляцийг бий болгож иргэдийнхээ халаасан дахь мөнгийг нь хамгаалах, дундаж давхаргын хуримтлалыг дэмжих, хөрөнгө сууцтай болгох ажилд ханцуй шамлав. Улмаар  “Шинэчлэлийн” Засгийн газар, төвбанк хоёр шаардлагатай үедээ ипотекийн зээл гаргаснаар өнгөрсөн дөрвөн жилд 70 мянга гаруй иргэн орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан байна. Хүн амынх нь тал нь амьдарч буй нийслэл хотод агаар, хөрсний бохирдолтой тэмцэж, амьдрах орчныг сайжруулж, иргэдээ хөрөнгөтэй болгох эхний алхам энэ байх болно. Энд нэг зүйл өөлөхөд Сү.Батболдын Засгийн газар төсвийн хувьд гачигдалгүй, эдийн засгийн хямралгүй байсан ч талаар нэг мөнгө тарааж дараагийн Засгийн газарт ажлаа өгөхдөө дөнгөж хоёрхон мянган иргэнийг орон сууцны зээлд хамруулсан байж билээ. Сүүлдээ Сү.Батболдын амласан орон сууцны зээлэнд хамрагдах гээд хашаа байшингаа зарсан хүмүүс Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж байсныг бараг л хүмүүс одоо мартсан бололтой. 

Өнөөдөр банкны системийн хэмжээнд ипотекийн зээлийн эзлэх хувь хэмжээ 30 орчим хувьд хүрсэн бөгөөд үүнийг цаашид ч нэмэгдүүлэх хэрэгтэй. Ихэнх улс ингэж л иргэдээ хөрөнгөжүүлдэг. 

Бас өнгөрсөн хугацаанд төвбанкны хийсэн ажлын үр дүнд инфляци 2 хувь дээр ирэв. Зарим хүмүүс хямралын улмаас инфляци буурсан гэдэг. Гэхдээ хямрал инфляци буулгадаг юм бол Хойд хөрш Оросын инфляци өнөөдөр ингээд 14 хувьтай цойлж байх уу. Бодох л асуудал. Түүнчлэн гадаад зах зээл дээр босгосон бондын ачаар валютын ханш 2013 оны сүүлээр галзуурах байсныг зогсоож, 200 гаруй мянган хүн ажилгүй болох эрсдлээс зайлсхийж чадсан тухай ярьдаг. Үнэхээр тийм хаос үүсэх эрсдэл байсныг үгүйсгэхгүй. Ерөнхийдөө өнгөрсөн гурван жилд макро эдийн засгийн бодлого бүхэлдээ эдийн засгийн огцом уналтаас сэргийлэхэд чиглэгджээ. Одоо ингээд бичиж буй маань эдийн засаг эвтэйхэн байгаа гэж хэлэх гэсэн санаагүй болно. Экспорт шалдаа бууж, нүүрс хог болох юм чинээ хэн ч санаагүй. Эдийн засагчдын нэрлэсэн суперцикл ийм алгуур ирж, шулуухан уруудсан нь ганц манайд тулгараад байгаа зүйл ч биш. Хамгийн чухал нь том сургамж, багагүй хүндрэлүүд бидэнд эргэн харах, шинээр бодох орон зайг олгож байна. Гэхдээ үүнийг удахгүй болох сонгуультай хольж болохгүй. Амлалтаараа уралдах, эдийн засгийн агуулгатай зүйл ярих хоёр хэзээнээс манайд зөрчилдөж ирсэн. Тиймээс эдийн засаг ярихаа түр завсарлах уу даа. Сонгуулийн дараа эргэн уулзъя.