Г.Ганбаяр: Жозе Моуриньогийн хүүгийн хаалганд гоол оруулснаа сүүлд мэдсэн

Спорт / Admin
2016 оны 03 сарын 30

Монголын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ болон “Хоромхон” клубын залуу авъяастан Ганболдын Ганбаяртай ярилцлаа. Тэрбээр хоёрхон хоногийн өмнө өндөрлөсөн “ Пэпси лиг ”-д 11 тоглолтын зургаад нь оролцож 15 гоол оруулаад зогсохгүй дээд лигт анхны жилдээ тоглон хамгийн залуудаа гоол оруулсан Монголын хөлбөмбөгийн ирээдүй болсон тамирчдын нэг юм. 

Английн нийслэл Лондон хотын “Барнет” клүбт очиж мэргэжлийн хөлбөмбөгийн багийн шалгаруултад нэг сарын хугацаатай яваад ирсэн гэсэн.  Энэ тухай яриагаа эхэлье.  

Анх шалгаруулалтад явах талаар мэдээгүй бас ямар ч бэлтгэлгүй байсан. Монголын хөлбөмбөгийн холбооны Маркетингийн менежер Б.Энхжин ах надад санал болгосон. Б.Энхжин ах англид байдаг найз Пол Ватсонтой холбогдон явах талаар ярилцсан юм билээ. Нэг өдөр Энхжин ах над дээр ирээд “Англи улс руу шалгаруултад явж магадгүй шүү бэлдэж байгаарай ”  гэж хэлсэн. 

Лондон явахдаа “Эрчим” клүбын тамирчны нэрийн өмнөөс явсан байх аа?

Пол Ватсон “Эрчим” клубтэй холбогдож энэ бүх зүйлийг төлөвлөсөн юм билээ. “Эрчим”-ийн тоглогч С.Гал-Эрдэнэ, дасгалжуулагч З.Баттулга, Б.Энхжин ах бид нар Эрчим клубын удирдлагуудтай уулзсан. Мөн би Б.Гансүх багштай ярилцаад тус клубын нэр дор явахаар болсон. 

Явах талаараа эцэг, эхдээ хэлэхэд хэрхэн хүлээж авсан бэ? 

Манай аав ээж боломж л гарвал гадагшаа явуулах гэж хөөцөлддөг. Явах талаар хэлэхэд ээж “Хүүе миний хүү явалгүй яахав дээ. Ямар хүнтэй холбогдож явахаар болов" гэж асуусан. Удалгүй ээж аав зардал мөнгө, очоод буудлах газар гэх мэт зүйлсийн санхүүг олохоор хөөцөлдсөн. 

Лондонд очоод анхны бэлтгэлийн талаар. Мэргэжлийн багийн бэлтгэл болон амьд зүлгэ, хиймэл зүлгийн ялгаа.

Эхний бэлтгэлээ хиймэл зүлгэн дээр хийсэн. Энд зааланд тоглож байгаад очсон болохоор бага зэрэг хэцүү байсан. Галаа ахын хувьд байнгын бэлтгэлтэй Лондонд очсон. Гэхдээ өөрийгөө 100 хувь дайчилсан бас дээр нь хиймэл зүлгэн дээр хийсэн. Амьд зүлгэн дээр бэлтгэл хийх, хиймэл зүлгэн дээр бэлтгэл хийх тэнгэр газар шиг ондоо. Өмсдөг пүүз нь хүртэл ондоон тул монголд хиймэл зүлгэн дээр өмсдөг байсан пүүзээ өмсөөд бэлтгэл хийж чадахгүй. Гэхдээ амьд зүлгэн дээр бэлтгэл хийхэд маш сайхан сэтгэгдэл төрсөн. 

Тэнд очоод цаг уур болон хоол хүнс нь таарч байв уу ? Бэлтгэл хийхэд цаг агаар нь ямар байсан бэ?

Биднийг явахад цагаан сар болж байсан. Монголоос явахдаа өөрсдийн бололцоогоор хоол хүнсээ хангасан. Эхний 10 хоногтоо өөрсдийн хоол хүнсээ хэрэглэсэн. Цаг агаарын хувьд бол бэлтгэл хийхэд маш тохиромжтой. Бага зэрэг чийгтэй, халуун хүйтний хувьд ч боломжийн.

Өөрийн чинь хувьд “Барнет” клубын хүүхдийн академид нилээдгүй хэдэн тоглолтод оролцсон. Монголын өсвөр үеийн хүүхдүүдээс юугаараа ялгагдаж байсан бэ? 

Норвеги улсын “Премьер лиг”-ийн 2008 оны аварга “Стабаек” клубын академийн багтай тоглосон. Бэлтгэл сургуулилт маш өндөр, дамжуулалт сайтай, тактикийн дагуу тоглодог баг байна билээ.Тэр тоглолт 2:2-р тэнцэхэд нэг гоолын дамжуулалт өгсөн. Мөн академийн дасгалжуулагчид өөрсдийгөө харуулах, өөрийн замналаа дээшлүүлэхийн тулд тэрхүү нөхөрсөг тоглолтууд маш чухал. Хүүхдүүд нь өөрсдийгөө үнэхээр дайчилж тоглодог дээр нь дасгалжуулагчын хэлснийг ягштал мөрддөг. Тэгээд өөр өөрсдийн үүргээ сайн мэддэг тэр талаараа давуу санагдсан. Манай Монголын хүүхдүүдэд бэлтгэл жаахан дутагддаг юм болов уу.

Хоёр дахь тоглолтоо “Фүлхэм”-ийн эсрэг хийсэн. Тус багийн хаалгачаар өнөө цагийн дэлхийн шилдэг дасгалжуулагч Жозе Моуриньогийн хүүхэд тоглодог гэсэн.
“Фүлхэм”-ийн эсрэг ч хоёр ч гоол оруулаад амжсан ямар сэтгэгдэл төрөв.

Анх Жозе Моуриньогийн хүүхэд гэдгийг мэдээгүй. Өмнөх өдөр нь хувийн бэлтгэлээ маш сайн хангасан. Хамгийн чухал зүйл нь сэтгэлзүйн бэлтгэл. Багтаа хэрхэн туслах боломжтой, би юу хийвэл багаа хожилд хүргэхийн тулд бүхнээ дайчилсан. Тэгээд анхныхаа гоолыг хийхэд өөртөө ч итгээгүй. /Инээв/ Маш сайхан сэтгэгдэл төрсөн. Хаалгачийн тухайд тэсрэлт, үсрэлт гээд бүх талаараа сайн юм билээ.

Чиний тоглолт гадаадын тамирчдаас юугаараа дутагдалтай болон давуу талтай байв?

Манай Монголын шүүгч нар маш зөөлхөн ханддаг. Англид бол шал ондоон. Хоорондоо мөргөлдөх, гарын хашилт зэрэг нь энгийн үзэгдэл. Мөн манайхаас ялгарч хамгийн гол зүйл нь “Тактик” бас хоорондоо их ярьж тоглодог. Миний хувьд бие бялдар, техникийн хувьд дутагдаагүй. Харин тактик, англи хэл л жаахан хэцүү байсан. Тэр хүүхдүүд шиг фитнесс гэх мэт зүйлс хийж байгаагүй ч гэсэн монгол хүүхдүүд бие бялдарын хувьд дутагдахааргүй байсан. Тактик сайн мэдэхгүй болохоор дандаа хамгаалалтын бэлтгэл хийсэн. Нэгийн эсрэг нэг, хоёрын эсрэг хоёр, дөрвийн эсрэг дөрөв гээд системчилсэн бэлтгэлд хамрагдсан. Мөн насны ангилал болгон дээр 4-5 дасгалжуулагчтай. Миний очсон баг бол биеийн хүч их хардаг. Хэчнээн ур чадвар өндөртэй байсан ч бие бялдарын хөгжил муу бол багтаа авдаггүй тийм баг байсан. 

Хөлбөмбөгийн эх оронд нэг сарын хугацаатай байлаа. Будант альбионы хөлбөмбөгийн хөгжилийн талаар бодлоо хуваалцана уу?

Хамгийн гол юм нь худалч хүнд бараг 30 алхаад л нэг хөлбөмбөгийн талбайтай, сургууль болгон өөрийн гэсэн амьд зүлэгтэй. Англи улсын хөлбөмбөг 26н дивизонтой, дээрээс нь хэдэн мянган клубтэй гэж сонссон. Хөлбөмбөгөөр хичээллэхэд цаг агаар нь маш тааламжтай. Англичууд бол маш нөхөрсөг тусч хүмүүс байсан. 

Нэг сар гаруй хугацаанд шалгаруултанд орсон “Барнет” клубээс ямар хариу өгсөн бэ?

Шалгалтанд нь бол тэнцсэн. Хамгийн гол нь тэнд хууль маш хэцүү, заавал 18 нас хүрээд бие дааж гэрээ хийж амьдрах боломжтой. Асран хамгаалагчгүй тэнд амьдрах боломжгүй, мөн өртөг өндөртэй. Цалин сайтай ч гэсэн өртөг бас татвар өндөр юм байна лээ. “Барнет” баг хэлэхдээ “Хоёр жил маш сайн бэлдээрэй. Эргэж ирж болно” гэж хэлсэн. Хэрвээ тэнд эцэг эхтэйгээ байвал ямар ч асуудалгүй бэлтгэлдээ оролцоод байж болно. 

Гэр бүлийнхээ тухай танилцуулна уу?

Манайх ам бүл тавуулаа. Би айлын дунд хүүхэд дээрээ нэг ахтай, доороо дүүтэй. Манай аавыг Ц.Ганболд гэдэг цагдаагийн албан хаагч одоо тэтгэвэртээ гарсан. Харин ээжийг Д.Дарьсүрэн гэдэг хувиараа бизнес эрхэлдэг. Манай гэр бүлийнхэн Сэлэнгэ аймагт ажиллаж амьдардаг. Миний хувьд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын улсын тэргүүний дөрөвдүгээр сургуулийн 10б ангид сурдаг. Дашрамд дурдахад манай сургууль болон намайг таньж мэддэг хүмүүс бүгдээрээ маш их тусалдагт баярлаж явдаг шүү.

Дэлхийн номер нэг спорттой хэрхэн амьдралаа холбосон бэ? 

Долоон настайдаа тоглож эхэлсэн. Манай ах намайг энэ спортод хайртай, дуртай болгосон доо. Тэгээд анх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Ганхуяг багшийн удирдлага доор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Тэр үеэс хойш ах нараа дагаад л тэмцээн уралдаан оролцоод медаль аваад өмнө нь авч байгаагүй тийм сайхан мэдрэмжийг авч байсан. Тэр тэмцээнд ах нартайгаа оролцсон болохоор бараг л тоглоогүй. Гэхдээ би их туршлага хуримтлуулсан л даа. Бараг дөрвөн жил дандаа өөрөөсөө ах хүмүүстэй тэмцээнд оролцдог байсан. Мөн би зургаан настайдаа шатрын спортоор хичээллэдэг байсан. Ер нь бөмбөгтэй гэх бүх спорт болгоноор хичээллэсэн. 

2014 оноос “Хоромхон” клубд тоглож эхэлсэн. Хэрхэн яаж холбогдож байсан бэ?

Манай ах Г.Гантогтох Сэлэнгэ аймагт тоглож байгаад “Хоромхон клуб”-тэй нэгдсэн. Ахыгаа дагаад Хоромхон клубт элссэн дээ. Насанд хүрэгчдийн багт түрүү жил болсон “Хүрхрээ дээд лиг”-ээс хойш тоглож байна. 

Хөлбөмбөгийн хажуугаар сагсан бөмбөг сайн тоглодог гэж сонссон. Өнөөгийн монголын түвшинд сагсан бөмбөг арай илүү хөгжсөн энэ спортоор мэргэжлийн тамирчин болье гэж бодож байв уу? 

2014 онд ээж надаас “Миний хүү сагсан бөмбөгөөрөө хичээллэх үү, аль эсвэл хөлбөмбөгөөрөө хичээллэх үү ” гэж асууж байсан. Би энэ хоёр спортоор үеийнхнээсээ сайн тоглодог гэж боддог. Гэхдээ би хөлбөмбөгт сэтгэл зүрхээ зориулсан болохоор энэ спортоороо явсан. Сэлэнгэд хөлбөмбөгийн талбай бараг байхгүй болохоор зундаа сагсан бөмбөг орой болгон тоглодог. 

Хоёр жилийн дараа арван жилээ төгсөнө. Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болно гэж бодож байна. Эсвэл хөлбөмбөгөөрөө амьдралаа авч явах уу ?

Мэдээж хөлбөмбөгийн замнал өндөрлөнө. Тийм болохоор мэргэжил, боловсрол эзэмших байх. Сургуульдаа явах хугацаандаа өөрийгөө 100 хувь дайчилдаг болохоор төгсөөд их дээд сургуульд ороход асуудалгүй байх. Эдийн засаг, бизнесээр суралцах бодолтой байгаа. Ээж аавын хувьд хуульч болгохыг хүсдэг. Ер нь бол би ч тэгж боддог. Төгсөх болоогүй болохоор яваандаа яах юм бүү мэд. /Инээв/

Чиний бодлоор манай улсад хөлбөмбөг хөгжихөд юу чухал гэж бодож байна вэ?

Яг одоо бол манай Монголын хүүхдүүд бүтэн өдрийн хоёрхон цагийг л клубтэйгээ өнгөрөөдөг. Бусад үед нь гэртээ, сургууль дээрээ байдаг. Хөлбөмбөгийн академи, сургуультай болох хэрэгтэй санагддаг. Монгол хүүхдүүд маш их авьяастай юмыг нэг хараад л сурчихдаг. Гадаадын хүүхдүүд бол үйлдлээр үзүүлж байж ойлгодог. Мөн гадаадаас мэргэжлийн багш, дасгалжуулагч авчирч өнөө цагийн хөгжилийг мэдэх  хэрэгтэй. Тэгэхгүй болохоор манай багш нар нэг үеийн тоглолтын арга барилаараа олон жил явж байна. Шигшээ багийн хувьд гэвэл байнгын бэлтгэл сургуулилт хэрэгтэй байна. Долоо хоногын 3-4 өдөр бэлтгэл сургуулилт хийдэг болчихвол хөгжих байх.  

Э.Отгонпүрэв