“Лемонс”-ынхон буурь суух болоогүй шүү...

Нийтлэл / Нийслэл guide
2016 оны 05 сарын 23

Нийслэлийн залуучууд “Лемонс” хамтлагийн “Хайртай” дууг радиогоор, ТВ чатаар бие биедээ зогсоо зайгүй захиалж байсан үе саяхан мэт. Тэр үеэс хойш тус хамтлаг гурван цомог гаргаж, 11 жилийнхээ ойг тэмдэглэсэн билээ. Тавдугаар сарын 27-нд тэдний уран бүтээлийн замналд чухал байр суурь эзлэх бас нэгэн үйл явдал тохиох гэж байна. Нийслэл guide “Лемонс”-ын гоцлол гитарчин А.Энхтулгатай уулзаж, тэдний анхны буюу цор ганц удаагийн анплаггед тоглолтын тухай ярилцлаа.  

“Лемонс” хамтлаг анхны анплаггед тоглолтоо хийх гэж байна. Ер нь анплаггед концертын гол онцлог юундаа байдаг юм бол?

Рок, амьд хөгжмийн хамтлагууд цахилгаан хөгжимтэйгөөр дуулдаг дуунуудаа шинээр найруулж акустик гитараар тоглодог концертыг анплаггед гэж нэрлэдэг. Ингэхдээ дууныхаа эффектүүдийг байхгүй болгох учиртай. Бидэнтэй хамт жижиг хэмжээний симфони оркестр ч бас тоглоно. Тоглолтын үеэр манай хамтлагийн гурван цомгоос хүмүүсийн хамгийн сайн мэдэх дуунууд эгшиглэхийн сацуу бидний сонсох дуртай хамтлагуудын ковер дуунууд ч орох төлөвтэй. Гадны хамтлагууд анплаггед тоглолтынхоо CD-г бичиж гаргадаг. Бид ч энэ жишгээр цомгоо гаргана. Алдарт “Битлз” хамтлагийн бичлэгээ хийлгэдэг байсан Абби Роад студид уг цомгийнхоо микс мастерыг хийлгэхээр төлөвлөж байгаа.  

“Гранат мюзик” продакшны санаачлагч, удирдаач Б.Анар танай хамтлагийн тоглолтыг найруулах сураг байсан...?

Анар маань ОХУ-д сурдаг болохоор их завгүй яваад байна. Тиймээс бид өөрсдөө найруулгаа хийж байгаа. Анар манай анхны төгөлдөр хуурч. Тэр тоглолт болохоос 10-хан хоногийн өмнө Монголд ирэх учир бид ганц дуун дээр л хамтран тоглохоор болсон.  

УДБЭТ-ын тайзнаа тоглолт зохион байгуулна гэдэг нь маш өндөр хариуцлага байх...?  

Манай үеийнхнээс УДБЭТ-ын тайзнаа тоглолт хийсэн хамтлаг байхгүй. Энэ утгаараа бид салхийг нь хагалж байна. Театрын уур амьсгалд тааруулаад тоглолтоо сонгодог хэв маягт оруулахаар чармайж байгаа. Бидний дуунууд ерөнхийдөө энгийн учраас акустик гитартай дажгүй хоршиж байна. Мэдээж, аль болох сонирхолтой найруулгаар шийдэхийг хичээнэ. Манай хамтлагийнхан багаасаа л энэ театртай холбоотой өссөн. Жишээ нь, басс гитарчин Д.Анар ХБК төгссөн, хүүхэд байхаасаа л УДБЭТ-ын бүтээлүүдийг сонсож, тоглож өссөн. Миний хувьд, ээж маань энэ театрын хөгжимчин байсан болохоор хүүхэд насаа ээжийнхээ ажил дээр өнгөрөөсөн гэж болно. Дуучин Ц.Одноо бид хоёр УДБЭТ-ын нэг хийлч ахаас гитарын анхны сургалтуудаа авч байлаа. Энэ театртай холбоотой олон түүх бидэнд бий. Тэгээд ч, урьд нь гарч байсан тайзнуудаас илүүтэйгээр УДБЭТ-ын тайзнаас сүрдэж, сэтгэл их хөдөлж байна.

Ер нь хамтлагууд анплаггед тоглолтоо хөгжлийнхөө ямар түвшинд зохион байгуулдаг юм бол?  

Гадаадын хамтлагуудыг хараад байхнээ оргил үедээ анплаггед тоглолтоо хийсэн байдаг. Хамгийн алдартай анплаггед тоглолтыг “Нирвана” хамтлагийнх гэж ярьдаг. Тэд хит дуунуудаа ид бүтээж байх үедээ MTV-гийн анплаггед тоглолтын төсөлд оролцож, шуугиан тарьж байсан юм. Мөн хамтлагууд түүхэндээ ганц л удаа анплаггед тоглолт зохион байгуулдаг. Энэ ч утгаараа манай тоглолт онцлог болж байгаа.

Өнгөрсөн 11 жилийн хугацаанд та бүхэн ололт амжилт, уналтын аль алинтай тулгарсан байх. Хамгийн тод дурсамжаасаа хуваалцана уу?

Анхны цомгоо гаргаж байсан үе маань хамгийн тод дурсагддаг. Тухайн үед монголын рок хөгжим уналтанд ороод байлаа. Бид Монголд урьд нь огт тоглогдож байгаагүй стилийг гарган ирж, үүгээрээ ч хөгжмийн олон шагнал авч байсан юм.

“Лемонс”-ын эхэн үеийн дуунуудын үгийг тогтооход их амар, дуулахад урамтай санагддаг байсан. Харин шинэ дуунуудын тань үгийг чээжлэхэд их хэцүү юм. Дууныхаа үгийг илүү энгийн болгох бодол бий юу?

Бид хөгжмийнхөө аяыг сэтгэлийн хөөрөлдөө автаад маш хурдан зохиочихдог. Харин дууны үгэн дээр багагүй хугацаа зарцуулдаг. Сүүлийн цомгийн хөгжим таван жилийн өмнө зохиогдчихсон байсан ч дууны үгэн дээр маш их хугацаа алдсан. Дууныхаа үгийг Одноо бид хоёр ихэнхдээ зохиодог. “Нисванис”-ийн Амгаа ахаас хэдэн дууны үг авч байсан, мөн Наагий, Quiza нараас дууны үг авч байлаа. Харин манай хоёр дахь цомгийн дууны үг маш хурдан зохиогдсон шүү. Хөнгөн төрлийн дуунууд байсантай л холбоотой болов уу.

Шүүмжлэгч Гамбино танай хамтлагийн “III” цомгийн талаар бичихдээ ““Лемонс” эрийн цээнд хүрчээ” гэсэн байсан. Та бүхэн энэ үнэлэмжтэй санал нийлж байна уу?

Гурав дахь цомгийн хөгжим их ажиллагаа шаардсан. Хөгжмийн дуугаралтаас эхлээд бүх зүйл дээрх дүгнэлтэд хүрэхэд нь нөлөөлсөн болов уу. Гэхдээ “эрийн цээнд хүрчээ” гэдэг нь буурь суужээ гэсэн үг биш байх. Бид дараагийн цомгоо илүү хөнгөн маягаар бичихээр шийдсэн. “Лемонс”-ынхон буурь суух болоогүй шүү.      

Удахгүй Плэйтайм болно. Энэ удаагийн Плэйтаймаас ямар хүлээлттэй байгаа вэ. Та бүхэн хэрхэн оролцох бодолтой байна?

Манай хамтлаг эхний өдрийн толгой хамтлаг байх болно. Энэ удаагийн Плэйтаймд олон залуучуудын сонсдог гадаад хамтлагууд уригдан ирэх учир өндөр хүлээлттэй байгаа. 

Ярилцсан: З.Ариунболор
Гэрэл зургийг: Б.Одгэрэл